АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарыг Х.Тэмүүжингээр солихоор яригдаж эхэлжээ
2015/02/16
УИХ дахь намуудын хоорондын зөрчил гүнзгийрч эхэллээ. Учир нь цагаан сар, улсын наадмын өмнө чуулган завсарлахын өмнө олон чухал хуулийг бөөнддөг жишигтэй болов.
Энэ удаа ч гэсэн Өрийг нэмэх, Гацууртын ордыг ашиглах, Төрийн өмчийг хувьчлах, ашигт малтмалын хуульд нэмэлт оруулах, Урт нэртэй хуулийг өөрчилж алт ухах ажиллагааг нээж өгөх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө батлах, Казино тоглох зөвшөөрлийг хуулиар зөвшөөрөх гээд маш ноцтой асуудлуудыг битүүний өдөртэй уралдан батлуулах гэж зүтгүүлж байна. Эдгээр хуулиудын цаана улс орны том эрх ашиг нуугдаастай. Тиймээс Засаг хамтран байгуулсан АН, МАН, "Шударга ёс" эвслийнхэн эдгээр асуудлаас болоод хоорондоо маргалдаж эхлэв. Тэр ч бүү хэл өр нэмэх, казино байгуулах, төрийн өмчийг хувьчлах, дархан цаазтай болон хилийн зурвас газар Ашигт малтмал олборлох зэрэг нь улс төр бизнесийн бүлэглэлүүдийн том эрх ашгийг хөндөж эхэлжээ. Тийм учраас АН, МАН, "Шударга ёс" эвсэлийнхэн нам дотроо сөрөг хүчнүүдтэй болов. Тухайлбал МАН-ын ихэнх гишүүд өрийг нэмэхгүй гэж гүрийж байгаа сураг гарлаа. "Шударга ёс" эвслийнхэн ч гэсэн тийм байр суурийг баримтлах болсон гэнэ. Харин АН-ынхан нэг хэсэг нь өр нэмэх нь зүйтэй гэсэн бол нөгөө хэсэг нь өр нэмэхгүй гэж зөрчилдөх болжээ.
Үүнээс гадна эрх баригч АН-ын дотоодод болж байгаа гурван чухал асуудал улс төрийн хүрээнийхний амны зугаа болж байна.
Нэгдүгээрт: АН дотор МоАН хэмээх шинэ фракц мэндлэв. Үүнийг дагаад чухал шийдвэр гаргах, төрийн эрх барих, томилгоо хийхэд ч хүчний харьцаа өөрчлөгдөнө. Тиймээс шинэ фракцийн гишүүдийн шийдвэр АН-д жин дарах нь гарцаагүй боллоо. Уг бүлэглэлд Л.Болд, Г.Батхүү гэх мэт том бизнесийн төлөөлөл байгаа нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж эхлээд байна.
Хоёрдугаарт: Сүүлийн үед АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарыг өөрчилж магадгүй гэсэн яриа саарал ордноор тэнэх болов. Учир нь түүнийг буруутгах хэд, хэдэн үндэслэл байгаа гэнэ. Тухайлбал түүнийг бүлгийн даргаар ажиллаж байхад АН-д шинэ фракц мэндэлсэн. Цаашдаа ч фракцийн тоо нэмэгдэж магадагүй байна. Мөн бүлгийн гишүүд зарим асуудлаар байр сууриа нэгтгэж чадахаа больсон. Хамгийн сүүлд л гэхэд өөрийн томилсон Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийн хүндрэлийн төлөвлөгөөг батлуулахгүй гэж байнгын хороон дээр дэд дарга С.Одонтуяагаар мэдэгдүүлсэн. Түүн дээр нь МАН сайн тоглолт үзүүлсэн. Дараа нь АН-ын бүлэг дэмжихээс өөр аргагүй болсон. Энэ мэт нь бүлгийн гишүүд, удирдлагын ажлын арга барил уялдаагүй болсны, нэгдмэл зохион байгуулалтад орж чадахгүй байгаагийн илрэл гэж үзэх болжээ. Б.Гарамгайбаатар даргыг Д.Эрдэнэбатаас ч сул байна. Д.Эрдэнэбат чинь харин бүлгээ хурааж, удирдаж чадаж байсан гэсэн дүгнэлтийг АН-ынхан хийх болж. Тэгээд ч сонгууль дөхлөө. Шинэ залуучуудаар бүлгийн даргаа сольё гэсэн санааг зарим нөхдүүд ярьж эхэлжээ. Шинэ залуучууд гэдэг нь Х.Тэмүүжин, М.Батчимэг хоёрыг хэлж байгаа аж. Өмнө М.Батчимэгийг бүлгийн дарга болж магадгүй гэж яригдаж байсан юм. Харин сүүлийн үед Х.Тэмүүжин гэсэн нэр хөндлөнгөөс орж иржээ. Түүгээр бүлгээ удирдуулаад нийгэм рүү зөв мессеж хаяад явбал АН ирэх сонгуульд ялах нэг үндэслэл болно. МАН С.Бямбацогт гэсэн залуу даргатай. АН ч гэсэн түүнтэй өрсөлдөх Х.Тэмүүжин гэх хүнийг гаргах ёстой гэж ярьж байна. Сонирхолтой нь улс төрийн хүрээнийхэн энэ яриаг боломжгүй гэж үзжээ. Учир нь АН-ын бүлгийн даргыг МҮДН фракциас тавих ёстой. Х.Тэмүүжин, М.Батчимэг хоёр "Нэг ардчилал"-ынх. Тэгэхээр МҮДН яалаа гэж бүлгийн даргаа өгөх вэ дээ гэж дүгнэх хүмүүс ч байна. Ямар ч байсан томилогдоод удаагүй Б.Гарамгайбаатарт бүлгийн гишүүд сэтгэл дундуур учир ийм яриа гарч эхэлсэн бололтой.
Гуравдугаарт: Өнгөрсөн долоо хоногт "Залуучуудын нам" байгуулагдсан. Түүний цаад эзэд, захиалагчид нь АН дотор байгаа гэсэн хардлага газар авчээ. Хэрэв үнэн бол сонгуулийн өмнөөс эзэд ил гарч эхэлнэ. Үнэхээр Залуучуудын намтай АН холбоотой бол сонгуулийн өмнө нэгдэнэ. Эсвэл АН дотроо хагарна. Энэ үйл явц АН-ын рейтингд, ирэх сонгуулийн ялалт, ялагдалд зайлшгүй нөлөөлөл, тусгалаа үзүүлнэ гэсэн таамаг бий болов.
Ийнхүү цагаан сарын өмнө чухал асуудлуудыг батлуулах гэсэн шийдвэр зүтгэлүүдийн үр дагавар энэ хаврын улс төрд чухал нөлөөлөл үзүүлэх нь гацраагүй болж. Харин эрх баригч АН-ын дотор чимээгүй өрнөж эхэлсэн эдгээр үйл явдал юунд хүргэх вэ? гэсэн асуудал бүхний анхаарлын төв рүү орж ирлээ.
Зочин · 2015/02/17
Oor hyn baidaggyi yum uu Ene Dylzen chini Bayartcogtiin garaas garahgyi shyy dee Er ni ene metiin Dylzengyyd ahij songogdono gej baih bolov uu
Зочин · 2015/02/17
*****en deeree haltirna gej uuniig l heldeg yum,yu ch medehgui bj Bayartogtiig hamgaalaad bsan,tugjilduulne gej ene dee kk