Хамтарсан засаг дахь МАН буюу МАН-ын сайдууд хэн байх вэ?
2014/11/30
МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдын урилгыг хүлээн авах эсэх асуудал өнгөрсөн 7 хоногийн хамгийн их хүлээлттэй, халуун сэдэв байлаа. Энэ хооронд Удирдах зөвлөл нь хэдэнтээ хуралдаж, тус намын зарим нөлөө бүхий гишүүд нь хамтрах асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, яалт ч үгүй олны анхааралд байв.
Эдийн засаг хүндэрсэн энэ үед улс орноо өөд таталцах ажилд оролцох уу, улс төрийн оноо хожоогоо харах уу гэсэн сонголтын эхнийхийг нь Бага хурлын олонхи гишүүд гаргажээ.
Ингээд МАН хамтарсан Засгийн газарт орж, МАНАН ч юмуу АНМАН ч бий болох нь тодорхой болчихов. Харин улс орноо бодсон “авралын” ч билүү “хөгжлийн” ч билүү Засагт тус намаас хэн хэн орох бол гэдэг дараагийн анхаарал татсан сэдэв болоод байна.
Гэхдээ хууль номоороо бол Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар батлуулж, дараа нь бүрэлдэхүүнээ санал болгодог журамтай. Гэхдээ яахав өнөөгийн байгаа өгөгдлүүдээ ашиглаад дан дээлтэй байх, эдийн засгаа өөдөө татах зоримог шийдвэрүүд гаргах, эрх баригч АН-д дахин хулхидуулалгүйгээр намын эрх ашгаа хамгаалах, дараагийн сонгуульдаа бэлтгэж чадах эвслийн Засгийн газар дахь МАН-ын багийн талаар зарим таамаг, саналаа бичье.
1.Тэргүүн шадар сайдыг МАН авч таарна. МАН-аас өөр намуудад хадаг тавьчихсан болохоор Тэргүүн гэж нэрлээд байгаа юм. Энэ суудалд суух эрхтэй нэг л хүн энэ намд бий. Тэр бол У.Хүрэлсүх. Эхнэрээ эмчлүүлэхээр УИХ-ын гишүүнээс чөлөө авсан тус намын экс генсек УИХ-ын тугыг 3 тойрч, өмнө нь Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын сайдаар Засгийн газарт 2 удаа суусан арвин туршлагатай.
У.Хүрэлсүхийг намын нэр солиод сонгуульд ялагдуулсан гэж зарим хүн үздэг ч намынхаа шатсан тугийг толгойдоо зүүгээд ордны индэрт гарах, намыг нь доромжилсон “бацаан”-д хурандаа шанаа өгчих эр зоригтон МАН-д цөөхөн. У.Хүрэлсүхгүйгээр МАН-ыг төөсөөлөөд үзвэл хэцүү.
Үнэхээр залуучуудын байгууллага, намын бүлгээс ажлын гараагаа эхлэсэн У.Хүрэлсүх генсек болоогүйсэн бол өдийд МАН “Тусгаар тогтнолын ордон” ч үгүй, бас дээр нь хувьсгалт нэртэйгээ “ху нам”, “худалч нам”, “хулгайч нам” гэж хараалгаж зүхүүлээд “Ардын нам” нэрээ боохойнуудад алдчихсан явж байгаа. Ингэхээр энэ хүнд хэцүү үед Засгийн газар дахь МАН-ын толгойг түүнээс өөр зангидах хүн алгаа.
Тодотгол: МАН Засгийн тэргүүн сайдаас гадна хэд хэдэн яамыг авч таарна. Зарим яамны дэд сайдыг ч авах байх. Түүгээр зогсохгүй эдийн засгийн хямралыг зогсоох зөвшилцлийнхөө зорилгыг хэрэгжүүлэх үүднээс зарим агентлаг, төрийн албыг ч авч таарна. Энэ бол зарчим. Ингээд одоо байгаа буюу сүүлд УИХ-аар батласан ЗГ-ын бүтцээр таамаглал дэвшүүлье. Өмнөх Засгийнхаа тамгын дарга байсны хувьд өнөөгийн Ерөнхий сайд зарчмын бүтцээ хадгалах байх гэж ойлгож байгаа.
