Мягмар гарагт сайд болох “нөхдүүд” Ерөнхийлөгчтэй уулзахдаа юу ярив?
2014/12/05
Өчигдөр ажлын цаг дуусахаас өмнө Засгийн газрын сайд нарын нэрсийг оруулж ир гэсэн даалгаварыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт даалгасан. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон бусад холбогдох хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнээр шинээр томилуулах хүмүүсийн нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Тодруулбал,
1. Шадар сайд У.Хүрэлсүх
2. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
4. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
5. Сангийн сайд Ж.Эрдэнэбат
6. Хууль зүйн сайд Д.Дорлигжав
7. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
8. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
9. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
11. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү
12. Уул уурхайн сайд Р.Жигжид
13. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг
14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
15. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
16. Эрчим хүчний сайд Д.Зоригт
17. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
18. Монгол Улсын сайд М.Энхсайхан нар сайд болох нь тодорхой болсон.
Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсийг зөвшилцлөө.
Зөвшилцөх уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн энэ оройн амгаланг айлтгая. Та бүхэн улс орныхоо эрх ашгийг бодож, тулгамдаж байгаа асуудлын нөхцөл байдлыг сайн ойлгож, хамтарч ажиллахаар улс төрийн шийдвэр гаргаж орж ирсэн гэж би үзэж байна. Энэ Засгийн газарт онцлог бий. Сонгуулийн дараа байгуулагдаж байгаа Засаг биш тул, шинээр байгуулагдаж байгаа Засгийн газар шиг 100 хоног гэх зэрэг тодорхой шатлалтай ажиллах хугацаа та бүхэнд байхгүй. Нэг талаас оны төгсгөл болж байна. Удахгүй шинэ жил, оны дараа цагаан сар гэх маягаар харж ажиллах хугацаа байхгүй. Нэг үгээр хэлбэл амрах, ажил цалгардуулах хугацаа та бүхэнд үлдээгүй. Тийм Засгийн газар гэж харж байгаа.
Хэлэх гэсэн хоёр дахь зүйл бол Засгийн газрын зүгээс тулгамдсан асуудлыг эрчимтэй, зоригтой, хурдтай шийдэж ажиллахыг бүх талаар дэмжиж ажиллана.
Бид Засгийн газар байгуулж, янз бүрийн нөхцөлд ажиллаж байсан учраас сайныг бодож мууг нь анхааруулах үүрэгтэй. Анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэхээс өөр арга байхгүй. Хуулийг дээдэлж, ёс зүйтэй,хариуцлагатай ажиллах ёстой. Засгийн газрын гишүүн боллоо гээд амьдралаа өөд татах, ар гэр, хажуудаа байгаа найз нөхдөө өөд татах, нам, хамт олноо харж үзэх зэрэг хууль зөрчсөн, авлигын шинжтэй үйл ажиллагаанд оролцохыг хэрхэвч тэвчихгүй. Үүнийг эхнээс нь хэлэх ёстой. Засгийн газар байгуулагдлаа гээд очоод янз бүрийн халаа солио хийх, ялангуяа мэргэжлийн, ажлаа сайн хийж байгаа хүмүүс дээр халаа сэлгээ хийх үйл ажиллагаа ерөөсөө байж болохгүй.
Сүүлийн жилүүдэд төрийн, Засгийн газрын хэмжээ томорсон. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүнийг багасгаж чадах байх гэж найдаж байна. Томруулдаг хүчин зүйлүүдийг алга болгодог санаачлагуудыг УИХ-д маш хурдан хугацаанд оруулж шийдүүлэх байх аа гэж бодож байгаа. ДНБ-д Засгийн газрын эзэлж байгаа зардлын хэмжээг асар багасгах хэрэгтэй. Үүн дээр хамгийн эрчимтэй амжилт гаргасан Засгийн газар болоосой гэсэн хүсэлт байна.
Өмнө нь ч хэлж байсан. Энэ Засгийн газар бол улс төр бодох, дараагийн сонгууль бодох эрхгүй Засгийн газар юм. Үнэхээр тулгамдаж байгаа асуудлаа аваад үзэхэд асар их ажил бий. Тийм учраас энэ бүхнийг харж, ухамсарлаж, Ерөнхий сайдын саналыг хүлээж авч энэ сонголтыг хийж байгаа гэж би ойлгож байна.
