Зайсангийн ам 1800-аад онд Богд хаанд бараалхах шавь, отгийн захирагч нар Зайсан толгойн ар өврөөр түр нутагладаг байсан гэлцдэг домог бий. Үүнээс гадна энэ толгойн хажуугаар жижиг дөрвөлжин булшнууд байсныг 1960-аад онд археологийн малтлагаар гаргаж гурван хөлт тогоо сэлтийг олж байжээ.

Гэтэл одоо энэхүү ам түүх, соёлын дурсгалт хэлбэрээ алдаж аль хэдийнэ орон сууцны хороолол болсон. Зайсангийн аманд газар олгохыг хориглосон ч хууль бус барилгууд сүндэрлэсээр байна. Ядарсан иргэд ТҮЦ босгочихвол нураагаад хаячихдаг, задарснууд нь тусгай хамгаалалттай газарт

 тансаг зэрэглэлийн орон сууц барьчихаж болдог тийм л нийгэм байна. Энэ удаад Зайсангийн аманд хууль бусаар барьсан барилгын талаар сурвалжиллаа.

 

35 БАРИЛГЫН ЗОРИУЛАЛТЫГ ӨӨРЧИЛЖ ОРОН СУУЦ БОЛГОЖЭЭ

Богд хан уулын дархан цаазат газарт 2004 оноос аялал жуулчлалын зориулалтаар газар олгож эхэлсэн билээ. 10 жилийн дотор уулын амыг тэр чигт нь барилгаар дүүргэсэн ч зориулалтаар нь ашиглаж байгаа нь тун ховор. Барилгынхан анх аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламж барих төлөвлөгөөг албаныханд танилцуулж холбогдох бүхий л зөвшөөрлөө авчихдаг. Ингэснийхээ дараа тэд хаус хороолол болгочихоод “Цэвэр агаарт, байгалийн сайханд” гээд зад рекламдан зардаг болжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн тавдугаар сард Зайсангийн аманд барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. 31 аж ахуйн нэгж, иргэний 250 гаруй барилга, байгууламжийг шалгахад 25 нь анхны зориулалтаа өөрчилж орон сууцны хороолол босгож байгаа бол дөнгөж гурав нь аялал жуулчлалын хэлбэрээр ашиглаж байгааг тогтоожээ. Зориулалтаа өөрчилсөн компаниудаас дурьдвал “Мон Ти ар”,  “Сайн констракшн”-ны орон сууцны барилга, “Каркас”,“Бат аян”, “Оюуны зураг”, иргэн н.Одсүрэнгийн амралт үйлчилгээний цогцолбор, “Тэмүүлэнбаатар” компани зэрэг нэрлээд байвал урт дараалал үүснэ. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхны мэдээлснээр Зайсанд 35 аж ахуйн нэгж барилгынхаа зориулалтаа өөрчилжээ.

 ЗАЙСАНД ХҮН АМЬДРАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛНО

 Нэгэнт барьчихсан барилгыг буулгах боломжгүй гээд БОНХ-ийн сайдын тушаалаар нөхөн олговрын журам гаргажээ. Барилгынхан ч нөхөн олговроо дор нь төлчихснийг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шинэхүү ярив. Тусгай хамгаалалттай газарт анхнаасаа орон сууц барих зорилготой хүмүүсийн толгойг ингэж илж өнгөрөөж болох уу.

Хэрэв Зайсанг одоогийн байгаа чигээр нь орхивол хоёр, гурван жилийн дараагаар тэнд хүн амьдрах нөхцөлгүй болохыг мэргэжлийн хяналтынхан анхааруулж байна. Учир нь тэнд шугам сүлжээ, эрчим хүч, бохирын асуудлыг шийдээгүй юм. Төвийн бохир, цэвэр усны шугамд холбоогүйгээс 280 гаруй гүний худаг гарган ашиглаж байгаа юм байна. Энэ нь Богд хан уулын байгаль орчин, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх аюултай ажээ. Ингээд зогсохгүй барилгынхан нийслэлийн ундны усны эх үүсвэр дээр хувийн хаусаа сүндэрлүүлдэг тохиолдол ч байгаа юм.

 Л.ГҮНДАЛАЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭВ

 УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн экс сайд, одоогийн Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай Зайсангийн аманд нэг биш нэлээд олон барилгын эзэн болохыг тэр орчмын оршин суугчид, байгаль орчноо хамгаалдаг төрийн бус байгууллагынхан мэдэгдээд байгаа. Л.Гүндалайгийн дүүгийн нэр дээрх газарт босгож буй хувийн хаус нь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны баруун доод буланд өнөөдөр ч барилгын ажил нь үргэлжилж байна. Барилгаас хэдхэн алхмын зайнд нийслэлийн ундны усны эх үүсвэр байрладаг. Төрийн түшээ байсан энэ эрхэм энгийн иргэд битгий хэл, цагдаа, сэтгүүлчдийг хэл амаар доромжилсон тохиолдол байна. Хууль бус үйлдлийг нь эсэргүүцсэн хүмүүсийн өмнөөс тэрээр  “Би дүүгийнхээ авсан газар дээр хувийн хаус бариулж байна, тэгээд юу гэж. Та нарт ямар ч падлийгүй” гэдэг бол хэв журам сахиулахаар очсон цагдаад “Дарга чинь хэн юм, утасных нь дугаарыг өг, Би ярина” гэж аашилжээ. БОНХ-ийн сайдын тушаалаар саяхан Богд хан  дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, мэргэжлийн хяналт, цагдаагийнхны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж Л.Гүндалайгийн гэх барилгыг шалгаж хууль зөрчсөнийг тогтоожээ.

 

Б.ЭНХЗАЯА

 "Зууны мэдээ" сонин