С.Цэрэнчимэд хоёр өрөө байраар шагнууллаа
2014/12/21
Монголын чөлөөт бөхийн холбоо өчигдөр шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулжээ. Энэхүү цэнгүүнд МЧБ-ийн холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, “Хасу-Мегаватт” компанийн захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар зэрэг чөлөөт бөхийн холбоо гэх их айлаар овоглосон олон хүмүүс уригдан оролцжээ.
Энэ үеэр оны шилдгүүдээ шагнасан юм. Тодруулбал, Олон улсын шүүгч С.Чинбат Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан бол Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, яамны хүндэт жуухаар шагнуулсан хүмүүс ч чамгүй олон байжээ. Тэр дундаа энэ дунд тун онцлох нэгэн шагнал байсан нь 2014 оны Чөлөөт бөхийн ДАШТ-ээс аваргын алтан медалийг эх орондоо авч ирсэн С.Цэрэнчимэдэд “Алтай констракшн”-ы ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ хоёр өрөө байраар шагнав.
Өмнө ньО.Насанбурмаа, Г.Мандахнаран, С.Батцэцэг нарыг хоёр өрөө байраар шагнаж байсан билээ. Түүнээс гадна мөнгө, хүрэл медалийн болзол хангасан О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр хоёр сая төгрөг, Э.Бэхбаярыг компанийн нэр дээрээс барилдуулах, түүний дасгалжуулагч А.Энхээд 10 сая төгрөг өгсөн байна. Энэ өдөр МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит 500 ам.долларын шагналаар 2014 онд дэлхий, тив, үндэсний хэмжээнд спортын өндөр амжилт гаргасан дасгалжуулагч, бөхчүүд, шүүгчдэд олгосон юм.
Дашрамд дуулгахад тус компани нь жүжигчин Г.Ундармаагийн Итгэлийн танхим төсөлд 10 сая төгрөг хандивлаж сайн үйлсийг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан гэдгийг дуулгахад таатай байна.
Д.Ана