Тавантолгой хэмээх тарагны хөрөнгө
2015/04/11
Саалийн үнээнд 5 толгой бий. Нэг дэх нь үхэр толгой, 2-5 дахь нь үнээний хөхний 4 толгой бүлгээ. Үнээ буханд гарахгүй, үхэр толгойгоо ажиллуулахгүй бол хөхний 4 толгойноос сүү гарахгүй. Үнээнээс сүү гарахгүй бол муур хулганыг зовоохоо болихгүй, муурнаас зугатсан хулгана тарвасыг нүхлэхээ болихгүй.
Тарвас нүхлүүлээд байвал үрээ өгөхгүй. Үр байхгүй бол хэрээ модноос нисэхгүй. Хэрээ явахгүй бол модны борогцой гарахгүй. Борогцой идэхгүй бол гахай хялгасаа өгөхгүй. Хялгас байхгүй бол бид юугаараа дээс томж найзыгаа татаж гаргах билээ?
77 оны зуныг би мартдаггүй юм. Тэр зун 1-р анги төгссөн жаахан хүү би сангийн, амины нийлсэн 42 үнээ ивэлгэн, тугал хариулах ажил ганцаараа бүтэн сар хийж билээ. 5 сарын 10-даар хичээл дуусч Эг-Үүрт хөгшин ээжийндээ амрахаар очсон байсан юм. Ээжийн минь бага дүү Янжинлхам эгч саальчин хийж сангийн олон үнээ аваад байсан бөгөөд зун туслуулах хүүхэд ээжээс хүссэний эхнийх нь би болж очсон хэрэг. Эгүүр бол монгол улаан үхрийн нутаг бөгөөд үнээ нь сүү багатай, заавал ивэлгэн сааж байж төлөвлөгөө ноормоо биелүүлдэг нэг тийм ажил ихтэй саальтай мал байж билээ. Тогтмол 6 цагт давхиж ирэх “сарлаг” Бямбаа гуайд сүүгээ тушаахын тулд шөнийн 3 цагт одод түгсэн тас харанхуйд нойрмог босон тугал татаж, наадмаар гоёхоор бакиалаа жоорлон хөл нүцгэн голдуу гүйхдээ даарсан хөлөө үнээний халуун шээс, шинэхэн баасанд дулаацуулж байсан бага нас минь одоо ч нүдэнд харагдах шиг. Би сайн хүү байлаа. Малд нүдтэйгээ байнга магтуулж, моринд дуртайгаа шагшуулах үнэхээр сайхан. Идээ цагааны ажилд ч хөгшин ээж минь намайг нэлээн сургасан даа. Миний сониуч зан, сурах хүсэл хөгшин ээжийг минь их баярлуулдагсан. Хөгшин ээжийн хэлдэг маани, тарниас нь шалж байгаад 4-5-г заалган тогтоож авсан нь одоо ч цээжинд минь байна. Хамгийн сайхан зүйл бол хөгшин ээжийн минь өгдөг өрөм, тараг билээ. Өрөм бол галаа тааруулан хөөсрүүлэн самраал байвал сайн хөөсөрч загсаж эхэлдэг ба загссаны дараа нэг овойлгоод гал дээрээсээ авч эрэгнэгний доод тавиурт тавьсанаар өглөө гэхэд бэлэн болдогийг би мэдэж авсан юм. Харин тараг хийхэд сүүгээ халааж хуучин дээлэнд ороосон саванд хийхдээ хөрөнгө гэж юм заавал нэмэх ёстойг би анзаарсан. Тарагны хөрөнгө бол өөрөө түрүүлж бэлэн болсон багахан тараг л юм билээ. Түүнийг сүүнд хийгээд хутгахад сүүг ээдүүлэхгүй харин уруу татаж бүгдийг нь өөртэйгөө адилхан тараг болгодог шидтэй. Малчин айл тарагны хөрөнгөө их хайрлана. Нүүдэл суудал болоод хөрөнгө аргагүй тасарвал очсон газарт түрүүлж буусан айл саахалтаасаа хөрөнгө залдаг. Хөрөнгө хийхгүй бол тараг бүрэлдэхгүй. Зүгээр л гашилсан сүү л болчихно. Ажлын дөртэй болгосон анхны зун маань давахад хэцүү ч дурсахад үнэхээр сайхан.
Тэр цагаас хойш олон жил болжээ.
