Төрийн ордны Их танхимд өнөөдөр  “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн болов. Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уг зөвлөгөөнийг хийсэн юм. 

 

Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд төсвийн болон Төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад байгууллага хамрагдаж байгаа юм. Төсвийн байгууллагад яамд, агентлагаас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны 5000 төсвийн эрх захирагч, Төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компанид Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллага,Хувийн хэвшил болон бусад байгууллагад 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага байх бөгөөд өнгөрсөн оны худалдан авалтын үйл ажиллагаанд 20,0 мянган аж ахуйн нэгж хамрагдаж байна.

 

Тус зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Бид хэн нэгнийг дуурайгаагүй, уламжлалаа л дагаж байна

 

Бүгдээрээ энэ хуульд анхаарлаа хандуулъя. Маш чухал хуулийн тухай бид  ярьж байгаа. Би энэ асуудлаар олон удаа ярьсан.  Энэ хууль гарсан нь их том амжилт. Одоо бид бүгдээрээ энэ хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

“Шилэн данс”-ны тухай хууль гарсан нь ямар учир утгатай юм бэ гэдгийг хэлье. Бид хэн нэгнийг дуурайгаагүй. Гадаадын улс орнууд хийгээд байгаа болохоор, олон улсын байгууллагууд яриад байгаа болохоор Монгол дуурайх гэж хийсэн юм биш ээ. Энэ нь Монголын төрийн уламжлалтай холбоотой. Монголчууд төр улсаа байгуулж явж байхдаа төр түмний хөрөнгө, тэнд төвлөрсөн сангийн зарцуулалтад онцгой анхаардаг байсан. Монголчууд эзэнт гүрнээ байгуулж, Их засаг хуулиа гаргасан. Их засаг хуульд олон түмний хөрөнгө, төрийн хөрөнгө, тэдгээртэй түшмэдүүд яаж харьцах, тэндээс завшихгүй байх тухай, хэрвээ завших юм бол,  тэр хуулийг зөрчих юм бол ямар хариуцлага ногдуулах тухай тодорхой заасан байдаг. Шууд цаазаар авч хүртэл шийтгэдэг байсныг та бүхэн мэднэ. Шууд хааны тушаалаар, хааны эрх өгсөн хүний шийдвэрээр тэр этгээдүүдтэй хариуцлага тооцдог байсан. Зөрчил гаргасан түшмэлийн эрхийг, тухайн алба хаах эрхийг нь шууд хасдаг байсан. Энэ нь Монголын төрийн уламжлал юм. Монголын ард түмний төрөөсөө хүсдэг зүйлийг одоо бид өнөөгийн нөхцөлд хуульчилж хэрэгжүүлэх гэж байна.

 

Ардын хувьсгалын үеийн кинонуудыг та бүхэн бүгдээрээ мэднэ. Феодалын хөрөнгө хурааж авч байгаа тухай, цэргүүд дотроос нэг нь тэндээс толгой торго аваад гүйж байгаа, түүнийг нөхөд нь буцааж тавиулж байгаа тухай гардаг. Наадах чинь олон түмний өмч, наана чинь хяналт байна, ингэж асуудлыг шийднэ гээд хэлж байдаг шүү дээ. Ерөөсөө Монголын газар нутаг дээр байгуулагдсан цагаасаа аль ч засаг эхлээд энэ хөрөнгийг, энэ юмыг яаж зарцуулах вэ, хэн ямар эрхтэй, хэн ямар үйлдэл гаргавал хуульд буруу гэж тооцох юм гэдэг дүрэм журмыг гаргаж ирж мөрдөж явсан байдаг. Айл гэр дээр ч аваад үзэж болно. Ээж нь хүүхдээ дэлгүүр лүү хэдэн төгрөг өгч гүйлгээд ирэхэд нь заавал хариулт мөнгө  хаана байна гэж асуудаг. Айл гэрт хүртэл ийм маягаар хэвшсэн зүйл. Хариулт мөнгөө авчраагүй, хариулт мөнгөө буруу зүйлд зарцуулсан байвал эцэг эх нь загнаж байдаг. Гэтэл бид мянган төгрөгийн хойноос сүйд болдог мөртлөө тэрбум төгрөгийн зарлагыг харахгүй суусаар удаж байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Хэдэн мянган төгрөг нэгэндээ зээлүүлээд түүнийхээ хойноос гүйдэг мөртлөө та нар хэдэн тэрбум, хэдэн их наяд төгрөгийн тухай ярихад хараагүй, сонсоогүй юм шиг өнгөрөөдөг. Монголд ардчилал байдаг юм бол, үнэхээр энэ ард иргэдийнхээ хүсэл сонирхлоор удирдуулсан ийм төр байгуулж байгаа юм бол ингэж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад энд сууж байгаа бүх хүн, хуулийн этгээдүүд, төсвийн байгууллагын ажилтнууд ард түмний өгсөн мөнгөөр л тэжээгдэж байгаа.

 

Би ард түмний өгсөн мөнгөөр цалин авч, машин унаад явж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Тэр цалин өгч байгаа чинь миний чамд өгөөгүй олон нийтэд зарцуулах мөнгө төгрөгийг зөв зарцуулаарай гэсэн гол утга агуулж байдаг юм. Аливаа төрийн  хамгийн гол үүргийн нэг нь ч энэ шүү дээ. Шийдвэр, хууль гаргадаг, дараа нь түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой. Хоёр дахь гол үүрэг нь төсөв. Төсөв баталдаг. Үндсэн хууль, бусад хуульд ч бүгдийг нь заагаад өгсөн байгаа. Тийм учраас энэ ажлаа бид  хийж байгаа юм.

Дэлхийн олон улс оронд мэдээлэл нээлттэй боллоо. Хүмүүс илүүтэй мэдээлэл авдаг боллоо. Илүү мэдээлэл авснаар хүмүүс илүү мэдлэгтэй болж байгаа юм. Илүү мэдээлэл, мэдлэгтэй болсон хүмүүс илүү шаардлага тавьдаг. Энэ бол улс орон, дэлхий даяар явж байгаа үйл явц. Гурван жилийн өмнө Нью-Йоркт 24 орны төр, засгийн тэргүүн, тэдний дунд миний бие оролцож энэ чиглэлээр санаачилга гарган дэлхий даяар түгээе, хэрэгжүүлье гэсэн шийдвэр гаргаж, үүрэг хүлээсэн юм. Энэ нь улмаар НҮБ-ын конвенц болж, нээлттэй засгийн тухай олон улсын шийдвэр гарсан. НҮБ-ын энэ конвенцийг хэрэгжүүлэхийн тулд 2014 онд манай Засгийн газар нэгдэж орсон. Зүгээр л НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол Улсын хийх ёстой нэг ажил. Тэгэхээр уламжлалаа аваад үзсэн ч, дэлхийн нийтийн энэ хандлагыг аваад үзсэн ч бидний өнөөдрийн ярьж байгаа зүйл чухал юм гэдгийг би эхэнд нь хэлье.


