Улсын ерөнхий прокурорт яригдаж буй хүмүүсийн хэн нь хэн бэ?
2015/02/06
Хууль зүйн сайдаар оны өмнө томилогдсон Д.Дорлигжавын хуучин албанд хэн очих нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр арав орчим хүний нэр Улсын ерөнхий прокурорт яригдаж буй гэх мэдээлэл цацагдаж байна.
Эдгээр мэдээллээс харвал Улсын Ерөнхий прокурор болох магадлалтай хүмүүст Улсын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Сингапурт суух Элчин сайдын албанаас чөлөөлөгдөн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй Б.Дэлгэрмаа, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд нарын нэр явж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын эх сурвалжийн мэдээлснээр Улсын ерөнхий прокурор болох магадлалтай нь Г.Эрдэнэбат, Б.Бат-Орших, П.Цагаан, Н.Ганболд, Ч.Өнөрбаяр нарын нэр хүчтэй явж байна. Гэвч Ерөнхийлөгч хэнийг энэ албанд тэнцэх эсэхийг дэмжиж нэрийг нь УИХ-д оруулах нь тодорхойгүй гэдгийг хэлж буй юм.
Хуулиараа бол Улсын ерөнхий прокурорыг УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Ингэхдээ 35 нас хүрсэн, хуульч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг санал болгоно гэж заасан байдаг. Үүнээс өөр нарийн шалгуур байхгүй гэнэ. Дээрх шалгуурыг дийлэнх нь хангахаар байгаа юм. Монголын Хуульчдын холбоо шалгалт авч, гишүүнээр бүртгэж, прокурор, шүүгч, өмгөөлөгч, тэдгээрийн туслах, хуулийн сургуулийн багш нарыг энэхүү категорт хамруулаад байгаа нь нэр дэвшигч нарт ихээхэн боломж олгож буй юм. Арван жилээс доошгүй жил ажилласан гэх шалгуурыг Г.Эрдэнэбат, Б.Бат-Орших нар давах боломжтой харагдаж буй гэж байгаа ч нэр нь яригдаж байгаа хүн бүрт энэ боломж бий. Иймд тэдний хэн нэг нь нэр дуулдаж буй хүмүүсээс Ерөнхий прокурор болох магадлал арай өндөр гэж яригдаж байв. Сар гаруйн өмнөөс явсан энэ прогноз одоо харин өөрчлөгджээ.
Прокурорын эх сурвалжаас авсан мэдээллээр Г.Эрдэнэбат Завханы гаралтай. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн найз ойрынх нь хүмүүсийн нэг гэх. Б.Бат-Орших Увс аймгийнх. Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай нэг нутгийнх. Нутгийн дүүгээ Хууль зүйн сайд зүтгүүлсэн ч нэг их дэмжигдэхгүй байгаа гэв. Тэгэхээр хуулийн салбараас, прокурор дундаасаа Улсын ерөнхий прокурор нэгэнт төрөхгүй болсон нь тодорхой болсон бололтой. Гэвч прокурорууд “Хэн ч ирсэн ажил явдаг жамаараа явна. Дотроосоо бус гаднаас томилогдох нь тодорхой" хэмээж байна.Хуулийн салбарынхны яриагаар бол өөрснөөс нь хүн сонгогдохгүй болсныг мэдэж буй бололтой юм. Зарим нэгэн хүний нэр дурдагдаж буй ч тэр бүхэн энэ албан тушаалд яригдаагүй. Тэдний хувийн тоглолт байх магадлалтай гэдгийг эх сурвалж хэлж байна.
Тэгэхээр П.Цагаан, Б.Дэлгэрмаа Ч.Өнөрбаяр нарын дунд сунгаа явах боломж бүрдсэн гэж хэлж болох ч Ч.Өнөрбаярын нас хүрэхгүй байгаа юм байна. Үлдсэн хоёр өрсөлдөгч Улсын ерөнхий прокурорт тунаж буй. Арваас доошгүй жил хуулийн байгууллагад ажилласан гэдгийг хэрхэн авч үзэхээс хамаарч Улсын ерөнхий прокурорын сунгаа явах нь. Учир нь УИХ-д сууж, сайдын алба хашиж байсан зэрэг нь хуулийн байгууллагад ажилласан жил гэж үзэх юм бол нэр дурдагдсан хүмүүсээс энэ шалгуурыг хангаагүй хүн бараг л гарахгүй юм байна.
