2014 оны арваннэг­дүгээр сарын 21. УИХ энэ өдөр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томиллоо. 2014 оны арванхоёрдугаар сарын 10. Сайд нарыг томилж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газартаа “Шийдлийн...” хэмээх нэр хайрлав.

Ийнхүү Шийдлийн Засгийн газар байгуулагдаад яг 100 хонолоо. Уг нь өмнөх Засгийн газрууд 100 хоног дээрээ  ажлаа тайлагнадаг уламжлалтай.  Харин Шийдлийн Засгийн газар энэ талаар ам нээсэнгүй. Тэд юу хийв. Монголын түүхэн дэх хамгийн “бүдүүн” засаг гэдэг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт энэ гээд харуулчих хийсэн ажил алга уу.  Эсвэл жишиг уламжлалыг эвдэж “даруухан” байхаар шийдэв үү?

Өнгөрсөн гурван сар гаруйн хугацааг ухъя л даа. Чухамдаа Шийдлийн Засгийн газраар магнайгаа тэнийтэл асуудал шийдүүлсэн мань мэтийн ард лав үгүй биз ээ. Алдарт эхийн одонгийн мөнгийг хасна, Приус машины татварыг нэмнэ... гэж мэдэгдсэн. Буцаад популизмдаа дарлуулаад хаашаа ч үгүй болсон. Одоо Тавантолгойн хэлэлцээ таг гацчихсан.  Мөн хямрал байна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн байна.

2015 он гарахын өмнөхөн ТЕГ-ын дарга Б.Ариунсан, МХЕГ-ын дарга Д.Батмөнх нарыг дуудаж хяналт шалгалт, татвар хураалтаар дарамтлахгүй байхыг үүрэгдсэн. Ингэж “Татвар буй дор төр байдаг” алтан логикийг унагасан. Саяхан баахан дарга нарыг дуудаад “Зорчигчийг зөрчигч болгодгийг зогсоо” гэж лүндэн буулгасан.

Ийм маягаар ажиллана. Харин шийдсэн асуудал үнэндээ алга. Шийдлийн Засгийн газрын шинээр томилогдсон сайд нарын зарим нь салбартайгаа танилцаж дуусаагүй л байгаа гэх.

Үнэн юм үнэнээрээ сайхан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байсан үеийнхээс ахисан юм алга гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Хэрэв Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс 100 хоногтоо юу амжуулав гээд асуувал “хүний өөрийн” баахан ажлыг жагсаагаад биччихэж мэдэх л юм.

Б.ДАМДИН-ОЧИР