Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч эрчүүд цахим ертөнцөд өөрийн гэсэн олон мянган дэмжигч, дагагчидтай.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нар монголдоо толгой жиргээчдийн тоонд ордог. Хоёулаа фэйсбүүк хуудас хөтөлдөг. Сонгуультай холбоотойгоор улам идэвхижүүлсэн ч иргэдтэй хийх уулзалтандаа анхаарал хандуулж, тэр бүр өөрсдөө иргэдийн сонирхсон асуултад хариу өгч чадахгүй яваа бололтой. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн цахим хуудсыг дэмжигчид нь амжилттай хөтлөн явуулж байна.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжигчдийн зүгээс фэйсбүүк дэмжигчдийн хуудас, b-baterdene.mn веб хуудас, iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан нэр дэвшигчийн application зэргийг гарган байршуулж нэр дэвшигчийн мэдээллийг гар утаснаасаа цаг тухайд нь шууд хүлээн авах боломжтой болж иргэд сонгогчидтой улам ойртсон байна. Өнгөрсөн сарын 13-нд нээгдэж байсан Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн фэйсбүүк дэмжигчдийн хуудас асар богино хугацаанд 28110 дагагчтай болсон байна.