 

 

“Шилэн данс”-ны хуулиас айх хэрэггүй, шийдвэрээ хуулийнхаа дагуу, мэдээллээ хугацаанд нь гаргаад л яв

 

Нэг зүйлийг хэлье. Тэр нь юу гэхээр улстөрчид юу ярьж байна, ямар шийдвэр гаргаж байна, ямар популизм хийж байна гэдэгт хүмүүс нэг их ач холбогдол өгөхөө больж байгаа. Гэхдээ хүмүүсийн мөнгийг хэрхэн зарцуулж байна гэдэгт бүх хүн ач холбогдол өгч ирсэн. Харин бид хүмүүст, ард иргэддээ тэр мөнгийг хянах боломжийг нь олгоогүй. Сонгууль бүхнээр, байгууллага бүхэн сайхан үг хэлдэг. Ил тод байдлыг хангана, хариуцлагатай болно, шударга ёсыг хэрэгжүүлнэ, хуулийг мөрдөнө гэж. Энэ бол зүгээр лоозон шүү дээ. Үүнээс цааш алхаж чадахгүй байна. Тэгвэл одоо хариуцлагатай болно гэж түүнийгээ биежүүлэхийг яриад байна. Хариуцлага гэдэг зүйлийг хүн гэж авч үзэх юм бол тэр хүний эд эрхтэний нэг нь шилэн данс юм. Магадгүй тэр шилэн данс нүд нь, тархи нь байх. Хариуцлага гэдэг юмыг чинь биежүүлээд ирэхээр ингэж харагддаг юм байна. Биеэр нь хараад ирэхээр, яг өөр дээр нь тулаад ирэхээр энэ албан тушаалтнууд айж эхэлдэг, мэгдэж эхэлдэг. Энэ хуулиас айгаад мэгдээд байх ямар ч шаардлага байхгүй. Шийдвэрээ хуулийнхаа дагуу, мэдээллээ хугацаанд нь гаргаад явахад болно.

 

Албан тушаалтнууд ажил үүргийнхээ дэвтрээс “Шилэн данс”-ны хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдгээ заавал харж бай. Эсвэл өглөө бүхэн “Шилэн данс”-ны хууль байгааг надад сануулж бай гээд өөрийнхөө туслахад хэлэх хэрэгтэй. Тэр хуульд надаас хамаарах ямар заалт байна, “Шилэн данс”-ны хуулиас болж би муу газрын хаалга татаж болохгүй гэдгээ сана.  Бидний өнөөдрийн зөвлөгөөний үйл ажиллагааг бүгд харж байгаа, хараасай ч гэж бодож байна. Иргэдийн төлөөлөгч бүхэн, ИТХ-ын тэргүүлэгч, дарга бүхэн “Одоо манай ИТХ хяналт тавих юм байна, би хяналт тавих юм байна. ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга би хяналт тавих юм байна. Бүр багийн хуралд хүртэл нийтийн хурлын дарга гэж байгаа. Бид хяналт тавих юм байна” гэж ойлго. Хамгийн эхэлж хийх юм бол өнөөдрөөс хуулиа унших хэрэгтэй. Энд “Шилэн данс”-ны хуулийг бүрэн уншаад цоохорттол нь зурсан хүн цөөн л байгаа. Ерөөсөө 6 хуудас цаас дээр хэвлээд гаргачих боломжтой хууль. Бүх хүн уншиж үзээд ийм зүйл надад хамаатай юм байна, ийм боломжийг надад олгож байгаа юм байна гэж ойлгоорой.

 

“Шилэн данс”-ныхаа хууль руу эргэж оръё. Түрүүн харуулсан. Монгол Улсад төсвийн мөнгөөр амьдардаг, ажилладаг байгууллагын тоо 5000 байна. Бүх сургууль, эмнэлэг, цэцэрлэг, Тамгын газар, төрийн захиргааны байгууллага, агентлаг, хэлтэс гээд оруулахад шүү дээ. Юу ч гэсэн “Шилэн данс”-ны хуулийн тухай мэдээлэл тавих эрх үүрэгтэй ийм 5000 албан тушаалтан байна гэж ойлгох хэрэгтэй. Байгууллага бүрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай нийлж байгаад яг нэг нэгээр гаргах хэрэгтэй. Суманд хэд байдаг юм, аймагт хэд байдаг юм, Улаанбаатарт хэд байдаг юм, яамдад хэд байгаа юм. Төсөв мөнгө зарцуулдаг  байгууллага бүрийг нэрээр нь гаргаад ард талд нь хариуцсан этгээдүүдийнх нь нэрийг албан тушаалтай нь тавих хэрэгтэй.  Ингэж байж энэ ажил явах болов уу гэж бодож байна.  Дээр нь 51хувиас дээш төрийн өмчтэй гэж аж ахуйн нэгжүүд байгаа. Энэ чиглэл рүү зориулагдсан хууль шүү.

 

Эхлээд төсөвт байгууллагын таван мянгатайгаа асуудлаа тооц

 

Би хууль хяналтын байгууллага, энд сууж байгаа зарим этгээдэд анхааруулмаар байна. Энд гурван шатлал байгаа. Нэгдүгээр шатлал руугаа л анхаар. Битгий тэр хоёр луу давхиад бай. Эхлээд төсөвт байгууллагын таван мянгатайгаа л асуудлаа тооц. Дараа нь хариуцлага тооцмоор, яримаар бол хуулийн дагуу 360 луугаа ор. Бүүр дараа нь хувийн хэвшлийн байгууллага гээд 20-иод мянган байгууллага улсаас доод тал нь 5 - 10 сая төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэдэг гэсэн тэр лүү орж болох юм. Эзнээ андуураад тэр 20 мянгын хойноос хөөцөлдөөд эхэлдэг шүү.

 

Ардын хувьсгалын өмнөх үеэр хэлбэл нөгөө малгайн дээрээ жинстэй нөхрийн хойноос яваа гэж байгаа юм. Төрийн албан тушаалтны хойноос яв. Түүнээс биш ажлаа хийж байгаа аж ахуйн нэгжийн хойноос, 5 сая төгрөг, 50 сая төгрөгөөр төрийн ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа хувийн компанийн хойноос яваад байх шаардлага байхгүй. Тэр байгууллагууд хяналтаа өөрсдөө тавьдаг байвал боллоо. Төсвийн мөнгийг 100 хувь хэрэглэж байгаа тэр этгээдүүдийн хойноос,  шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хойноос явахыг нэгдүгээрт тавиарай гэдгий нь би энд хэлэх гэсэн юм.

