Дэд сайд нарын томилгоо ихээхэн маргаан дагуулах нь тодорхой боллоо. Хэвлэлээр л дэд сайд болох нөхдүүдийн нэрс яваад байдаг.

Гэвч дэд сайд нар нь энэ долоо хоногтоо ч томилогдож чадахгүй байдалд хүрчээ. Учир нь намууд дэд сайдыг хэрхэн томилох,  тоог нь нэмэх эсэх, АН-ын сайдтай яамдад МАН-ын дэд сайдыг томилох, дэд сайд томилох яамдуудаа хэрхэн хуваах зэргээ шийдэж чадаагүй байна. Тэгэхээр эдгээр асуудлыг шийдвэрлэтэл дэд сайдыг томилохгүй гэдэг нь тодорхой боллоо. 


    Гэрээ ёсоор бол МАН 7, АН 5, Шударга ёс эвсэл 2, ИЗНН 1 гэсэн дэд сайдын хувиартай. Харамсалтай нь энэ харьцаа бас л алдагдах гээд маргаан мэтгэлцээн өрнөжээ. Ингээд намууд дотор дэд сайдын марафон хэрхэн явагдах болсныг дүгнэж үзье.
 

АН-ын дэд сайдын тоо фракцынхаа тоонд хүрэлцэхгүй 


    АН дотроо хамгийн олон бүлэг фракцтай. Гэтэл АН-д ногдож байгаа дэд сайдын тоо 5. Тиймээс аль фракцаа дэд сайдгүй үлдээх вэ гэдэг том асуудалтай тулгарчээ. Фракц бүр л дэд сайд тавьчих гээд үзээд байдаг. Бас фракц бүр нь дотроо дэд сайдын төлөө өрсөлддөг шинэ төрхтэй болов. Эцэст нь АН-ынхан зарим том яамыг хоёр дэд сайдтай болгох замаар бүх фракциа дэд сайдтай болгох мэргэн санаачилга олсон байна. Тэдний энэ санаачилгыг ард түмэн шүүмжилэх нь гарцаагүй. Мөн одоогийн бүх дэд сайдуудыг чөлөөлнө гэсэн мэдээлэлийг эх сурвалж өгөв. Тэгэхээр АН-ынхан шинэ дэд сайдуудтай болох магадлалтай байна. 
 

МАН боловсон хүчнээрээ хахав


    МАН өөрсддөө ногдсон 7 дэд сайдын суудлын төлөө авалцаж байна. Энэ намынхан зарим яамыг хоёр дэд сайдтай байхыг зөвшөөрөхгүй гэж АН-ыг нуман тулгуурт оруулах болсноор томилгоо удааширчээ. Бас дэд сайд нараа 2016 оны сонгуульд нэр дэвших хүмүүсээр томилно гэсэн байр суурийг удирдлага нь баримтлах болсон байна. Бас бус өөр олон шалгуур ч бий гэх. 7 дэд сайдынхаа хоёрыг нь эмэгтэйчүүддээ өгөхөөр ярилцсан гэнэ. Мөн дэд сайдын асуудлыг шийдвэрлэхийн өмнө яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлага, парламентын хүрээний хамтын ажиллагааны арга хэлбэр гэх мэт олон асуудлаар эрх баригчидтай эцсийн ойлголцолд хүрэх ёстой гэсэн байр суурь нь асуудлыг удаашруулах бас нэг үндэслэл болжээ. Өнгөрч буй амралтын өдрүүдэд МАН-ын удирдлагууд уулзалдаж энэ асуудлаар нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Мөн дэд сайдад яригдаж байгаа гишүүдийнхээ талаар ч бас үг солилцоод авчээ. Тиймээс МАН-ын удирдлагууд нь энэ долоо хоногоос дэд сайдад яригдаад байгаа гишүүдээ нэг нэгээр нь дуудаж уулзан асуудлыг шийдвэрлэхээр болж. Хэвлэлийн мэдээллийг харвал тэд хамгийн багадаа 20-30 гишүүд, залуучуудтай ярилцах нь гарцаагүй юм. 
 

