“Шинэчлэлийн” засаг огцорч “Шийдлийн” Засгийн газар байгуулагдав 

Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар УИХ дахь АН-ын гишүүдийнхээ “тусламж”-тайгаар огцорч, оронд нь богино хугацаанд бүхнийг шийдэх үүрэг хүлээсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдав. УИХ-ын намрын чуулгантай зэрэг эхэлсэн бужигнаан шинэ оны өмнөхөн арай гэж дууслаа. 

Энэхүү бужигнаан дунд “Түгжилдэх”, “араас нь хутгалах”, зэрэг үгс тун их моодонд орсон. Тиймээс ч урвалт, шарвалт ч

замаа алдлаа. Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх гэсэн Н.Алтанхуяг нэг л эвгүй гишгэсэн нь огцруулахад хангалттай байлаа. 

Тэрхүү шалтаг нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хоёр намаа хамтруулах гэрээг байгуулсан явдал байлаа. Энэ нь нөгөө баахан амьтны загатнасан газрыг нь маажсан хэрэг болсон юм. 

Н.Алтанхуягийн Засгийн газраа аврахын тулд хийсэн гэрээг оюутан цагийн анд, намын нөхөр Э.Бат-Үүл нь хамгийн түрүүнд илээр эсэргүүцэв. МоАХ фракц мөн илээр, “Шонхор”-ынхон далдуур эсэргүүцлээ илэрхийлэн МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжив. 

Энэ хооронд УИХ дахь АН-ын бүлгийн 8, 9 гишүүн хөөгдөж, тус нам Засгийн эрх барих эрхгүй болохдоо ч тулсан. 

Арваннэгдүгээр сарын 5-нд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах хурал дээр МоАХ болон “Шударга ёс” эвслийн 8 гишүүн түүнийг огцруулах кноп дарсан бол “Шонхор” фракцийн 7 гишүүн хуралд санаатайгаар орж ирсэнгүй. Ингэснээр түүнийг огцруулж, бүр тэр дор нь ажлыг нь шадар сайдын үүрэг гүйцэтгэгч болсон Д.Тэрбишдагвад шилжүүлж орхисон. 

Ингээд шинэ Засгийн газар байгуулах ажиллагаа эхэлж энэ хооронд АН-ын фракцууд бараг өдөртөө хоёр гурван удаа урваж, шарваж гарсан. 

Н.Алтанхуягийг хамгаалж байсан МҮДН-чүүд унасных нь дараа фракцаасаа Ерөнхий сайд төрүүлэхийн төлөө эцсийг нь хүртэл зүтгэсэн. Алтангадасынхан Р.Амаржаргалыг хэзээ ч Ерөнхий сайд болгохыг хүсээгүй. Тэд ямар ч үнээр хамаагүй Ерөнхий сайдын суудалтай үлдэхийн төлөө АН-ын даргын суудлаар “Шонхор”-той наймаалцсан. 

Ингэж З.Энхболд АН-ын дарга болж, Алтангадасын Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн Засгийн газраа тогтвортой 1.6 жил ажиллуулахын тулд УИХ-д суудалтай бүх намтай хамтрах сонголтыг хийлээ. 

Түүнийг Ерөнхий сайдаар томилохыг эсэргүүцээд УИХ-ын чуулганд оролцоогүй МАН-ын ихэнх гишүүд хамтрах саналыг баяртайгаар хүлээн авлаа. Ингээд Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” гэж нэрлэсэн Засгийн газарт АН 10, МАН зургаа, “Шударга ёс” эвсэл гурван сайдын суудалтай боллоо. 

Ийнхүү шинэ Засгийн газар 15 яам, 19 сайдтайгаар ажиллаж байна. Тэд үнэхээр “шийдлийн” Засгийн газар байж чадсан эсэхийг 2016 онд та бид харах болно. 
 

918a13e6-ba45-4522-8797-087d393031c3.jpg

Экс эх орондоо “айлчлав” 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эмчилгээ хийлгэхээр 2013 оны наймдугаар сард БНСУ-ыг зорьсон. Ингээд хилийн чанадаас намынхандаа зааварчилгаа өгөн нэг хэсэгтээ нам жим амьдарсан юм. 