Үнэхээр Монголын төлөө хэцүүг үүрч, хүнд асуудлыг шийдвэрлэж, өөрсдийгөө золиослон байж үлдсэн нэг жил, зургаан сарын хугацаанд, дараагийн сонгуулиар бүрдэх Засгийн газрыг бүрдтэл ажиллах ийм л итгэл төгс хүмүүс орж ирж байна гэж харж байгаа.
Миний Ерөнхий сайдад хэлж байсан өмнөх байр суурь хэвээрээ. Засгийн газрыг гаднаас, мэргэжлийн, чадварлаг, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсээс бүрдүүлэх ёстой. УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнийг хавсарч ажиллахыг би дэмжихгүй байгаа. Энэ байр сууриа шууд илэрхийлэх ёстой гэж бодож байна.
Намын бүлгүүдийн хувьд хамтарч ажиллана гэдэг бол энгийн зүйл. Би нэг уриалга хэлж байгаа. Энд орж ирж байгаа төлөөллийн хүмүүс нам, намынхаа бүлэг дээр, намынхаа удирдах байгууллага дээр шийдвэр гаргах ёстой. Засгийн газрыг манай нам, манай бүлгийн зүгээс, манай намын бүлэгт багтдаг гишүүдийн зүгээс огцруулах асуудлыг санаачилж тавихгүй гэсэн шийдвэр гаргах ёстой. Үлдсэн хугацаанд бидэнд үнэндээ ийм зав алга. Засгийн газар огцруулах хялбар. Эргээд байгуулахад ямар хэцүү хүндрэлтэй тулгардгийг би маш олон удаа харж байсан. Та бүхэн ч мэднэ. Хэдийгээр ийм хуулийн боломж байгаа ч гэсэн улс төрийн ийм шийдвэр гаргаж, ард олонд ойлголт өгөх юм бол энэ Засгийн газарт итгэх итгэл нь нэмэгдэнэ. Эд нар үнэхээр юм хийх юм байна. Айлтгүй урагшаа зүтгэх юм байна. Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа хүнд асуудлыг шийдэх Засгийн газар байна гэдэгт итгэх итгэл аль аль талдаа бий болно. Энэ бол их чухал шүү гэдгийг дахин хэлье.
Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн утга ч тэр. Нөгөө талаас ерөөсөө Засгийн газрын зарчим гэж байдаг. Энд сайдуудын өөрсдийн хэрэгжүүлэх бодлого гэж байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын бодлогыг тухайн салбарт хэрэгжүүлэх гэж л орж ирж байгаа хүмүүс. Засгийн газрын кабинет гэдэг бол хуралдаж мэдээллээ солилцдог зүйл гэж хуульч Б.Чимид гуай хэлдэг байсан. Түүнээс биш шийдвэр гаргаад, би санал нийлэхгүй байна гээд явдаг газар биш. Энэ асуудлыг Монгол Улсын өмнө, УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцдаг. Засгийн газрын гишүүд дээр хариуцлага тооцох асуудал гарах юм бол Ерөнхий сайдад л хандаж асуудал тавих ёстой. Түүнээс биш УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулна гээд бариад гүйдгээ болих хэрэгтэй. Үүнийг бүр хуулиар хааж өгөх ёстой юм. Ерөнхий сайд шаардлагатай бол оруулж ирж болно. Дахиад Засгийн газрыг бүтнээр нь огцруулах, Ерөнхий сайдыг солих боломж байхгүй гэдгийг хэлье.
