Гадаа бороо орж, хүйтэн салхи сэвэлзэж байсан ч цэргийн албан хаагчид цаг агаарын таагүй байдлыг үл ажран нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн үгийг анхааралтай чагнаж суулаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Налайх дүүрэгт ажиллахдаа хамгийн эхлээд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн албан хаагчидтай уулзаж санал бодлыг нь сонссон нь энэ. Энхийн манаанд зогсож буй цэргийн албан хаагчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг “Ийм л шударга, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн улсынхаа төрийн тэргүүн болох ёстой” хэмээн бахархан өгүүлж байлаа. Зарим албан хаагч одоогийн улстөрийн тогтворгүй байдлаас болж Монгол Улсын тусгаар тогтнолд санаа зовнин суудгаа ч нуулгүй хэлж байв. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийн тухай хөндсөн энэ уулзалтын дараа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ дүүргийн сонгогч олонтой уулзахаар соёлын төвийг зорив.

Соёлын төв суудалгүй болтлоо дүүрчээ. Налайхчууд хувьтай хүн хур борооноор хэмээх ерөөлийн үгээр түүнийг ихэд хүндэтгэлтэй угтсан юм. Уулзалтыг нээж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн бүгд нэг намынх. Тиймээс бие биедээ хяналт тавьж чадахгүй байна. Монголын төрд тэнцвэр хэрэгтэй. Төрд үгүйлэгдэж байгаа тэр тэнцвэрийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ авчрах болно” хэмээн хэлсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, баримталж буй зарчмынхаа талаар нэр дэвшигчийг танилцуулах үеэр иргэдийн урам зориг, итгэл найдварын алга ташилт түүний яриаг үе үе тасалдуулж байлаа. Б.Бат-Эрдэнэ “Би авлига, хээл хахуулийг үндсээр нь таслахын төлөө мятаршгүй тэмцэнэ. Миний нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр, миний туулж ирсэн зам маань цэвэр. Би эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй. Би оюун санаа бие сэтгэлээ худалдахгүй. Худал амлахгүй, хуурч мэхлэхгүй, дүр эсгэхгүй” хэмээн хэлэв.

nalaih-2

 

Налайхчууд мөн тулгамдаж буй олон асуудлаараа санал бодлоо хуваалцлаа. Тухайлбал, олон жил төрийн албанд ажилласан учир мэддэг ахмадууд эрх баригчдын үйл ажиллагаанд сэтгэл дундуур яваагаа илэрхийлэв. Сайд нарын 80 хувь нь компанийн захирлууд байгаад тэд халаглаж байна. Тэр тусмаа монголын толгой баячууд төрийг самууруулж байна гэж цөхөрсөн дуугаар өгүүлэх хүмүүс ч олон байв. Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдийн хэлснээр уг дүүрэгт ч төрийн албан хаагчдыг шалтгаангүйгээр халах болсон байна. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хүргэн дүүгээ ЗГХЭГ-ын дэд даргаар томилж, төрсөн дүүгийнхээ охинд 17 тэрбумын тендерийг давуу эрхээр авч өгсөн нь налайхчуудын дургүйцлийг ихэд хүргэжээ. Ашиг сонирхлын зөрчилтэй төрийн өндөр албан тушаалтнуудыг огцруулах нь зүйтэй гэж үздэгээ ч илэрхийлсэн. Тиймдээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд худлаа хэлдэггүй, ажилтай иргэдээ гудамжинд гаргадаггүй зөв хүнийг дэмжихээ налайхчууд илэрхийлэв. Энэ үеэр ахмад уурхайчин С.Жадамбаа “Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч болоход түмэн саад бэрхшээл учирна. Харин үүнд нь Ардын нам өмөг түшиг болж ажиллаарай” хэмээн захиж, “Хэнтий нутгаасаа гурван удаа сонгогдож иргэдийнхээ итгэлийн даасан төрийн түшээ. Тиймээс ч бидний итгэлийг дааж ажиллаж чадна” гээд сая сая хүний санал аваарай хэмээн ерөөж, алд цэнхэр хадаг нэг төгрөгийн хамт гардуулав.

nalaih-3

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Б.Бат-Эрдэнэ Монгол төрийн тэргүүний өндөр сэнтийд өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, монголын улстөрийн ноён оргил өөд мацаж байна. Энэ оргилд Б.Бат-Эрдэнэ гарна. Та бүхэн гаргана аа. Хэдэн жилийн өмнө Монголд ядуурал зовлон болж байсан. Гэтэл одоо баячууд монгол төрийн зовлон болчихоод байна. Улстөржсөн хийрхэл, худлаа яриа Монгол төрийг сайн зүйлд хүргэхгүй. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гар нь цэвэр, зам мөр нь цэвэр Б.Бат-Эрдэнийг дэмжих хэрэгтэй” гэлээ. Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Монголын төр засагт оршиж буй алдаа мадгийг засч залруулахын төлөө ажиллана хэмээн уулзалтын төгсгөлд онцоллоо.
Аварга хэмээх үг ард түмний зүрхэнд буй хайр хүндлэл юм. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй агуу хүндлэл. Төрийн наадамд 12 удаа түрүүлэхдээ биеийн баяраар бус ухааны бяраар түрүүлсэн. Б.Бат-Эрдэнэ бол ард түмнийхээ сонголтоор гурван удаа УИХ-д сонгогдож, төрийн жолоог атгалцаж яваа хат суусан төрийн түшээ хэмээн налайхчууд хүндэтгэж байна.