Өнгөрч долоо хоногийн үйл явдлыг  www.DORGIO.mn сайт тоймлон хүргэж байна. 
 

-Элэг эмтлэм төрх-

Өнөө өглөөнөөсөө эхлэн энэ хүүгийн зураг цахим ертөнцөд цацагдав. Бяцхан жаал өөртөө томдсон гутал, баантажнаас өөр зүйлгүй хоёр жоохон гараараа нүүрээ даран мэгшин уйлж явна. Хаа хүрэх гэж, хэнд ингэтлээ гомдон өвлийн дэн хүйтэнд алхаж байгааг хараад элэг өөрийн эрхгүй эмтэрч, дотор харанхуйлж байна. 

Гадаа хасах 12 хэмийн хүйтэн байгаа энэ үед нүцгэн явах нь бүү хэл хүмүүс малгайгаа өмссөн, ороолтоо зүүсэн хүн таарч буй гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз. 

Харин энэхүү гэрэл зургийг хэн, хаана дарсан нь одоог хүртэл тодорхой бус байгаа юм. Хөөрхий хүүгийн зургийг дарж байхынхаа оронд хүүд тусалж ядаж холбогдох газар нь хүргээд өгчихөж чадахгүй юм аа гэхэд цагдаагийн байгууллагад хүүхэд оллоо гээд аваачаад өгчих сэтгэл гарсангүй бололтой. 

Бид ийм болтлоо хүн чанараа гээж, хөхөө өвлийн хүйтэнд жоохон үрийг нүцгэн гаргаж, замд таарсан нэг нь зургийг нь авч шуугиан дэгдээж байх ч гэж дээ... Зарим нэг нь улстөржүүлдэг зангаараа "Таныг дулаан хөнжилдөө хөлбөрч байхад Монголчууд ингэж амьдарч байна‼ Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдийг хартал нь шэйр" хэмээн лайк даран шэйрлэж байх юм. Уг нь энд хүний эрхийн асуудал сөхөгдөж буйг харахгүй л байгаа нь мөн харамсалтай. 

-Монгол хүн сард 160800 төгрөгөөр амьжиргаагаа залгуулж явна-

Монгол улсын хүн ам 3 саяд хүрч "олуулаа" боллоо хэмээн хөөрцөглөж байгаа энэ цаг үед олон үйл явдал өрнөсөөр байгаа билээ. Үндэсний статистикийн хороо "өссөн, нэмэгдлээ" гэх мэдээг долоо хоног бүр дуулгадаг. Тэгвэл энэ удаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө биш "амьжиргааны доод түвшин" нэмэгдлээ гэв. Үгүй аштай юу байхав.

Гэхдээ л энэ тоог хараад 160800 төгрөгөөр бүтэн 30 хоногийг яаж шуухан залгуулдаг юм бол доо гэсэн бодол эргэлдэв. Өмнөх онд 144500 төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг байж. Харин энэ онд 16300 төгрөгөөр нэмэгдсэн бололтой. Бүүр тодруулбал, “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г бүс нутгаар шинэчлэн тооцжээ. Үүнд, Баруун бүс 164200 төгрөг, Хангайн бүс 167200 төгрөг , Төвийн бүс 164300 төгрөг, Зүүн бүс 160800 төгрөг, Улаанбаатар хотод 185400 төгрөг байна. Амьжиргааны доод түвшинг өмнөх онтой харьцуулахад Баруун бүсэд 12 хувь, Хангайн бүсэд 11.8 хувь, Зүүн бүсэд 11.3 хувь, Төвийн бүсэд 9.8 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувиар нэмэгджээ. 

