Нийслэлээс олдсон занданшуулсан шарилыг Гэсэр лам эсвэл түүний шавийнх гэж таамаглаж эхэлжээ
2015/02/03
-ТАГНУУЛ, ЦАГДААГИЙНХАН АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМАНД ОЧИЖ АЖИЛЛАСАН БАЙНА-
Иргэний мэдээллийн мөрөөр цагдаагийнхан Сонгинохайрхан дүүргийн IXхорооны нутагт оршин суудаг Э-ийн хашаандаа хүнсний наалдамхай цаасаар битүү ороож боосон 60х47х58см хэмжээтэй эртний хүний занданшуулсан цогцос нууж байсныг илрүүлэн, шалгаж байгаа. Занданшуулсан шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хадгалж байгаа талаар манай сонин мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийхдээ "Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул энэ олдвортой холбоотой мэдээлэл нарийн тогтоогдоогүй байна. Эртний чулуужсан уг олдворыг хичнээн жилийн насжилттай, хаанаас олдсон, ямар байдалтай байсан гэх мэтийг нарийн шинжилгээгээр тодорхой болгоно. Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулна. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Мөн занданшуулсан шарилыг хадгалж байсан Э гэгч бусдад дамжуулан зарах гэж байсан гэдэг мэдээлэл бий. Тиймээс түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Г.Пүрэвбат: ГАНЦ ХОЁР ЗҮЙЛ ТОДРУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА
Занданшуулсан шарил хэнийх болох талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч гадна, дотнын хэвлэлүүдийн гол сэдэв болж, судлаач, түүхчдийн анхаарлыг татаад байна. Гадаадын хэд, хэдэн хэвлэлүүд "Монголоос Итгэлт хамбын багшийн занданшуулсан шарил олдсон бололтой" гэж мэдээлсэн юм. Монголын нэр нөлөө бүхий лам хуврагууд ч "Жанч халсан байдлыг нь харахад жирийн хүн биш. Самади байдалд орсон, гэгээрсэн хүн байна" гэж таамаглаж буй. Бурханч лам Г.Пүрэвбат Шүүхийн шинжилгээний үндэсний төвд очиж, танилцахдаа "Очир завилгаар суулган, зүүн мутрыг тэгш атгуулж, баруун мутрыг цээжиндээ ном номлохын ерөөлтэйгээр өргүүлсэн зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна. Худагт хувилгаан, гэгээнтнийг оршуулах зан үйлийн дагуу занданшуулсан" гэжээ. Гандантэгчинлэн хийдийн зүгээс занданшуулсан шарилыг судлах, шинжилж тогтоох ажлын хэсэгт Г.Пүрэвбат ламыг оруулжээ. Түүнээс энэ талаар тодруулахаар холбогдоход "Ганц, хоёр зүйл тодруулах шаардлага байгаа. Тодорхой болсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье" гэсэн юм.
Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хадгалагдаж байгаа занданшуулсан шарилд нөлөө бүхий хэд, хэдэн хүн очиж мөргөсөн гэдэг албан бус мэдээлэл бий. Бодитоор харсан нэгэн "Харахад амьд мэт санагдсан. Хүйтэн мэдрэмж төрөөгүй. Үс, сахал нь ургасан хэвээрээ гар хуруу, чих бүтнээрээ байгаа нь гайхамшигтай. Үнсэн саарал, бордуу гэмээр өнгөтэй харагдсан" гэж ярьсан юм. Урьдчилсан байдлаар, гадна талаас нь шинжихэд занданшуулсан шарил нь он удаан жилийн туршид чийг авснаас нуруу нь бөгтийж, дал сүүж хэсэгтээ гэмтсэн гэдэг дүгнэлт гаргажээ.
Д.Чойжамц: НУТГИЙН ШҮТЭЭНИЙГ ХОВХЛООД ИРСЭН БАЙХ ВИЙ ДЭЭ
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнгөрсөн долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө занданшуулсан шарилын тухайд "-Яах аргагүй лам хүний төрхтэй юм билээ. Гарын мутарлаг, хэлбэрийг харахад яах аргагүй лам хүнийх шиг харагдана лээ. Ихэс дээдэс, лам, бурхан бодьсадва нарын хувилгаан, хутагт гэхчилэн энэ насандаа гэгээрэлд ойртсон, өндөр бясалгагч нарыг ингэж занданшуулдаг ёс бий. Муу юмыг дарах байдлаар байнга ёс бус зүйл гардаг, байгалийн гамшиг болж байгаа газарт асар их энергитэй бясалгагч хүмүүсийг оршооход сайхан болдог. Тийм хүмүүст гар хүрч огт болохгүй. Нутгийн хүмүүст ярьж, хэлдэг ч үгүй. Нууцлаад шүтээд л явдаг. Тийм шүтээнийг ховхлоод ирсэн байх вий дээ гэж зовж байна" гэжээ.