Харин Засгийн газрын гишүүн ганцаараа хариуцлага алдах юм бол хариуцлага алдсан тоо бүрээр нь хариуцлага тооцдог, асуудлыг оруулж маш хурдтай шийддэг хэлбэр рүү явуулах хэрэгтэй. Ингэж чадах юм бол Монгол Улсын төрд, УИХ-д, Засгийн газарт итгэх итгэл бий болно. Хамгийн гол итгэхгүй байгаа зүйл бол хариуцлагатай холбоотой гэдгийг хэлэх нь зөв байх. Одоо Засгийн газар бүрдэж байхад итгэж найдаж байгаа хүмүүс их байгаа. Тэдний итгэл найдварыг баталгаажуулж ажиллах ёстой. Итгэхгүй, эхнээсээ дэмжихгүй хүмүүс ч байгаа. Тэдний дэмжлэгийг авч ажиллах ёстой. Аль болох тэдний дэмжлэгийг нэмэгдүүлж, “Би эхнээс нь энэ сайдын тухай буруу бодож байсан байна. Яг ажил дээр гараад ирэхэд үнэхээр юмыг хариуцсан шиг хариуцаад хийчихдэг юм байна” гэж бодтол ажиллах ёстой. Энэ бол хугацаатай ажил. Энэ хугацаатай ажил дээр янз бүрийн зүй бус, ёс бус, хууль зөрчсөн, авлига, хээл хахууль, янз бүрийн шударга бус зүйлтэй холбогдсон нэг ч мэдээлэл энэ Засгийн газраас сонсогдож болохгүй. Сонсогдоод асуудал гарах юм бол тухайн хүнтэй шууд хариуцлага тооцоод явах ёстой гэдгийг дахин давтаж хэлье” гэлээ.
Одоогийн байдлаар “Шударга ёс” эвслийн бүлэг нам доторх асуудлаа хэлэлцэж байна. Бэлэн болохоор нь Монгол Улсын Ерөнхийлөгчид тусгайлан танилцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан санаачилгын дагуу бид бүхэн “дан, давхар дээл”-ний асуудал дээр анхаарсан. Хуучин Засгийн газрын 12 гишүүнээс хоёр нь УИХ-ын гаднаас томилогдож байсан бол одоогийн шинэ бүрэлдэхүүнээр бол тал хувь нь гаднаас томилогдохоор нөхцөл байдал үүсч байна. Тэгэхээр бид энэ чиглэл рүү томоохон алхам хийж байгаа юм. Тэгээд шинэ хуулийн орчин УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа цаашаа үргэлжлэн явах байх гэж бодож байна гэдгээ Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн.
Үүний дараа Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчид гол хийх ажлынхаа чиглэлүүдийг Ерөнхийлөгчид танилцуулсан юм.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх:
-Монгол Улсын Ерөнхийлөгч танд илтгэхэд Монгол Улсын хуулийн хүрээнд УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, Монгол Улсын Төрийн тэргүүнээс гаргасан зарлиг, хуулийн хүрээнд бид шударга ёсыг эрхэмлэж ажиллана гэж бодож байгаа. Нэн ялангуяа улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, парламентад суудалтай улс төрийн намуудын харилцан ойлголцыг бэхжүүлэх, түүн дээр тулгуурлаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэхүү хүндэрсэн нөхцөл байдлыг даван туулах, эдийн засгийн уналтыг зогсоох явдал бол бидний анхаарах хамгийн гол асуудал гэж үзэж байна. Монгол улсын язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдралын төлөө бид бүхэн хамтарч нэг санаа бодолтой, эв эеийг сахиж эх орныхоо төлөө ажиллах хариуцлагатай үе ирсэн гэдгийг бид бүхэн ухамсарлаж байгаа гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Монгол Улсын Шадар сайдын ажлын хүрээнд 6 агентлаг байгаа. Урьд нь би таны толгойлж байсан Засгийн газрын кабинетийн гишүүнээр Онцгой байдлын асуудал эрхэлж ажиллаж байсан. Дараа нь Мэргэжлийн хяналтын сайдаар ажиллаж байсан. Энэ хоёр чиглэлийн ажлуудыг ерөнхийд нь мэднэ. Үлдсэн агентлагуудын ажлыг яаралтай судалж ажиллана гэж бодож байгаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч С.Баярцогт:
-Ерөнхийдөө дөрвөн намаас бүрдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар бүрдэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд улс төрийн өргөн хэмжээний тогтвортой байдал, дэмжлэгийг Ерөнхий сайдад үзүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулна. Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд барагдуулахын тулд кабинетийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах үүргийг хүлээнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт болон Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль гэсэн энэ улс төрийн реформын чиглэлийн асуудлуудыг дэмжиж ажиллана. Өмнө нь таны кабинетад, Их эвслийн Засгийн газрыг 2004 онд байгуулагдахад Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлага, мөн 2008 оны Их эвслийн Засгийн газарт хямралын үед Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагаа кабинетийнхандаа харамгүй хуваалцаж ажиллана.
