Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгийн ахлагч, “Шудрага ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй ажлын хэсгийн боловсруулж буй төслийн тухай мөн өнгөрсөн болон одоогийн нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар ярилцлаа.

УИХ-ын даргын 60-р захирамжаар ажлын хэсэг байгуулагдсанаас хойш нилээд урт хугацаа  бараг жил өнгөрлөө, энэ хугацаанд ажлын хэсэг юу хийж амжуулав? Төсөл бэлэн болж байна уу?

Өнгөрсөн хугацаанд бид нилээд их ажил амжууллаа. Уг ажил нь маш их өргөн цар хүрээг хамарсан, олон хүнийг татан оролцуулсан ийм ажил юм л даа. Ачааны хүндийг ажлын дэд хэсэг болох доктор Энхбайгаль захиралтай “Үндэсний хөгжлийн хүрээлэн”-гийн эрдэмтэд, судлаачид голлон үүрч байна.  Мөн бүх яамдаас салбарынхаа бодлого төлөвлөлт хариуцсан дарга нар дэд ажлын хэсэгт орж байгаа. Бид бүрэн бүрэлдхүүнээрээ хэд хэдэн удаа, ажлын дэд хэсгийн хүрээнд бол байнга цуглаж ажиллаж байна. Үндсэн ажлын хэсэгт нилээд хэдэн гишүүд орж ахлагчаар нь 3 бүлгийн дарга томилогдсон юм. Эхний ээлжинд салбар болгон дээр байгаа янз бүрийн мастер, ерөнхий, стратеги төлөвлөгөө, үзэл баримтлал, хөтөлбөр гэсэн нэртэй төрөл бүрийн бодлогын баримт бичгүүдийг цуглуулж дүн шинжилгээ хийлээ. Үнэндээ заримы нь хагас хугас дагаж мөрддөг заримы нь бараг батлаад мартчихсан бодлогын бичиг баримтууд ч байна. Өөрөөр хэлбэл хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгалаа гэсэн үг юм.  

Монгол улс яг ямар хөгжлийн баримт бичгийг мөрдөж явдаг юм бэ? Зүгээр л ардчилал, зах зээл хөгжүүлж байгаа гээд яваад байж болохгүй биз дээ?

Яг үнэн. Үнэндээ зах зээлийн эдийн засагт төр оролцохгүй байхад “далд гар” зохицуулаад аяндаа хөгжчихдөг юм шиг гэнэн төөрөгдөл дунд нэг хэсэг явсан, зарим нь ч зориуд тийм үзэл суртал их явуулсан. Иймээс тооцоо судалгаагүй маш олон үндэсний болон салбарын бодлогын бичиг баримтууд баталсан боловч үр дүнгээ өгсөн нь тун тааруу байна. За жишээ авч ярья. 1991-2013 оны хооронд 480 гаруй боддлогын бичиг баримт баталснаас одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа нь 190 байна. Хамгийн тоймтой том нь Монгол Улсын Хөгжлийн үзэл баримтлал 1996-2015 он, XXI зууны Тогтвортой хөжглийн хөтөлбөр 1998-2021 он, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2008-2021 он гэсэн энэ гурван баримт бичиг байгаа юм. Үндэсний хөгжлийн цогц бодлогод бид сая иж бүрэн үнэлгээ хийлээ. Батлагдсан хугацааны тал нь өнгөрч байхад харамсалтай нь хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төвөлгөөнд тусгагдсан нийт 523 арга хэмжээний 37 нь шалгуур үзүүлэлт, 122 нь хүрэх үр дүн “үйл ажиллагааны хэрэгжилтээр”, “хэрэгжилтийн үр дүнгээр” гэж томъёологдсон бол 35 нь хүрэх үр дүн огт тодорхойлогдоогүй, бодлого болон цаг хугацааны хувьд харилцан уялдаагүй байна. Харин “цогц” гэсэн үг нь их зөв томъёолол болсон байгаа юм.

Тэгэхээр энэ бодлогын бичиг баримт огт үр дүнгээ өгсөнгүй гэсэн үг үү? Тэгээд бид нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогоо яаж авч явдаг юм бэ?

