Ж.Батзандан найз О.Магнайгаа дэд сайдад зүтгүүлэв
Шинэ засаг бүрдэж, сайдуудын томилгоо үргэлжилж байгаа энэ үед дэд сайдуудын асуудал яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандан гишүүн ШӨХТГ-ын дарга, найз О.Магнайгаа дэд сайдад зүтгүүлж байгаа талаар ойрын эх сурвалж мэдээлэв. 

2012 оны сонгуулийн үр дүнгээр УИХ бүрдэж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед Иргэний хөдөлгөөний О.Магнайг Сангийн дэд сайд болохоор зүтгүүлсэн удаатай. Ж.Батзандангийн хувьд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин УИХ-д сонгогдож, гишүүний зөөлөн суудалд заларсан тэр найзыгаа мартаагүй гэдгээ харуулсан. Учир нь хамтдаа халуунд халж, хүйтэнд хөрч явсан найзыгаа Сангийн дэд сайдын суудалд суулгахаар хөөцөлдөж явсан зүйл бий. 

Харин УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг хүссэн тогтоолын төсөл өргөн барьснаас болж Ж.Батзандан гишүүн нэг хэсэгтээ баалуулсан. Түүний хувьд намынхаа эсрэг ганцаараа нэгдэж, МАН-ын бүлгийн гишүүдийн саналд гарын үсэг зурснаас болж дайралтууд ар, араасаа цуварсан. Тэр бүү хэл түүнийг намаасаа хөөхийг АН-ын гишүүд, дэмжигчид бишгүй олон удаа шаардсан. Гэвч үнэн хэрэгтээ МАН-ын бүлгийн гаргасан саналаас илүүтэй АН-ын гишүүд нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулчихсан нь үнэн. 

Нөгөөтэйгүүр Ж.Батзандангийн энэ үйлдлийг “Сайд болох гэсэн санаархал” хэмээн үзэж байсан. Гэтэл дараагийн Ерөнхий сайд тодорч, шинэ засаг бүрдэж буй энэ үед Ж.Батзандан гишүүн “Би сайд майд болохгүй ээ. Давхар дээлүй байцгаая” гэж цахим хуудсаар мэдэгдэж байна билээ. Харамсалтай нь удалгүй сайд болохгүй гэсний цаана найзыгаа дэд сайдад зүтгүүлж буй нь илэрхий болж байх шиг. Харин О.Магнай ШӨХТГ-ын даргын суудлаасаа татгалзаж, дэд сайд болвол Ж.Батзандан найздаа найр тавьжээ гэж хүлээж авахаас өөр арга байхгүй биз. 

С.НАРАН