Саяхан Таван толгойн талаар 5-ны орой Ерөнхий сайд үг хэлэв. Маргааш үдэд нь Монгол улсын их хурлын дарга өөр нэг үг хэлэв. 5 дахь өдрийн үдээс хойш Ерөнхийлөгч бас нэг үг хэлэв. Ард бид ангайж гайхсаар хоцорлоо. Монгол улс хуультай ч юм шиг, хуйвалдаантай ч юм шиг сонин харагдаад эхлэв. Гэрээ үзэглэхээр ирсэн Японы хөрөнгө оруулагч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд буцан одлоо. Таван толгойн талаар тархи угаалт, таниулан сэнхрүүлэлт 5 дахь жилдээ явж байгаа тул нуршилгүй орхиё. Харин Таван толгойг хөдөлгөх талаар би та нартай бодлоо хуваалцах санаа байна.
Эхлээд өөрийн сайн мэддэг салбараараа багахан жишээ хэлье. Манай агаарын тээвэрт авиакомпани гэж нэг үйлтэй бизнес бий. Дэлхий дээр 300 шахам авиакомпани байдаг ч ерөнхийдөө хоорондоо их төстэй. Southwest-ээс бусдад нь алдагдалгүй ажиллаж байсан түүх байдаггүй. Ашигтай байлаа ч ашгийн мааржин нь маш бага. Ердөө л 3-5 хувь. Гэвч нөгөө талаасаа чухамхүү авиакомпаниуд л асар олон ашигтай бизнесийг чирж явж байдаг юм. МИАТ-аар жишээлье. Учир нь МИАТ бол ашиггүйгээрээ хамгийн олон жил цоллуулан чичлүүлсэн бизнес билээ. Хамгийн түрүүнд авиакомпанид үйлдвэрлэсэн онгоцоо зардаг үйлдвэрлэгчид ашгаа хийдэг. Тэр үйлдвэрт ажиллагсад цалинжиж амьдралаа авч явахаас гадна, тус үйлдвэрт багаж, тоноглол нийлүүлдэг өөр үйлдвэр, түүнд нь түүхий эд нийлүүлдэг металлургийн үйлдвэр, бас тэр металлургийн үйлдвэрт хүдэр, нүүрс нийлүүлдэг уул уурхайнхан, цаашлаад уул уурхайд үйлчилдэг бусад гэх мэт утасны үзүүр эцэс төгсгөлгүй хөвөрч дэлхийг хэрж орхино. Хоёрт онгоцны худалдааг санхүүжүүлдэг банк болон өөрийн онгоцоо ашиглуулж мөнгө олдог лийзингийн компаниуд авиакомпаниас мөнгө хүүлэн ашгаа олдог. Дараагийнх нь мэдээж consumables нийлүүлэгчид. Шатахуун, нислэгийн хоол, сэлбэгээс өгсүүлээд жорлонгийн цаас хүртэл бүх зарцуулах материалыг нийлүүлэгчид авиакомпаниас ашгаа олдог. Одоо онгоц маань нисэхийн тулд ашигтай ачаалалаа олох ёстой. Учир нь онгоцны өргөх хүч далавчин дээр үүсэхээсээ өмнө зорчигчийн хармаанд үүсэж байдаг юм. Борлуулалтын энэ ажлыг хамжилцагсад мөн авиакомпаниас ашиг олдог. Эд бол борлуулагч агентууд, тур операторууд, борлуулалтын системүүд, интернэтийн компаниуд, телевизүүд, сонингууд, телефоны операторууд, дата үйлчилгээ үзүүлэгчид. Арай гэж онгоцоо авч, түлшээ хийж, хүнээ дүүргээд нисэх үед нисэх буудал, навигацын үйлчилгээнүүд буюу агаарын тээврийн дэд бүтэц өөрийнхөө үйлчилгээний зардлыг хурааж авдаг. Ерөнхийдөө авиакомпани бол агаарын тээврийн бизнестэй холбоотой бүх мөнгийг зорчигч, ачаа илгээгчээс цуглуулж бусдад тараадаг кассын үүрэг гүйцэтгэдэг билээ. Агаарын тээврийн өгөөж үүгээр дуусахгүй. Тээвэрлэн авчирсан зочид нь зочид буудлуудыг дүүргэж, монгол дэлгүүрээр үйлчлүүлж, монгол зоогийн газруудыг орлогожуулдаг. Тэдэнд сайн үйлчилж нутгийн бүтээгдхүүн, үйлчилгээндээ дурлуулж чадвал дараагийн бүүр ч том бизнесийн суурь тавигддаг. Жишээ нь Монгол маханд дурлавал тэд ирж идэх биш Монголын органик махыг нутаг руугаа зөөж идэх хүсэл төрөх нь ойлгомжтой. Нэг тонн угаасан нүүрс үсрээд л 70 доллар байдаг бол нэг тонн боловсруулсан мах 5000 доллар болох боломжтой. Эндээс, иймэрхүү жуулчлалаас л экспортын шинэ боломжууд нээгддэг. Мэдээж махыг нь хүргэхийн тулд машин биш, вагон биш, эргээд л онгоц л хэрэгтэй. Махны экспорт нэмэгдээд ирвэл малчдын орлого баталгаажна. Мал сүргийн бүтцэд нь ч өөрчлөлт орж, ямаанд хуйхлуулан цөлжихөө ч зогсоно. Шир, нэхий, савхины үйлдвэрлэл ч дагаад босоод ирнэ. Олон бодлого тодорхойлогчийн хамгийн ашиггүй гэж чичилдэг шоовдор салбарын маань өгөөж л гэхэд ийм байна.