 

Бас манай байгууллагад ийм ийм юм нууц гээд бүх юмаа хаадаг. Гаргасан шийдвэрээ нууц гэнэ, бичсэн юм аа нууц гэнэ. Энэ дээр бүүр тодорхой хэлж өгсөн. Ганцхан төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй л гэж байгаа. Гүйцэтгэх ажил гэж юу байдгийг бүгд мэдэх байх. Ийм ажил хуулиар хийх эрхтэй наймхан газар байгаа. Тэднийг бид харж байгаа. Энэ газар ажлынхаа зөвшөөрлийг хаанаас авдаг юм, хяналтыг нь хэн тавьдаг юм гээд бүх зүйл нь хуульчлагдсан байдаг. Нэг буруу алхах юм бол тэр этгээдүүдтэй хариуцлага тооцох боломжтой. Таван мянгаас наймхан байгууллагын асуудал хасагдана. Бусад нь бүгд энэ “Шилэн данс”-ны хуульд хамаарна. 8 байгууллага дотор зөвхөн гүйцэтгэх ажил нь шүү. Түүнээс биш өөрсдийн гаргасан төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно гээд заачихсан байгаа.

 

Цагдаагийн байгууллага, тагнуулын газар дээр очоод энэ хуулийн хэрэгжилтийн тухай асуух гэхээр өө, манайх тийм байгууллага гээд нийтэд нь ярьж орхиж болохгүй л гэж байгаа юм. Харин түүгээр далимдуулж ийм юм хийх, энэ мэдээллээ гаргаагүй бол тантай шууд хариуцлага тооцно. Нууц, далд гэдэг ийм маягаар хариуцлагаас мултрах арга байхгүй шүү гэдгийг өнөөдөр та нарт хэлэх нь зөв байх.

 

Өгч байгаа, төвлөрүүлж буй мөнгөн дээрээ хяналт тавьж чаддаггүй төр бол  ардчилсан төр биш

 

Ер нь яавал хариуцлага тооцох вэ? Монголд нэг л юм байгаа. Бид нарт ил тод байдал байна. Ардчилал байна, хүний эрх, эрх чөлөө байна. Олон ололт байгаа байх, дутагдалтай зүйл ч бий. Ардчилсан улс гээд байгаа, яг үнэндээ Монгол хариуцлагатай улс болж чадаагүй. Хариуцлага тооцож чаддаггүй, өгч байгаа, төвлөрүүлж буй мөнгөн дээрээ хяналт тавьж чаддаггүй төр байх юм бол  ардчилсан төр биш. Энэ бол ардчилсан улс биш ээ. Хариуцлага гэдэг нь хуулийн хэрэгжилтийг хэлдэг. Хариуцлагатай улс гэж албан тушаалтнуудтай хариуцлага тооцоод унагаж болдог, буулгаж болдог тэр арга хэрэгсэл нь хүмүүсийн гарт байдаг улсыг хэлдэг юм. Тийм учраас хариуцлага тооцдог болохын тулд хэд хэдэн арга байгаа. Заримдаа хугацаа тавьж өгч хариуцлага тооцдог, заримдаа түүнийг нь хааж өгч хариуцлага тооцдог, заримдаа албан тушаалынх нь нэрийг тавьж байж хариуцлага тооцдог янз бүрийн арга бий. “Шилэн данс”-ны хууль дээр хугацаануудыг маш тодорхой тавьж өгсөн. Албан тушаалын нэрийг их тодорхой тавьж өгсөн шүү гэдгийг энд хэлье.

 

“Шилэн данс”-тай холбоотой үйл ажиллагаанд хамгийн түрүүн оройлж оролцох ёстой байгууллага Засгийн газар, сангийн яам. Сангийн яаманд  тодорхой маш том үүргүүд ногдож байгаа. Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Шилэн данс”-ны хуулийг хамгийн сайн хэрэгжүүлдэг байгууллага болох ёстой.

 

Сая олон нийтийн байгууллагын төлөөлөл ярьж байна. Яг тэр дохиоллын системийг ашиглана гэж. Маш зөв. Бид улс орны газрын зураг харуулж байгаад бид хаана явна гээд нэг хардаг. Таван мянган байгууллагаар жагсаалт хийж байгаад 1- 100 оноо өгөөд жил бүхэн, улирал бүр мэдээлж байх хэрэгтэй. 90-100 оноо авч байгаа нь аль байгууллага байна, 1-10 оноо аваад үлдэж байгаа нь аль байгууллага байна гээд. Цөөхөн оноо авсан байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Ингэж байж хариуцлага тооцдог болно. Таван мянган байгууллагын ажлыг нь үүгээр тооцдог байх хэрэгтэй. Олон шатны дарга нар бий. Тэр улстай хариуцлага тооцохдоо “Шилэн данс”-ны хуулийн биелэлтийг заавал оруулж өгөх хэрэгтэй. Нийгмийн даатгалын сангийн төсөв гэж байна. Бид тэтгэвэр, тэтгэмждээ зориулж мөнгө төлж байна. Тэр яаж зарцуулагдаж байгаа нь ерөөсөө тодорхойгүй байдаг. Тиймээс үүнийг энэ лүү оруулж өгсөн. Энэ бол чухал. Хүний хөгжил сан. Энэ сангийн зарлага, орлого, хөрөнгө оруулалт гээд гаргадаг. Энэ бүхнийг нарийвчилж гаргаж өгсөн байгаа шүү.

 

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалт байна. Үүнтэй холбоотой  заалтууд байгаа. Ер нь Засгийн газар хэчнээн гадаад зээл тусламж авсан юм, аль нь ямар дансан дээр байгаа нь мэдэгддэггүй. Одоо энэ бүхэн мэдээлэгддэг, тодорхой дүрэм, цэсийн дагуу ажилладаг, ард иргэд шаарддаг, хариуцлага тооцдог болно. Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээлэл гэж байгаа. Улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгаан гэж оруулсан. Хэмнэсэн, хэтрүүлсэн бол тайлбартайгаа тавь гэж байгаа. Зөвхөн нэг тоо тавиад орхихгүй. Энд яагаад хэтэрсэн юм гэдгээ бичнэ. Өө, манай Засаг дарга таван удаа УБ хот орсон, тэгэхдээ хэтрүүлсэн. Манай засаг дарга 4 удаа гадаад явсан, тэгэхдээ ингэж хэтрүүлсэн гээд тайлбар заавал байх ёстой.

