Н.Номтойбаяр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг шалгуулахаар ШӨХТГ ханджээ
2015/02/05
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханд хүсэлт илгээжээ. Тэрбээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийн зарцуулалт нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах хүсэлтэй байгаагаа бичжээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 328 мянган тэтгэвэр авагчдын 60 орчим хувь буюу 190,000 нь тэтгэврийн зээлтэй байгаа ба нийтдээ 355 тэрбум төгрөг эргэлдэж байна. Эдийн засгийн хүндрэл, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах иргэдийн тоо, мөнгөн дүнгийн хэмжээ огцом өсч, 2012 оны үетэй харьцуулахад зээлийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн.
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 355 тэрбум төгрөгөөс хүү тооцож үзвэл ахмадууд маань сардаа нийт 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийн хүү төлж байна. Өөрөөр хэлбэл, нэг ахмад настанд дунджаар жилд 340 мянга, сард 30 орчим мянга төгрөг оногдож байна. Хэрэв зээлдэгч тэтгэврийн зээлээ төлж барагдуулалгүй нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж болох 620 мянган төгрөгийг шууд зээлээс суутгадаг "ёс зүйгүй" зарчим үйлчилж байна” гэх мэт асуудлаар мэдээлэл хийж байсан юм.