Таван толгой эдийн засгийн эргэлтэнд орвол хамгийн эхний үр дүн нь МИАТ-с 100 дахин олон бизнесийг чирж босгох болно. Өөрөө ашгаа өгөхөөсөө ч өмнө эдийн засгийн эерэг импакт мэдрүүлж эхлэх болно. Олон хүн ажилтай болж олон бизнес үйлчлүүлэгчтэй болцгооно. Юуны түрүүнд Таван толгойг дагаад барилгын салбар өндийнө. Уурхайд ажилтай орлоготой болсон олон монгол хүн аймаг нийслэлд байр захиална. Дагаад банкны салбарын эргэлт түргэсч, санхүүгийн байгуулагуудын зээлжих зэрэглэл өснө. Байр нэмэгдэхийн хэрээр утаа ч шингэрнэ. Энэ бол зөвхөн эхний үр дүн.
Дараа нь ЭТТ түүхийгээр нь ачиж 30$-р зарж байсан нүүрс угаагдан гарч үнэтэй зарагддаг болж эхэлнэ. Объем нэмэгдсэнээр нэг тонн нүүрсний угаалтын зардал ч буурна. Хамтрах болсноор ЭТТ-н ч, ММС-н ч хувьцааны үнэ аль аль нь өснө. Өрөнд орсон улс, хувьцааны үнийн уналтын хямралд орсон татвар төлөгч хоёр хоёулаа гадаадын хөрөнгө оруулагчдын зардлаар санхүүгээ эрүүлжүүлээд авчихна. Өрнөөсөө салах гэж үнэтэй нүүрсээ сул ачуулах ямар ч хэрэг байхгүй. Өрсөлдөж байгаа бизнесүүд өрсөлдөөнөө зогсоож merger болох, эсвэл хамтын бизнесийн гэрээ байгуулахад аль алиных нь хувьцааны үнэлгээ өсдөг нь эдийн засгийн байдаг л үзэгдэл. Энэ нь аль алиныг нь хөрөнгө оруулагчдад attractive болгож улам их хөрөнгө оруулалт татдаг. Над шиг 1072 ширхэг хувьцаа эзэмшигчид үүнээс илүү сайн мэдээ өөр юу байх билээ.
Хувьцааны үнийн өсөлтийн болон бусад орлогоос Таван Толгойн нүүрснээс шингэн түлш гаргах C2L(Coal-to-Liquid) төсөл боломжтой болчихвол бензин шатахууны үйлдвэрлэл хилийн дотор ороод ирнэ. Ингэвэл импортын шатахуунд жил бүр өгдөг 2-3 тэрбум ам.доллар Монголд үлдэж дотоодын эдийн засаг руу орно. Үүнийг 20-30 жилээр үржүүлээд нэг үз дээ. Өөр юу хэрэгтэй юм бэ. Таван толгой бол шууд утгаараа Монголын эдийн засгийн тарагны хөрөнгө нь юм. Бид хөрөнгөө л эхлээд бий болгох хэрэгтэй. Ингэвэл эдийн засаг дагаад бүрэлдээд ирнэ. Энэ бүхэн Таван Толгой хөрөнгө оруулалтаа нөхөхөөс хамаагүй өмнө биелнэ.