 

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ байна. Төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн тайлан, аудит, хөндлөнгийн хяналт шалгалт орсон бол түүний тайлан, дүгнэлт заавал байх ёстой. Засгийн газрын дотоод үнэт цаасны мэдээлэл байна. Энэ  хамгийн чухал асуудал. Дээрээс нь Концессийн тухай оруулсан байгаа. Концессийн гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессийн зүйл, гүйцэтгэх ажил, үйлчилгээ, үнийн талаарх мэдээлэл энэ бүхэн ил байх ёстой. Төсөв жил бүхэн Их Хурлаар хэлэлцдэг болохоор наана, цаана гээд юм яриад байгаа. Гадаад өр, концесс гэдэг юмтай холбоотой зүйлийг бол ярьдаггүй.

 

 

Төртэй хэлцэлд орсон аж ахуйн нэгж “Шилэн данс”-ны субъект болж хувирна

 

Шинэ Засгийн газар өмнө явж байсан буруу туршлагуудыг бүгдийг нь зогсоон шинэ дүрэм журам нэвтрүүлж, өөр маягаар хяналт тавьж ажиллана гэж найдаж байна. Нэг ажил үйлчилгээ хийлгэхдээ төрийн мөнгө хүрэхгүй болохоор аж ахуйн нэгжид “Танайх мөнгөөрөө хийчих, дараа нь төлнө” л гэж байгаа юм. Түүн дээр ямар хяналт байна аа. 60 хувиар нь ажил хийдэг байж магадгүй. 30 хувь нь хахуульд явж байгаа байх шүү. Тэгээд ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж нь 10 хувийн ашиг хийх гэж дээр нь зүтгэж байж магадгүй. Энэ асуудлыг цэгцэлж өгөх ёстой. Үүнтэй холбоотой асуудал “Шилэн данс”-ны хуульд орсон явдал их чухал.

 

Дээр нь гадаад үнэт цаасны мэдээлэл гээд бий. Иймэрхүү маягаар их өргөн хүрээг хамарсан хууль болж хувирч байгаа. Аж ахуйн нэгжүүд төсвөөс ажил үйлчилгээ гүйцэтгээд эхэлбэл их хэмжээний хэлцэл гэж хийнэ. Их хэмжээний хэлцэл гэдгийг тухайн аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн 25 хувиас дээш гарсныг нь хэлж байгаа юм. Ийм хэлцэлд төртэй орсон бол тэр аж ахуйн нэгж “Шилэн данс”-ны субъект болж хувирч байгаа. Асуудал нэлээн нарийсч хатуурч байгаа шүү гэдгийг энд хэлье.

 

 

Хойтон жил хэдэн хүнд яаж хариуцлага тооцсон тухай жагсаалт гараасай

 

Хамгийн гол нь мөнгө зарцуулах, гаргах шийдвэр заавал гарсан байх ёстой. Төсвийн мөнгө гээд хэдэн тоо тавьчхаад байж болохгүй. Тэр шийдвэрийн жагсаалт, нэр, мөнгө олгох тухай, цалин өгөх тухай, томилолтоор явуулах тухай,  хоол, үйлчилгээ авах тухай тодорхой туссан байх учиртай. Төсөвт байгууллагууд дээр төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэдэг, архи дарс авдаг үйл ажиллагаа бүгд зогссон байх ёстой. Хэрвээ тийм юм болсон бол түүнийгээ заавал бич. Нуугаад байх хэрэггүй. Ил байх ёстой. Чи нуусан бол ажлаас чинь халах хүртэл арга хэмжээ авна. Хойтон жил гэхэд тийм жагсаалт гараасай гэж бодож байна. 327 албан тушаалтан ажлаасаа халагдав. 3 мянган албан тушаалтан цалингийн 20%-иар торгуулаа. Ингэх юм бол “Шилэн данс”-ны хууль хэрэгжсэн гэж  үзнэ. Шийдвэрээ зарлах үүргээ, шийдвэр гаргасан этгээд өөрөө хүлээнэ гэж байгаа.

 

Ашиг сонирхлын зөрчлийн хууль гээд “Шилэн данс”-ны хуультай холбоотой бас харах шаардлагатай хуулиуд ч бий. Ганцхан “Шилэн данс”-ны хууль ч байгаа юм биш. Ашиг сонирхлын зөрчлийн хууль, авлигатай холбоотой хууль, бусад хууль байгаа. Албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх гээд ашиг сонирхлын зөрчлийн хуульд оруулсан. Яагаад гэхээр манай дарга нар янз бүрийн арга ааштай, ер нь л хуулийн цоорхой олох гээд байдаг. Би шийдвэр гаргаагүй ээ. Нэг хүнд би эрх өгч шийдвэр гаргаад мөнгө зарцуул гэсэн чинь буруу зарцуулчхаж.  Миний эрх өгсөн хүн буруу зарцуулсан байна. Би биш гээд. Тэгэх юм бол тэр эрх өгсөн хүнийг хариуцлагаас чөлөөлөхгүй гэж энэ хуульд бичиж өгсөн байгаа. Өөрөө бол бултах аргагүй болно. Хариуцлагатай холбоотой зүйлийг маш тодорхой хийхээс өөр аргагүй байгаа юм. Уг нь “Шилэн данс”-ны хуулийн эхний төсөл Их Хурал дээр очоод буцсан нь шалтгаантай. Бүр илүү нарийн, илүү хатуу тийм зүйлүүд их байсан юм. Дараа нь нэлээн зөөллөж байж гарсан. Гэхдээ л ерөнхий чиглэл нь орсон учраас би энэ дээр дахин дахин тэр бүхнийг яриад байх хэрэггүй байх. Төрийн албаны хуульд маш тодорхой заагаад өгсөн байгаа. Төрийн албан тушаалтантай яаж хариуцлага тооцох вэ гээд. Эхлээд сануулна, дараа нь албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20%-иар бууруулна, эцэст нь ажлаас нь хална, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр  гээд бичсэн байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ заавал энэ дарааллыг баримтлах шаардлагагүй гэж хуульд оруулсан. Шууд халчих юмыг 20%-иар энэ тэр гэж эрхлүүлэх хэрэггүй. Хэрвээ бүдүүлэг зөрчил гаргасан бол шууд асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Томилсон албан тушаалтан, байгууллага нь жишээ нь аймгийн ИТХ-аас томилогдсон бол тэр ИТХ нь шууд энэ шийдвэрийг гаргах ёстой. Ингэж оруулж өгч байгаа юм. Энд нэг ялгаа бий. Саяын миний сахилгын шийтгэл бол төсөв авдаг таван мянган төрийн байгууллагын албан хаагчид, тэдгээрийн удирдлагад шууд хамаарна. Хэрвээ төртэй хамтраад гэрээ хийгээд аж ахуйн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл шүүхийн шийдвэр хэрэгтэй болж байгаа. Иргэн, аж ахуйн нэгж дээр илүү зөөлөн хандаж байгаа. Тэгэх ч хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд айгаад байх хэрэггүй. Төрөөс мөнгө аваад ажил үйлчилгээ гүйцэтгэж болно. Шүүхийн шийдвэр дээр нь эрх бүхий байцаагчийн гаргасан дүгнэлт, тогтоосон шийдвэр гэж байгаа.  Түүний дагуу шийднэ. Үүнийгээ ялгаж салгаж өгөхөө хууль хийж байгаа, энэ хуулийг баталж байгаа улсууд бас мэдсэн гэдгийг хэлэх нь зөв байх гэж бодож байна.