Хамгийн магадлалтай хүнээр Б.Дэлгэрмаа тодорч байгаа сурагтай. Түүнийг Ерөнхийлөгч дуудаж уулзсан гэх албан бусмэдээлэл ч байгаа юм. Мөн хуулийн хүрээнийхэн “Б.Дэлгэрмаа болох юм биш үү" гэсэн таамагтайгаар ойрын өдрүүдэд сураг тавьж байгаа аж. Юутай ч Улсын ерөнхий прокурор хэн болох сунгаа олон таамаг эргэлзээ дунд далд өрнөж байгаа. Энэ сунгааны эзэн хэн байхыг Ерөнхийлөгчийн “дэлгэсэн хөзөр" удахгүй харуулах биз ээ.
Б.ДЭЛГЭРМАА
Тэрбээр 1982-1986 онд Улсын прокурорын газарт прокурор,1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх,1993-1996 онд Улстөрийн боловсролын академийн захирал 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд “Либерти" дээд сургуулийн захирал, 2012-2014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан.
П.ЦАГААН
1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн. Тэрбээр 1979 онд хууль цаазын дунд сургуулийг, 1980 онд МУИС-ийн хуулийн ангид суралцаж байгаад 1985 онд ЗХУ (Одоогийн ОХУ)-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан. БСШУ-ны сайдаар ажиллаж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа.
Г.ЭРДЭНЭБАТ
Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж буй Г.Эрдэнэбат даргаа томилогдох хүртэл албыг нь түр хариуцаж байгаа. Тэрээр 1972 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд тухайн үеийн Цагдаагийн дээд, Батлан хамгаалахын их сургууль, ОХУ-ын Уралын хуулийн академийг төгссөн. 1994 оноос одоог хүртэл хуульчийн мэргэжлээр ажиллаж байгаа туршлагатай хуульч. Ажлын гараагаа хилийн цэргийн офицероос эхэлж, БХИС-д багш, Хилийн цэргийн удирдах газрын Захиргаа удирдлагын газарт хуулийн зөвлөх, 2000-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2009-2010 онд Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслахаар ажилласан. Цаашлаад 2010 онд УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар, 2013 оноос өнөөг хүртэл Ерөнхий прокурорын орлогчоор ажилласан.
Б.БАТ-ОРШИХ
Нийслэлийн прокурорын орлогч Б.Бат-Оршихын хувьд мөн л прокурорын байгууллагад ажиллаж ирсэн нэгэн. Увс аймгийн Зүүнговь суманд 1978 онд төрсөн. 1999 онд “Шихихутаг" хууль зүйн дээд сургуулийг төгсч хуульч мэргэжил эзэмшсэн. Удирдлагын академийг 2009 онд төгссөн. Ингээд М.Алтанхуягийг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхад нь туслахаар ажилласан гэдэг. УЕПГ-ын Шүүхэд төлөөлөх хэлтсийн дарга, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт прокуророор ажиллаж байсан гэнэ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Б.Батсуурь түүний ах. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор болоод Б.Бат-Оршихыг Нийслэлийн прокуророор томилсон байдаг.
Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж хуульд заасан. Нэг ёсондоо эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичих, хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэх, байцаан шийтгэх ажиллагааг ерөнхийд нь удирдан явуулах эрхтэй. Эдгээр эрх, үүрэг прокурорын байгууллагыг “хүчтэй" бас хариуцлагатай болгодог. Харин Улсын ерөнхий прокурор бүх шатны прокурорын байгууллагыг толгойлдог. Тэгэхээр энэ албан тушаал хуулийн салбартаа нөлөөтэй том албан тушаалд яах аргагүй тооцогддог учир олны анхаарлын төвд байхаас аргагүй юм.
Г.ЯЛГУУН
Ахмад · 2015/02/07
Өлгөөд авах юм нэг ч алга, Хүн баривчилхад үүрэг гүйцэтгэсний төлөө шагналаар албан ту******л ахисан тэр нэг залуу юучив дээ. Заавал эднээставих юм бол Дэлгэрмаад жоохоон ичих булчирхай, хүнлэг сэтгэл, ёс суртахуун энэ тэр байгаа байлгүй дээ.
Зочин · 2015/02/07
delgermaa ni deer