Бодлогын хүүг хэвээр үлдээлээ
2015/04/10
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг түүний өнөөгийн түвшин болох 13%-д хэвээр байлгах шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ инфляцийн төсөөлөл, эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлийг тал бүрээс нь үнэлж, харгалзан үзсэн гэж Мөнгөний бодлогын Зөвлөлийн гишүүд тайлбарлаж байв.
Жилийн инфляци улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны 1 дүгээр сард харгалзан 9.8%, 9.3% байсан бол 3 дугаар сард 9.3%, 8.8% болж тус тус буурчээ. Нийт инфляцид нийлүүлэлтийн гаралтай инфляцийн эзлэх хувь 2010-2012 онд дунджаар 33.4% байсан нь 2013 онд 18%, 2014 онд 4.5% болж буурчээ. Ийнхүү инфляцийн бүтцэд сүүлийн 2 жилийн турш суурь өөрчлөлт гарч, иргэдийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, шатахуун, гурилын үнийн өсөлт нам, тогтвортой түвшинд байгаа нь инфляци үргэлжлэн буурч нэг оронтой тоонд ороход чухал нөлөөтэй байсан аж.
Нийт М2 мөнгөний нийлүүлэлт 2015 оны 1 дүгээр сард өмнөх сараас 3%-иар, 2 дугаар сард 0.8%-иар, 3 дугаар сард 3.1%-иар тус тус буураад байгаа юм байна. Харин аж ахуйн нэгж, иргэдэд банкнаас олгосон зээлийн өрийн үлдэгдэл 1 дүгээр сард өмнөх сараас 3.3%-иар буурсан бол, 2 дугаар сард 0.7%-иар, 3 дугаар сард 0.8%-иар хувиар өссөн үзүүлэлттэй болжээ. Үүнтэй уялдаад оны эхний улиралд импорт өмнөх оны мөн үеэс 29.5%-иар буюу 300 орчим сая ам.доллараар буурчээ. Энэ нь сарын дундаж импортын хэмжээ 230 гаруй сая ам.доллар болж, жилийн өмнөх үеэс даруй 100 сая ам.доллараар агшсан гэсэн үзүүлэлт болж байна.
Мөнгөний үзүүлэлтүүд ийнхүү буурч, өсөлт нь эрс саарсан, импортын хэмжээ илүү хурдацтай буурч байгаа хандлагаас харахад инфляцид эрэлтийн талаас дарамт төдийлөн үүсэхээргүй гэж үзсэн байна. Ийнхүү 2015 онд инфляци зорилтот түвшин болох 7 орчим хувьтай гарахаар хүлээгдэж байгаа нь энэ удаа бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх боломжийг Монголбанкинд олгож байгаа юм байна.
Нөгөө талаас төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансаар орж ирэх валютын урсгал нэмэгдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаа учраас төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлага хэвээр байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүүг бууруулах нөхцөлийг төдийлөн бүрдүүлэхгүй байгаа юм байна.
Гэхдээ хэрэв гадаад валютын орох урсгалд нааштай эерэг өөрчлөлт гарах юм бол бодлогын шийдвэрээ тухай бүр эргэн харах, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг Зөвлөлийн гишүүд онцолж байсан юм.
өндөр болгох нууц · 2015/04/11
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТӨНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
Зочин · 2015/04/11
mongol uls ediin zasgaa chololoochee unee choloool aj ahuin negjuudee ym hiihed ni bitgii saad bol tegj baij ard irged mongotei boliishdeee