Чамлахаар чанга атга гэж үг бий. Нэмэгдэж байгаа нь их юм гэж уурсах хүн олон гарах биз. Тэгвэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнс, мах, ногооны үнэ сар болгон л нэмэгдэж өсч байдаг гэдгийг санах нь зөв биз. Махны үнэ л гэхэд нэг долоо хоногт 30 төгрөгөөр өсч байх жишээтэй. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 5840 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7410 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр, үхрийн цул мах 0.3 хувиар буюу 30 төгрөгөөр өсчээ. Өнгөрсөн долоо хоногт үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 60 төгрөг, хонины цул мах 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус өсчээ. Ийнхүү "өссөн" гэх дүн цааш үргэлжилэх түр  ингээд зогсооё. 

-З.Энхболдын хэлсэн “эвгүй” үгс-

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсны дараа хэдийгээр намынх нь ҮЗХ хуралдаагүй ч УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болчихоод байгаа. Тэгвэл З.Энхболд АН-ын дарга болсныхоо дараа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагаас улс төр, эдийн засгийн байдал, М.Энхсайхан болон Тавантолгойн асуудлаар хэлсэн “эвгүй” үгсийг хүргэж байна. 

  • Шинэ сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн тухайд БНХАУ-аас авах тусламжийн мөнгөөр барина. 92 орчим тэрбум төгрөг болж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр бол ямарч шинэ барилга эхлэхгүй байхаар баталсан. Тэр бол хөнгөлөлттэй зээл. Хятадын тал жил бүр 300 сая юанийн тусламжийг таван жилийн турш үзүүлэхээр болсон юм. 2014 онд ногдох 300 саяыг 2015 онд зарцуулах юм. Хаана эмнэлэг, сургууль барих жагсаалтыг одоо Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо гаргаж өгнө 

500 сая, нэг тэрбум гэж хоёр хувааж төлнө. Нэг тэрбум долларыг нь 10 жилийн дараа төлнө, тэр үед эдийн засаг угаасаа томорчих учраас 

  • асуудалгүй төлж чадна. Харин 500 саяыг нь 2017 онд төлнө.
  • Хувийн хэвшлийнхэн авсан зээлээ муугаар бодоход хамгийн багадаа 30-50 хувийг өөрөө төлчихнө. 100 компанид баталгаа гаргаж өглөө гэхэд ядаж 50 хувь нь зээлээ төлчихнө. Гэтэл манай баталгаа бол зээл авсан бүх компани төлж чадахгүй буюу 100 хувь улс төлнө гэж үздэг, тэгээд бүр өнөөдөр төлнө гэж тооцдог, аргачлал л даа.
  • Монгол Улс зээл авахгүй, өр тавихгүйгээр хөгжиж болно. Хэрвээ тэгнэ гэвэл жишээ нь, бид татвараа цуглуулж төсвийнхөө илүү гарснаар барилгажуулаад утааг 10 жилийн дараа арилгана. Гэтэл зээлээр мөнгө босгоод хоёр жилийн дотор утаагаа арилгаад цэвэр агаараар амьсгалах бас нэг хувилбар байна.
  • Авсан зээлээ зөв, буруу зарцуулсан уу гэдэг бол дараагийн асуудал. Жишээ нь, бондын мөнгөөр зам барихыг зөвшөөрсөн. Гэхдээ нэг км зам

барих мөнгөөрөө нэмж хоёр км-ийг бариарай гэсэн. Зам барих компани хоёр км-ийг нь зээл аваад илүү урт зам бариарай гэсэн зорилт 

  •  биелэгдээгүй.
  • Гэхдээ мөнгө нь бол байгаа шүү дээ. Хөгжлийн банк бондын мөнгийг бизнесийн төсөлд өгөх гэж үзсэн.
  • Сая УИХ Гацууртын ордыг ашиглахыг зөвшөөрлөө. Энэ бол 70 тонн алт. Зах зээлийн өнөөдрийн үнэлгээгээр 70 тонн алт бол 2 тэрбум 100 сая доллар. Хэрвээ ганц Гацууртыг ордыг л бүтнээр нь ашиглачихвал Чингис бондын мөнгөө бүтнээр нь төлнө гэсэн үг. Гэхдээ 70 тонн алтыг хоёр жилийн дотор бүгдийг нь гаргаж чадахгүй л дээ. Цаашид энэ мэтээр “Алт хөтөлбөр”-өө сайн явуулбал 500 сая долларын өр бол нэг их хүндрэл биш, төлчихнө.

Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зар 

  • хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй.
  • М.Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна.
  • Манай талаас харахад зарим нэг хүн л шүүмжлээд байгаа болохоос энэ гэрээгээр цаашаа явахад болохгүй юм ерөөсөө байхгүй.
  • Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Өөрчлөх, үгүйгээ энэ ондоо багтааж шийдье гэж байгаа.
  • Цаашид хамтарсан бусад зорилгодоо хүрэхийн тулд миний зүгээс УИХ-ын даргын хувьд боломжит бүх гарцыг ашиглана.
  •  Ер нь бол энэ онд эдийн засаг сайжрахгүй.

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын онцлох ишлэлүүдийг хүргэлээ. Ямартай ч энэ онд эдийн засаг сайжрахгүй хэмээн дүгнэж байгаа аж. 

П.Туул /Эх сурвалж: www.info.mn/

-Занданшуулсан шарил Содномдаржаа уулын оройд байдаг Цорж Санжжавын шарил гэв-

Сүүлийн өдрүүдэд занданшуулсан шарилын талаар мэдээлэл цацагдаж олны анхааралыг ихэд татаж байгаа билээ. Энэхүү Занданшуулсан шарилыг Нийслэлийн СХД-ийн есдүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжинд суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил байхыг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн. Одоогоор уг шарилыг Шүүх шинжилгээний хүрээлэнд хадгалж байгаа юм.

Тэгвэл уг занданшуулсан шарилыг бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон гэв. Тэрбээр “Занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байсан юм" гэлээ. 

Уг занданшуулсан шарилын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагын шалгалт дууссаны дараа өгөх юм байна. 

Гэсэр лам болон түүний шавь Цорж Санжжав нарын бунхан Архангай аймгийн Тахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг аж. Энэхүү уул нь сумын төвөөс 50 орчим км зайтай, Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул юм байна. Нийслэлээс хэн нь үл мэдэгдэх занданшуулсан шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн Архангай аймгийг зорьсон байна. Ингээд бунхан хадгалагдаж буй ууланд очиход Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсныг нь тогтоожээ.

Сүүлийн өдрүүдэд уг шарилын талаар олон таамагийг дэвшүүлээд байгаа. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралын төвд орсон. Энэ сарын 04-ны өдөр  BBC агентлаг “Монголоос олдсон занданшуулсан лам "бүрэн амьсгал хураагаагүй" гэх гарчигтай  нийтлэлийг олон нийтэд хүргэсэн.

Энэхүү уул нь сумын төвөөс 50 орчим км зайтай, Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул юм байна.

-“Чонон сүлд” кинонд тоглосон жүжигчин Р.Анхням эх орондоо ирлээ-

Манай жүжигчид дэлхийд данстай болж байна. Саяхан жүжигчин Б.Амарсайхан Холливудэд хөл тавьж “Марко поло” кинонд Аригбөх хэмээх монгол баатрын дүрд тоглосон билээ. Тэгвэл энэ удаад жүжигчин Р.Анхням Хятадын зохиолч Jiang Rong-ийн зохиол Оскарын шагналт францын найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” кинонд тоглоод эх орондоо ирлээ.

Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннауд манай улсад одоогоос 3 жилийн өмнө хүрэлцэн ирсэн юм. Түүний ирсэн гол зорилго нь Монголоос өөрийн шинэхэн уран бүтээлийн гол дүрийн эмэгтэй жүжигчнийг шалгаруулах байсан гэдэг. БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт кино хийх гэж буйгаа дуулгасан. Тэгвэл уг шалгаруулалт жүжигчин Р.Анхням шалгарсан юм. Киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглосон.

Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням. Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кино ирэх энэ сарын 04-нд нээлтээ хийсэн юм. 

Оскарын шагналтай найруулагчийн найруулсан "А" зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээсэн түүнийг өнөөдөр  Монголын тайз, дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбооны гишүүн жүжигчид угтан авч хүндэтгэл үзүүллээ.

-Ажлын цагийн шинэ хуваарийг 16-наас эхлэн мөрдөнө-

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулжээ. Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө. “Эрх шилжүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны 393 дугаар тогтоолоор “Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Засгийн газрын энэ шийдвэрийг үндэслэн ийм төсөл боловсруулснаа нийслэлийн удирдлагууд энэ сарын 4-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа

-Хулгайч нарын “хувьсгал” буюу дархлагдсан хулгайч байлгах бодлого-

/Өршөөлийн буюу ил тод байдлын хууль гэгчийн цаад талд.../

Өнөөгийн манай төр засгийн “бодлого”-ыг “Хулгайчийн бодлого” буюу хулгайчийн сэтгэл зүйд хөтлөгдсөн бодлого гэж, ер нь 1990 оны “Ардчилсан хувьсгал” гэдгийг Монголын ард түмний итгэл сэтгэлээр тоглосон “хулгайч нарын хувьсгал” гэж албан ёсоор оноон нэрлэж түүхэнд тэмдэглэх нь, энэ нэрээр ярьж, бичиж хэвших нь илүү оновчтой, зөв тодорхойлолт болох биз ээ.

Хулгайчийн хүсэл эрмэлзлэл сэтгэл зүй ямар байдаг юм бэ? гэж асуух хүн гарахгүй байх. Мэдээж хулгайч гэдэг бол 1-рт яаж ч эвдлэн сүйтгэх бай хамаагүй, хичнээн хүний амьдралыг хохироогоод ч хамаагүй бусдын юмыг завших, 2-рт түүнийхээ төлөө ямар нэг ял шийтгэл хүлээхгүй байх гэсэн хоёр л хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Би хулгай хийчихлээ, бусдыг хохироочихлоо, тиймээс ял шийтгэл хүлээе гэж хэлсэн хулгайчийг та үзсэн үү?! Үгүй. Харин ч хулгай хийсэн гэмт хэргийнхээ төлөө ямар нэгэн ял шийтгэл эдлэхгүйгээр “дархлагдах” хүсэл эрмэлзлэл бол хулгайч, гэмт хэрэгтний л ганц хүсэл. Хулгай луйвраа монголын ард түмний төлөө хийсэн гавъяат үйлс мэтээр “дэмийрэх” нь тэдний сэтгэл зүйн онцлог юм.

Үүнийг өмнөх нийгмийн үед Монголын ард түмний бүтээн бий болгосон их хөрөнгийг өмч хувьчлал нэрээр хэдэн хулгайч, луйварчин хуваан завшихдаа Улс орны эдийн засгийн үндсийг бүгдийг нь бүрэлгэн сүйтгэсэн жишээнээс та бид тодорхой мэдэх билээ.