Шууд үгүйсгээд бас хэрэггүй. Ямар ч байсан өнгөрсөн он жилүүдийн нийгэм эдийн засаг, явуулсан бодлого үйл ажиллагаандаа сайн анализ хийж “Юу болоод өнгөрөв өө” гэдгээ  гаргаад тавих хэрэгтэй Ингэж байж дараачийн бодлогын бичиг баримтыг илүү чамбай хэрэгжих үндэстэй боловсруулж гаргаж чадна. Ер нь бол дунд урт хугацаанд хатуу мөрддөг хөгжлийн бодлогогүй байгаа нь олон хүндрэл, замбараагүй байдлыг бий болгож байгаа. Жишээ нь эдийн засгийн макро үзүүлэлтийн гол тоонууд гэхэд Сангийн яаман дээр нэг өөр, Монгол банкин дээр бас өөр тоотой, Статистик дахиад өөр тоо хэлдэг, ингээд зөрүүтэй тоон дунд нь Их хурал учраа олохгүй хэрэлдэж суудаг шүү дээ. Одоо цогц бодлогын анализ, үнэлгээгээ цааш нь үргэлжлүүлье л дээ. Ер нь бид хоёрын ярилцлага баахан тоо, хөгжлийн төлөвлөлт, асуудал тойрсон албархаг үгээр дүүрэн жаахан уйтгартай л ярилцлага болно доо, зүгээр биз?(инээв)

Санаа зоволтгүй ээ, харин ч хөгжил, бодлого гэсэн энэ чухал сэдэв хөндөж  асуудал гардан хариуцаж байгаа хүнтэй ярилцаж байхад тоо баримттай тусмаа сайн. Тэгээд цааш нь үргэлжлүүлэх үү?

 Өдгөө цагт чинь хөнгөн жанрын, шуугиулсан ярилцлага, мэдэгдлүүдээр дүүрэн болчихсон, тэдгээртээ олон нийт дасах маягтай байгаа учраас тэгж байна л даа. Чухал сэдвээр албаны дүртэй юм ярьвал “энэ нэг донгио нөхөр юу гээд байгаа юм” гэх хандлагатай юм билээ ш дээ. За за тэгвэл гол яриа руугаа эргэж оръё. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого нь стратегийн 105 зорилт, дэд 436 зорилтоос бүрдэж, дундажаар нэг яаманд 26-аас 27 дэд зорилт ноогдож байгаа юм. Үндэсний хөгжлийн цогц бодлогын 105 стратегийн зорилтыг хэрэгжилтийн байдлаар нэгтгэн үнэлбэл: Стратегийн 32 зорилт нь биелэх боломжтой буюу 30,5 хувь, 62 зорилт нь дахин нэмэлт ажил хийж байж, дахин санхүүжилт гаргаж байж хэрэгжих боломжтой буюу энэ нь 59 хувь, 10 зорилт нь огт биелэх боломжгүй буюу 9,5 хувь, 1 зорилт нь бүрэн биелсэн буюу 1 хувийг тус тус эзэлж байна л даа. Ингээд харахад 70 орчим хувь нь хэрэгжээгүй юм уу, хэрэгжих боломжгүй байгаа юм.

Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудын хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтааныг манай ажлын хэсэг дараах байдлаар дүгнэж байгаа юм л даа. Үндэсний хөгжлийн цогц бодлогын ач холбогдлын зэрэглэл тодорхойгүй, анхнаас нь системгүйгээр боловсруулсан, бодлогын гол чиглэлүүд өөр хоорондоо уялдаагүй, гол чиглэлүүдийн эрэмбэ тодорхойгүй, стратегийн зорилт, дэд зорилтод ангилахдаа хэт жижиглэж, олон хуваасан, орлого нэмэгдүүлэх, чадавхиа бүрдүүлэх, эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх зорилтуудад эхэлж анхаараагүй, бодлогын томьёолол нь богино, дунд хугацааны зорилттой ижил, статистик үзүүлэлтийг хэт шүтэж боловсруулсан, хэрэгжүүлэх арга замын сонголтыг тусгаагүй гэж үзсэн. Дээр нь миний хувийн дүгнэлт манай өнөөдрийн хэт улс төржсөн, аль ч шатанд засаглал хөлөө олж жигдрэхгүй байгаа байдал их нөлөөлсөн.

