Юуны өмнө Р.Жигжид таныг "Үндэсний эв нэгдийн" Засгийн газрын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад амжилт хүсье. Танай Засгийн газрыг хүн бүр үр бүтээлтэй ажиллана гэж харж байгаа. Тиймээс сайд нар асуудалтай газруудаасаа ажлын гараагаа эхэлнэ гэж өгүүлсэн биз. Уул уурхайн бизнес сэргэх эсэх нь тодорхойгүй, маш төвөгтэй үед та энэ ажлыг авлаа. Гэхдээ энэ салбарт удаан хугацаанд ажиллаж байсан хүний хувьд таныг салбараа аварна гэж найдъя. Уул уурхайн салбарт байгаа бэрхшээлийг энд тоочих гэсэнгүй. Манай улсын эдийн засгийн ихэнх хувь нь уул уурхайгаас хамааралтай гэдгийг та эрх биш мэдэж биз. Тиймээс энэ салбарт байгаа хүнд суртал, дарамт шахалтыг багасгана гэдэгт найдаж байна.
Таны чихэнд чимэггүй сонсогдох ч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын албаны мэргэжилтнүүдийн хүнд сурталыг дуулгахаас өөр арга алга. Мэргэжилтнүүд чинь “Хамар дээрээ баас түрхчихсэн” аятай ярвалзаж, бусдыг айлган сүрдүүлж байхад Монголын ажил яаж урагш явах билээ. Төр ард түмэндээ үйлчилдэг байгууллага болохоос тэднийг сүрдүүлж, дарамталж, тэдэнд хүнд суртал гаргаад байх ёсгүй. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч бөгөөд тодорхой хэлж байсан санагдана.
Шулуухан хэлэхэд АМХЭГ-ын Кадастрын албаны мэргэжилтнүүд бизнесс эрхлэгчдийг айлгаж, дарамталдаг. “Танай лицензийг хүчингүй болгох эрх нь надад байна” гэж цээжээ дэлдэнэ. Төрийн үйлчилгээ үзүүлэхийн оронд харин ч боомилдог “хувийн дүрэмтэй” алба хаагчид цөөнгүй байна.
Таныг сайдаар томилогдсоноос хойш зарим нь “Манай хүн сайд болсон” хэмээн өөрийгөө дарга болсон аятай цээжээ хорсолтойгоор дэлдэгчид гараад иржээ. Хэтрүүлээд хэлэхэд энэ газар төрийн нэг аппарат мөртлөө яг л хэн нэгний хувийн компани шиг хэтэрхий хүнд сурталтай ажиллаж байна. Нийгэм эдийн засаг хүнд энэ үед бидэнд хөнгөн шуурхай үйлчилгээ чухал. Тийм байж гэмээнэ бид өнөөдрийн хүнд асуудлаасаа гарч чадна.
Р.Жигжид та АМХЭГ-т байгаа хүнд сурталыг тас цохихгүй бол чихнээс чинь энэ асуудлаар хонх уясаар л байх болно. Тиймээс та энэ байгууллагынхаа ажилтануудын харьцааны соёл, ажлын ур чадварыг хөндлөнгийн нүдээр нэг харчихаарай.
АТГ болон эрхэм сэтгүүлчид ч гэсэн энэ газарт бугалчихаад байгаа идээ бээрийг хамтын хүчээр шахаж, гаргах хэрэгтэй биз. Уул уурхайн салбар манай улсын хувьд ямар чухал салбар билээ гэдгийг бид хаана хаанаа бодох цаг болжээ.
Эцэст хэлэхэд таны удирдаж байгаа энэ газарт хийж бүтээхээсээ илүү бусдыг дарамталж, айлган сүрдүүлэгчид цөөнгүй байна. Хэдэн албан бичиг барьчихаад дальдичсан, нам дуугаар шивнэлдсэн хүмүүсийг энд олныг харж болно. Хэнээс яагаад эмээгээд байгаа юм. Хэнийг царайчлаад байгаа юм эд. Хэн тэднийг агшаагаад байдаг юм. Та энэ салбарын асуудлыг шийдье л гэж байгаа бол эхлэх цэг нь энд байна. Түмний нүд үл цавчина.Төрийн алба тань төвшин байх болтугай.
В. Итгэл