Шийдлийн засгийн газрын хамгийн сүүлийн ил тод бялуу хуваах үйл ажиллагаа бол яамдын Төрийн нарийн бичгийн даргын суудал юм.

Ерөнхий сайд танхимаа байгуулж дэд сайдуудаа томилох үедээ дөрвөн Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажилд нь томилсон. Энэ үйлдлийг харсан МАН-ынхан хууль бус томилгоо хийлээ гэж баахан орилсон ч харамсалтай нь үр дүнд эс хүрэв бололтой. Ерөнхий сайдын хэлсэн ярьсан бүхэн зорьж байна гэж ил тод гомдлын үгийг АН руу хаяглан шидэж байгаад нөхцөл байдалтайгаа эвлэрэв бололтой.

                      Төрийн нарийн бичгийн дарга нарыг төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулж томилдог. Засгийн газраас өнгөрсөн сарын 7-ны өдөр зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг шалгаруулъя гэдэг захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн. Үүнээс хойш тус зөвлөл 21 хоногийн дотор шалгаруулах үүрэгтэй юм. Тэгвэл тус албан тушаалтнуудыг нэгдүгээр сардаа багтаан томилох байх гэж байсан ч цаг хугацааг нь хойшлуулж цагаан сарын дараа буюу ирэх хоёрдугаар сарын 20-нд шалгаруулж, үүрэгт ажилд нь томилох шийдвэр гаргав. Өчигдөр төрийн албаны шалгалтыг авч дууссан. Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарласнаар нийт 36 хүн бүртгүүлжээ. Гэвч шалгалтад 26 иргэн өрсөлдөж байгаагийн зэрэгцээ нэр бүхий хоёр яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтыг хойшлуулсан байна. Тодруулбал Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 10, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад 5, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 5, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийнд 13 хүн бүртгүүлжээ.
                   Ямартаа ч удаан хүлээлт үүсгээд буй шинэхэн төрийн нарийнууд ирэх сардаа багтан томилогдож үүрэгт ажлаа хүлээж авах нь. Төрийн нарийн бол яамандаа нэлээдгүй эрх мэдэлтэй нэгэн. Бараг дэд сайдаас ч илүү гэж яригддаг. Тиймээс шинээр томилогдох шинэ хүмүүст хандаж улс төрийн зорилготой, төрийн албыг төрлийн алба болгодог халаа, сэлгээнийхээ тунгийн тааруулж хийгээрэй гэж захимаар байна. Учир нь засаг солигдсон сургаар, хамтарсан нэрийдлээр АН, МАН-ынхан ёстой л дураараа дургаж байгаа сурагтай. Яам, агентлагийн хуучин бүтэц бүрэлдэхүүнийг хэнд ч мэдэгдэхгүйгээр сольж, өөрийн хүмүүсийг тавьж байгаа гэнэ. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлэг хурал дээрээ асуудал болгон ярьж суугаа нь байдал ямар хэмжээнд хүрсэний тод илрэл биз ээ. Мөн өнгөрсөн хугацаанд ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчид зарим ажилчдаа халлаа. Хуулиар тэдэнд ингэж аашлах ямар ч эрхгүй байдаггүй гэх. Түүгээр барахгүй зарим нь ажлаа өгөхгүй хэмээн сандал ширээ, тамга тэмдэгтэйгээ зууралдаж, улмаар шүүхэд хүртэл хандахаар болжээ. Энэ үйлдлээс нь болж өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл төрийн албаны шалгалтандаа орж чадсангүй гэж ихэд тунирхан ярьсан байсан. Манайхан ямар сураагүй юм биш албан тушаалаасаа салж хагцаж чадахгүй байгаа нэгэн нь тамга тэмдэгээ аваад тайгад очоод хэвтээд өгөх биз.
               Зарим хүмүүс Төрийн албаны шалгалт бол халхавч. Суух ёстой нь, очих газраа аль хэдийнээ байрласан гэж байна. Намууд хамтрахдаа яамдын тоог нэмэхгүй, харин ч бүр хасна гэж ярьж байсанаасаа буцаж яамгүй сайд, нэг газар хоёрын хоёр дэд сайд гэх зэргээр улс төрийн бялууг хэрхэн хувааж болдогыг бид нүдээрээ харлаа шүү дээ. Яамдуудад сайд нарыг хуваарилаж байхдаа чадвартай, итгэлтэй, шийдвэртэй хүмүүсийг оруулж ирлээ, бялуу хуваах зарчмаар яваагүй гэж амтай болгон нь тайлбарлаж суусан. Гэхдээ л хуваарилалт шог явагдаж, гомдолтой нөхдүүдийн гарыг цайлгаад өнгөрсөн юм шиг л зүйл болсон. Магадгүй төрийн албаны хамгийн чухал албануудын нэг болох Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо энэ маягаар битгий л явчихаасай билээ.

Г.Дорж