Тэр л хулгайлах сэтгэлгээ, хулгайч нарын хүсэл сонирхлыг төрийн бодлого хэмээн бид андуурсаар өнөөдрийг хүрлээ. Одоо бүгдээрээ эрүүл ухаанаар эргэцүүлээд харцгаая! Тухайлбал өнөөдөр эдийн засгийн өршөөлийн хууль буюу ил тод байдлын тухай хууль гэгч улс оронд ямар хэрэгтэй талаар хулгайч луйварчид яаж солиорч байгааг хар л даа. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын бичсэн “Ил тод байдлыг дэмжих хуулийн эргэн тойронд ...” гарчигтай нийтлэлд “Манайд өмнө нь  гарсан Татварын өршөөлийн хоёр ч хуульд ААН, хувь хүн, аль алиныг нь 100 хувь хамруулж чадаагүйгээс олон боломжоо алдсан. Нэг үе эдийн засаг 17 хувь хүртэл өсөхөд өршөөлд хамрагдаагүй этгээдийн орлого хоёр дахин багасч, нэг тайлан баланстай болж хамрагдсан хүмүүс санхүүгийн эрх чөлөөгөө эдлээд орлого нь 3-5 дахин нэмэгдсэн. Тэр үед дөрвөн тэрбум ам.доллар ил гарсан. Ингэснээр эдийн засаг өссөн.” гэж ёстой л ичих булчирхайгүй худлаа залсан бол мөн “Өглөөний сонин”-д хэвлэгдэж, цахим хуудсуудад тавигдсан “Өршөөлийн хууль эдийн засгийн хямралаас гарахад ихээхэн тус хvргэсэн” гарчигтай үгүүлэлд “2007 оны татварын өршөөлийн хууль 2009 оны санхvvгийн хямралыг давахад ихээхэн тус болсон. Тухайн vед ... төрийн “ивээлийг” хvртэн, vvцээ задалж, дөрвөн тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тvvхтэй” гэж санаан зоргоороо буржээ. Нэрнийхээ өмнө “Урбаник” гэх тодотголтой байгаад сүүлдээ “урваа-1“ гэж “цоллуулах” болсон Б.Лхагважав гэгч энэ этгээд телевизийн ярилцлагад ч энэ л үгээ ярьж байсан бөгөөд өмнөх өршөөлийн хуулийг санаачлан зүтгүүлэгч нь байлаа. “Амташсан хэрээ 13 эргэдэг”-ийн үлгэр энэ биз ээ.

Энэ этгээдийн батлаж байгаагаар бол хулгайч нар энэ нөхөрт “би тэдийгээ гаргалаа” гээд нуун дарагдуулсан орлогын мөнгөө үзүүлэн, баталгаа баримтаа гаргаж өгч, бүртгүүлж байсан болж таарлаа. Өөрөөр хэлбэл татвараас зайлсхийж элдэв хууль бус аргаар мөнгө олдог хулгайч нарын нэгдсэн санхүүг Б.Лхагважав гэгч энэ этгээд барьж байдаг юм уу, хянаж байдаг “овгор нь” бололтой юм байна. Ямар ч статистик мэдээлэлд байхгүй ийм тоог ганцхан тэр л сайн мэдээд яриад байгааг өөрөөр ойлгох аргагүй юм.

Түүнээс гадна 2008 оны 7 сарын 01-ний хэрэг явдлын дараа С.Баяр гэгч хар мөртэй этгээдийн өөрийнх нь нэрлэснээр “стандарт бус” гэх МАНАН бүтцийг бий болгосны үр дүнд “Оюутолгойн гэрээ” гэгчийг байгуулан Рио Тинтогоос урьдчилж авсан долларыг тарааж бужигнуулснаар 2009 онд эдийн засаг сэргэсэн мэт дүр зураг харагдсаныг Б.Лхагважав өршөөлд хамрагдсан хулгайч нарын ил гаргасан мөнгөөр “эдийн засаг хямралаас гарсан” гэж донгосож байгаа нь харин ч бүр эсрэгээрээ тайлбарлагдана.

Түүний хэлсэнчлэн хулгайч нар өршөөлийн хуульд хамрагдсанаар нууж байсан доллараа эргэлтэнд оруулж орлогоо 3-5 дахин өсгөсөн юм бол тэр нь тараагдсан “буяны” мөнгийг богино хугацаанд иргэдийн гар дээрээс ховх сорон өөрсдөдөө хуримтлуулж эдийн засгийн эргэлтийг зогсоон хямруулах үр дагаврыг бий болгожээ гэж дүгнэж болно. Учир нь эдийн засгийн хямрал гэдэг бол хөрөнгө мөнгө усанд уусаж, агаарт шингээд алга болчихож байгаа хэрэг биш харин цөөнхөд төвлөрч хуримтлагдсанаар эдийн засгийн гүйлгээний эргэлт зогсох төлөв байдалд шилжиж байгаа үзэгдэл гэдгийг нийгмийн олонхи өнөөдөр ойлгодог болжээ.

