Шийдлийнхэн шингэж дуусаагүй байна. Хэдийгээр сайд болоод дэдүүдийн томилгоо цэгцэрсэн ч Төрийн нарийн бичгийн дарга нарын тохиролцоо урагшилсангүй.

Хэд хэдэн хуулийн заалтыг зөрчин байж хуучин дарга нарыг ажлаас чөлөөлсөн нь ч гацааны нэг хэлбэр гэдгийг зарим хүн тодотгож буй юм. Ямартай ч ИЗНН-ын хаягтай нэг хүн Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр материалаа бүрдүүлээд буй гэх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өгсөн.

 

Харин бусад намуудын хувьд тохиролцох зүйл бий гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Гэхдээ дэд сайдын тоо нэмэгдүүлсэн нь дээрх албан тушаалыг авч хэлэлцэхэд чөдөр болсон тухай мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, дэд сайдын орон тоог нэмэгдүүлсэнд МАН-ын цөөнгүй гишүүн дургүйцэж буй. Энэ хүрээндээ Төрийн нарийн бичгийн даргын томилгоогоор барьцаа хийж, барьцаа ахиулах гэсэн санаа бий гэх шивэр авир ч дуулдах болсон. Хэдийгээр энэ албыг ширээний ард тохиролцох нь хуулиар хориотой ч энэ дүрэм мөрдөгдөхгүй гэдгийг шийдлийнхэн шийдчихсэн. Тиймээс бүхий л албан тушаалд би, чи гэх харьцаагаар оролцох аж. Юутай ч 11 яам Төрийн нарийн бичгийн даргагүйгээр ажиллаж байна. Харин ажлаа авсан Төрийн нарийн бичгийн дарга нар хууль бусаар томилогдсон талаар хэл ам тасарсангүй ээ.


Үүнтэй зэрэгцэн давхар дээл өмссөн шийдлийнхний орон зайны томилгоо яригдаж буй юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болсон. Тэгвэл дэд даргын суудлын төлөөх нам доторх өрсөлдөөн дуусч Д.Хаянхярвааг сонгохоор болжээ. Намынхаа төлөө золигт гарах шахсан түүнд энэ зэргийн шан харамж оноох нь зүйтэй гэж үзсэн байна. Н.Алтанхуягийг огцруулах албан бичгийг төлөвлөснийхөө төлөө бүлгийн гишүүдийнхээ өмнөөс хуулийн байгууллагынханд дуудагдсан нь саяхан. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат будаг нь ханхалсан шинэхэн сайдын алба хашихаар явсан тул түүний орыг залгамжлагч хэрэг болсон юм. Энэ суудлын төлөө фракциуд өөр хоорондоо тэмцэлдэж, бүлгийн хурал нэлээд ширүүн болжээ. Одоогийн яригдаж байгаа хувилбараар Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэв. Уг нь дэд дарга С.Одонтуяаг томилно гэх мэдээлэл байсан ч талаар болов. Даргын эзгүй хоёр долоон хоногт хурлаа ч удирдаж чадаагүй гэх шүүмжлэлд өртөж, ийнхүү жагсаалтаас хасагджээ. Бүлгийн даргын суудлын хэрүүлтэй зэрэгцэн байнгын хорооны дарга нарын марафон ч эхлэв.

 

Одоогийн байдлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакейг улираагаад байгаа бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлэхээр тогтоод байна. Төсөв мөнгө, төмпөн шанаганы хэрүүлтэй хамт албан тушаалын амбиц давхар явагдаж, шинэ онтой золгох нь гарцаагүй боллоо.