 

Төсвийн мөнгө орсон л бол, татвараас бүрдэж байгаа мөнгө, хураамж л орсон бол, эргээд ард түмний нуруун дээр ачаалал болох тийм өр зээл орсон л бол энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж явах шаардлагатай. Нэгдсэн цэс гээд сая Жадамбаа дарга ч хэллээ. Энд ажил хариуцаж байгаа улсууд хэллээ. Үүнийг би их зөв гэж бодож байгаа. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс шууд хуулийг хэрэгжүүлээд эхэлнэ.

 

 

Монголд олон юм байгаа ч хариуцлага алга

Нэмж нэг зүйлийг хэлье. Сая төрийн бус байгууллагын улсууд ярьж байна. Маш зөв, энэ хуулийг зөрчихгүйгээр сайжруулж болно. Байгууллага дээрээ 7 хоногийн дотор мэдээлэх хэрэгтэй гэж байгаа бол 24 цагийн дотор мэдээлнэ, шийдвэр гармагц 3 цагийн дотор мэдээлнэ гэж хийж болно. Энэ бол хууль зөрчихгүй. Энэ хуулийг сайн туршлагаар баяжуулах хэрэгтэй гэж би дээр хэлсэн. Үүнийг хүмүүсийг айлгах гэж хийлгэх гээд байгаа юм биш л дээ. Хамгийн гол нь Монгол Улсад итгэл сэргээх гээд байна. Монголын төрд төлж байгаа миний хэдэн төгрөг, татвараар өгч байгаа мөнгө ийм хатуу хяналт дор явдаг юм байна, буруу гараар ордоггүй юм байна гэдэгт л Монголын ард түмэн итгэлтэй болчихвол төрийн нэр хүнд, төсөвт байгууллага, төрийн байгууллагын нэр хүнд босох гээд байна. Энэ төрд итгэх итгэлийг ард түмэн, төрийн холбоог бий болгох, төр нь ард түмнийхээ төлөө үйлчилдэг гэдэг утгыг жинхэнэ утгаар нь авчрах гэж л энэ “Шилэн данс”-ны хууль гарч байгаа юм. Энэ хуулийг хэрэгжүүлэх талаар шинэ санаачилга маш олныг гаргаж болно. Монголд олон юм байна, нэг юм алга. Хариуцлага алга байна. Тэгэхээр энэ хариуцлагыг бий болгохын тулд тэр хариуцлага гэдэг биетийг та бүхэнд харуулахын тулд эхний оруулаад гаргаж байгаа хууль нь “Шилэн данс”-ны хууль. Дараачийн хуулийг Их Хуралд өргөн барьсан байгаа. Маш хурдан батлах шаардлагатай.

 

Би сая Их Хурлын чуулган харж байсан. Их л завтай харагдах юм.  Хүн томилох, албан тушаал ярих болохоороо л нэг сүрхий ярьдаг. Тамхичинд хаана тамхины өрөө  гаргаж өгөх вэ гэдэг асуудлаар Их Хурал хуралдаад сууж байх юм. Түүний оронд миний оруулсан “Нийтийн сонсголын хууль”-ийг баталж л байх ёстой шүү дээ.  Нийтийн сонсголын хууль гэдэг бол яг “Шилэн данс”-ны хуультай адил  энэ ардчиллыг амьдруулах юм. Ардчилал маань одоо үг, дүр л байна. Одоо энэ дүрээс нь гаргаж амьдруулъя. Нийтийн сонсголын хуулийн баталснаар: Нэгд хууль тогтоох, хяналт тавих сонсголтой болно.  Нэг албан тушаалтан зөрчил гаргахад шууд дуудаж ирээд телевизээр харуулж “Би зөвхөн үнэнийг хэлнэ” гэж тангараг өргүүлээд УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөгчийн хувьд  асуух зүйлээ асууж, хэлэх зүйлийг нь хэлүүлээд  хариуцлага тооцохоор бол тэгэх дүгнэлт  гаргаад явуулж байх болно. Энэ нь зөвхөн УИХ дээр бус нийслэл, дүүрэг, аймаг, суманд бас байж болно. Ингэж байж ардчилал амьдарна. Одоо үүнийгээ хийх зориг зүрх суух хэрэгтэй. 25 жил дураараа байлаа. Хангалттай шүү дээ. Одоо гишгэсэн газраа эргэж харна гэдэг зарчмаар ажиллах шаардлага бий боллоо. Хоёрт төсвийн сонсгол гэж бий. Төсвөө яаж зохиосон юм, яаж баталсан юм, яаж зарцуулсан юм, энэ бүхнийг иргэд цуглаад сонсож байх ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр сонсож байх ёстой. Гуравт орон нутгийн сонсгол гэж байгаа. Орон нутагт хордоод байна гээд ярьдаг. УИХ-ын байнгын хорооны гишүүд тэнд очоод сонсож болно. Яг хордсон юм уу,  ер нь юу болчхоод байна гэдгийг сонсох юм. Аймгийн Иргэдийн Хурлын гишүүд суманд очоод сонсгол хийж болно. Ийм боломж, арга хэрэгслийг таны гарт өгч байгаа юм. Дөрөвт захиргааны сонсгол гэж байна. Гаргасан бүх шийдвэр дугаартай, ил тод байх ёстой. Тэр нь тодорхой стандарттай, бас хадгалагддаг байх учиртай. Нэг шийдвэр алга болсон эсвэл хэрэгжээгүй бол түүнтэй холбоотой сонсгол хийж болно. Тавд томилгооны сонсгол байж болно. Хүнийг буруу зөрүү томилсон байж магадгүй. Ингээд цааш явж болно.

