Мөрөөдлийн мөнгөний уут Казиногийн хууль хаалга тогших цагаар

Казиногийн тухай хуулийн төслийг өнгөрсөн лхагва гаригт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжин улмаар УИХ-ын чуулганд оруулсан. Гэхдээ өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар уг хуулийг хэлэлцэх эсэх  талаар эцэслэн шийдвэр гаргасангүй.

Гишүүд хуулийн төслийн талаар санал дүгнэлтээ хэлж, хууль санаачлагчаас асуулт асууж, хариултаа авсан ч  санал хураалт явуулсангүй. УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайлангийн дараа санал хураана хэмээн алхаа цохьсон.Гэвч төрийн тэргүүний тайлан цаг сунгаж хуралдахад хүргэсэн тул Казиногийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт болсонгүй өнгөрлөө.Тиймээс гишүүдийн дунд нэлээдгүй урт хэлэлцүүлэг өрнүүлсэн энэ асуудал ирэх долоо хоногт шийдэгдэхээр боллоо.  УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  сайд Д.Оюунхоролын танилцуулснаар бол, олон улсын стандартад нийцсэн казиногийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох үүднээс энэхүү найман бүлэг, 25 зүйлтэй Казиногийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санаачилжээ. Мөн 1998-1999 онд УИХ-аас батлан, хүчингүй болгож байсан Казиногийн хууль, 2003-2004 онд мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг түр хугацаанд зөвшөөрч явуулсан туршлага, алдаа дутагдалд дүгнэлт хийж, зарим улс орнуудын казиногийн эрх зүйн орчин, амжилттай хэрэгжүүлж буй олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр үндэсний онцлогт тохируулан боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газар нь байршлыг  тогтоож, тусгай зөвшөөрлийг олгож, сунгана, Казиногийн үйл ажиллагааг зохицуулах, хянах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч  төрийн захиргааны байгууллага байна,  Казиногийн тоглогч нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн  байна гэж тусгажээ.  Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  чуулганаар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн содон үг, онцлох байр суурийг уншигчдадаа хүргэж байна. 


Л.Болд: Уул уурхайн орон байснаа казиногийн орон болгоно гээд...

-Байнгын хороон дээр энэ асуудлаар ярилцсан.Дарааллын хувьд нэг зүйл дээр эргэлзэж байна.Бид ойн асуудлаар ярилцлаа.Тэр нь тэтгэврийн шинэчлэлийн бодлогын өмнө орж ирснийг би зөвшөөрч байна.Харин Казиногийн тухай хууль нь Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн өмнө мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн өмнө оочер дайрч орж ирж байна.Бодвол намын бүлгээсээ нэлээд дэмжлэгтэй Монгол Ардын намын бодлого юм шиг байна.Уул уурхайн орон байснаа казиногийн орон болгоно гээд.Энийгээ маш тодорхой хэлээрэй.Намынхаа бүлгээр хэлэлцсэн үү?Намынхаа бүлгээр хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан уу?Энэ чухал шүү, яагаад гэвэл 98 онд би энэ зааланд сууж байсан.Гончигдорж дарга сууж байсан, та нараас олон хүмүүс байсан.Яг ингээд тодорхой Засгийн газар унаад дараа нь Казиногийн хууль гээч юм орж ирээд тэрийг нь Ардчилсан намд тохоод зөвхөн Ардчилсан намын гишүүдийг барьж хориод тэр нь нотлогдоогүй өнгөрсөн. Эргээд нийгэм тогтворгүй болоод Зоригийн аллага гэж айхтар хэрэг гараад  эргээд засаг, төр хэд хэд доргиод ер нь Монгол Улс хүнд хэцүү байдал руугаа явсан л даа. Энэ түүх өнөөдөр мартагдаагүй байгаа... 

Я.Содбаатар:  Яагаад хоёрхон гэдэг тоо тавьсан бэ?

-Тэгээд энэ хоёрхон аж ахуйн нэгжийн төлөө Үндэсний зөвлөл байгуулна гэнэ.Улсын байцаагч нар томилно гэнэ.Ажлын албатай байна л гэнэ.Эргээд хэдэн мянган ажилтантай төрийн бүтцийг энэ хоёрхон байгууллагын төлөө бид гаргах ёстой юм уу? Бие даасан төрийн хэмжээний, дээрээ үндэсний зөвлөлтэй ийм байгууллага байгуулах шаардлага байна уу, үгүй юү? Бусад төрийн байгууллагуудынхаа чиг үүрэгт энийгээ оруулаад явж болдоггүй юм уу. 

 

 


УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: Тоог өөрчлөх боломжтой


-...Казино гэдэг бол маш их өндөр хэмжээний зохион байгуулалттай харуул хамгаалалтын доор явагддаг учраас  гэмт хэрэг гарах боломж байдаггүй юм байна. Нэг ширээн дээр зургаан камер зоогоод харуул хамгаалалтын бүхэл бүтэн алба ажиллаж байж энэ үйл ажиллагаа явагддаг юм байна.Дэлхийн бар орнуудын жишигт нийцсэн хоёрхон байвал гэсэн тоог тавьсан.Тоог бол бид Их хурлын чуулган дээрээ ярилцаад ажлын хэсэг өөрчлөх боломжтой. 