Салбар бүрээр бас баахан бодлогын баримт бичгүүд байдаг тэдгээрийн хэрэжилт ямар байдаг бол?

Нийт салбарыг хамарсан 118 бодлогын баримт бичиг байгаа юм Ихэнхи нь хөрөнгө төсөв санхүүтэйгээ уялдаагүй, хэрэгжүүлэх хүн хүч зохион байгуулалт нь тодорхой бус, салбар хоорондын уялдаа муу, хүрэх үр дүн, зорилт, шалгуур үзүүлэлтүүд нь ойлгомжгүй ийм л “цааснууд” гаргасан байгаа юм Товчхондоо зарим салбарын төсөл хөтөлбөрүүд бол мөрөөдлийн жагсаалт байгаа. Зарим салбарын бодлого хөгжлийн үндсэн чиглэлтэйгээ уялдахгүй зүйл ч их байна.  .Жишээ нь Ус үндэсний хөтөлбөр, Монгол мал үндэсний хөтөлбөр, Биен тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого гэх мэт ер нь тоочоод байвал сонины зай талбай хүрэхгүй юм болно. Бид бас өнгөрсөн хугацаанд хөгжлийн урт хугацааны бодлогын харьцуулсан шинжилгээ, Монгол улсын нийгмийн үзүүлэлтүүдийн шинжилгээ, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын шижилгээ, байгаль орчны өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ зэргийг тус тус хийлээ. Тус бүрдээ нэг нэг ном гарсан гэсэн үг. Манай эрдэмтэд үүн дээр их хүч гаргаж сайн ажилласан. Их хурлын дарга ч цалин урамшууллын зарим нэмэлт санхүүжилт шийдэж өгсөн.

  •  Та бүгдийн гаргасан энэ анализ шинжилгээнүүдээс үүдээд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, өсөлтийн цаашдын төлөв, хандлага хэр байна вэ?

Улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар бүтээмж багатай, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сул, цөөн тооны салбар болон зах зээлээс хамааралтай, бие даасан байдал суларсан, эдийн засгийн бодлого судалгаа, үндэслэл багатай, цөөхөн тооны компаниас хамааралтай, өсөлт нь бодитой биш, зарим бүтээгдэхүүний гадаад зах зээл дээрх түр зуурын үнийн өөрчлөлтүүдээс хамааралтай байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 19.0 их наяд төгрөг, гадаад өр ДНБ-ны 55.0 (оны эцэст 58,3 хувьд хүрнэ)хувьтай, нэг хүнд ноогдох ДНБ 3344 доллар, инфляци 13,2 хувь, валютын ханш 1990 төгрөгт хүрсэн ийм л байдалтай байна. Одоо үүссэн эдийн засгийн бэрхшээлээ Ерөнхий сайд хямрал гэж зарлаад шалтгааныг нь төлбөрийн болон төсвийн тэнцлийн хосолмол хямрал гээд байгаа шүү дээ. Монгол банк ч тэгж дүгнэсэн байгаа. Цаашдын төлөв хандлагын хувьд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарсан хэвээр байх төлөвтэй, импортоос хараат салбаруудын өртөг өндөр байгаагаас шалтгаалан хуримтлал бий болгох байдал муу, санхүүгийн салбар сул дорой, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, банкны салбар мөнгөний урсгалд дангаар ноёрхсон, зөвхөн хадгаламж, зээл, үл хөдлөх хөрөнгө нь хуримтлалын гол хэрэгсэл болсон ийм байдалтай байна.  Мөн Монгол банкны бодлогын хүү жил ирэх тусам өсч, мөнгөний хатуу бодлого нь экспорт, үйлдвэржилт, хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна.

  • Тэгэхээр эдийн засгийнг хямрааж буй асуудлыг шийдэж, эдийн засгийн үндсэн тэнцлүүдийн уялдаа холбоог сайжруулж тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоход  урт хугацааны бодлого төлөвлөлтийг яаж хэрэгжүүлэх ёстоя вэ? Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу? Мөн Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдлыг бууруулж буй хүчин зүйлс юу байна вэ?