Гэсэр овгийн С.Батчулуун: ЦАГДАА, ТАГНУУЛЫНХАН ГЭСЭР ЛАМ, ТҮҮНИЙ ШАВИЙН НОЙРСОЖ БАЙГАА ГАЗАРТ ИРСЭН
Албан ёсны эх сурвалжийн мэдээлж байгаагаар эхний байдлаар занданшуулсан шарилыг Гэсэр лам эсвэл түүний баруун гарын шавь гэж таамаглаж байгаа аж. Жил гаруйн өмнө шинжлэх ухааны судалгаа хийдэг байгууллагад "Гэсэр багшийн шарил хөндөгдсөн байна" гэдэг мэдээлэл ирсэн тухай яриа ч байна. Гэхдээ судлаачид болон хуулийнхан нарийн шалгаагүй өнгөрсөн гэнэ лээ.
Мөн Ховд аймгийн агуйгаас авчирсан занданшуулсан шарил гэдэг мэдээлэл ч бий. Гэхдээ энэ нь батлагдаагүйг албан ёсны эх сурвалж хэллээ.
Ард олноо "Өвгөн Гэсэр лам" хэмээн өргөмжлөгдсөн их хувилгаан Архангай аймгийн Цахир суманд нойрсож буй гэдэг. Байцын дуганд Гэсэр лам ном хурж байжээ. Байцын дуган нь Цахир сумын төвөөс баруун хойш 75 км-ийн зайд Тэрхийн голын хойт эрэгт Байцын Дөрөлж хэмээх намхан толгойн цаана Чулуут голын хөвөөнд байдаг. Уг дуганы тууриас хойт зүгт хоёр км-ийн газарт Халзан Бүргэдэй буюу Очир хайрхан уул бий. Энэ уулын орчимд Энэтхэгийн Сэра хийдийн хамба лам агсан Сэнгээ ринбүүчи, Ялгасан гэгээн, өвгөн гэсэр лам Чүлтэмжамц хэмээх хутагт хувилгаад төржээ. 1800-аад оны дунд үед энэ нутагт хүн малын өвчин гарч, тэсвэрлэхэд бэрх болсон тэр үед олноо "Өвгөн Гэсэр лам" гэж алдаршсан их ламтан Чүлтэмжамц Халзан бүргэдэй уулыг 100 цагаан морьтой ламтай ирж аравнайлан тахиж, уул хайрханыг "Очирхайрхан" хэмээн нэрлэн онголсноос хойш энэ уулыг жил бүр тахидаг болжээ гэсэн домог бий.
Цахир суманд Гэсэр ламын удмын хүн байдаг гэсэн мэдээллийн дагуу утсаар холбогдож ярилцлаа. Гэсэр овгийн С.Батчулуун ингэж ярьсан юм.
-Өвгөн Гэсэр лам хэдэн онд төрж, хэзээ жанч халсныг та мэдэх болов уу?
-200-аад жилийн өмнө амьдарч байсан том хувилгаан юм шүү дээ. Энэ том хувилгааны овгийн хүний хувьд "Өвгөн Гэсэр богдын цадиг домгийн цомирлог" гэдэг номыг судлаачидтай хамтран бичиж байлаа. Тэр номон дээр төрсөн, жанч халсан он сар нь тодорхой бий. Гэсэр Богдын эдэлж, хэрэглэж байсан эд зүйл одоо ч манайд хадгалагдаж байгаа.
-Жанч халахад нь яаж нутагшуулсан юм бол. Занданшуулсан гэж сонслоо.
-Бясалгагч, хутагт хүн байсан гэж ярьсан шүү дээ. Хөх нуурын дунд эрэгт амьдарч байсан юм билээ. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай гэж гэрээслэсэн гэдэг юм билээ. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулсан гэдэг. Тэр үеийн аргаар занданшуулсан юм билээ.
-Сумын төвтэй ойр уу?
-Сумын төвөөс 50-иад км зайтай. Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул. Зун бол УАЗ-469 машин хүрчихнэ. Өвөл бол бэлээс нь алхана.
-Та Гэсэр ламыг тэнд нутаглуулсан байдгийг яаж мэддэг юм бэ. Танай нутгийнхан бүгд мэдэх үү?
-Ам дамжсан яриагаар мэдэлгүй яах вэ. Захиргаадалтын үед хяналт хатуу, ширүүн байсан ч өвөг дээдсээ хаяна гэж байхгүй залбирч, мөргөдөг байсан шүү дээ. Одоо бол жил бүр хүмүүс очиж мөргөдөг болсон. Манай сумынхнаас гадна бусад аймаг сумаас хөл тасрахгүй. Тэр бүрт газарчлаад явдаг.
-Хувилгааны занданшуулсан шарил ямар байдлаар хадгалагдаж байгаа бол?
-Өндөр номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байж. Яг тэр байдлаар нь модон хайрцаг хийж, гадуур нь чулуугаар дуган босгосон юм билээ. Гаднаас нь харах аргагүй. Дэргэд нь баруун гарынх нь шавь Цорж Санжжав гэдэг ламыг бас тийм байдлаар нутаглуулсан. Хоёуланг нь занданшуулж, суугаа байдлаар модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган зассан юм билээ.