Өнгөрсөн есдүгээр сард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярыг орогнол хүсч БНСУ-ын иргэн болсон, болоогүй гэх мэдээлэл нийтлэгдсэнээр тэр олны анхааралд дахин орж ирлээ. Яг үүний дараа Н.Энхбаяр эх орондоо “айлчлал” хийлээ. 

Хойд, урд хөршийн Ерөнхийлөгч нарын айлчлалаас илүү “үр дүн”-тэй болсон түүний “айлчлал” түүхэнд үлдэх нь гарцаагүй. Эдийн засгийн хямрал нүүрлэж, засаг төр ганхаж байх үеэр ирж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэх хардлага байсан ч “Миний ирсэнд улс төрийн шалтгаан байхгүй” гэсэн хариу өгч байлаа. 

Гэвч улстөрийн асар том зорилготой ирж тэр нь Н.Алтанхуягийг УИХ-ын сул гишүүн болгосноор дууссан. Айраг цагаа ууж, хээр хөдөө салхинд гарахаар ирсэн Н.Энхбаяр ирснийхээ маргааш төрийн ордонд саатаж намынхнаа шалгахын сацуу Н.Алтанхуягтай гэрээлэхээр тохирч явсан. 

Ингээд АН, МАХН хоёр 2024 оныг дуустал хамтрахаар гэрээ байгуулж, мутрын үсгээ зуралцсан нь энэ намар, өвлийн их бужигнааныг үүсгэлээ. Ийнхүү экс эх орондоо “айлчлаад” бүхнийг орвонгоор нь эргүүлчихээд одов. 
 

22d1e6f1-46a7-48cb-bc0b-1169a984c950.jpg

392c12af-2948-4429-82c8-eb860490152c.jpg

8f86f91d-850e-4b1e-bd77-3672f8b34cae.jpg

Хөршүүдийн тэргүүнүүд айлчиллаа 

БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар манай улсад ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дотор дараалан айлчлал хийсэн нь энэ оны онцлох үйл явдлууд мөн. 

Өмнөд хөршийн төрийн тэргүүн Си даргын айлчлалаар Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын транзит ачаанд 40-өөс доошгүй хувийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, төмөр замын дөрвөн боомт нээх, Азиас Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачаа тээврийн гуравны нэгээс доошгүйг Монголын нутгаар тээвэрлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн. 

Мөн Хятадаас 270 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Тэгвэл Халх голын дайны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсан. 

Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих асуудлыг бас шийдсэн. Энэ шийдвэрийн дүнд арваннэгдүгээр сарын 14-нөөс хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхэлсэн. 
 

427abd10-bad2-4398-94b4-5f3f56e2a3ef.jpg

Гурван улсын тэргүүний Душанбе дэх уулзалт 

Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх хуралдааны үеэр гурван улсын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар есдүгээр сарын 11-нд Душанбе хотноо Кохи Сомон ордонд уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд гурван талын уулзалтыг тогтмолжуулах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийн талаар ярилцсан. Энэ үеэр “Улаанбаатарын уулзалт”-ыг тогтмол зохион байгуулах санаачлагыг Монгол Улсын зүгээс гаргаж тодорхой үр дүнд хүрээд байна. 
 

c0f02f17-17e3-439f-9f44-26d24df6bade.jpg

Шил шиг тунгалаг данстай болгох хууль батлагдав 

УИХ-аас Шилэн дансны тухай хуулийг батлаад байна. Уг хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачлагын хүрээнд хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. 

Тэдгээрээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу “давхар дээл” тайлах хуулийн төсөл болон Шилэн дансны хуулийг өргөн барьсан. УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байхыг ихэнх гишүүд дэмжиж байсан ч эцсийн мөчид Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг унагасан. 

Хуулинд зааснаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч дахин өргөн барих боломжгүй болсон. Энэхүү Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхээр төрийн байгууллагууд таван саяас дээш төгрөгийн санхүү, төсвийн мэдээлэл, орлого зарлагын тайлангаа ил тод мэдээлэх болно. 

Ийнхүү Монгол улсын төр засгийн эрхийг барьж байсан улстөрчид энэ онд шинэчилж чадахгүйгээ ойлгож шийдэхээр зориглолоо.
О.Хуяг