Эдийн засгийн үндсэн тэнцлүүдийн уялдаа холбоог сайжруулах замаар өсөлтийг бий болгоход урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөд дунд хугацааны төлөвлөлтийг нийцүүлэх, дунд хугацааны төлөвлөлтөд богино хугацааны төлөвлөлтийг нийцүүлэх, төсвийн шинэчлэлийг хөгжлийн бодлого төвлөлтөд уядуулах, сангийн бодлогын шинэчлэлийг хөгжлийн бодлого төлөвлөлтөд болон  төлөвлөлтийг тухай бүрт нь хөгжлийн бодлоготой нийцэж байгаа эсэхийг хянаж уялдуулах зэрэг арга хэмжээ авах ёстой гэж манай эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг бууруулж буй дотоод хүчин зүйлд эдийн засгийн бодлогын уялдаа сул, төсвийн зарлагын хэлбэлзэл, өсөлт их, экспортын сагсны цөөн бүтээгдэхүүнтэй, цөөн зах зээлээс хараат байдалтай, салбар хоорондын уялдаа сул, импортын хараат байдал ихтэй зэрэг юм. Мөн эдийн засагт тогтвортой мөрддөг, ашиглагддаг урт хугацааны төлөвлөгөө, хөтөлбөр байхгүйгээс төсвийн дунд хугацааны төсөөлөл нь засгийн газрын мөрийн хөтөлбөр, зарим бүтээгдэхүүний гадаад зах зээлийн ханшаар баримжаалсан ихээхэн савалгаатай байгаа юм. Нийгмийн халамжийн эдийн засаг дахь нөлөөг судалж тооцоогүй, улс төрийн сонгуулийн амлалтад хөтлөгдөж байдгийн муу урхаг бас их байна. Энэ нь зардлын өсөлт нь байнга орлогын өсөлтөөсөө давж байгаагаар жишээ болгож хэлж байна л даа. Гадаад хүчин зүйлд нь Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, худалдан авагчийн сонирхол гэсэн хүчин зүйлүүд илүү жин дарж байна.

  •  Одоо Та бүгдийн гаргасан нийгмийн үзүүлэлтүүдийн анализаар салбаруудад байдал ямар байгааг сонирхоё. Боловсролын системийн шинэчлэл, сургууль цэццэрлэгийн тоо дутмаг байгаа талаар өдөр бүр ярьж, бичиж байна. гэтэл яагаад төр засгийн зүгээс энэ асуудлыг анхаарахгүй байна гэж гайхах хүмүүс олон байна л даа? Мөн дээд сургууль төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжих юм уу, эсвэл ниймийн ажилтан болно гэж 4 жил мөнгөө төлж сурчихаад дэлгүүрт кассчин хийж байх жишээтэй, үүнийг яах вэ?

Улсын хэмжээнд 2011-2012 онд 879 цэцэрлэг байсан бол 2 жилийн дотор буюу 2013-2014 оны хичээлийн жилд 1067 болж нийт 188 цэцэрлэг шинээр байгуулагдсан. Гэвч нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 30 гаруй хувь нь гэртээ өнжиж байна. Их дээд сургууль төгсөгчдийн тоог авч үзвэл сүүлийн 3 жилийн дундажаар жилд 37 орчим мянган хүн төгсөж байна. Төгсөгчдийн 37 орчим хувь нийгмийн ухаан, 30 орчим хувь худалдаа, бизнес, үйлчилгээ, 10 орчим хувь инженер, 9 хувь анагаахын чиглэлээр төгсөж байна. Эндээс харахад бас л төлөвлөлтгүй, урт хугацааны бодлогогүй явж байгаагаас үүдэлтэй хүндрэлүүд л харагдаж байна шүү дээ. Хүн амын шилжилт хөдөлгөөн, ирээдүйн зах зээлийн эрэлт зэргийг тооцож байгаа юм ерөөсөө байхгүй байна. Дээр дурьдсантай адил бас л балансын хямрал. Жишээ нь өнөөдөр сонинуудын зарыг хар л даа өндөр зэрэглэлийн гагнуурчин , юмуу барилга уул уурхайн инженерүүд бол маш хэрэгтэй байгаа. Ер нь бол инженер, техникийн ажилтнууд олноор бэлтгэх хэрэгтэй байна.

