Дэлхийн зах зээл болон дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төгрөгийн ханш сүүлийн хоёр жилийн дотор 30 хувийн уналт үзүүллээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт үргэжилсээр байгаа бөгөөд ирэх жил эдийн засагт дарамт учруулсан хэвээр байх уу гэдэг асуултад эдийн засагчид толгой дохин хариулж байна. Төгрөгийн уналтад нөлөөлж буй гол зүйл бол мэдээж гадаад валютын хомсдол.

Монгол Улсын гадаад валютын нөөцийг төв банк 1.3 тэрбум доллар хэмээн зарласан ч үүнээс багассан байж болохыг үгүйсгэмгүй юм. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, энэ жил Хөгжлийн банкаар дамжуулан авсан 300 сая, алт зарсан 300 саяыг эс тооцвол нүүрс болон уул уурхайн салбараас өмнөх жилүүдтэй харьцуулахад доллар орж ирэх нь багассан.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1890-1894 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1888 төгрөгтэй тэнцэж буй юм. Ирэх жилийн улсын төсөвт ам.долларын ханшийг 1700 төгрөгтэй тэнцэхээр суулгасан юм. Тиймээс хахир хавраас л төсөвт тодотгол хийх хэрэгтэйг эдийн засагчид сануулсаар байсан ч улстөрчид сандал суудлын хэрүүл хийсээр тодотгол хийхгүйгээр ирэх жилийн төсвийг баталчихсан билээ. Эдийн засгийн хямралын үед яам, агентлагийн ажилчдыг цомхтгох нь ашигтай гэж үзээд байгаа.

Тэгвэл төрийн албан хаагчдын гэнэт халагдсаны дараа тэтгэмж олгох нь түүнээс илүү их мөнгө зарцуулах учраас ажилчдыг халахгүй гэдэгт санал нэгдсэн ч зарим татан буулгасан агентлаг, яамдын ажилчид гэнэт халагдсан тэтгэмжээ авч чадахгүй байгаа аж. Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ажилчид гэнэт халагдсаны тэтгэмж байтугай сүүлийн хоёр сарынхаа цалинг авч чадаагүй байхдаа цомхотголд орж халагдсан байна. Тэд хэзээ цалингаа авахыг мэдэхгүй хүлээлтийн байдалтай байгаа аж.

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ " Төрийн албан хаагчдыг 10 мянгаар цөөрүүлэх шаардлага байгаа ч тэднийг шууд гудамжинд гаргахыг хүсэхгүй байна. Маш олон хүн гудамжид гарах учраас нэг жилдээ төрийн албан хаагчдыг ажилгүй болгох гэхээс илүүтэй цалингаа нэмэхгүйгээр тэднийг ажилтай нь үлдээх боломж байна” гэсэн билээ.

 

Г.Мягмарсүх