Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ-ийн шууд ярилцлагад орж, нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар Засгийн газар ямар байр суурь баримталж буйг илэрхийллээ.

Тэрбээр "Олны анхааралд байсан хамгийн том асуудал бол Төсвийн тодотгол. Би энэ төсөвт ямар нэгэн тодорхойлолт өгье гэж бодож байгаагүй ч боломжийн гэж хэлнэ. Засгийн газар бодож байснаа 100 хувь оруулж чадаагүй ч багагүй зүйлийг хийхээр тусгалаа. УИХ ч Засгийн газартайгаа сайн хамтарсан. Тэгэхээр энэ Засгийн газар ажил авбал хийх юм байна гэдэг бодол төрж байгаа. Тухайлбал олон дансаар хийгдэж байсан гүйлгээг багцалж нэг төсөвтэй болох асуудлаа сая шийдлээ. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэхээр хүслээ жагсаадгаа больсон. Яам агентлагийн 15 хувийг танахын зэрэгцээ УИХ-ын гишүүд ч хэмнэлт хийлээ. Бас 80 байгууллагыг 25 болгох, төрийн албан хаагчид 36 сараар үржүүлж мөнгө авдаг байсныг байж болох хэмжээнд аваачиж үрэлгэн байдлыг цэгцэлсэн. ШУА-ийн хүрээлэнгийн асуудлууддаа нэгдсэн дэвшилтэт ойлголтод хүрлээ.

Өнөөдөр цалин нэмэх шаардлагатай байгаа юу гэвэл тийм. Гэтэл өнөөдөр цалин нэмэх мөнгө үнэндээ алга. Энэ бол Засгийн газрын толгойны өвчин болсон асуудал. Ийм байхад МҮЭ-ийн цалинг 60 хувь нэм гээд шаардаж байх жишээтэй. Тиймээс нийгэм нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагчдын цалингаа 60 хувь нэмэх боломжгүй учраас тодорхой хэмжээний мөнгө нэмье гээд шийдсэн" гэв.

Мөн тэрбээр тэтгэвэр тэтгэмж, татвар, том төслүүд, сургууль барих ажил, хувьчлал, төрийн албаны халаа сэлгээ, гадаад дахь монголчуудынхаа ажиллах орчныг бүрдүүлэх зэрэг олон асуудалд хариулт өгч, Засгийн газрынхаа байр суурийг хэлсэн юм. "Би иргэдээсээ нэг зүйлийг хүсч байна. Бидэнд цаашаа явах хоёр зам бий. Нэгдүгээр зам Оюутолгой зэрэг том төслүүдээ явуулах. Хоёрдугаар зам нь хэрэглээгээ танаж, бүсээ чангалах. Энэ хоёр замын алинаар нь явах вэ гэдэг дээр бүх нийтээр хэлэлцүүлэг өрнүүлье. 1515-1111 дугаарт бүх үүрэн операторын хэрэглэгч аль замаар явсан нь зөв бэ гэдэг саналаа өгөөрэй. Бямба гаригаас эхлэн ирэх долоо хоногийн мягмар гаригийн 22:00 цаг хүртэл саналаа өгч хэлэлцүүлэгт орох боломжтой" гэв.

Энэхүү ярилцлагыг дэлгэрэнгүйгээр нь "Өдрийн сонин"-ы маргаашийн дугаараас уншина уу.

Ц.БУЛГАН