Л.Жигдбаяр: 10 жилийн ойн хүрээнд салбарын шилдгүүдийг шалгаруулна
2014/12/09
-Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан ТББ үүсэн байгуулагдаад 10 жилийн ойтойгоо золгож байна. 10 жилийн өндөрлөгөөсөө эргэж харахад хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Ховд аймгийн хөгжлийн төлөө сан ТББ нутгаа гэсэн зүрх сэтгэлтэй маш олон хүний тус дэм, санал санаачилга, дэмжлэгээрээ байгуулагдан 10 жил болжээ. Энэ 10 жилийн хугацаанд Ховд нутгаар овоглодог, нутгийнхаа төлөө сэтгэл зүрх нь цохилдог маш олон хүний санал санаачилгаар сангийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж ирсэн гэдгийг хэлмээр байна.
10 жил гэдэг бага хугацаа мэт санагдавч бидний хувьд нутагтаа бодит хөрөнгө оруулалт хийсэн он жилүүд байсан. Хөрөнгө оруулалт гэхээр заавал мөнгө төгрөг санхүүгийн асуудал бус соёл, боловсрол, эрүүл мэнд гээд нийгэм, хүмүүнлэгийн салбарт хийсэн ажлуудаа дүгнэж үзэхэд бид нутгийн хүүгийн үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлээд явж байна гэж бодож байна.
-Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан гэхээр яах аргагүй баруун бүсдээ төдийгүй Монголд томоохонд тооцогдох Ховд аймгийн төвд сүндэрлэн боссон 108 суварга бүхий бурхан шашны төв санаанд буудаг. Энэ том төслийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар ярихгүй юу?
- Тэгэлгүй яахав. Баруун бүсэд бурхан шашны томоохон цогцолбор бүтээн босгох санаачилгыг Ховд Аймгийн Хөгжлийн Төлөө Сангийн тэргүүн Ш.Адьшаа санаачилж, 2000 2010 он хүртэлх 10 жилийн хугацаанд Баруун Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв “Ганданпунцаг чойлон хийд, бурхны хот мандал бүтээн босгох төслийг Ховд Аймгийн Хөгжлийн Төлөө Сан удирдан зохион байгуулж, амжилттай хэрэгжүүллээ.
Энэ хүү том бүтээн байгуулалтын ажлыг хийхэд аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, хамтран ажилласны зэрэгцээ буяны сэтгэл өвөрлөсөн, сүсэгтэн олны үл хэмжигдэх их өглөг, ач тус,хандив тусламжаар 2 тэрбум төгрөгөөр бүтээн босгож, 2010 оны 10 дугаар сарын 4 – ний өдөр орон нутгийн өмчид хүлээлгэн өгсөн. Одоо хийд маань буян номын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 5 жилийн ойтойгоо золгох гэж байна.
-Зөвхөн сүсэгтэн олонд зориулсан буян номын ажил явуулдаг бурхны газар гэдгээс гадна гадна дотны зочид төлөөлөгч, аялагч жуулчдын сонирхлыг татдаг маш томбүтээн байгуулалт болсон байна лээ. Энэ том хийдийг ажиллуулах лам нар, боловсон хүчний асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ?
- ХийдЦогчин, Сахиусынгэсэн 2 дугантай, 108 суварга, суваргындоорбайрлах 22 орцтой 45албан ажлын болон лам нарын ажлын өрөөнүүдтэй, бага оврын уурын зуухтай ажил үүргээ гүйцэтгэж буян номын үйл ажиллагаа эрхлэхээс гадна лам нар болон сүсэгтэн олныхоо бурханы шашин, уламжлалт соёлын талаар сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Голлох лам нар сангийн дэмжлэгээр энэ сүмд ажиллахаар 5 жил бэлтгэгдэж шашны дээд боловсрол эзэмшсэн.
-Та дээр хэлсэн. Боловсрол, соёл, спорт гээд бүхий л салбарт тодорхой хувь нэмэр оруулж ирсэн гэж. Энэ талаараа товч танилцуулна уу?
-Манай сангийн гол зорилго нутгийнхаа хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулах. Энэ зорилго зөвхөн аливаа нэг барилга байшин барихаар хязгаарлагдахгүй. Тийм ч учраас Ховд аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбарын алдартнууд болон хойч ирээдүйг дэмжин ажилладаг.
