Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн ханш нэмэгдвэл маргааш өглөө нь Монголд бензинийн үнэ өсдөг. Өдөрхөн тийшээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг тогтсон жишигтэй. Тэгсэн мөртлөө нэг баррель нефтийн үнэ 48 доллар болтлоо буураад байхад манайд дагаад буудаггүй. Ийм л нөхцөл байдалд монголчууд машин унаж байгаа юм.
Яг өнөөдрийн нөхцөл байдал ч ийм байна. Гэхдээ энэ хурдаар нефтийн үнэ буурсаар байвал Монголд дагаад буурах магадлал өндөр байсан. Гэтэл одоо нефтийн ханш буурах мөрөөдөл талаар өнгөрч байх шиг байна. Учир нь автобензин, түлшний орлогын албан татварыг нэмснээр одоогийн ханш хэвээр хадгалагдана гэсэн үг. Энэ нь эргээд голлох бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Тодруулбал, шатахууны үнэ буурах боломж уг татварын нэмэгдлээс болж үгүй болж байна гэсэн үг. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан, мөн УИХ-аас орлогын албан татварыг төгрөгөөр тооцож авдаг болох асуудлыг шийдэх шатанд яваа юм. Ийм үед нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах орлогын татварыг нэмэх нь эргээд үнэ буурахгүй байх суурь шалтгаан болж болох юм.
Бас нэг шалтгаан нь татвар нэмсэнтэй холбогдуулан нефть импортлогч компаниуд үнээ нэмэхгүй гэсэн баталгаа алга. Учир нь тэд улсад татвар төлдөг боллоо. Дээрээс нь үнэ тогтворжуулах хөтөлбөр шиг үнийг нь барих зүйл алга. Тиймээс татварт өгсөн мөнгөө иргэдийн хармаанаас нөхөж олох магадлалтай. Угаасаа Монголд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн нефтийн компаниуд ингэж л аашилсаар ирсэн. Тиймээс тэд одоо бодож санах зүйлгүй үнээ нэмж магадгүй юм.
Гэхдээ тус компаниудын татварыг нэмэх нь зүйтэй гэдэг саналтай хүмүүс ч олон байна. Ер нь нефтийн татварыг нэмэх нь зөв байсан уу, ингэснээр бензиний үнэ нэмэгдэх асуудал үүсэх эсэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
- УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Татвар нэмээгүй. Нефть импортлогч компаниуд бензинээ гаднаас зардал ихтэй оруулж ирдэг гээд байхаар нь нэг хэсэгтээ татварыг нь тэглэчихсэн байсан. Татвар огт авдаггүй болгочихсон байсан. Бензин чинь онцгой татвартай бараа бүтээгдэхүүн шүү дээ. Хэдэн доллар өгөөд хилийн цаанаас нааш нь бензин ачуулж авчраад энд зарж байгаа. Ингэхдээ их үнэ нэмж зарж байгаа гэж би боддог. Дэлхийн зах зээлд харьцангуй өндөр үнэтэй бүтээгдэхүүн биш шүү дээ. Харин монголчууд их өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг. Тэгэхээр ядаж татвараа төлөх ёстой. Бизнес эрхэлж байгаа бол татвараа зайлшгүй төлөх ёстой. Тэр бүү хэл нефть импортлогч компаниуд долларын хөнгөлөлт хүртэл авч байсан шүү дээ. Долларыг 1800 төгрөгөөр зарж байхад тэд 1400 төгрөгөөр худалдаж авч байсан. Түүнийг “Монгол банк” алдагдал болгож улсаас төлүүлж байлаа. Тийм зүйл байж болохгүй. Нэг хэсэг нь татвараа төлж байхад нөгөө хэсэг бензиний наймаа хийснийхээ төлөө татвар төлдөггүй байж болохгүй шүү дээ. Энэ татвар байх ёстой. ОХУ-аас хэдэн төгрөгөөр бензин авдгийг Монголын төр засаг мэддэггүй. Тийм байж болохгүй. Гадныхантай нийлж ард түмнээ шулж болохгүй. Эд бол баялаг бүтээгчид биш. Зүгээр ченжүүд шүү дээ. Тэгэхээр төр засаг ард түмнээ бодоод арай өөр аргаар хэлцэл хийгээд ашигтай ченж хийж болно.
-УИХ-ын гишүүн Б.Болор: Бензинийн үнэ нэмэгдэхгүй. Учир нь дэлхийн зах зээд нефтийн үнэ унасан байгаа. Харин бид энэ татварыг тэглэснээрээ үнийг тогтвортой байлгах арга хэмжээг авч байсан. Харин сая нефть импортлогчидтой зөвшилдсөн. Шатахууны үнэ унасан энэ үед уг татвар байх ёстой. Энэ татварыг нэмсэнээр жижиглэнгийн үнэ нэмэгдэхгүй.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Автобензиний татварыг нэмэх санаачлагыг МАН, АН хоёр гаргасан. Миний ойлгож буйгаар Европын орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ асар их хэмжээгээр унасан. Нэг баррель нефтийн үнэ 100 хол гарсан байсан бол одоо нэг дахин багасаад байна. Энэ зөрүү Монголын нефтийн зах зээлд их сайнаар нөлөөлж байгаа. Энэ хүмүүс бензинийн үнээ буулгахгүй бол татварыг нь нэмж нийгмийн хариуцлагыг нь нэмэгдүүлж байгаа юм болов уу.
-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Дэлхийн зах зээл дээр бензинийн үнэ буурч байгаа. Засгийн газар бензинийн үнийг аль болох тогтвортой байлгах зорилттой ажиллаж байна. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд тогтсон тэр үнээр эсвэл бага зэрэг нэмэх ч юм уу бензинийн үнийн өсөлт, бууралтаас хэлбэлзэж байдаггүй тогтмол үнийн түвшинг баръя гэдэг бодлоготой байх шиг байна. Энэ бодлого нь УИХ дээр унаж болно. Өөрөөр хэлбэл татварыг нэмснээр нефтийн компаниудад валютын ханшийн тогтмол хэмжээ болон татварын нэмэгдлийн зөрүүнээс үнэ нэмэх байдлыг үүсгэж магадгүй. Хэрвээ тэгвэл нэмэхээс өөр арга байхгүй. Татвараа нэмсэн ч гэсэн валютын ханшаа тогтмол барьж түүнийхээ хэрээр ард иргэдэд үнийн дарамт очихгүй компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ийм механизм руу очно.
-УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасан байгаа. Тэгэхээр одоо ирэх бензинийн ханш урьд урьдынхаасаа хямд орж ирэх ёстой. Автобензинийн татварын үнийг нэмбэл одоо байгаа түвшиндээ барина гэж бодож байна.
- УИХ-ын гишүүн А.Бакей: ОХУ-д бензинийн үнэ маш их буурч байгаа. Манай улс нефтээ 100 хувь ОХУ-аас хангадаг учраас дотоод зах зээлд татвар нэмснээс болж үнэ нэмэгдэх магадлал бага. ОХУ-д бензинийн үнэ буураагүй хэвэндээ эсвэл өссөн тохиолдолд нэмсэн бол арай өсөх магадлалтай.
Одоо УИХ-ын чуулган хуралдаж, дээрх санал дахин дэмжлэг хүлээвэл биежиж, батлагдан, хэрэгжих юм.
Т.Энхэлээ