Капиталист байтугай Империалист гүрнүүд ч үүнээс сэргийлж, монополийг задлахыг /өнгөн талдаа ч болов/ зөвшөөрөн хуульчилсан байдаг билээ.  
Гэтэл манай хэдэн луйварчин Монголын баялагийг худалдаад, бас өр тавьж өдий төдийгөөр нь зээл авчихаад, тэр их мөнгийг хууль бус элдэв аргаар хэдүүлхнээ хурааж завшдаг, тэгснээр эдийн засаг хямарч нийгмийн олонхи болсон жирийн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад луйварчид нь улсаасаа илүү баян чинээлэг болсноо дэлхий дахинд зарлан тунхаглаж байдаг болсныг бид харсаар байгаа.

Үнэхээр өршөөлийн хуулийн үр дүнд эдийн засаг сэргэсэн, эрүүлжсэн юм бол өнөөдөр дахин өршөөлийн хууль гаргах шаардлагагүй болж, татвараас зайлсхийсэн, эдийн засгийн гэмт хэрэг үгүй болсон л байх байлаа. Гэтэл эрүүлжих, засрах нь байтугай өршөөлд хамрагдах эдийн засгийн хууль бус үйл ажиллагааных нь төрөл олширч, хүрээ нь тэлснийг уг хуулийн төслөөс харж болох байна.     

Чухам тэгээд ямар хэргүүд өршөөгдөхөөр туссаныг сонинд нийтлэснээс нь лавлаж үзвэл “...Эдийн зас¬¬гийн өршөөл vзvvлэх тухай хуулийн төсөлд тусгаснаар Эрvvгийн хуулийн 158 дугаар зvйлийн Vнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих, 158.1-ийн Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих, 159 дvгээр зvйлийн Аудитын тухай хууль тогтоомж зөрчих, 161-ийн Хориглосон vйлдвэрлэл, vйлчилгээ, худалдаа эрхлэх, 166-ын Татвар төлөхөөс зайлсхийх, 168-ын Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах, 175-ын Эд зvйлийг хууль бусаар хил нэвтрvvлсэн, 175.1-ийн Хориглосон буюу хязгаарласан эд зvйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, тvvнчлэн их хэмжээний валют, валютын vнэт зvйл, эрдэнэс, эрдэс, тvvнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрvvлсэн гэсэн зvйл заалтуудыг зөрчсөн этгээд энэхvv өршөөлд хамрагдах боломжтой.” гэжээ.

Эндээс харвал “чи хөрөнгө мөнгөтэй болохын тулд “эдийн засгийн” гэсэн “хаягтай” ямар ч гэмт хэрэг хийхээс айх хэрэггүй” гэж уриалах шиг! Харж байгаа биз. Бүр “их хэмжээний валют, үнэт зүйл, эрдэнэс, эрдэс байгалийн төрцийг ...” улс орноосоосоо хулгайлан авч гадагш гаргасан этгээдүүд өршөөлд хамрагдана гэнэ шүү! Үүнийг санаачлагчид Монгол улс Монголын ард түмэнд ямар их өширхөн хорсоно вэ?!