20 дугаар зууны дууны яруу найргийн хаан гэгддэг Ховд аймгийн Буянт сумын харьяат Л.Дагвадорж агсны гэгээн дурсгалыг хүндэтгэх, уран бүтээлийг нь дуунд дуртай түмэндээ таниулах зорилгоор “Дуу дууны сайхныг дуулаач та” дурсамж тоглолт, Ховд нутгийн нэрийн хуудас болсон “Тунгалаг буянт” дуутайгаа нэгэн жарныг туулж, эгшиглүүлж, дуурсгаж яваа, холын цэнхэр нутгийн унаган хүү, Ардын жүжигчин Б.Зангадын “Тунгалаг Буянт”, МУСТА Доржийн Амаржаргалын "Есөн эрдэнийн Эх орон", Ховд аймгийн Булган сумын уугуул Эрдэнэбаатарын БАТХУЯГ-ын "Чамгүй л болохоор" зэрэг тоглолтыг ивээн тэтгэн, хамтран зохион байгууллаа. Хамгийн сүүлд л Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулсан “Ховд нутгийн дуулал” тоглолтыг сангийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг Ховд аймгийн оюутан залуучуудын соёл боловсролыг дэмжих төвтэй хамтран зохион байгуулсан гээд олон жишээ дурдаж болно.
-Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг Оюутан залуучуудын соёл, боловсролыг дэмжих төвийн үйл ажиллагааны талаар?
-Нутгийн маань гэрэлт ирээдүй бол бидний залуу хойч үе. Тийм учраас Улаанбаатар хотод суралцаж буй оюутан залуучуудын хөгжин дэвших, сурч боловсрох, хамтран ажиллах, нийгэмд өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсролтой, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2011 онд тус төв байгуулагдсан. Залуус маань “Оюунлиг ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор идэвхитэн 1000 гаруй гишүүдтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй цорын ганц орон нутгийн оюутан залуучуудын хөгжлийн төв юм.
Ховд аймгийн харъяат гоц авъяастай боловч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй олон хүүхдийн саналыг судлан үзэж сангийн хөрөнгөөр 2008 оноос эхлэн жил бүр улсын ихдээд сургуулиудад суралцаж буй 50 хүртэлх оюутны сургалтын төлбөрийг хариуцан ажиллаж байна.
Мөн Оюутан залуусын соёл боловсорлыг дэмжих төвийн үйл ажиллагаагаар дамжуулан хөгжингүй орнуудад оюутан солилцооны хөтөлбөрт Ховдын оюутан хамруулах зорилготой “BEST STUDENT” олон улсын оюутан солилцооны агентлагыг нээж 5 оюутныг Америкийн нэгдсэн улсад оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамруулсан.
Ховд аймгийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж элсэлтийн ерөнхий шалгалтанд хэрхэн бэлдэх, оюутан болоод яаж амжилттай суралцах, тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах талаар жил бүр сургалт зохион байгуулж хэвшлээ.
Мөн оюутан залуусынхаа мэдлэг боловсролыг сайжруулах, оюунлаг ирээдүйг бүтээх зорилгоор сургалт, сурталчилгааны ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал компьютерийн сургалт, Япон хэлний сургалт, Америк багштай англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй 3 дахь хичээлийн жилдээ явуулж байна.
-Ховд аймагт өнгөрсөн зун “Бага олимп” зохион байгуулагдсан. Бэлэгдэл нь алтайн амьтныг хайрлан хамгаалах утга агуулгатай байсан нь маш содон санагдсан. Энэ талаар?
-Нэгдүгээрт спорт гэдэг бол эв нэгдэл, эрч хүч байдаг. Хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр бол сонолимп, тив, дэлхийн наадамд амжилттай оролцох Монголын тамирчдынхаа залуу халааг бэлтгэх том зорилгын дор Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачилга гарган нутагтаа 1500 гаруй тамирчид, 90 гаруй шүүгчдийг хамруулсан “Ховд 2014” спортын бага олимпийг 2014 оны 08 сарын 06-наас 11-ны өдрүүдэд спортын 14 төрлөөр амжилттай зохион байгуулсан.
ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан энэ наадмын бэлэгдэл бүрлэг их алтайнхаа аргаль хонь, зэрлэг амьтныг хайрлан хамгаалах цаад утга агуулгатай байсан.Энэ үйл ажиллагаа маань сангийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан ажлуудын маань нэг.
Бага олимпийг зохион байгуулахад маш олон хүний сэтгэл зүтгэл, ажлын үүрэг хариуцлага орж байж энэ ажлын ард нь гарсан гэдгийг хэлмээр байна. Сангийн дэмжлэгээр Ховд аймгийн бүх сумд жүдо бөхийн дэвжээтэй болсон. Үүний үр дүн ч гэсэн эхнээсээ харагдаж Булган сумын харъяат Баастын Батчимэг 2006 онд “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс хүрэл медаль, 2008 онд Б.Баянмөнх мөн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Нутгийнхаа бөхчүүдийг ч мөн адил дэмжин ажиллаж байна даа.