Монгол улсын хүн ам 3 сая боллоо. Хүн амын цэвэр өсөлт ямар байдаг юм бол? Төрөлт нас баралтын харьцаа болон дундаж наслалт ямар байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлтийн хувь нэмэгдэж байгаа, хүн ам жилд 2.2 хувиар өсч байна.1000 хүн амд ноогдох ердийн цэвэр өсөлт 2013 онд 21.6 байсан бол 2014 онд 22.6 болж  нэмэгджээ Нийт нас барсан хүний 60.1 хувь нь эрэгтэй, 39.9 хувь нь эмэгтэй байна. Нийт нас баралтын 3979 тохиолдолд буюу 24.6 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд үүнээс 25.9 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 2013 онд 69.11 болж, эмэгтэйчүүдийнх 75.01, эрэгтэйчүүдийнх 65.42 болсон байна. эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр илүү байгаа бөгөөд дэлхийн дундажаас 2.5 дахин их байна гэсэн судалгаа гарсан. .Яг энэ сүүлийн тоо бол үнэхээр анхаарал татаж байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрөө 10 жил байна гэдэг бол эрчүүд рүүгээ харсан боловсрол олгох, ажлын байрны асуудал шийдэх, эрүүл мэндийн эрэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх төвүүдийг нээх, бие бялдарын үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх, армийн нэр хүндийг өргөх гэх мэт олон талтай иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болсныг харуулж байна. Энэ чигээрээ цааш үргэлжилвэл хүйсийн тэнцлийн хямралаас үүдэлтэй үндэстэн орших эс оршихийн тухай асуудал босч ирэх болно. Энэ дашрамд дуулгахад энэ чиглэлээр төрийн бодлого гаргахаар миний бие ажлаа төлөвлөж байгаа. Санал нэгдэж буй судалгааны байгууллагууд болон энэ ажилд хувь нэмрээ оруулахыг хүссэн хэн ч миний парламентийн майл хаягаар хандаж болно оо гэдгээ хэлье.

 

Эрүүл мэндийн салбарын хөгжил, салбарын боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг нь тухайн салбарын хөрөнгө оруулалт, төсөв хөрөнгийн хувиарлалтаас шууд хамааралтай байх нь эргэлзээгүй юм. Ер нь олон улсын практикт ямар байдаг юм бол?

Монгол улс дэлхийд 1000 хүнд ногдох эмчийн тоогоор 52-т, 10 000 хүнд ногдох сувилагчийн тоогоор 85-т, эмнэлгийн орны тоогоор 28-д байгаа боловч эрүүл мэндийн төсвийн зарлагын нийт улсын төсөвт эзлэх хувиар 140-д орж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлагад эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 2010 онд 8.1 байсан бол 2012 онд 7.1, 2013 онд 6.3 хувь болж буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашид бид эмнэлгийн орны тоо гэдэг ойлголтыг өргөн хүрээтэйгээр иж бүрэн эмчилгээ, үйлчилгээ гэдэг түвшинд гаргана.

        Урт хугацааны хөгжлийн барим бичигт гадаадын хөрөнгө оруулалт ялангуяа Оюутолгой, Тавантолгой гэх мэт ордуудад суурилсан үзүүлэлтүүд дээр тооцоогоо хийсэн үү?Энэ бол өнөөгийн эдийн засгийн хамгийн түлхүүр асуудал биз дээ?