“Шударга ёс” эвсэл дэд сайдынхаа тоог нэмэх санал гаргав


    Өнгөрсөн долоо хоногт “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэвлэлүүдэд яриа өгөхдөө “манай бүлэгт 3 дэд сайд ногдсон” гэж улайхгүй ярьсан. Түүний яриаг АН-ынхан гайхан хүлээн авсан байна. Учир нь “Шударга ёс эвсэл”-д хоёр л дэд сайд ногдсон. Сайдынх нь тоог харгалзаж ногдуулсан харьцаа. Ийм байхад гурав гэж зарласан нь эвслийнхэний хүсэл гэж тайлбарлав. Тэгэхээр “Шударга ёс”-ынхон дэд сайдынхаа тоог гурав болгож нэмэх хүсэлтэй байна. Энэхүү мөрөөдлийнхөө тоог МАХН-д 2, МҮАН-д 1 гэж хуваах давхар хүсэлтэй аж. Уг нь бол эвсэлдээ ногдож байгаа хоёр дэд сайдыг МАХН 1, МҮАН 1 гэж хуваах ёстой гэж АН тулгажээ. “Шударга ёс”-ынхны энэ хүсэл АН-ын сонирхолтой нэгдэж зарим яамыг хоёр дэд сайдтай болгох вий гэдэг дээр МАН-ынханы санаа зовж эхэлсэн гэнэ. 

    Мөн “Шударга ёс”-ынхон яамдууд хувиарлахдаа бидэнд хамгийн мууг нь хувиарласан. Тиймээс бид дэд сайдуудаа том бодлогын, үндсэн чиг үүргийн яамдуудад томилуулна гэж даналзсан нь зөвшилцөлийг удаах бас нэгэн нөхцөл болсон гэж эх сурвалж тайлбарлав. 
 

ИЗНН ганц дэд сайдынхаа төлөө маргалдаж байна


    Ч.Сайханбилэг 19 сайд томилохдоо ИЗНН-ыг засагт урьчихаад нэг ч сайд өгөөгүй. Гэхдээ нэг байнгын хорооны дарга, нэг дэд сайд, нэг төрийн нарийн бичгийн дарга гэсэн амлалт өгсөн гэж яригдах болсон. Тэдний очих байнгын хороо, яам ч тодорхой байгаа. ИЗНН бол ногоон хөгжил, байгаль орчны асуудлыг чухалчилдаг. Тиймээс Д.Оюунхоролын тэргүүлдэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайдыг, төрийн нарийн бичгийн даргатай нь ИЗНН-д өгч байгаа. Мөн УИХ-ын нэгэн байнгын хорооны дарга нэмэгдэнэ.

    Сонирхолтой нь ИЗНН гурван даргын төлөө дотроо бужигнаантай байна. Өнгөрсөн долоо хоногт ИЗНН-ын дарга С.Оюун гадаад яваад урьд шөнө ирсэн. Тэд даргыгаа хүлээнгээ дотроо зөрчилдөх болжээ. Тиймээс урьд шөнө хуралдаж ямар нэгэн шийдэлд хүрэхээр бэлтгэж байсан. Гэхдээ шийдэлд хүрсэн нь эргэлзээтэй. ИЗНН-ыг уурлуулах бас нэгэн мэдээлэл тархсан. Тэр нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргыг ИЗНН-д өгөхгүй, МАН-д өгнө гэснээс болж тэд Засагт орохгүй гэж хүртэл гэдийсэн байна. Тэдний буруу ч биш л дээ. Анхны тохиролцоогоо л биелүүлэхийг эрх баригчидаас шаардаж байгаа хэрэг. 

    Энэ мэтээр намууд дэд сайдуудаа томилох нь битгий хэл урьдчилсан тохиролцоондоо хүрч чадахгүй байна. Ийм байхад дэд сайдад горилогчид бараг л болж байгаа мэтээр хөөрцөглөн гүйх болоод долоо хонолоо. Цаашид дахиад долоо хоногоор хүлээх ч хэрэгцээ гарч магадгүй байна.