Улсын Их Хурлын чуулганы өчигдөр үдээс хойших нэгдсэн хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох санал хураалтаар эхэллээ. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн юм.

 

 

Чуулганы хуралдаанд Байнгын хорооны саналаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг томилох саналыг 89,8 хувийн саналаар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Х.Бум-Эрдэнийг томилох саналыг 95 хувиар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Э.Батболдыг томилох саналыг 90 хувиар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Д.Ганбатыг томилох саналыг 91,5 хувиар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ж.Цэдэнрагчааг томилох саналыг 94,8 хувийн саналаар тус тус дэмжлээ. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.