Их бизнесийн хаялга их л байдаг. Саяхан Гачууртын Чинбатыг сайн ажилтай сайхан амьдралтайг нь бүгд харцгаалаа, шагшицгаалаа. Би ч бас энэ боломжийг ашиглан түүнийг үнэнгээсээ магтая. Бахархмаар хөдөлмөр. Мундаг! Тэр хураасан бүх төмсөө ганцаараа иддэггүйгээ ч хэлсэн. Түүний босгосон бизнесээс дор дороо, техник нийлүүлэгчдээс эхлээд өөрийнх нь ажилчид нь, чэнжүүд, худалдаачид, хэрэглэгчид бүгд ашиг ашгаа олдогийг ч ярьсан. Өөрөө ч их эргэлттэй бизнесийнхээ халиа, хусмыг долооход л тэмбумтны амьдралаар амьдарч болж байна. Магадгүй Чинбатын хувьд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт, хятад төмсний өрсөлдөөн ширүүн ч гэлээ амжилт нь нүдэнд харагдаж гарт баригдаж байна. МСS-н Оджаргалын мэнэжментэд очсон Таван толгой бас тийм л байх болно. Таван толгойн хаялагад агаарын тээвэр ч сэргэж Баянгол буудал зочдоор хахаж, мах комбинат экспортын боломжоо нээж авна.
Оджаргалыг би анх 88 оны өвөл Киевийн оюутны уулзалт, спартакиад дээр харсан юм. Сагс гоё тоглодог, гитар янзын дардаг тийм ах байсан санагдана. Оюутан цагийн төрхөө одоо ч гээгээгүй хэвээрээ. Манай сургуулиас хурдны трамвайны 2 буудлын зайд байх Киевийн Политехникийн Дээд хэмээх асар том кампустай нүсэр сургуулийн оюутан байсан юм билээ. Поли бол чанга сургууль, төгсөгчид нь ч чамбай байдгийг бид мэддэг. Үүнийгээ ч тэр амьдралд баталж чадсан. Шилжилтийн үе бол бүх юм шинэ, ийм шинэ бүх юм бол прожект байх болно гэдгийг хамгийн түрүүнд олж харж Монголдоо хамгийн анхны, хамгийн зөв project organization-г байгуулсан нь өдгөө Монголын эдийн засагт асар том байр суурийг эзэлжээ. Таван толгой түүний мэнэжмэнтэнд очвол Монголчууд л хожно. Би Киевийн төгсөгч, эсвэл Энхсайхан гуай бас Киевийн төгсөгч болохоороо Таван толгойн төслийг нь дэмжээд байгаа юм биш. Бид мэдлэгийг л дэмжээд, мэдлэгт итгээд байгаа хэрэг.
Даанч өнөөдөр Монгол улсын төр Таван Толгойгоор буруу халуурч байна. Амтай болгон нь л ярьж, ярьсан болгон нь л чичилж байна. Ашиггүй гэнээ! Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа дэндүү урт л гэнэ. Гадны компаниийн хөрөнгө давамгайлчлаа л гэнэ. Офф шоор л гэнэ. Эрдэнэт ашгаа өгч эхэлтлээ 20 жил болсныг хэн ч ярьсангүй. Монгол улс 34 хувийг нь эзэмшдэг Оюу Толгой ХК чинь бас л офф шоор биш билүү? Мөн МИАТ-ын 5 онгоцны 4-нх нь эзэн гадаадын түрээслэгчид, худалдаж авч буй нэгнийх нь “хууль ёсны эзэн” нь ч бас Делаверт бүртгэлтэй офф-шоор гэдгийг ч экс сайд маань мартчихжээ. Ер нь олон улсын санхүүгийн гүйлгээ бүрд татварын зардлыг бууруулах зорилгоор дэлхийн ихэнх компаниуд Офф шоор байдаг нь санамсаргүй зүйл биш шүү дээ. Юутай ч Америкийн бүх компани Делаверт буюу Америк доторхи Офф шоортоо бүртгэлтэй байдаг юм билээ. Хэрэв хөрөнгө оруулагч Монголд бүртгэлтэй компанид хөрөнгө оруулж мөнгө шилжүүлбэл шууд л орж ирсэн мөнгөнөөс нь гэнэтийн ашигийн татвар авах хууль одоо ч хүчинтэй хэвээрээ л байна. Гэтэл гэв гэнэт Таван толгой дээр дабль стандарт гарган яриад эхлэдэг байгаа!
