Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 
-“АСА” циркийн хувьчлал нь Өрсөл¬дөөний болон хэрэг¬лэгчийн эрх ашгийн хууль, тогтоомжийг зөрчсөн гэдгээр маргаан дагуулж буй. Энэ асуудал юу болж байгаа вэ? 

-Шүүхийн шатанд болон хяналт шалгалын явцад байгаа бүх зүйлийг үргэлжлүүлнэ. Циркийн хувьд өмч хувьчлалын гэрээнийхээ тодорхой заалтуудыг зөрчсөн шалтгаанаар хүчингүй болгох асуудлыг манайх эрх бүхий байгууллага болох Төрийн өмчийн хороонд тавьсан. Гэвч Төрийн өмчийн хороо үүнд ямар нэгэн үйлдэл хийгээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ Төрийн өмчийн хорооноос “АСА” циркийн хувьчлалыг хүчингүй болгох шийдвэр гаргуулахаар тавьсан. Шүүх хурлын товыг хараахан зарлаагүй байна. 

-Шийдлийн Засгийн газраас төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг бууруулахаар шийдвэрлэсэн. Танай агентлагийн хувьд цомхотгол хийсэн үү. Боловсон хүчний хувьд хэр хүрэлцээтэй байна вэ? 

-Засгийн газраас яам, агентлагийн орон тоог баталсан. Тодорхой хэмжээний цомхотгол явуулж байгаа. Ер нь төрийн алба ямар хэмжээнд данхайсан, үүнийгээ дагаад хүнд суртал хэрхэн үүссэнийг бид бүгд мэдэж байгаа. Миний хувьд төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой гэдэгтэй санал нэг бий. Цомхотголын хүрээнд манай байгууллагын орон тоо 36 болсон. Ингэснээр хүн хүчний асуудал үүсч байгаа ч тодорхой зохицуулах менежмент хийж, иргэдийн өгсөн өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх чиглэлтэй ажиллаж байна. Би Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсноосоо хойш агентлагийнхаа ажлын хариуцлага, сахилга батыг өндөрсгөх тал дээр тушаал гаргаж, хэрэгжилтийг хангуулж байгаа. 

-О.Магнай даргын үед энэ асуудал орхигдож ирсэн гэж үзэх болох уу? 

-Байгууллагаа бэхжүүлэх асуудал бий. Ний нуугүй хэлэхэд байгууллага гэдэг утгаараа нэлээд доголдолтой явдал байгаа. Иргэдийн өгсөн өргөдөл дээд тал нь хоёр жилийн хугацаанд дарагдсан байдалтай байна. Тиймээс салхилга батыг өндөрсгөх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх асуудалд анхаарч байна. Энэ байгууллага хүнд хүрсэн, бизнесийг дэмжсэн, шударга өрсөлдөөнийг явуулдаг, хэрэглэгчдээ хамгаалсан ийм систем байх ёстой. Хамгийн гол нь үйл ажиллагаагаа тоочих биш, Монгол Улсад шударга өрсөлдөөнийг бий болгоход энэ байгууллага ямар амжилт үзүүлсэн. Хэрэглэгчийн эрхийг хамгаалахын тулд Монгол Улсад ямар ахиц, амжилт гарсан гэдэг бодитой бодлого ярьж, үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. 

-Эрчим хүч, дулааны үнийг хууль бусаар нэмсэн зүйл бий. Үүгээрээ мөн төрийн байгууллагуудын хооронд уялдаа, холбоогүй байгаа зүйл харагддаг? 

-Цахилгаан түгээх компаниуд үнийн өсөлтөд дээр манайхаас зөвшөөрөл авах хуультай. Энэ хуулийнхаа хүрээнд 2013 оны долоодугаар сард зөвшөөрөл авч бага зэрэг нэмсэн. Харин 2014 онд гурван удаа манайхаас зөвшөөрөл авахгүйгээр үнээ нэмэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу тодорхой шийтгэвэр ногдуулж, нэр бүхий цахилгаан түгээх зургаан компанид 189 сая төгрөгийн торгууль тавьсан. Мөн үнийн өсөлтийн шийдвэрийг хүчингүй болгохоор ажилласан. Харин Эрчим хүчний зохицуулах хорооноос зөвшөөрөхгүй, манай шийдвэрийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хурлаар тодорхой шийдвэр гарах байх. Нөгөөтэйгүүр манай байгууллага хамтын шийдвэр гаргадаг. Хамтын шийдвэрийн хуралдаанаар дулааны цахилгаан станцуудын статусыг тодорхойлсны үндсэн дээр хуулийн хүрээнд дулааны нэмэгдэлд ямар арга хэмжээ авах боломжтой вэ гэдэг гарч ирнэ. Үүнийхээ дараа доторхой арга хэмжээ авна. 
 


С.БАЯСГАЛАН