        Үнэхээр тийм, түлхүүр гэнэ үү, гол зангилаа гэнэ үү, тийм асуудал бол гадаадын хөрөнгө оруулалт татах тухай асуудал юм. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар 210 төсөл хэрэгжиж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол ойлгомжтой эдийн засгийн тогвортой өсөлтийг бий болгох хамгийн чухал зүйл. Бид харин улс төрийн орчин, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах хэрэгтэй. Урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй болсны дараа зах зээлийн аль салбарт хөрөнгө оруулалт хийвэл зардлаа хурдан нөхөж ашигтай ажиллаж болох төсөөлөл харагдана шүү дээ. Энэ талаасаа урт хугацааны төлөвлөлт хөрөнгө оруулагчдад өөрсдийн бизнесээ төлөвлөх зөв сигнал болно. Давын өмнө бол Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдэж, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд бүрэн утгаар нь оруулах хэрэгтэй юм. Манай эрдэмтэдийн тооцоолсноор зөвхөн энэ хоёр орд эдийн засгийн эргэлтэнд бүтэн орсноор 10 жилд худалдааны эргэлт 3 дахин, ДНБ 34 орчим хувиар өсч, нэг хүнд ноогдох ДНБ хэмжээ 12200 ам. долларт хүрэх юм билээ. Дахин хэлье зөвхөн энэ хоёр ордоос авах үр ашигийг оруулж тооцсон тоон үзүүлэлт шүү. Бас нэг заавал хэлмээр зүйл бол Оюутолгой, Тавантолгойн төслүүд нь өөр хоорондоо нягт уялдаатай төслүүд юм. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж Тавантолгойд барьж буй цахилгаан станц үйлдвэрлэсэн цахилгаанаа борлуулна. Цахилгаан станц баригдсан цагт Тавантолгойд бүрэн олборлолт явагдаж дагалдаад олон төрлийн бизнес цэцэглэнэ. Ингээд цааш нь задалж яривал их зүйл байна, хөрш орнуудаас эдийн засгийн хараат байдлаа бууруулах, үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх, экспортын орлогоо нэмэгдүүлэх, эдийн засаг эрчимтэй хөгжлийн зам дээр гарах гээд... Товчхондоо бид эдийн засгийн хувьд хүчирхэг болно.

За нилээд олон асуудлыг хөндөж ярьлаа, Гол нь өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдалдаа их сайн анализ хийсэн юм байна гэж ойлголоо. Одоо тэгээд Та бүгдийн боловсруулж буй хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигийн гол үзэл баримлал яаж гарч байгаа талаар товч яриач? Бас урт хугацаа гэхээр хэдэн жилээр мөрдөх тухай яригдаж байна?

Тэгэхээр бид энэ бодлогын баримт бичгээ боловсруулах хэлбэр, арга зүйгээ тодорхойлчихсон одоо манай эрдэмтэд суугаад бичиж байна. Гол концепци нь эдийн засгийг төрөлжүүлэн үндэсний үйлдвэрлэх, бүтээх, өрсөлдөх чадварыг эхэлж бүрдүүлэх ингэснээр эдийн засгийн бие даасан байдал, хуримтлал нэмэгдэнэ гэж үзэж байна Ийм учраас эдийн засгийг төрөлжүүлэхдээ аль болох эдийн засагт үр өгөөжөө шууд өгөх, хуримтлал үүсгэх, орлого төвлөрүүлэх чиглэлүүдэд тэргүүлэх ач холбогдол өгөх болно. Гэхдээ нийгмийн сайн сайхан байдал, тогтвортой байдлыг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзсан байна. Мөн харьцангүй цомхон, хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтүүд ойлгомжтой хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, хүн хүчний нөөцтэйгөө уялдсан байх ёстой гэдэг зарчимыг барьж байгаа. Хуацааны хувьд улс орнуудын туршлагыг харахад 15-30 жилийн хугацаатай төлөвлөсөн байна. Бид 20 орчим жилийн алсын хараатай бодлого гаргана.

Харьцангүй жижиг эдийн засагтай манй орны хувьд бид бусдын явсан замаар хөөж гүйцэх гэж явах юм уу? эсвэл харьцангүй давуу талаа түлхүү хөгжүүлж байж бусад салбараа өөд нь татаж улмаар эдийн засгийн бие даасан байдлаа олж авах юм уу?

Маш сайн асуулт. Бид бусад орны туршлагыг нилээд судалж өөрсөдтэйгөө харьцуулж байгаа. Одоо өндөр хөгжсөн орнуудын эдийн засгийн үзүүлэлтийг бид хөгжлийн баримжаа болговол хэдэн жилийн дараа тэд урагшаа улам ахисан бид үзүүлэлт дээрдсэн боловч хоцрогдсон хэвээр байна. Иймээс давын өмнө өөрийн харьцангүй давуу тал дээрээ суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлж байж даяарчлагдсан зах зээл дээр өрсөлдөх боломжтой болно. Монгол улсад давуу тал бүхий хоёр л том салбар бий. 1-рт мал аж ахуйд тулгуурласан нэхмэл сүлжмэл, арьс шир боловсрууулах, мах сүүний гэх мэт үйлдвэрлйлийн салбарууд, 2-тр нүүрс, зэс, алт, нефть болон бусад ашигт малтмалууд тэдгээрийг дагалдсан боловсруулах үйлдвэрлэлийн салбарууд юм. Харин дахин хэлэхэд ашигт малтмал ихтэй орны улс төр нь өөрөө цэгцтэй байх ёстой.