 

Ерөнхийлөгчөөсөө эхлээд сумын Засаг дарга хүртэл хариуцлага тооцох зарчмыг оруулсан

 

Дээр нь нэг бэлэн болсон хуулийн төсөл байна. Томилогдсон болон сонгогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох тухай гэж. Ерөнхийлөгчөөсөө эхлээд сумын Засаг дарга хүртэл яаж хариуцлага тооцох вэ гэдгийг Үндсэн хуулийн заасны дагуу тухай тухайн хууль руу салгаж бичсэн байгаа. Манайхан дарга болгохдоо, сонгохдоо Сонгуулийн хууль гээд тусдаа хууль гаргасан атлаа тэр этгээдийг яаж хариуцлага тооцож халах вэ гэдэг ямар ч зохицуулалт байдаггүй. Тиймээс энэ зохицуулалтыг оруулж өгч байгаа юм. Ер нь яавал УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж болох юм гээд. Манайд одоо нөгөө авлига энэ тэр болж байж шоронд оруулдаг. Түүний наана олон хариуцлага тооцож болно шүү дээ. Жишээ нь, ёс зүйн хариуцлага тооцож болно. Захиргааны хариуцлага гэж байгаа. Эрүүгийн хариуцлага гэж байна. Эднийг нь амилуулж өгөх хэрэгтэй. Тэгвэл тэр этгээд “Би энэ зүйлд оролцоогүй, гэхдээ ингэж миний нэр төрийн албаны нэр хүндийг сэвтүүлсэн учраас огцорлоо” гээд явах эрхийг нь нээж өгч байгаа юм. Ингээд огцорсон бол Эрүүгийн хууль зөрчөөгүй бол захиргааны, эрүүгийн хариуцлага тооцохгүй байж болно. Ийм хуулийн төсөл удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцэгдэн батлагдана. Хүн бүхэн дээр, албан тушаалтан бүр дээр юуг дутагдал, зөрчил гэж үзэх юм гэдэг тодорхой болно. Бид Эрүүгийн хууль, УИХ-ын дэгийн тухай хууль гэж гаргасан атлаа энэ хоорондох зайг ерөөсөө бөглөөгүй өдий хүрлээ. Зарим хүн битгий энэ хуулийн төслийг өргөн бариасай гэж бодож байгаа байх. Би өргөн барьж хэлэлцүүлэх болно.

 

Захиргааны ерөнхий хуулийн төсөл бас бэлэн болоод байгаа. Монгол Улсад засаг захиргаа, түүний нэгж бий болсон ч энэ ардчилсан нийгэмд захиргаа яаж ажиллах юм, түүний албан тушаалтан ямар шалгууртай байх, яаж шийдвэрээ гаргах, яаж шат шатны алхмаа хийх юм гэдгийг хуульчилсан зүйл алга. Гэтэл захиргааны шүүхийн тухай хууль гаргаад, тэр шүүхээ байгуулчихсан байдаг. Одоо тэдэнд гартаа барих хууль нь алга. Иймээс энэ хуулийг төслийг өргөн барина, энд сууж буй бүх албан тушаалтан хариуцлага хүлээдэг болно. Энэ бүхний үр дүнд төрийн захиргаа дээд, дунд, доод шатандаа хариуцлагатай болно. Ийм хуулиуд гаргаад тэр иргэдтэй, олон нийттэй, хэвлэл мэдээлэлтэй холбогддог гогцоог нь гаргаад өгөхөд дарга нар нь бултах гэсэн ч иргэд нь гүйгээд ээдрээг нь тайлдаг болно. Бид ингэх боломжийг нь гаргаж өгнө. Хууль хэрэгжүүлнэ, шударга ёсыг биелүүлнэ гэдгийг биеэр нь харуулах гэж байгаа юм.

 

Хийх ажилдаа “Шилэн данс” гэдэг цэс нэмээд өгчих

 

Энэ бол тийм амар, дураараа дургидаг нийгэм биш. Улс төрийн албан тушаалд очих гэж хэдэн арваараа гүйлддэг нийгэм биш. Чи чадахгүй бол үүн рүү зүглэхгүй байсан нь дээр гэдэг зарчим үйлчилдэг нийгэм болно. Үүнийг бид их ярьсан. Одоо олон нийт, ард иргэдтэйгээ ярьж байгаад хуулиар тогтоох цаг болсон гэдгийг би та бүхэнд хэлье.  Сая Зангад дарга гараад тайлбар тавьж байна. Битгий тайлбар тавь. Хэрэгжүүлж болохыг нь хэрэгжүүлээд яв. Болохгүй байгаа зүйлээ ажил хариуцсан хүмүүстэй яриад нэмээд хий, зохицуул. Цаашид энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно. “Шилэн данс”-ны хуулийг нөгөө нэгдлийг малыг эргүүлж амины мал болгож өгсөнтэй адил эргүүлж хэзээ ч хүчингүй болгохгүй байх гэж бодож байна. Энэ хууль жил жилээр улам боловсронгуй, улам чанга болох ёстой. Олон сайн туршлагаар нэмж баяжих учиртай. Өнөөдөр тэр хувьд очсон мал, байрыг эргүүлээд авах гээд хөдөлгөөн өрүүлээд үз. Бас “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтийг зогсоох гээд үз. Ард түмэн эрхээ бодитойгоор мэдэрчихсэн байхад түүнийгээ булаалгахыг хэзээ ч хүсэхгүй.

 

Хамгийн гол хэлэх гэсэн зүйл маань иргэд та нар л энэ хууль дээр анхаарахгүй бол, та нар л энэ өгсөн боломжийг ашиглахгүй бол хууль амьдрахгүй. Дээр нь олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад заавал авч явах сэдэв гэж байдаг. Энэ “Шилэн данс”-ны сэдвийг заавал авч явах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага бүхэн, тэр олон нийт, иргэн бүр “Шилэн данс”-ны төлөө явна гээд хийх ажлын цэсдээ оруулах хэрэгтэй. Захиалах хоолыг цэсд оруулж болсон юм  хийх ажлаа цэстэй болго л доо. Тэр дотроо “Шилэн данс” гэдэг цэс нэмж өгөөч гэж хэлэх гэсэн юм.

 

 “Хуулийг хэрэгжүүлэхэд 14 хоног үлдлээ” гэдэг сануулга өгч байна

 

Дээрээс нь Иргэдийн Хурал бүх талын хяналт тавих ёстой. Мөн Төрийн албаны зөвлөл, Аудитын байгууллага хяналт тавина. Ингээд иргэд өргөдөл, гомдол гаргах боломж байна. Заавал төрийг хараад суух хэрэггүй. Өнөөдөр бид хуулийг хэрэгжүүлэхэд 14 хоног үлдлээ гэдэг сануулга өгч байна. Дохио өглөө шүү, нөхөд өө. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хууль зөрчсөн л бол хариуцлага тооцно шүү. Энэ ажлыг хариуцсан улсууд та бүхэнд дохио өглөө. Би мэдээгүй байсан, би гадаадад байсан, би эмнэлэгт хэвтэж байсан, би томилолттой байсан гэх тайлбар байхгүй.