-Танаас ингэж асуугаад байгаагийн учир нь нийслэлд эртний хүний занданшуулсан шарил олдсон. Тэр шарилыг Гэсэр лам байж магадгүй гэж таамаглаж байгаа юм билээ.
-Тэр мэдээлэл гарсан шөнө буюу нэгдүгээр сарын 28-ны шөнө аймгийн цагдаа, тагнуулаас хүмүүс манайд ирлээ. Ингээд намайг дагуулж аваад Гэсэр багш шавьтайгаа нойрсож байгаа газарт очиж баахан зураг хөрөг дарж, бичлэг хийгээд буцсан.
-Хуулийнханд сэжигтэй зүйл олдоо болов уу?
-Гэсэр багшийн нойрсож буй дуганы чулуу хөндөгдсөн байдал ажиглагдаагүй. Би өнгөрсөн аравдугаар сард очиж мөргөсөн. Тэр янзаараа байх шиг байсан. Харин шавийнх нь яасныг мэдэхгүй юм. Цагдаа, тагнуулынхан асууж, лавлаж байгаад буцсан. Төвдөө мэдээгээ өгөөд эргээд нягтлах зүйл байвал буцаж ирнэ гэдгийг хэлсэн.
-Шарилыг хөндөөгүй биз дээ.
-Би "Болохгүй. Хутагт хувилгааны биед хамаагүй хүрч болохгүй. Лам шинжлэх ухааны хүмүүстэй ир" гэж хэлсэн. Тэд ч тийм бодолтой буцсан байх.
-Гэсэр ламын зурмал зураг бий юу. Та нийслэлээс олдсон занданшуулсан шарилын зургийг харав уу?
-Зурмал зураг бий. Тэр зураг манайд хадгалагддаг юм. Олон түмэнд дэлгээгүй. Нийслэлээс олдсон занданшуулсан шарилын зургийг хэрэг болгон байж сумын захиргаанд очиж интернэтээр харлаа. Төстэй харагдах нь харагдсан. Сахалтай, үл ялиг үстэй зураг бий шүү. Хоёр жилийн өмнө бурханч лам Г.Пүрэвбат ирж Гэсэр багш дээр очиж мөргөөд, ойр хавийг нь хараад явсан. Зургийг нь ч харсан. Жилийн дараа дахиж ирнэ гээд явсан ч өнгөрсөн жил ирсэнгүй. Г.Пүрэвбат лам "Гэсэр багшийн зурагтай харьцуулахад мөн бололтой" гэж хэлсэн гэж сонслоо.
Би бас судалгаа хийгээч гэж Шинжлэх ухааны академид хандсан. Хараахан ирээгүй л байна.
-Тэгэхээр шарил яах аргагүй хөндөгдсөн юм болов уу?
-Мэдэхгүй юм. Судлаачид дахин ирээд судлах биз ээ. Гэхдээ Гэсэр ламын дуган барагтай бол онгойхооргүй харагддаг. Дэргэдэх шавийнх нь харин онгойсон байж магадгүй.
-Яагаад?
-2000-аад оны эхээр намайг очиход Цорж Санжжав ламын шарилын гаднах чулуу нурж, мод нь онгойчихсон байсан. Шарилын мөр, толгой хэсэг нь ил гарчихсан байсан.
-Ямар байдалтай харагдсан бэ?
-Толгойн үс нь дөнгөж ургах төдий, сахал нь ч адил. Суугаа байдлаар жанч халсан байсан. Мөрний хэсэгт нь шувуу тоншсон болов уу гэмээр гэмтчихсэн байсан. Тэгээд мод, чулууг нь сэргээж янзалсан.
-Тэр үед харагдсан дүрээ нийслэлээс олдсон занданшуулсан шарилынхтай харьцуулж үзэв үү?
-Их адилхан харагдаад байгаа юм. Тийм учраас эргэлзээ төрөөд байгаа хэрэг.
-Нийслэлээс олдсон шарилын дал, нурууны хэсэг бас гэмтэлтэй юм билээ?
-Тийм үү. Тийм бол судлаачид болон холбогдох хүмүүс тогтоох биз ээ.
-Та Гэсэр ламын шавийн толгой хэсэг ил гарсан байсныг харсан тухайгаа хууль, тагнуулынханд хэлсэн үү?
-Хэлэлгүй яах вэ.
-Жил гаруйн өмнө Гэсэр ламын занданшуулсан шарил алдагдлаа гэсэн мэдээлэл нийслэлд ирсэн гэсэн. Та сонссон уу?
-Үгүй. Тийм яриа огт гараагүй.
Ц.ӨРНӨХ
Зочин · 2015/02/04
Purevbat terguutei s***chidad saihan bolomj gargaj ogson hulgaichid bayrlalaa. Hunii horhoitoj unasan shudiig s*** bolgoj chadsan humuust bol bur ch saihan dalim bolno doo xaxaxaxaxa. Aygui bol manai aav ged suuj baij medeh l garuud daa ****uul
Зочин · 2015/02/04
Iim ym baidag aa itegmeergui ym aa