Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн хууль бус шийдвэрээ цуцлах уу?
2014/12/21
Бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр Засгийн газраас гаргасан хуудуутай түүхий шийдвэрүүд төрийн албан хаагчид төдийгүй иргэдийг бухимдуулах болов.
Албан тушаалын арилжаа хэрээс хэтэрч байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа сүүлийн үеийн томилгоонууд нь гэнэт гацсан шалтгаан нь Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн Засгийн газрын тогтоолтой холбоотой болж таарлаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлөх тогтоолыг Засгийн газар яаравчлан гаргасан нь хэл амны бай болсон юм.
Хамгийн хачирхалтай нь Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлөхдөө уг орон тоо хасагдсан тохиолдолд чөлөөлнө гэсэн Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 гэсэн заалтад тулгуурлан тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэх үндэслэл болжээ. Ямар нэгэн яам татан буугдаагүй, хоёр томоохон яамд нийлээгүй, зөвхөн соёл, спорт, аялал жуулчлалыг салгаж яамдад нэмсэн ч тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд Төрийн албаны тухай хуулиар уг албан тушаал хасагдсанд тооцох үндэслэл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т ‘’…төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна’’ гэсэн заалт бий.
Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн Засгийн газрын 390 дүгээр тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтыг үндэслэсэн гаргасан байдаг. Энэ заалтаар мөн л албан тушаалын орон тоо хасагдсан гэсэн заалт бий. Хэрэв орон тоо нь хасагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу тухайн ажилтанд нэг сарын өмнө энэ талаар мэдэгдэж, нэг сарын дараа ажлаас нь чөлөөлөх ёстой. Гэтэл нэг сарын өмнө урьдчилан мэдэгдээгүй гэнэт чөлөөлсөн нь бас л хууль зөрчжээ. Дээрх яамдад Төрийн нарийн бичгийн даргын орон тоо хасагдаагүйгээр үл барам ажлын байран дахь албан хаагчийн гүйцэтгэх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэж байгаа нөхцөлд үргэлжлүүлэн ажиллахыг Төрийн албаны хуулиар зохицуулсаар байтал ажлаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар ийнхүү гаргажээ. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч хэмээн томъёолж , улс төрийн энэ мэт шуурганаас давхар хуульчлан хамгаалж өгдөгөөрөө онцлогтой албан тушаал. Угаасаа шинэ яам үүсээгүй тохиолдолд дахин шинээр сонгон шалгаруулалт зарлах нь хуулиараа хаалттай.
Харин Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалт зарлан ажиллуулах яамдын тоонд шинээр үүсгэн байгуулагдсан Аж үйлдвэрийн яам, Төрийн нарийн бичгийн дарга нар нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам болон Хөдөлмөрийн яам, Төрийн нарийн бичгийн дарга нь сайдаар томилогдсон Уул уурхайн яамыг нэрлэж болно. Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж чөлөөлөхдөө тэдэнд ихэд л ялгавартай хандаж, хойд эхийн сэтгэлээр алагчилж үзэхдээ бас л хууль зөрчөөд амжив.
Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг ямар ч сонгон шалгаруулалтанд оруулаагүй байж жинхэлж орхисон шийдвэр гаргав. Зөвхөн нэг тогтоол л гэхэд толгой эргэм олон алдаа мадаг, нугалаа гаргасан байх жишээтэй.
Зочин · 2014/12/22
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020