10915258_647687868675375_3162788281854827410_nШӨХТГ-ын дарга О.Магнай оны өмнөхөн сүр, дуулиантай ажлаа хүлээлгэн өгсөн. 

Тэгвэл тэрбээр жагсаал, тэмцлээрээ дахин Монголын улс төрд орж ирэхээр болжээ. Тэрбээр саяхан бүх хэвлэлийнхнийг өмнөө зогсоож байгаад “Миний хувьд Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллах боломжгүй. Бидний ёс суртахуун, зарчим, үнэт зүйл таарахгүй. Энэ мэт шалтгааны улмаас албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч байна” гэсэн билээ. Түүний энэ үйлдэл нь сайн дураараа өөрөө ажлаа хүлээлгэн өгч байна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсэн боловч түүнийг АН-ынхан албан тушаалаас нь шахаж буулгасан гэдэг. Цаашилбал уг тохироо аль хэдийнэ хийгдчихсэн байсныг ч эх сурвалжууд хэлж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа О.Магнайтай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн аж. Тиймээс О.Магнай У. Хүрэлсүхээс илүү АН-аас шалтгаалж ажлаа өгсөн гэх. Түүнийг ажилд нь үлдээж болох байсан ч АН-ынхан О.Магнайгийн төлөө хуруу бүү хэл хумсаа ч хөдөлгөөгүй гэдэг. 

 Тиймээс намдаа гомдсон тэрбээр намынхаа эсрэг хөдөлж эхэлжээ. Зарим хүмүүс түүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын шинэ намд орно гэж буй. Ямартай ч тэрбээр ирэх хоёрдугаар сарын 6-нд жагсаал хийхээр бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Цаашлаад уг жагсаалдаа зориулаад дуу хүртэл зохиож өөрөө дуулсан байна. Ингэхдээ өөрийн дотны найз УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран дуулжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа “Найздаа хамгийн сайн сайхныг хүсье! Бид хамт хийсэн шинэ дуугаа дууллаа” гэсэн тайлбарыг дууны үгний хамтаар оруулжээ. 

Дууны үг 

Босоцгоо дарлагдсан ардууд аа
Борчуудын ертөнц босоцгоо
Эсэргүүцэл төгс манай ялалт
Эрэлхэг жагсаалд бид бэлэн байна!
Энэ бол бидний эцсийн
Эрэлхэг тэмцэл юм
Эгэл ардуудтайгаа хамт
Энэ тэмцэлд бэлэн байна! 

Тэд хоолойны бичлэгтээ уржигдар орой оржээ. Ийнхүү 1990 оны Ардчилсан хувьсгал “Хонхны дуу”-н дор явагдсан шиг тэд ирэх сарын эхээр энэ дууны хамтаар эрх баригчдын эсрэг томоохон жагсаалыг зохион байгуулах нь. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд цаашид болох бүх жагсаалынхаа ард энэ дууг  тавих юм гэнэ.

Т.Хулан