Байгаль Орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол:
-Юуны өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг МАН-аас нэр дэвшигчдийг хүлээн авч, Засгийн газартаа урьж, нэг баг болж, хамтран ажиллах гэж байгаад болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилох шийдвэр гарган дэмжсэн МАН-ын Удирдах Зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, УИХ-ын гишүүддээ мөн Завханчууддаа гүн талархлаа илэрхийлье.
Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө мөр зэрэгцэн нэг баг болж ажиллах Засгийн газрын гишүүддээ их үйлсийн төлөө хамтран зүтгэнэ гэдгээ илэрхийлж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан хэдэн зүйл хэлье.
Даяаршин хөгжиж буй дэлхий ертөнц, улс үндэстнүүд байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлаж буй хандлага зарчмуудыг мөрдөн Байгаль орчин ногоон хөгжлийг тогтвортой хангаж ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад хичээн зүтгэж ажиллах болно. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ногоон бүсийг нэмэгдүүлж экологийн тэнцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана.
Байгаль, соёлын аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлж, Монгол орныхоо унаган байгаль, онгон төрхийг хадгалахад анхаарч аялал жуулчлалын газар нутагт уул уурхайн аливаа үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоох, гадна дотнын жуулчлалыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж бодож байна. Үүний тулд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож аялал жуулчлал эрхлэгчдийг хууль эрх зүй, татварын тааламжтай нөхцөлөөр хөхүлэн дэмжиж ажиллана.
Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, байгаль орчныг хамгаалах ногоон хөгжлийг дэмжих талаар төр хувийн хэвшил иргэд олон нийтийн байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж үйл ажиллагааг нь бодлогоор уялдуулах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тасралтгүй өсгөх гэсэн асуудлууд манай бодлогын анхаарлын төвд байх болно. Дээрх зүйлс нь үе үеийн Засгийн газрын Байгаль орчны сайд нарын уламжлалт бодлогын зарчим байсаар ирсэн гэж ойлгож болно.
Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн:
-Гадаад бодлогын салбарын нэг онцлог байгаа нь залгамж чанараа хадгалж ажиллах ёстой. Түрүү түрүүчийн Засгийн газрын гол чиглэлүүдийг үргэлжлүүлэн ажиллах болно. Дээрээс нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлын зохицуулалтыг хангахад онцгой анхаарч ажиллана. Ойрын зорилт гэвэл энэ онд болсон ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр ярьсан тохирсон зүйлийг ажил хэрэг болгох тал дээр анхааран хэрэгжүүлэх, ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохирсон ажлуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарна. Гурав дахь хөршийн бодлогыг бэхжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 10-наас эхэлж буй Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг энэ жилдээ болон дараа жил өргөн дэлгэр тэмдэглэх ажлыг хангана. Энэхүү арга хэмжээ нь ардчилалд шилжих замд Монгол Улс алдсан оносон сургамжаа гурав дахь хөршийн орнуудад ойлгуулах тал дээр чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа. Мөн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах том зорилт бий.
Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат:
-Санхүүгийн хүнд байдлаас улс орноо гаргахад аливаа нэг яам дангаараа төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс хямралаас гарах төлөвлөгөөг бид хамтран боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна. Юуны түрүүнд хэлэхэд улсын төсвийн хувьд орлого зарлагын тэнцэл, баланс алдагдсан байгаа. Иймээс үүнийг тэнцүүлэх арга хэмжээг хамгийн түрүүнд авна. Мөн өрийн баланс, төсвийн алдагдлын хувьд төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчсөн байдалтай байна. Тэгэхээр энэ асуудлын өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэсний дараа үүнд тулгуурлан хямралаас гарах төлөвлөгөөгөө боловсруулна.
Мөн эдийн засаг, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх гадаадын улс орнууд, байгууллагуудтай хамтран ажиллана. Ингэж хамтран ажиллахад өрийн босго, хязгаарын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг Засгийн газар, нам эвслийн түвшинд ярилцах болно.
Хуульзүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав:
-Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн талаар ҮАБЗ-өөс сайшаагдсан хөтөлбөр бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд батлагдсан, өргөн баригдсан болон боловсруулж буй хуулиудыг энэ үзэл санааны хүрээнд дахин нягталж, цогц байдлаар УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар батлуулах зорилт тавин ажиллана. Энэ жил Хууль зүйн сайдын багцад батлагдсан хөрөнгө оруулалтыг оновчтой болгож, захиран зарцуулалтыг хийх болно.