-Таньтай 10 жилийн хугацаанд хийсэн ажлын чинь талаар ярилцвал та бид 2-ын ярилцлага мөд дуусахгүй байх. Танай сангийн зүгээс Ховд аймгийн бүх сумдыг цахим хуудастай болгож өгсөн гэж өнгөрсөн онд мэдээгээр харж байсан санагдана.
-Бид хийсэн ажил, хэрэгжүүлсэн төслөө мэдээж бүгдийг дурдана гэвэл бид 2-ын ярилцлага хэтэрхий урт болох байх. Орчин үед мэдээллийн эрин зуун хөгжсөн энэ үед хэдийгээр алслагдсан газар амьдарч байгаа ч тэнд сурч байгаа хүүхэд залуус орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой. Гадаадад нутгаа санагалзаж байгаа хэн бүхэн нутаг усныхаа талаар, тухайн сум орон нутгийн удирдлагуудаас гаргаж байгаа шийдвэр үйл ажиллагаатай цаг алдалгүй танилцаж үзэл бодлоо илэрхийлж байх нь чухал гэж үзэн бүх сумдад албан ёсны вэб сайт нээж өгч, ажиллуулах хүнийг нь сурган албан ёсоор аймагт хүлээлгэн өгсөн. Мөн Ховд аймгийн 80 жилийн ойгоор 80 жил -80 гэр төсөл, “Буянт мал- Ухаалаг аж ахуй” төсөл, 17 сум тус бүрээс таван уяач нийт 120-иод уяачдыг зүүн бүсийн аймгуудаар аялуулж, туршлага судлуулсан, "Ээжүүдийн төгөл-1000 мод" цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн гээд томоохон ажлуудаасаа товчхон дурдахад ийм байна.
-Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн Ерөнхийлөгчөөр Ширнэнбандийн Адьшаа ажилладаг. Мэдээж энэ олон ажлын цаана гарч 10 жилийн ойтой золгоход энэ хүний оролцоо, хичээл зүтгэл маш их байсан биз?
-Тэгэлгүй яахав. Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаа ах маань нутгийнхаа төлөө гэсэн сэтгэл зүрхээр энэ бүх ажлыг санаачилж, гардан зохион байгуулж, хөлс хүчээ дуслуулж ирсэн. Ямар ч үед хүний сэтгэл зүрхэнд нутаг ус хамгийн нэн тэргүүн байр суурь эзэлдэг учраас нутгийнхаа төлөө, бага ч гэсэн хувь нэмрээ оруулчих юмсан гэж бодож явдаг маш олон залуусыг нэгтгэж, үг үзэл бодлыг нь үйл хэрэг болгож чаддаг хүн гэж боддог. Өнөөдөр сангийн маань удирдах зөвлөлд маш олон залуучууд багтаж, Ховд нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө үүрэг хариуцлагаа үүрч, нутгийн хүү, охины үүргээ биелүүлж яваа юм шүү.
-10 жилийн ойн хүрээнд Ховд аймгийн салбарын шилдгүүдийг тодруулахаар санал асуулга явуулж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу?
-10 жилийн хугацаанд бидний хийж хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, ажлуудын цаана нутгийн олон хүний хүч хөдөлмөр байсан. Тийм ч учраас 10 жилийн хугацаанд салбар салбарт амжилт гарган ажилласан 10 хүнийг шалгаруулна. Боловсрол, шинжлэх ухааны салбар, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, газар тариалан, мал аж ахуй, бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулахаас гадна онцлох залуу, онцлох бүтээн байгуулалтыг шалгаруулахаар төлөвлөн бүх сумдад албан бичгээ хүргүүлэн, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна. Нэр дэвшигчдийг Хөгжлийн төлөө сангийн цахим хуудас болох www.кhovdsan.mn хаягаар 12 сарын 10 -17 –ны 24:00 цаг хүртэл ххугацаанд бүх нийтийн нээлттэй санал асуулгаар тодруулах юм. Тийм учраас Ховд аймгийнхаа нийт иргэд та бүхнийг энэхүү санал асуулгад идэвхитэй оролцохыг уриалж байна. Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн баярын мэндийг Ховд нутгаар овоглодог, олон ястны тэр сайхан нутагтайгаа сэтгэл зүрх, ажил амьдралаа холбосон хүн бүрт хүргээд сайн сайхан бүхнийг хүсье.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ярилцсан: Г.Одонтуяа
Зочин · 2014/12/10
Оо лут лут. Амжилт хүсье