Хуулиа дээдлэн мөрдөж, нийгэмд бүтээлч хөдөлмөрөөрөө хувь нэмрээ оруулан татвараа төлдөг нийгмийн шударга хэсэг нь арай ядан оршин тогтож, зарим нь ч дампуурч байхад, харин хууль бус үйл ажиллагаа явуулж, орлогоо нууж, татвараас зайлсхийж, өөрөөр хэлбэл дусал усны төдий ч хувь нэмэр оруулахгүйгээр барахгүй улс нийгэмд их хэмжээний хор хохирол учруулан, өөрийн хөрөнгөө арвижуулагч хулгайч, луйварчин нөгөө хэсэг нь ийнхүү “төрийн ивээл” хүртэн байсхийгээд л “нэг удаагийн” өршөөлийн хууль гэгчид хамрагдан, хууль бус үйл ажиллагаандаа хариуцлага хүлээхгүй, татвар төлөхгүй байх эрхээр тасралтгүй хангагдаж байдаг “дархлагдсан хулгайч”-дын нийгэм байгуулах бодлого гэхээс өөрөөр хэрхэн ойлгох билээ.  

“Ард түмнийхээ сонголтыг сонсоно” хэмээн хичнээн уран гоё үг хэрэглэсэн ч гэлээ Америкийн кинонуудад гардаг шиг хэн нэгний толгойд буу тулган “Мөнгөө өг, эсвэл үхлээ сонго” гэх дээрэмчний заналхийлэлтэй утга адил сонсогдох “Эсвэл Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд зэргийг зарах эрхийг надад өг, үгүй бол та нарын хэрэглээг хасна” гэсэн балмад увайгүй тулгалтыг ард түмэндээ хийж, хууль бус санал асуулга гэгчийг явуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль бусаар ашиг орлогоо арвижуулагчдаас татвар авахыг татгалзсан “өршөөлийн хуулийн төсөл” гэгчийг УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан нь Улс орны эдийн засгийг сэргээх биш, харин улс орон, ард иргэдээ цөлмөн дээрэмдэх луйварчны санаа зорилго агуулж байгааг ил тодорхой харуулж байна бус уу?!  

Одоо бүр нэмээд казиногийн хууль гэгчийг батлан гаргаад газар газрын хөлтэй луйварчдыг цуглуулан монголын ард түмнээс хулгайлсан луйвардсан бүхнээ казиногоор дамжуулан угаадаг, казиночдоор дамжуулан гадагшлуулдаг болох юм биз дээ! 

Улс орны эдийн засгийг сэргээхэд Ерөнхий сайдын ухаан даанч хүрэхгүй 3 дахь арга зам бол татвараас зайлсхийсэн гэмт хэрэгтнүүдийг өршөөх бус харин нуусан татварыг нь хуулийн дагуу татан авснаар ямар ч ордыг зарахгүйгээр, гадны ямар ч хөрөнгө оруулагчийг царайчлахгүйгээр ард иргэдээ хангалуун сайхан амьдруулж хүрэлцэх билээ. 

     
О.Лхагвадорж /Эх сурвалж: 
www.sonin.mn/

-Аюулын харанга дэлдсэн "ХАЧИГ"

Баярын үеэр хоол хүнсний аюулгүй байдал алдагдах магадлалт өндөр байдаг. Бидний эрүүл амьдралын эх үндэс нь хоол хүнс гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэгвэл сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал алдагдсан. Импортын хүнсний бүтээгдэхүүнээс өт, хачиг зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зүйлс илэрлээ хэмээхэд гарч ирэх ёстой зүйл гараад ирчихсэн юм шиг хээвнэг тоохооргүй болсон.

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр дөхөж байгаа энэ үед худалдаанд байгаа алимнаас гачиг илэрчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Цагаан сар–Таны оролцоо” аяны хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төв, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийсэн байна. Уг шалгалтын үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлон оруулж ирсэн алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд жимсний улаан хачиг илэрсэн аж. Хачигтай алим худалдаалж байсан газарт нь ариутгал  хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ.

Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо.

ХАЧИГ-тай алимыг таних арга: Алимны ишний хонхор хэсэгт гачиг нь байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох хэрэгтэй гэдгийг анхааруулья.

Чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь таны эрүүл мэндэд тустай. 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа