Нэлээн хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Б. Ариунсан нарт  үүрэг даалгавар өгсөн.  Яг ямар үүрэг даалгавар өгсөн бэ? гэхээр тэднийг аж ахуй нэгжүүд рүү чиглэсэн шалгалт шүүлгээ багасга гэсэн утгатай. 

Тодруулбал, Засгийн газар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж байгаа учир төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт шахалтыг багасгах хэрэгтэй гэдгийг онцлов. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах нэг арга зам болно гэв. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн бизнес хийх бололцоогоор хангаж, төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт шахалтыг багасгах хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсаныг тэрбээр ийн уламжилсан юм. 

14120201

Түүнийхээр бол эдийн засгийн хүндрэлээс шалгалт их хийж, торгууль их ногдуулснаар гарахгүй гэв.

Улмаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдан гартал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн хяналт шалгалтыг бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болгосон байдаг. 

Харин энэ хугацаанд  мэргэжлийн хяналтын байцаагчдаа дахин сургаж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх ажлуудыг дотооддоо хийж хэрэгтэй гэсэн юм.

Ийн Ерөнхий сайдаас үүрэг авсан Мэргэжлийн хяналтынхан ажлаа зогсоож, энд тэндийн гомдол саналыг хүлээж авахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдээс ирсэн гомдол саналын дагуу шалгалтын ажиллагааг явуулахгүй байгаа юм. Тэгвэл энэ байдлаас болж нийгмийн хүн ард бухимдаж эхэллээ. Учир нь хүнсний аюулгүй байдал, чанарын шаардлагагүй бүтээгдэхүүний талаарх гомдол мэдээллийг мэргэжлийн хяналтынханд мэдэгдсэн ч шалгахгүй байгаа аж. Ингэснээр гадуур чанарын шаардлагагүй хүнсний бүтээгдэхүүн гарах нь олширч байгаа гэнэ. Бүр тодруулбал, он солигдох мөч ойртож байгаа энэ үед бяцхан хүүхдүүдэд өгөх бэлэг хүртэл чанарын шаардлага хангахгүй болж байгааг иргэд хэлж байна. Учир нь хяналт шалгалтгүй болсон байдлыг зарим аж ахуй нэгжүүд өөрсдөд ашигтайгаар, бусдад хортойгоор ашиглаад байгаа аж. Тодруулбал, хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй бэлэгнүүд баглаж боож байгаа бололтой. Үүнээс улбаалж чанаргүй бүтээгдэхүүнтэй бэлэгнүүд олшрох болжээ. Цаашлаад бялуу, торт зэрэг ч аюул тарьж болохуйц болж магадгүй гэсэн хардлага нийгэмд бий болж байна. Шалгалтын ажиллагаа хэвийн үргэлжилж байхад буюу өнгөрсөн жил шаардлага хангаагүй торт, хөгзөрч муудсан, хөлдсөн бялууг  зах худалдааны төвүүдээр зарж байсан зөрчил гарч байсан. Харин өдгөө шалгалт, хяналтгүй болохоор яах вэ? гэдэг асуудал гарч ирж байгаа юм. 

Хүнсний аюулгүй байдал гэдэг бидний амьдралд нэн чухал зүйлсийн нэг. Гагцхүү мэргэжлийн хяналтын шалгалт хийхгүйгээс улбаалж хүний эрүүл мэнд, амь насанд халтай бүтээгдэхүүн борлуулагдвал хэн хариуцлага хүлээх вэ?

Ийн эдийн засаг сайжиртал хяналт шалгалтыг зогсоо гэсэн нь  иргэдийн эрүүл мэндэд том заналхийлэл учирч магадгүй байна. Тэгвэл үүнд хэн хариуцлага хүлээх вэ?.Мэдээж шалгалтыг зогсоосноос үүдэлтэй ямарваа нэг асуудал гарч ирвэл байцаагчдад хариуцлага тооцохгүй гэж ам гарсан Ерөнхий сайд хариуцлага хүлээх үү?