Дабль стандарт гэснээс Таван Толгойн асуудлыг УИХ хэлэлцэнэ гээд байгаа нь яаж байгаа юм бол? Бусдыг нь бас хэлэлцэх үү? Ер нь бүх ТУЗ-ээ татан буулгачихвал яасын? Таван толгой бусад ХК-с юугаараа илүү, эсвэл дутуу болоод УИХ онцгойлж хандаад байна? Эсвэл гишүүд зохиомол саад үүсгэж авилга шаналгах санаа байна уу? Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний нэг тал болох ЭТТ бол ердийн л нэг хувьцаат компани. Тэр компанийн 80 хувийг төр буюу УИХ, нөгөө 20 хувийг 1072 хувьцаагаа нийлүүлээд бид эзэмшдэг. Хэрэв УИХ-н 76 гишүүнийг энэ 80 хувийн төлөөлөл гэж үзвэл үлдсэн 20 хувийн төлөөлөл болгон 19 өөр хүнийг төрийн ордонд хуралдах ТУЗ-н хуралд суулгах ёстой болох байх. Учир нь би л лав УИХ-д сонгож, андуурч дугуйлсан Батзандан, Ганхуяг, Арвин 3-таа хэзээ ч өөрийн мэдлийн 1072 хувьцаагаа төлөөлөх эрх олгохгүй. Ёстой горьд! Тэгээд ч сонгуулиар тийм гэрээ хийгдээгүй. Миний 1072 хувьцаа бол миний л юм, миний хувийн хөрөнгө. Надаас өөр хэн ч, мөн миний бичгээр итгэмжлээгүй хэн ч өөрийн дураар энэ хөрөнгийн захиран зарцуулалах эрхгүй. Энэ бол төрийнх ч биш, тэр тусмаа УИХ-н гишүүдийн мэдлийнх бүүр ч биш. Компанийн хуулийн дагуу 1072 хувьцааг эзэмшигч намайг зөвхөн ЭТТ компанийн хууль ёсны улирдлага л төлөөлөх эрхтэй юм. Хууль талаасаа авч үзвэл УИХ-н чуулганаар Таван толгойн асуудлыг авч хэлэлцээд ч хувьцаа эзэмшигчдийн бүрэн төлөөлөлгүйн улмаас гаргасан шийдвэр нь хууль бус болох болно. УИХ ард түмний төлөөлөл мөн нь мөн. Тэхдээ тэд зөвхөн ард түмний төр барих эрхийг төлөөлөх эрх л авснаас хувийн хөрөнгийг нь захиран зарцуулах эрх аваагүй юм шүү. Зөвхөн дайн, гамшгийн үед л хувийн хөрөнгийг дайчлан зарцуулаад нөхөн төлөх хууль бий. УИХ Таван Толгойн ТУЗ-н ажлыг булаан хийх тухайд гарах хуулийн үр дагаварууд нэг тийм жонхуу л болох байх. Үр дүнд нь алтан цагийг дэмий шахуу үрж, дампуу Монголд маань хөрөнгө оруулахыг зориглогсон risk taker-үүдийг үргээхээс хэтэрнэ гэж үү. Явж явж компанийн ТУЗ гэдэг бол хувьцааны үнэ өсгөх стратеги дээр л ажилладаг бүтэц байдаг юм шүү. УИХ ЭТТ-н ТУЗ болмоор байгаа бол хувьцааны үнийг өсгөхөд л анхаарах ёстой. Тэгээд ч экспортын чухал салбарт дотоодын өрсөлдөөн буурч, консолидаци эхэлж байгааг одоо л дэмжихгүй бол хэзээ ч бидний мэдлийн хувьцааны ханш өсөхгүйг бас бодолцоно бизээ.
Эх оронч үнэг ирээд: Алсын газраас тоос манаруулж ирээд.... гэхэд нь
1072 хувьцааны эзэн: За за одоо больж үз. Болно хөөе. Юун даварцан юм чиодоо. Чамд хувьчлалаар зөндөө л юм өгсөн, дараа нь нам, төрийнхөө бүх л сандлыг өглөө. Хиа дагуулуудыг чинь л хооллолоо. Гэтэл чи бидний алтан боломжуудыг үгүй хийхээс хэтэрсэнгүй. Одоо болно гэжээ
Инженер Ц.Бат
Зочин · 2015/04/13
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй
Зочин · 2015/04/12
injener bat hariin hun shig setgej baina daa.