Хэзээ өргөн барьж батлуулахаар төлөвлөж байгаа вэ? Нам эвслүүд улс төржилгүй санал нийлж батлан гаргаж чадна биз дээ?

Одоо 2 сарын 11 хүртэл салбар болгоны нэг хүнийг үндсэн ажлаас нь чөлөөлөн энэ ажилд дайчилсан байгаа. Түрүүн хэлсэн гол ачааллыг доктор Б. Энхбайгал түүний хүрээлэнгийн эрдэмтэд үүрч байна. 3-р сарын 15 гэхэд төсөл бэлэн болсон байх ёстой. Иймээс энэ хүртэл төв орон нутагт хэд хэдэн хэлэлцүүлэг хийх төлөвлөгөө гарсан. Очирбат гуай, Багабанди гуай, Содном гауй, Бямбасүрэн гуай Энбаяр дарга гээд төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс Энхсайхан, Амаржаргал, Хашчулуун, Хулдорж гээд нэртэй эдийн засагчид мөн Долгоржав, Даш-Ёндон гээд эрдэмтэд гэх мэтээр эрдэмтэн мэргэдийг оролцуулан хэлэлцүүлэг хийж саналы нь сонсож, гол нь шүүмжлүүлье гэж төлөвлөж байгаа. Дараа нь Ерөнхийлөгчид танилцуулна, УИХ, ЗГ-ын гишүүдэд тусгайлсан  танилцуулга хийнэ. Тэгээд гарч буй санал онолыг нь нягтлаад УИХ-д өргөн барих болно доо. Батлагдана гэж найдаж байна. Ийм баримт бичиг хэрэгтэй гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа. Цаашид тогтвортой мөрддөг бодлогогүй, заавал биелүүлэх үүрэгжсэн төлөвлөгөөгүй (энд би Засгийн газрын байгууллагууд, төрийн өмчийн компаниудыг хэлж байна) харанхуйд тэмтэчсэн хүн шиг явах юм бол хөгжлийн тухай яриад хэрэггүй болно.

Сүүлчийн асуулт асууя. Шинэ бодлогын баримт бичиг хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна уу? Одоо шүүмжлээд байгаа баримт бичгүүд шиг бас хэрэгжихгүй цаас болох вий. Хэрэгжих баталгаа нь юу байна?

Сүүлийн асуулт чинь хамгийн чухал нь буюу бараг 10-т буудлаа.  Юуны өмнө батлуулж авах нь маш чухал байна. Дараа нь энэ бодлогоо тогтвортой мөрдөе гэвэл гарцаагүй улс төрийн хүрээнд зарим өөрчлөлт хийж Засгийн газар, Ерөнхий сайдын эрх зүйн чадамжийг илүү хүчирхэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ асуудлыг одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн бас шийдэж чадна гэж бодож байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хариуцаж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг гарсан байгаа шүү дээ. Урьд нь батлагдсан одоо ямар нэг хэмжээгээр мөрдөж байгаа бодлогын бичиг баримтуудаа хэт үгүйсгэж, харлуулж бас болохгүй шүү. Тэнд байгаа зарим алдаанууд маань “сайн багшийн” үүрэг гүйцэтгэж өнөөдрийн энэ алсын хараатай шинэ бодлого боловсруулах, томъёолох  бололцоо бий болж байна шүү дээ. Тэгээд ч аливаа нийгэм уламжлал дээрээ л суурилж хөгждөг. “Цагийг юм цагтаа” гэсэн мэргэн үг байдаг шүү дээ. Ер нь бол холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршсоор байна.

За хоеулаа их урт ярилцлага хийлээ. Танд баярлалаа.

Танд бас баярлалаа. Ард түмэндээ гарч буй хонин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье ээ.