Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар байгуулагдмагцаа Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлыг нэн яаралтай эхлүүлсэн билээ.

Монгол улсын сайд М.Энхсайханаар удирдуулсан ажлын хэсэг эрчимтэй ажиллаж, Монголын Энержи Ресурс, Хятадын Шэнхуа, Японы Сумимото компаниудын консерциум шалгарч, хэлэлцээр үргэлжилж байгаа. Гэтэл уг төслийг  зогсоох сонирхол улс төрийн зарим бүлэглэлд бий болоод  буй аж.


 УИХ-ын дарга З.Энхболд “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа : “Асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй. Түүнээс бус, угаах үйлдвэртэй учраас “Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу. Саяхан БНХАУ-ын даргыг Монголд ирэхэд төмөр замын гэрээгээ байгуулж авсан. Энэ гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл “Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын Пибоди. Сая Пибоди өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа.  Харин ч “Пибоди”-г оруулаад Номхон далайн боомтоор дэлхийн зах зээлд хүргэх 30 хувиа гэрээлэх хэрэгтэй. Ингэж байж нүүрсээрээ илүү ашиг олно, транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө бүрэн ашиглана. Үүний дараа олборлогчийнхоо гэрээг хийх хэрэгтэй. Харин тээвэрлэлтийг Монголын тал өөрөө хийх ёстой. Яагаад гэвэл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол хамгийн ашигтай. Есөн жил, таван сарын дараа өртгөө нөхөх тооцоотой төмөр зам байгаа юм. Ер нь төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй.” Хэмээсэн юм.


Мөн  өнгөрсөн долоо хоногт Монголын төмөр зам компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хэрхэн яаж ажилласан ямар хөрөнгө оруулсан, ямар гэрээгээ явсан гэдгээ хөрөнгө оруулагч талдаа үзүүлэхээр ажиллаж байх үед  Хятадууд  ирээд эзэлсэн мэт мэдээллийг зохион байгуулалттайгаар цацсан.
Тэр бүү хэл өчигдөр ажлын хэсгийнхэн УИХ дахь АН-ын бүлэгт мэдээлэл хийх үеэр УИХ-ын дарга З.Энхболд илт шүүмжлэлттэй байр суурьтай байсан төдийгүй  хурал тармагц “Нүүрсний үнэ унасан нөхцөлд ТТ-г худалдах нь зөв үү?” хэмээн жиргэсэн юм. Хэн  нэгэнд худалдах тухай бус хөрөнгө оруулагч шалгаруулах ажил  явагдаж буйг УИХ-ын дарга мэдэхгүй будлина гэж баймгүй. Иймээс  зарчмын өөр байр суурьтай байна гэхээс илүү ер нь л  үгүйсгэх хүсэлтэй байна ч гэж болох.
Юутай ч АН-ын дарга, УИХ-ын  дарга З.Энхболд "Тавантолгой" төслийг хөдөлгөхгүй байхаар шийдсэн бололтой гэж улс төрийн зарим ажиглагчид дүгнэж байна.


Л.Ганзориг