Хуулийн салбарын боловсон хүчний мэргэжлийн, ёс зүйн, удирдах арга барилын давтан сургалтыг эрчимтэй хийх шаардлага байгаа. Хууль зүйн салбарын бүтцийг оновчтой болгож, ажил үүргийн хуваарийг давхцуулахгүй болгох тал дээр ажиллана.
Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат:
-Аж үйлдвэрийн яам манай орны хөгжлийн стратегийг тодорхойлох ёстой. Энэ яамыг маш богино хугацаанд зохион байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэлийн дагуу аж үйлдвэрээ хөгжүүлэх, цэгцтэй удирдлага зохион байгуулалтыг бүрдүүлэх тал дээр төвлөрч ажиллана. Ямар ч байсан жил зургаан сарын хугацаанд Аж үйлдвэрийн яам Монгол Улсад хэрэгтэй байсан юм байна. Дотоодын хүнд хөнгөн үйлдвэрүүдээр дамжуулан экспортоо нэмэгдүүлэх боломжтой юм байна гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.
Мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнд орсны хувьд хариуцсан яамаа зөв голдрилд нь оруулах, эхнээсээ цэгцтэй, зохион байгуулалттай жишиг яам болгохын төлөө ажиллана.
Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар:
-Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах болсонд би баяртай байгаа. Ялангуяа хямралын үед ингэж ойлголцож хамтран ажиллах нь эдийн засгаа сэргээх хамгийн чухал алхам билээ. Хямралын нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино хугацааны нэгдсэн төлөвлөгөөг нэн түрүүнд гаргах хэрэгтэй. Ингэснээр бид нөөц боломж, эрсдлээ үнэлэн дараагийн алхмаа хийнэ. Монгол төрийн түвшинд яригдаж эхэлж байгаа шинэлэг зүйл бол баримтад суурилсан шийдвэр гаргах механизм юм. Тэгэхээр нөхцөл байдлаа зөв дүгнэж байж дараагийн арга хэмжээг авах ёстой.
Өнөөгийн нөхцөл байдал их эмзэг гэж дүгнэж байгаа. Тиймээс энэ салбарыг цочирдуулахгүй, үйл ажиллагааг нь дэмжих, үргэлжлүүлэх тал дээр анхаарна гэж бодож байна. Энэ бол богино хугацаанд авах арга хэмжээ. Цаашид баримтлах бодлогын хувьд хот байгуулалтын дахин төлөвлөлтийг хотын захиргаатай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Байгаль орчин талаасаа ч, хүний амьдрах орчин талаасаа ч, орчин үеийн хот болгох талаасаа ч төлөвлөлтийг эхнээс нь бүр олон жилийн туршид, бүр социализмын үеэс эхлэн төлөвлөгөө, тооцоогүй явж ирснээс болж хэт төвлөрөл, хүндрэл гарсан гэж үзэж байна. Тэгэхээр энэ тал дээр орчин үеийн хэв шинжтэй төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллах болно. Өөрөө хэрэглэгч хүний хувьд орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн хамгийн чухал зүйл бол барилгын стандарт байдаг. Барилга бол тухайн хүний чухал хуримтлалыг шингээсэн өмч байдаг. Иймээс барилгын стандарт сайн байна гэдэг бол тэр хүний хадгаламж найдвартай байна гэсэн үг юм. Тиймээс барилгын стандартыг орчин үеийн түвшинд хүргэж ажиллах тал дээр анхаарна.
Нөгөө талаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал дээр анхаарна. Мөн барилгын байгаль орчинд ээлтэй, өртөг багатай шинэлэг технологи нэвтрүүлэх тал дээр ажиллана. Бусад ажлыг мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байж шийдвэрлэнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөр:
-Боловсролын салбарт сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Үүний үр дүнг бид богино хугацаанд харна гэж үзэж байгаа. Ялангуяа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, багшийн хөгжлийн бодлогын үр дүнг бид ойрын ирээдүйд харна гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямрал, өнөөгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийн эдийн засаг руу шилжих шаардлага байгаа. Үүний суурийг бид үлдсэн хугацаанд бид тавьж чадна гэж үзэж байгаа.
