Тоон дээр маргалдсаар өрийн хэмжээ эцэс болов
2015/01/25
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийг арай гэж баталлаа. Төсвийг танана, хасна, өрийн хэмжээг нэмнэ гэсэн бөөн шуугиан дунд улс төр бүхэлдээ амьсгаллаа.
Мөн төрийн албан хаагчдыг цомхтгоно. Дэд сайд нарын хэрэггүй гэж нэг өдөр маргалдаад дэд сайд нараа авч үлдэхээр болсон. Арга ч үгүй биз дээ дэд сайд гэж орон тоо улс төрчдийн бялуу хувааж иддэг нэг орон тоо шүү дээ.
Харин өрийн хэмжээн дээр хэсэг маргалдсаны эцэст нэг шийдэлд хүрэв бололтой. Өөрөөр хэлбэл манай улсын өрийн хэмжээ энэ жил ДНБ-ны 58,3 хувьд байхаар гишүүд санал нэгдлээ. Үнэндээ өрийн тааз гэхээр зарим нэг жирийн хүмүүс ойлголт муутай байдаг юм шиг.
Тэгвэл УИХ 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийн дагуу хэд хэдэн шинэ нөхцөл шаардлагыг төсөвт тавьж эхэлсэн байдаг. Үүний эхнийх нь 2013 оноос жил болгоны өрийн ДНБ-д эзлэх хувийг хуульчилж өгсөн явдал юм. Хуулийн 19-ийн гуравт “Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр орд ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” хэмээн заажээ.
Харин өнөөгийн бодит нөхцөл байдлаар 2015 онд өрийн тааз яавч 40 хувийн хязгаараа барьж чадахгүй болоод байгаа юм. Тиймээс хууль зөрчихгүйн тулд аргаа барахдаа энэ хуулинд өөрчлөлт оруулъя гэсэн саналыг Засгийн газар тавьсан юм.
Өрийн таазыг Монгол Улсын Засгийн газар ДНБ-ий 60 хувьд хүргэх санал оруулсан ч эрхэм гишүүд шүүн хэлэлцсэний эцэст 58.3 хувиар өнгөрсөн Мягмар гаригт баталлаа. Засгийн газрын санал болгосон 60 хувь, гишүүдийн баталсан 58.3 хувийн хоорондох 1.7 хувь нь төгрөгөөр илэрхийлбэл 460 тэрбум болж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр Засгийн газар өрийн таазыг 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2016 онд 40 хувь барих санал өргөн барьжээ.
Өрийн таазыг хэлэлцэх явцад Монгол Улсын өр яг хэд хүрсэн нь ойлгомжгүй байв. Өнгөрсөн аравдугаар сард ажлаа өгсөн Сангийн сайд асан Ч.Улаан “Ажил хүлээлцэх үед улсын өр ДНБ-ий 49 хувьтай тэнцэж байсан” гэсэн бол шинэ Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Намайг ажил авахад улсын өр ДНБ-ий 53 хувьтай тэнцэж байсан” гэлээ. Харин УИХ дахь Ардчилсан намын болон МАН-ын бүлгийн дарга нар 58.3 гэдэг дээр ам нийлэв.
УИХ-ын зарим гишүүд “Та нарын амнаас гарч байгаа тоо болгон худлаа байна” хэмээн хэлж байсан нь үнэн бололтой. Ямартай ч өнөөдрийн байдлаар өрийн хэмжээ 58,3 хувь байна хэмээн баталсан. Энэ нь яг үнэн бодит тоо мөн үү.
Г.Мягмарсүх