2.МАН ил гаргадаггүй ч дотооддоо хэд хэдэн бүлэглэл, фракцтай. Үүний нэг нь өнөөгийн намын даргын толгойлдог хотын фракц. Энэ фракц багадаа 2 сайдын квот авч таарна. Сайдын суудалд суух хамгийн магадлал өндөртэй хүн бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй. Нам нь бүх түвшинд ялагдчихсан, зарим итгэл үнэмшлээ гээж, намаасаа зугтаж байхад энэ залуу хотын намын дарга болсон.
Хотын намын даргын 2 жил орчмын хугацаанд НИТХ-ын төлөөлөгч ч үгүй явж байгаа. Угтаа нэгэнт суудлаа өгөөд үнсээд буусан экс дарга Г.Мөнхбаяр НИТХ-аас нэрээ татаад түүнийг оруулчихсан бол намын даргын хувьд бүлэгтээ ихээхэн жин нэмэх байв.
Хүнд хэцүү үеэс нь хонгилын үзүүрт гэрэл харагдах хүртэл нь шантралгүй ажиллаж байгаа Ц.Сандуйг хотын фракцийн 1 квот дээр нэг салбарын сайдад дэвшүүлэх магадлал тун өндөр. Хэрэв ингэвэл намын бүтцийн боловсон хүчнээ бодлогоор дэмжсэн, хотын намын хороогоо хөхүүлсэн алхам болох нь дамжиггүй.
3.Энэ бол мөн хотын мэдлийн суудал. Гэхдээ эмэгтэй байж болох юм. Тэгж үзвэл МАН-ын эмэгтэйчүүдээс хоёр хүний нэр илүү өндөр магадлалтай болж таарна. Эхнийх нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн орлогч асан одоогийн МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны дарга Ц.Цогзолмаа.
Харин дараагийн нэр дэвших магадлалтай хүн бол бас л эмэгтэйчүүдийн холбооных буюу НИТХ-ын төлөөлөгч, ҮЦХ-гийн захирал, хотын НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг. МАН эмэгтэйчүүдээ дараагийн сонгуульд бэлтгэх бас тэдний оролцоогоо идэвхижүүлэх бодлого баривал энэ хоёр эмэгтэйн нэгийг сайдын суудалд суулгах нь алсдаа хэрэгтэй байж таарна.
Мэдээж МАН боловсон хүчний арвин нөөцтэй гээд хаа хамаагүй гудамжнаас бэр залаад байвал НАМЭХ-ыг хүүхнүүд тоохгүй болж, намыг нь салгасан Намбарваныг рекламдаад явдаг болно доо.
4.МАН-ын нэг том фракц бол дипломатуудын буюу экс дарга Сү.Батболдын толгойлдог бүлэглэл. Толгойлогчоо намын даргаас бууснаас хойш чимээгүй болоод бараг тарчихсан гэж болохоор болсон ч УИХ-ын бүлэг дэх хэдийнхээ хүчээр энэ удаа дор хаяж ганц сайдын суудал авах болов уу даа. АН-ын урилгыг харвал МАН-аас гадна “Шударга ёс” эвсэл болон ИЗНН засагт оролцох боломжтой тул дипломатуудын фракцид нэг суудал тооцоод таамаглал болгоё.
Эдэн дундаас бусад фракцууд болон намын хамт олонтойгоо арай идэвхитэй ойртож, улс төрийн тогтмол үйл явуулж байгаа ганц хүн бол Д.Цогтбаатар. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад хоёр удаа нэр дэвшсэн, өмнө нь Байгаль орчны сайд болон Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх хийж явсан туршлагатай нэгэн.
