Аялах хоббитой “Цэнхэр үст” бүсгүй
2014/12/14
"Цэнхэр үст"буюу Э.Цэрэндолгор. Гадаад төрх, хийж буй зоригтой алхмаас ньхарахад тэр бүсгүйг "айдсыг даван туулагч" хэмээн нэрлэвэл онох юм шиг санагддаг.
Бүсгүй хүн тэр дундаа ээж хүний сонгоод байдаггүй алхмыг тэр хийдэг. Зорьсондоо хүрч чаддаг. Бас бүтээлч, хөдөлмөрч эмэгтэйн нэгэн амьдрал ойрын жилүүдэд монголчуудад тод харагдах болсон. Миний мэдэхээр хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Улаан цутгаланд мөсөнд авиралт хийсэн айдас аюулыг илтгэсэн фото зургуудыг нь харж байв.
Тэр уулчин биш, харин хобби нь ийм зүйл рүү түүнийг хөтөлжээ. Фэйсбүүкээр "цэнхэр үстэй" Э.Цэрэндолгорын тухай яриа бараг л тасардаггүй юм билээ. Жирийн хүмүүсийн амьдрал төдийгүй нийгэмд бугшсан олон асуудлаар илэн далангүй яриа өрнүүлдгээрээ цахим ертөнцөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгч гэж танигдсан нэгэн. Тэгвэл саяхнаас "Цэнхэр үст"-ийн тухай фэйсбүүкээр нэгэн мэдээ эрчимтэй түгсэн юм. Э.Цэрэн нохойтой чаргаар Хойд туйлын цасан дундуур 300 км зам туулах "Fjдllrдven Polar" уралдаанд орохоор бүртгүүлсэн тухай мэдээлэл анхаарал татаж байв. Иймд түүний талаар"Өдрийн зочин" буландаа онцолж буй юм.
Түүний өөрийнхөө тэвчээрийг сорих хүслийг бадраасан энэ уралдаан Норвеги улсаас гараагаа эхэлж Шведэд өндөрлөх юм. Тэмцээнд жирийн хүмүүс оролцдогоороо онцлог бөгөөд шалгарахын тулд интернэтийн санал асуулгаар хамгийн өндөр оноог авах учиртай гэнэ. Тэрбээр одоосанал асуулгаар уралдааныг тасралтгүй тэргүүлж явсан Пакистаны Мойн Хан гэдэг залууг гүйцэж түрүүллээ. Олон улсын нохой чаргаар ганцаарчлан аялах уралдаанд Э.Цэрэндолгор 10 орчим мянган саналын илүүтэйгээр түрүүлсэн нь өчигдөр оройн 18.00 цагт тодорхой боллоо. Түүнийг саналын тоогоороо тэргүүлэхэд Монголын 100 мянган фэйсбүүк хэрэглэгчдийн бараг тал хувь нь саналаа өгчээ. Эцсийн мөч хүртэл урам зоригоо нэгтгэх, монголчууд санаагаа нэгтгэвэл 180 сая хүнтэй Пакистаны дэмжигчдийг ч дийлж чадсаныг энэ үйл явдал харуулав. Хойд туйлын мөсөн дээр өмнө нь монгол эр хүн очиж байлаа. Тэгвэл энэ удаа хойд туйлын цэгээн мөсөн дээр монгол бүсгүй "Цэнхэр үст" гулгахаар боллоо. Түүнд амжилт хүсэж, аяллын кайфийг мэдрээрэй гэж хүсье. "Баярлалаа чамд Мойн Хан.Бид Монголынхоо далбааг хойд туйлд мандахыг дахин харж монгол эмэгтэйн зоригоор бахархмаар байна". Ингэж хэлэхийг хүссэн олон монгол хүн фэйсбүүкийг өчигдөр орой сайхан үгсээр "дайлж" байлаа.
Тэр зураач мэргэжилтэй, харин түүний аялах хобби нь "Цэнхэр үст" хэн бэ гэдгийг олонд таниулжээ. Ерөнхийдөө адал явдал хайдаг, адармаатай аялал хийдэг, аялал жуулчлал сонирхдог учраас тэрөөрийн хоббийгоороо "Цэрэн турс" ХХК-ийг байгуулаад 20 гаруй жил болж буй юм. Өнгөрсөн жил нохойтой чарганы уралдаанд орж "Өөрийнхөө тэвчээрийг сорих" гэж байжээ. Түүний хувьд энэ нь сонирхолтой аялал бөгөөд энэ аяллын мөнгийг төлөөд явъ я гэвэл харьцангуй үнэтэй гэнэ. Өнгөрсөн жил нэрээ өгчихөөд хүлээж байхад нь сайн найз Стонес "Цэрэн чи нэрээ татчих, миний хүчтэй өрсөлдөгч болох гээд байна" гэхээр нь найзыгаа бодоод нэрээ татаж байсан түүхтэй аж.
Э.Цэрэндолгор Баянхонгор аймагт төрж өсчээ. 1986 онд дунд сургуулиа дүүргээд Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцахаар Улаанбаатарт ирж байжээ. Дөрвөн хүүхдийн ээж юм. Тэрбээр зураач мэргэжилтэй чзурах боломжийг өөртөө олгож байгаагүй гэдэг. Гэвч гоо сайхны мэдрэмж, хөдөлмөрлөх арга барил, аливаа зүйлийг тэс өөр өнцгөөс нь харж таашаал авч сурах урлагт суралцжээ. Энэ бүсгүй бусдын сайн талыг нь харж, гүнзгий танихыг хичээдэг гэж ойр дотнынхон нь ярих юм билээ. Тэрбээр "Хүмүүс бие биенээ мэдэхгүй хэрнээ хэт шүүмжлээд, дүгнэлт хийдэг. Надад ийм араншин байдаггүй тул маш олон гайхамшигтай хүмүүстэй уулзсан. Би айхтар юмны үнэ, брэнд ид шидэнд нэг их итгэл өгдөг хүн биш" гэж ярьж байхыг нь сонсож байсан юм.
Тэр хайр халамж, анхаарал асаргаа дутагдсан нэгнийг өөрийн хүүхэд болгон авч, асран тойлж, хайрлан халамжилж байжээ. Бас гудамжинд бөөвийгөөд зогсож буй хүмүүстэй таарах юм бол гэртээ оруулаад хооллохоосоо цэрвэдэггүй гэдгийг нэгэн танил нь ярьж байсан юм.
Э.Цэрэндолгор Баянхонгорт адармаат, бараан дурсамжит бага насыг өнгөрүүлж, цэл залуу хорин хоёртойдоо амьдралынхаа ханьтай учирсан байдаг. Магадгүй түүний өнгөрсөн амьдралд тохиолдсон явдал аливаа эрсдлийг давах хүчийг өгсөн учраас тэр өнөөдөр амьдралынхаа ялагч нь "айдсыг даван туулагч" болсон байх. "Айдсыг даван туулагч" гэдэг нь бусдад хараад халширмаар зүйлтэй нүүр тулсан ч зугтаах биш хүнлэг сэтгэлээр туслахыг, даваад гарахыг монголчуудад үлгэрлэж буй хэрэг. Амжилт, ялалтгүйгээр өрнөнө гэж байхгүй "Цэнхэр үст" таны амьдралд бас дахин ялалтыг хүсье.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Зочин · 2014/12/15
амжилт хүсье
Зочин · 2014/12/15
амжилт хүсье