 

“Шилэн данс”-ны хуульд нэг гайхамшигтай зүйл байгаа. Та бүхэн олж хараасай гэж хүсч байна. Баталсан төсвийн хойноос явдаг биш түүнийг төлөвлөхөд энэ хууль хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Одоо төсвийн зүйл заалт бүрээр тайлагнах учраас ийм юманд төсвийн мөнгө зарцуулах гэж үү дээ гэдэг асуудлыг тавьдаг болно. Нөгөө Бразил явж хөл бөмбөг үзнэ гэдэг шиг асуудлыг гаргаж ирээд ийм зүйлд төсвийн мөнгө тавина гэж үү гэх болно. Ийм мөнгийг тусгахаа болино. Ингээд ирэхээр манай нийслэлээс эхлээд зөв төсөвлөдөг болно. Даргыг 12 удаа Улаанбаатар оруулна гэж мөнгө тавьсан юм уу? Энэ ямар утгагүй юм бэ? Үүнийг хас гэж хэлэх болно. 110 нэр төрлийн ажил үйлчилгээнд бид мөнгө зарцуулдаг байсан бол магадгүй сүүлийн 20 нь алга болно. Ингэж төсөв бага болдог, хариуцлагатай болдог хэлбэр лүү орох юм.

 

Засгийн газар энэ “Шилэн данс”-ны хуультай холбогдуулаад Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бусад шаардлагатай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Журам гаргаж байна гээд энэ хуулийн хэрэгжилтийг хааж болохгүй шүү. Энэ хуулийн хэрэгжилтийг багасгасан журам гаргаж болохгүй. Тэлсэн, өргөжүүлсэн, сайн үйл ажиллагаа, сайн туршлага болгох тийм журам гаргаарай гэж нэмж хэлье.

 

Төр нь “Шилэн данс”-тай болохоор Монгол Улсад итгэх итгэл ард түмний дунд ч, олон нийтийн дунд ч бий болно. Монгол Улс сайн хэрэгжүүлээд явбал бусад улс ч энэ туршлагыг хардаг, ярьдаг болно. Сайн юмаа бататгаж, муу юмнаасаа хурдан салж байж л энэ төр сайн байх болно.

 

Манай бүх аж ахуйн нэгж олон улсын нягтлан бодох бүртгэлийн системд шилжсэн байхыг би уриалж байна. Зээл авах, мөнгө босгохыг Засгийн газар хийдэг гэж бодоод байдаг. Одоо хөл дээрээ боссон аж ахуйн нэгжүүд олон улсын стандартаар өөрийнхөө үнэлгээ хийлгэчих. Тэгээд л хаа ч яваад очсон олон улсын стандартаар үнэлгээ хийлгэсэн юм байна гээд зээл өгнө, аж ахуйн нэгж улам хөгжинө.

 

“Отго жинстэн”-үүд хуулийн дагуу ажилладаг болчихвол

 

Монголын төр зөв болно

 

Төр нь тийм итгэлтэй, аж ахуйн нэгж нь олон улсын стандарттай байвал Монгол Улс эдийн засгаа өөд татах, хүмүүс нь сайхан амьдрах боломж байна. Аж ахуйн нэгж дээр нэг л зарчим барь. Ажлаа сайн хий, татвараа төл. Тэгвэл төр та нарыг оролдоод байх юм байхгүй. Мөнгөтэй хүмүүсийн хойноос төр явдаг гэдэг шүүмжлэл өнөөдөр үүгээр төгсгөл болоосой гэж бодож байна. Та бүхэнд дахин хэлье. Тэр төрийн албаны хуучнаар бол “отго жинс”-тэй тэр нөхдүүдтэй л та бүхэн хөөцөлдөх хэрэгтэй. Эднийг л хуулийн дагуу ажилладаг болгочихвол Монголын төр зөв болно. Албан тушаалтнууд маань хөрөнгө орлогын мэдүүлэг жилд нэг удаа гаргаж өгдөг. Одоо “Шилэн данс”-ны хуулиар та бүхэн долоо хоног бүр зарцуулж буй мөнгөө мэдээлэх боллоо. Байгууллага өдөр бүхэн мэдээлдэг хэлбэр лүү шилжиж болно гэж би түрүүн хэлсэн. Жилд нэг удаа гаргахад ямар байдаг билээ! Одоо долоо хоног бүр гаргана гээд бод! Өглөө бүр ажлаа ярихдаа, долоо хоногийн ажлаа дүгнэхдээ энэ “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтээ заавал оруулж хэлэлцэж бай. Ингэж ажлынхаа цэсд оруулж өгөөрэй гэж хэлье.

 

Ингэж байж Монгол Улс зөв зам руугаа орох гэж байна. Энэ рүү орохдоо бид хэцүү зам туулах болно. Надад дараа ийм тийм ажил гээд бодоод байх зүйл байхгүй. Ийм учраас үлдэж байгаа хугацаандаа Монгол Улсыг хариуцлагатай улс болгохын төлөө, Монгол Улсыг итгэлтэй улс болгохын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийх гэж зүтгэнэ. Бүх албан тушаалтан бас ингэж ажиллах ёстой гэдгийг хэлье. Та бүхэнд амжилт хүсье. Сайн ажиллаарай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 2014 оны 07 сарын 01 өдөр

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид “шилэн данс” гэх/-г бүрдүүлэхэд оршино.

 

2 дугаар зүйл.Шилэн дансны тухай хууль тогтоомж

2.1.Шилэн дансны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Доор дурдсан байгууллага, түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна:

3.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

3.1.2.төрийн өмчит үйлдвэрийн газар;

3.1.3.хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани;

3.1.4.улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

3.1.5.төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч.

3.2.Энэ хуульд дараах төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээ хамаарна:

3.2.1.улс, орон нутгийн төсөв болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв;

3.2.2.орон нутгийн хөгжлийн сан;

3.2.3.Засгийн газрын тусгай сан;

3.2.4.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа;

3.2.5.Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл;

3.2.6.Засгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж;

3.2.7.төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс;

3.2.8.Засгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр.

3.3.Төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй.

3.4.Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно.

4 дүгээр зүйл.Шилэн дансны зарчим

4.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

4.1.1.мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх;

4.1.2.мэдээлэл ойлгомжтой, ач холбогдолтой байх;

4.1.3.тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх;

4.1.4.хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ШИЛЭН ДАНСНЫ СТАНДАРТ

 

5 дугаар зүйл.Шилэн дансны мэдээлэл хүргэх хэлбэр

5.1.Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас нь дараах шаардлагыг хангасан байна:

5.1.1.шилэн дансны бие даасан цэстэй байх;

5.1.2.мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх;

5.1.3.тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх;

5.1.4.мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх.

