-ЦААСАН ДЭЭР БАТЛААГҮЙ ХӨТӨЛБӨР ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙСАН БАЙХ УУ!-
"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр найман сарын турш Авлигатай тэмцэх газраас уяатай болсон Л.Гансүх нарт холбогдох хэргийн яллах дүгнэлт үйлдүүлэхээр оны өмнөхөн прокурорт  шилжүүлсэн билээ. Гэхдээ прокуророос яллах дүнгэлт гаргаж хэзээ шүүхэд шилжүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тэднийг Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан хэрэгт сэжигтнээр татаж, өнгөрсөн оны долдугаар сарын сүүлчээс цагдан хориод байгаа юм.

Ингэхдээ "Нүүрс" хөтөлбөрийн            хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнд үндэслэн улсад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа. Гэвч Л.Гансүх нар "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай хохирсон биш харин ч хожсон гэдгийг өнгөрсөн хугацаанд хэлсээр ирсэн. Тэдний тайлбарлаж байгаагаар 2012 онд гурван сая 500 мянган тонн нүүрс олборлож байсан уурхай хөтөлбөрийн хүрээнд гурван сая 860 мянган тонн нүүрс олборлож борлуулсан аж.

Ингэхдээ "Нүүрс" хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Багануурын уурхай нэг тонн нүүрсээ цахилгаан станцуудад 20500 төгрөгөөр үнэлэн нийлүүлдэг байж. Харин эцсийн хэрэглэгчдэд зарах зорилготой шигшиж ангилаагүй технологийн дамжлагын нэг тонн нүүрсний үнэ 25000 төгрөгийн ханштай байжээ. Энэ үнэ ханшийг Багануур хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл тогтоосон. "Нүүрс" хөтөлбөр хэрэгжихээр болоход Багануур хувьцаат компанийн удирдлагууд энэ хөтөлбөрт зориулан технологийн дамжлагын нэг тонн нүүрсээ 20500 төгрөгөөр буюу станцуудад өгдөг үнээрээ зарах санал тавьсан юм билээ.

Харин Засгийн газар "Багануурыг ашигтай ажиллах ёстой" гэж үзсэн учраас тухайн үед ТУЗ-өөс нь тогтоож өгсөн шигшиж ангилаагуй технологийн нүүрсний хамгийн дээд ханшаас илүү үнээр буюу 27 мянга 500 төгрөгөөр авахаар болсон гэдэг. Өөрөөр хэлбэл Багануурын уурхай "Нүүрс" хөтөлбөрт нийлүүлсэн тонн нүүрс тутмаасаа долоон мянган төгрөгийн ашигтай ажилласан гэх. Гэвч "Нүүрс" хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоол байхгүй болохыг АТГ-ын шалгалтаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, "Нүүрс" хөтөлбөр гэж анхнаасаа байгаагүй гэдгийг албаныхан хэлж буй. Гэтэл ямар ч байгаагүй, батлаагүй хөтөлбөрийн үр дүнд иргэд хожсон гэх үгийг Л.Гансүх нарын хүмүүс л өнгөрсөн хугацаанд ярьсныг эс тооцвол түүнийгээ баталж чадаагүй.

Нэг ёсондоо цаасан дээр батлаагүй хөтөлбөр иргэдэд ээлтэй байсан байх уу! Шинэчлэлийн Засгийн газраас гаргаж байсан тогтоолууд дунд ч "Нүүрс" хөтөлбөр гэсэн тогтоол байтугай өгүүлбэр ч байдаггүй юм билээ. Тиймдээ ч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан "Нүүрс" хөтөлбөртэй холбоотой мэдээллийг АТГ-т гаргаж өгч чадалгүй өнөөдрийг хүрч байна. Товчхондоо Шинэчлэлийн Засгийн газар тэр дундаа Л.Гансүх зөвлөх анхнаасаа цаасан дээр ч бичсэн шийдвэр байхгүй хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байсныг хуулийнхны хийсэн шалгалтаар тогтоосон нь энэ юм.

Угтаа бол АТГ-аас авлигад өртсөн, улсад хохирол учруулсан гэх албан тушаалтны хэрэг дээр мөрдөн байцаалт явуулж, шалгаж тогтоосны дагуу прокурорын байгууллагад шилжүүлдэг. Гэвч прокурорын байгууллагаас авлига, албан тушаалтай холбоотой хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхой бус байдаг нь нууц биш. Тиймдээ ч Л.Гансүх нарын хэрэг замхарч болох талтай. Өмнө нь АТГ-аас илрүүлсэн албан тушаалтнуудтай холбоотой хэрэг прокурорын байгууллага дээр очоод гацсан бүр хэрэгсэхгуй болсон хэд хэдэн тохиолдол бий. Жишээ нь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд холбогдох Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгон тус танхимын нэр дээр олгогдсон газраас 5000 ам метр талбайг "Дэлхийн худалдааны төв" төрийн бус байгууллагад шилжүүлэн өгч их хэмжээний хохирол учруулж байгууллагын өмч хөрөнгийг үрэгдүүлсэн хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгасан ч прокуророос хоёр жилийн өмнө хэрэгсэхгүй болгож байв.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа "Эксим инвест" компанийн захиралтай тохиролцож, 2.4 сая ам. долларын вексель бичиж, тоног төхөөрөмжийн гэрээ байгуулан урьдчилгаа гэж 2.4 сая ам.доллар олгосон хэрэгт буруутган шалгасан ч Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгож байлаа. "Сод-Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын ажилтан Г, Сангийн яамны мэргэжилтэн М нарт 18 мянган ам.долларын хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутган шалгасан боловч мөн л прокуророосхэрэгбиш гэж үзэн хаасан байдаг. Энэ мэтчилэн хавтаст хэргүүд прокурорын шатандаа очоод гацсан жишээг дурдвал олон.

Гэхдээ Л.Гансүх нарын "Нүүрс" хөтөлбөртэй холбоотой хэрэг замхрах учиргүй. Хэрвээ гэм буруутай бол түүнийх нь хариуцлагыг хүлээлгэх л ёстой. Ингэж байж л хуулийн байгууллагад иргэд итгэнэ. Бас бусдад нь сургамж болно. Үнэхээр Л.Гансүх нар гэм буруугүй юм бол түүнийг нь шүүхээс тогтоож дэнсэлнэ шүү дээ.

 

 

С.ГАНДӨЛ