Гуравдугаарт, энэ яаманд соёлын асуудал ирж байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан монголчууд олуулаа болохын тулд монгол соёлыг өвлөх, уламжлах, дэлгэрүүлэх бодлогуудыг цаашид үргэлжлүүлэн баримтална.
Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн оройн амгаланг айлтгая. Уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилд хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хийж ирсэн ажлууд, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсон. Долоо, найм орчим хууль шинэчлэгдэн батлагдсан. Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллана. Тухайлбал, энэ хуулиудын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох хүрээнд ажлууд бий. Үүнийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. 106 зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж эхэлсэн ажил явж байгаа. Ашигт малтмалын салбараас эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах том төслүүд болох Оюутолгой, Тавантолгой зэрэг төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах тул үүнд түлхүү анхаарч ажиллана. Мөн түүнчлэн нүүрс боловсруулах чиглэлээр, тухайлбал, хий гаргах, шингэрүүлэх, хуурай аргаар баяжуулах гэх мэт чиглэлд анхаарч ажиллана. Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал нэлээдгүй тулгамдсан асуудал болж байгаа. Үүнийг анхааран ажиллана. Үндэсний боловсон хүчний бодлого баримталж, гаднын мэргэжилтний гарыг аль болох харахгүй, Монголд үлдэх үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс богино хугацаанд мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлүүдэд анхааран ажиллах болно.
Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч С.Чинзориг:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн оройн амгаланг айлтгая. Энэ салбарт шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллана. Хөдөлмөрийн салбар өөрөө салбар дундын олон зохицуулалт шаардсан салбар. Тэр утгаараа кабинетын зарчмаар ажиллана. Эдийн засгийн хямралтай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ажлын байрыг хадгалах, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа үед орлогыг нэмэгдүүлэх, орлогын зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авч ажиллана. Бүх намууд хамтарч засаг барьж байгаа энэ үед хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажиллана. Ялангуяа нэг нам засаг авахаараа төрийн албыг бужигнуулдаг. Энэ нь засаглалын хямралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ чиглэлд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаад анхаарч хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Эрдэнэ:
-Бид өнгөрсөн хоёр жилд хүн амын хөгжлийн чиглэлээр хийсэн ажлаа үргэлжлүүлнэ. Саяхан Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах цогц бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Мөн нийгмийн хамгааллын тал дээр чухал асуудлууд бий. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй өнөө цагт хүн амын нийгмийн хамгааллын бодлогыг эрс сайжруулах зайлшгүй шаарлагатай. Нийгмийн халамжийн чиглэлээр хийж буй шинэчлэл, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүний хөгжлийг анхааран ажиллаж хүн амын хөгжлийн бодлогыг сайжруулах ажлууд дээр гол анхаарал хандуулж ажиллана.
Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа:
-Энэ салбар Монгол Улсын хөгжилд нөлөөтэй төдийгүй стратегийн чухал салбар. Энэ салбарыг эдийн засгийн хямралаас хамгаалах, гаргах нөөц боломжоо бүрдүүлж хямралыг даван туулахад анхаарна гэж үзэж байгаа. Уг салбарт талуудын оролцоог хангах, мэргэжлийн судалгаа зөвлөмжийг ашиглахад түшиглэн ажиллана. Салбарын чиглэлээр УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд дээр ажиллаж илүү боловсронгуй болгох талаар ажиллаж, энэ салбарт хийгдэж ирсэн ажлуудыг үргэлжлүүлэн ажиллах болно.
Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү:
-Танд оройн мэнд хүргэе. Юуны өмнө замын салбарт сүүлийн хоёр жилд багагүй амжилт гарсан. Сүүлийн хоёр жилд замын ажлууд сайн хийгдэж, замын аж ахуйн нэгжүүд чадавхи, чадамжтай болсон. Салбарын бодлого залгамж чанарыг үргэлжлүүлнэ. Мөн Засгийн газрын кабнетийн зарчмыг барьж ажиллана. Хууль эрх зүйн хүрээнд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого, авто замын сүлжээ үндсэн трассын бодлого батлагдсан. Үүнийг үргэлжлүүлэн ойрын хугацаанд аймгийн төвүүдийг авто замаар холбох болон төмөр замын ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байгаа. Энэ нь улс орны эдийн засагт их нэмэр тулаас болно. Энэ салбар нь Төмөр зам, авто зам, иргэний агаарын тээвэр гээд салбаруудтай. Энэ салбаруудыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулна. Замын чанар, стандартыг Евро стандартад нийцүүлэх, шилжүүлэх, Монголын уур амьсгал, цаг уурын нөхцөл байдалд тохирсон сайн замыг бүтээн байгуулах нөхцөлөөр хангах хүрээнд дэмжиж ажиллана. Төрөөс баримталж буй бодлогыг үргэлжлүүлж, чанарын өндөр түвшинд хүргэнэ.
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Зоригт :
-Танд оройн мэнд хүргэе. Энэ салбар онцлогтой салбар. Миний бие УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд зургаан жил ажиллаа. Энэ салбарын хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг сайжруулахад оролцож байсан. Энэ салбарууд миний харж байгаагаар онцлогтой. Дунд , урт хугацааны зарим асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Энэ салбарт төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийж, салбарын хөрөнгө оруулалтын орчинг нээлттэй болгож чадахгүй байна. Хоёрдугаарт, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар байгууллагууд төрийн өмч давамгайлсан үр ашиг, менежментийн талаар тодорхой шаардлага хангахгүй байнга шүүмжлэлд өртөж байгаа. Засч залруулах зүйлүүд бий, түүнийг засна. Гуравдугаарт, манай улс өөрийн хэрэгцээний ихэнх хэсгийг хоёр хөршөөс импортоор авч байна. Энэ хэрэгцээ жилээс жилд өсч байгаа. Иймээс дунд хугацаанд импортлогч биш, хөршүүдэд экспортлогч болох чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайн ажлууд бий. Том цахилгаан станцууд, Тавантолгой, гурав, дөрөв,тавдугаар станц, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц зэрэг ажиллаж байгаа төслүүдийг залгамжлуулан ажиллана. Ойрын хугацаанд энэ салбарын түлш, эрчим хүчний найдвартай байдал чухал байна. Энэ өвлийн болон эрх жилийн бэлтгэл гээд ажлууд байна. Ерэн жилийн түүхтэй энэ салбарыг салбарын хүнээр удирдуулах чиглэлээр хамтарч, дэмжиж ажиллана.
Монгол Улсын сайдад нэр дэвшигч М.Энхсайхан:
-Миний нэрийг Монгол Улсын сайдад өргөн барьж байгаад талархаж байна. Хариуцах асуудал бол Монголын нийгэмд тулгамдаад байгаа эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд би өөрийгөө дайчилж ажиллах болно. Гол нь Оюутолгой, Тавантолгой, төмөр зам гээд улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төслүүд нарийн арга зүй шаарддаг. Монголын хувьд энэ нь анхдагч төслүүд учраас алдаж онохын зовлонг бид туулж явна. Тиймээс үүнийг шийдвэрлэхэд миний өчүүхэн туршлагыг ашиглая гэж надад хандсан болов уу гэж бодож байна. Та бүхний итгэлийг дааж ажиллах болно.
Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ц.Цолмон:
-Миний нэрийг Батлан хамгаалахын сайдад дэвшүүлж байгаад Ерөнхий сайдад талархаж байна. Манай улс төрийн бүх хүчнүүд бүгд ойлголцдог нэгдсэн бодлого, концепциор Батлан хамгаалахын яам явж байгаа. Энэ бодлогын хүрээнд бид ажиллах болно. Батлан хамгаалахын бодлогод сүүлийн үед шинэчлэл хийгдэж, боловсруулж байгаа зүйлүүд бий. Үүнтэй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа танилцаж, энэ чиглэлийг дэмжиж байсан. Энэ концепциуд шинэчлэгдэж батлагдаад явахад гар бие оролцож хичээн ажиллана гэж бодож байна.
Мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлагын дор заавар зөвлөгөөг авч ажиллах ёстой албан тушаал. Иймээс Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн чиглэл, үүргийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчнийг улам бүр бэхжүүлэх, техникийн болон бусад чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга, чармайлттай ажиллана.
Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамба:
-Эрхэм Ерөнхийлөгч танд болон Ерөнхий сайдад талархал илэрхийлье. Улс орон нийгэм эдийн засгийн ихээхэн хүндрэлтэй олон асуудлыг давж шийдвэрлэх ёстой энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах хариуцлагатай үүрэг ногдож байгааг ухамсарлан ойлгож байна. Эрүүл мэндийн салбарын хувьд товчхон хэлэхэд энэ салбарын үр дүнтэй, зохистой удирдлага, шуурхай, хариуцлагатай, найдвартай үйл ажиллагаа, зөв үр дүнтэй санхүүжилт гэсэн ийм гурван чиглэлд энэ салбарын өмнө явуулж ирсэн бодлогыг үргэлжлүүлэх, түүнчлэн саяны томъёолсон гурван асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах болно.
Хэрэв Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдож ажиллавал нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, үүн дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг цааш нь гүнзгийрүүлэхэд салбарын сайдын хувьд Засгийн газрынхаа нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлаж, ард иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу ажиллана гэлээ.
Зочин · 2014/12/07
хятад монголдоо очиж сая до********ын бунхандаа заларцгаа........... эх орноо зарчихаад МОНГОЛ гэнэ үү ****** *************хурлийз ????? ядаж Го. БАДАРЧ шиг бол яая гэхэв... GO HOME CHINA mongolia
Зочин · 2014/12/07
төрийн албан хаагчдийг улсад 35 болон түүнээс дээш хил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гаргах хэрэгтэй.Одоо төрийн албанд тэтгэвэрээ хүлээсэн хүмүүс дүүрэн байна.Тэднээс шахаад юу ч гарахгүй Тэд зөвхөн 36 сарын тэтгэжээ л хүлээж байгаа
баярцогт уу даа · 2014/12/07
Сая до********ын авсанд угаар нь үндсээр нь багтаагаад зайлуулаад эх орныг минь цэвэрлээд өгөөч томоос том П... баярцогтоос20 000 хувьсагчтай 9 сар байцаагдаад 9 эрүү давсан овоо ****************** сүнс *************хурлийз даа go home chiina mongolia эх орныг минь зарсан явдаг үхдэл china-mongolia баяршогт доо
Зочин · 2014/12/07
mergejliin udirdlaga mash iheer igiulegdej b na zam teeveriin salbart
Зочин · 2014/12/07
төмөрхүү нэр дэвшигч зөв ярьж байна салбар нэгжүүдийг мэргэжлийн хүнлэг хүнээр удирдуулах нь зөв
Зочин · 2014/12/07
Erchimhkunii saidiig arai ch dee Zorigt /saidaa/ ta meregjliin bus diilehkgui odoo Erchimhkuch mash hkund nehktseld orsoor buur tartagtaa tulsan Ta meregjliin bus gehkdee buur hkoliin hkun baina Odoo boliochee Said hkiihk hkuneer dutaad baibal Yamand ni olon jil udirdahk ajil hkiisen TSETS uudee mash sain medehk hkuniig yamnaas ni orluul, esbel tomil arai ch dee Ene hkund yed Erenhkiilegch, Er said, ogt ene ajliig sain ender meregjliin injener hkun hkiihk estoi gedgiig Stanstiin hkaalgaar ch orj uzeegyi uchir medehkgui baina Erenhkiilegchee ta daarahkgui baigaa Ard tumen ydarch daarch toggyi bolj baina
zasag **** · 2014/12/07
Zasag bugdeeree ****aa ene olon yam yhiin mongo oldog ymuu mongo oldog bol bi huvaarai yam neey yronhii said saihanbeleg uheesee ajilaa medehgui ymnuud boloishoo
Зочин · 2014/12/07
Oyunhorol avgain baij baigaag ee! yalhaisan muuhai avgai yag ter hebeeree l , haragdaj baidal ene ter n ul hundetgesen baidaltai. iim amitan tegeed giiguuleh u?
Зочин · 2014/12/06
Харамсалтай байна. АН ынхан дахиж сонгуулд ялахгүй байх бүх алхамаа хийлээ. Хятад баярцогт, УИХ д сонгуулгүй орсон зоригт мэтийн хүмүүсийг сонгохдоо тулсан АН ыг сайнаар хэлэх үг алга.
Зочин · 2014/12/06