Хэрэв дипломатууд Д.Цогтбаатарыгаа нөөцөнд үлдээх юмуу дахин нэг сайдын боломж гарвал монголын толгой эдийн засагчдын нэг, МУИС-ын багш Ч.Хашчулууныг энд нэрлэж болох юм.
5.Олон намын оролцоотой Засгийн газар гэж үзвэл МАН-д Шадараас гадна салбарын 5 сайд оногдоно. Ийм хувилбараар сүүлийн хоёр сайдыг нь МАН-ын залуучуудад үлдээе. МАН-ын залуучуудаас энэ цагт тод гарч, нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа залуучуудын магнайд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан байгаа.
МАН-ын дотор хуримтлагдсан асуудлыг нийтээрээ хэлэлцэж, шинэчлэлийн асуудлыг ил тод ярьж, их хурлаа хуралдуулах нь зүйтэй гэсэн хатуу шаардлагыг тавьж, түүнийхээ төлөө 90 жилийн түүхтэй МАН-ын гадаа “анх удаа”-гаа гэр барьж тэмцсэн. Бараг л Хойд Солонгос шиг өрсөлдөгчгүй, ганцаараа сонгогдох гэж байсан одоогийн намын дарга М.Энхболдтой өрсөлдөж, МАН-ын дотоод ардчиллыг хамгаалсан энэ залууд дотоод, гадаадад эзэмшсэн боловсрол болон 21 аймгийн олон түмнээс илгээсэн итгэл найдвар, санал хүсэлт бий.
“Жагсаж чаддагүй” гэх хочтой МАН-ын имижийг эвдэж, намынхаа байрны үүдэнд барьсан гэрээ улс орныг хямрааж, эдийн засгийг нураасан урхагт Н.Алтанхуягийг огцруулах шаардлагын талбар болгож, улс төрийн суулт хийсэн эр зориг түүнд бий. Үнэндээ хэн хүнгүй огцруулахыг хүсэж, оролдож байсан ч чадахгүй байсан “Задгай цагаан”-ыг явуулах шулуун замыг нь Т.Аюурсайханы толгойлдог Шинэчлэлийн хороо хийсэн гэж хэлж болно.
Өдрөөс өдөрт МАН-ын гишүүд дэмжигчид төдийгүй сонгогч олны итгэлийг хүлээсээр байгаа МАН-ын Шинэчлэлийн хороо саяхан Бага хурлаа хийж, ТББ болсноо зарласан ба намынхаа Бага хуралд “Ч.Сайханбилэгийн Засагт орвол анхаарах шаардлагатай 8 асуудал” гээчийг гаргажээ. МАН-ын анхан шатнаас дээд түвшин хүртэл бүх нэгжид өөрийн төлөөлөлтэй болж, багийн зарчмаар ажиллах болсон Шинэчлэлийн хороондоо нэг сайдын суудал өгвөл МАН-ын ирээдүйд хэрэгтэй болж таарна.
6.МАН-ын залуучуудын байгууллагыг НАМЗХ гэдэг. НАМЗХ-ны дарга нь гадаадад сурч байгаа. УИХ-ын жагсаалтанд бичигдсэн Л.Оюун-эрдэнэ нэгэнт эхлүүлсэн сургуулиа орхиод сайд болох нь юу л бол.
НАМЗХ-ны Н.Номтойбаяр, О.Содбилэг нар УИХ-ын гишүүний дээлтэй. МАН давхар дээлийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс бүх сайдуудаа гаднаас санал болгож таарна. Нөгөө хувилбар нь залуу хүнийг төрийн ажилд сургах, төрийн албаны ачаа үүрүүлэхээр одоогийн генсек Ж.Мөнхбатаа сайдын суудалд явуулж болох юм.
Б.Санчир
Зочин · 2014/12/01
ingeed ardii namiin erkhend orj dee.