Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шөнө дөлөөр УИХ-ыг хуралдуулан байж танхимынхаа сайд нарыг бүрдүүлж авсан. Гэтэл бүтэн долоо хоног өнгөрөөд байхад яамдууд дэд сайд, төрийн нарийнгүй сууж байна.

Уг нь сайд нар ажлаа хэрэгжүүлэхэд дэд, төрийн нарийнтайгаа хамтаар шийдэх асуудал байтал хоёр суудал нь онгорхой байсаар байх гэж үү. Магадгүй энэхүү томилгоог эцэслэхгүй байгаа нь дэд болон төрийн нарийн гэсэн албан тушаалыг цөөлөх явдалтай холбоотой гэх. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар яамдын бүтэц, орон тооны хязгаарыг хэлэлцсэн. Үүнээс гарсан шийдвэрээр хэдэн дэд сайд байх, төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал байх эсэх нь тодорхой болох юм. Одоогоор энэ асуудал эцэслэгдээгүй байна. Гэхдээ АН найман дэд сайдын суудал авсан явдал бий. Тухайлбал Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Сангийн дэд сайд С.Пүрэв, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр нарыг хэвээр үлдээх магадлалтай гэсэн таамаг өнгөрсөн долоо хоногт үргэлжилсэн. 

Харин шинээр томилогдох гурван сайдад АН-ын генсек Ц.Оюундарь, ШӨХТГ-ын дарга О.Магнай, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх М.Хүдэрбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн сангийн дарга АЗХ-ны ерөнхийлөгч Б.Баттүвшин, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нарын нэр дурьдагдаж байсан. Гэвч Ц.Оюундарь, О.Магнай нар “Дэд сайдын албан тушаалд “горилгоогүй” гэх нь бий. Үүний зэрэгцээ МАН-ынхан дэд сайдаар залуусаа, тэр тусмаа тухайн салбараа мэддэг хүмүүсийг илгээх бодлого баримталж буй. Дэд сайд болох залуусын нэрс гарсан ч тэд өөрсдийн байр сууриа илэрхийлж, татгалзаж байгаа зүйл гарсан. 

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хэлснээр дэд сайд болох эрхмүүдэд ажлын туршлага, мэдлэг боловсрол, намын төлөө сэтгэлээ зориулж зүтгэж байсан эсэх зэрэг олон шалгуур тавихаар болжээ. Өөрөөр хэлбэл, нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг уртын харайлт хийлгэж, хэн тэнцсэн нь дэд сайд болох юм байна. МАН-ын дарга М.Энхболдын хувьд ч УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд дэд сайдад нэр дэвшигчдэд тавих шалгуур, шаардлагын талаар мэдээлэл хийсэн байна. Нэг ёсондоо дэд сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүн тус намд олон байгаа аж. Тиймээс дэд сайдад нэр дэвшигчдийг шалгаруулахдаа өрсөлдөөний зарчим баримталж, ажлын туршлага, мэдлэг боловсрол, намын төлөө сэтгэлээ зориулж зүтгэж байсан эсэх зэргээр сонгох юм байна. Харин АН-ын хувьд дэд сайдын талаар ам нээхгүй байгаа нь С.Баярцогт нэгэн сенсаац дэлгэх гэж байхыг үгүйсгэхгүй. Түүний хувьд өчигдөр Засгийн газрын хуралдаанд яамдын бүтэц, орон тооны хязгаарыг танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дэд сайдын орон тоог цомхотгох хэрэгтэй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн нь учиртай байхыг үгүйсгэхгүй. 
 

С.БАЯСГАЛАН