5.2.Шилэн дансны мэдээллийг дуу болон дүрс бичлэгийн хэлбэрээр байрлуулж болно.

5.3.Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудастай байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудас ажиллуулж эхлэх хугацааг энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг харгалзан Засгийн газар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө байхаар тогтоох бөгөөд уг нэгдсэн цахим хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө.

5.4.Энэ хуулийн 5.1, 5.3-т заасан цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээлэл тавих журам, хэлбэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

5.5.Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны цэс нь энэ хуулийн 3.2-т заасан ангиллыг баримталсан байх бөгөөд мэдээллийг бүрэн тусгасан байна.

5.6.Энэ хуулийн 3.2.5-3.2.8-д заасан шийдвэр энэ хуулийн 5.3-т заасан хугацаанаас хойш шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршсанаар хүчин төгөлдөр болно.

5.7.Орон нутгийн төсөв, түүний төсвийн захирагчийн шилэн дансны мэдээллийг энэ хуулийн 5.1-д заасан цахим хуудастай эсэхээс үл хамааран тухайн байгууллагын мэдээллийн самбарт байрлуулна.

5.8.Мэдээллийн самбар нь олон нийт мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломжийг хангасан, түүнд тавигдсан мэдээлэл нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан байна.

6 дугаар зүйл.Шилэн дансны мэдээлэл

6.1.Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараах мэдээллийг тогтмол мэдээлнэ:

6.1.1.тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

6.1.2.хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор;

6.1.3.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;

6.1.4.жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

6.1.5.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор;

6.1.6.төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр.

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан мэдээлэл дараах байдлаар илэрхийлэгдсэн байна:

6.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт;

6.2.2.орлого /үндсэн үйл ажиллагааны орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого/;

6.2.3.урсгал зардал /цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бусад урсгал зардал, хөрөнгийн зардал, татаас шилжүүлэг/;

6.2.4.хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессын зүйлийн жагсаалт;

6.2.5.улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа;

6.2.6.зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр /улсын төсөв, орон нутгийн төсөв, өөрийн орлого/.

6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан мэдээлэл дараах байдлаар илэрхийлэгдсэн байна:

6.3.1.Төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 6.2.1-д тодорхойлсон үзүүлэлт, хүрсэн үр дүн, хэрэгжилтийг хэмжих тоон болон чанарын үзүүлэлт;

6.3.2.төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт;

6.3.3.төсөв хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар;

6.3.4.өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогын давсан хэсгийг урамшуулалд зарцуулсан бол зориулалтыг заасан байх;

6.3.5.хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт;

6.3.6.хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээг тендер зарлаж, сонгон шалгаруулсан бол шалгаруулалтын ерөнхий мэдээлэл;

6.3.7.хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийг төсөл, обьект тус бүрээр;

6.3.8.тусгай сангийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт;

6.3.9.орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл.

6.4.Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ:

6.4.1.тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт;

6.4.2.тухайн байгууллагын хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт;

6.4.3.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;

6.4.4.таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг;

6.4.5.цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр;

6.4.6.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн;

6.4.7.байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт;

6.4.8.бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс,төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр;

6.4.9.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

6.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.1, 6.4-т заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг гаргана:

6.5.1.улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, төсвийн нэгдсэн үзүүлэлтийг хагас жилийн байдлаар тухайн жилийн 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор, жилийн эцсийн байдлаар дараа жилийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;

6.5.2.Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээг улирал бүр;

6.5.3.Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээллийг улирал бүр;

6.5.4.улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр;

6.5.5.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор;

6.5.6.төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа жилийн 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор;

6.5.7.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дотоод үнэт цаасны мэдээллийг улирал бүр.

6.5.8.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.5.9.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.5.10.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.5.11.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээллийг улирал бүр;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.5.12.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр.

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.6.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.1, 6.4-т заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг гаргана:

6.6.1.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;

6.6.2.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;

6.6.3.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор;

6.6.4.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээллийг улирал бүр;

6.6.5.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлтүүдтэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр.

/Энэ хэсгийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.7.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсанд байрлуулан тухай бүр шинэчилж мэдээлнэ.

6.8.Энэ хуулийн 3.1.3-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ:

6.8.1.тухайн байгууллагад холбогдох энэ хуулийн 3.2.5, 3.2.7, 3.2.8-д заасан шийдвэр;

6.8.2.худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;

6.8.3.төр болон орон нутаг тавь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа компанийн гаргасан их хэмжээний хэлцэлд тооцогдохуйц баталгаа, батлан даалт.

6.9.Арван сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай зориулалтын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, Засгийн газар, түүний харьяа байгууллагаас гаргасан бонд, үнэт цаас, өрийн бичиг, баталгаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний дагуу санхүүжиж байгаа энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээд нь нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу улирал бүр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хүлээн авсан төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулах ба шаардлагатай гэж үзвэл олон нийтийн бусад цахим хуудас, өөрийн цахим хуудсаар давхар мэдээлж болно. Мэдээллийг төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулахад энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээд төлбөр төлөхгүй.

6.10.Шилэн дансны мэдээлэл, зарлагын гүйлгээ бүрд түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдлийг хавсаргасан байна.

7 дугаар зүйл.Мэдээлэх албан тушаалтан

7.1.Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ:

7.1.1.Засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргасан, гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтан;

7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн албан тушаалтан;

7.1.3.тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан эрх бүхий албан тушаалтан мэдээлэх үүргээ бусдад шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШИЛЭН ДАНСНЫ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

 

8 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт

8.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ.

8.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.

8.3.Төрийн аудитын байгууллага нь өөрийн санаачилгаар шилэн дансны мэдээлэлд аудит хийж болно.

8.4.Байгууллага, албан тушаалтны ажлын тайланг дүгнэх, дээд шатны байгууллагаас хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгоно.

9 дүгээр зүйл.Иргэний хяналт

9.1.Энэ хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдол, мэдээллийг иргэн, хуулийн этгээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу төрийн аудитын байгууллагад гаргах бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж болно.

9.2.Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ.

9.3.Иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

10 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1.Шилэн дансны тухай хууль тогтоомж зөрчсөн төсвийн байгууллагын албан тушаалтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

10.2.Энэ хуулийн 3.1.1-д зааснаас бусад энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын албан тушаалтан шилэн дансны тухай хууль тогтоомж зөрчсөнийг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан байгууллагыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

10.4.Энэ хуулийн 5.4-т заасан журам батлагдаагүй нь байгууллага, албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

11.1.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            З.ЭНХБОЛД