Ж.Батзандан: Хуулийг дэмжихэд надад тодорхой нэг үндэслэл хэрэгтэй байна


1998 онд Монгол Улс анх удаа Казиногийн тухай хуулийг гаргаж байсан.Одоо хоёр дахь удаагаа өмнөх алдаагаа давтахгүй байгаасай гэж би хүсэж байна.Англи улс анх казино байгуулахдаа хоёр зорилгоор байгуулсан. 
1.Төсвийн орлогыг нэмэгдүүлэх 
2.Орлогын тасалдлаа нөхөх зорилгоор. 
Консерватив намын улстөрчид  баялгийн шударга хуваарилалтыг хийх зорилго бас агуулж байгаа юм гэж байсан. Өөрөөр хэлбэл баячууд язгууртнууд ирж тоглодог, гаднынхан ирж орлого оруулдаг тэр мөнгийг нийгмийн ядуу, эмзэг хэсэгт хуваарилдаг.Тэгэхээр энэ хуулийг дэмжихэд надад тодорхой нэг үндэслэл хэрэгтэй байна. 

Г.Баярсайхан: Нууцаар тоглодог уих-ын гишүүн бизнесмэнүүд ч байна


-1996-2000 оны хооронд казинотой холбоотой хэрэг гарсан.Хэдэн хүн шорон оронд явж яалаа, банкнаас зээлж авч казино тоглосон хүмүүс хэдхэн жилийн дараа суллагдаж, дараа нь мөнгөөрөө хөлжлөө.Монгол Улсын иргэн тоглуулахгүй гэсэнтэй санал нэг байна.Байнгын хорооны төслөөс харахад Монгол Улсын иргэн тодорхой болзол, нөхцөлтэйгөөр тоглосон ч яахав гэсэн байна.Би лав огт дэмжихгүй байна.Монгол Улсад нууцаар казино болон покер тоглож байна.Үүнд хяналт тавьж чадаж байна уу, үгүй юу.Миний бодлоор энэ Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхаар чухал тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэх саналтай байна.Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг ямар арга зам, хөрөнгө оруулалтаар шийдэх вэ гээд.Монгол шиг жижиг улсад казино хэрэггүй ээ.Цаг нь ч болоогүй байна.Үндэсний аюулгүй байдал талаасаа ч тэр.Нууцаар тоглодог УИХ-ын гишүүн энэ бизнесмэнүүд ч байна.Хуулиа мөрдөж, хэрэгжүүлж чадахгүй байж, юун казино байгуулах вэ?Олонхоороо Казиногийн хуулийг дэмжиж болно оо, би гэхдээ дэмжихгүй байна.Ноцтой асуудал гэж үзэж байна. 

 

Д.Ганхуяг: Казинод очиж байгаагүй хүмүүс нь очиж үзэх хэрэгтэй

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна.Монгол Улсын эдийн засгийн бүтцийг харахад уул уурхай, мал аж ахуй байх шиг, дандаа түүхийгээр гаргадаг.Эдийн засгийн орлого, төсвийн зарлага орлогууд нь тэнцэж байдаг.Аялал жуулчлалын салбар чухал салбар, дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувь гаруйг эзэлж байна.Соёлын аж үйлдвэр, соёлын контентыг бэлтгэх, бизнесийг өргөжүүлэн, тэр казиног оруулахдаа олон улсын сүлжээ мэргэшсэн байгууллагыг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байна.Казино дээр үе шиг аюултай байдаг нь өнгөрсөн.Монголд казино байхгүй ч гэсэн монголчууд ч бас зөндөө гадагшаа явж тоглож байгаа.Тэр тусмаа манай энэ урьд, хойд хөрш ч гэсэн гадагшаа явж тоглож байгаа.Энэ хуулийг харахад цензур нь их байна. Шууд төрийн байгууллага, янз бүрийн улсын байцаагч  орохоороо л биш болоод сурч, мэдэх гэж тэгээд эрх мэдлээ буруугаар ашиглах нь зэрэг хэцүү л дээ. Хэлэлцүүлгийн явцад тэр олон улсын казиногийн бизнес явуулдаг байгууллагуудаас зөвлөгөө авч болохгүй юу, авах нь зүйтэй байхаа.10 жилийн хугацаа бол богино хугацаа.Одоо жишээлбэл “Мобиком” компани анх үүрэн телефоныг Монголд нэвтрүүлж байсан, гадны хөрөнгө оруулалтаар.Хугацааг нь сунгаж өгдөггүй асуудал байсан.Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлалаар айлын талаас олон удаагийн хүсэлт тавиад байдаг. 

А.Тлейхан: Бүх зүйлийг хараар харах нь сайн зүйл биш

-Казиногийн хууль боловсруулах ажлын хэсэгт цагдаа, хуулийнхан байна.Монголд нууц казино байдаг, тэнд нь улстөрчид тоглодог, донтдог гэж ярьж байна.Тийм юм байгаа юм уу?Хууль нь байхгүй байхад хууль бус зүйл хийгээд байгаа юм шиг Их хурлын гишүүд яриад байна.Хэрэв үнэхээр байгаа юм бол ил болгож өгөөч.Байхгүй бол албан ёсоор хэлээд тэр ойлголтыг өөрчилж өгөөч.Нөгөө талаар казино бол тийм хүний айгаад байх зүйл биш гэж би хувьдаа ойлгодог.Монгол хүн орохгүй юм байна.Бид хуулиа харахгүйгээр сэтгэлийн хөөрлөөр, нийгэмд таалагдах гэж юм ярих зөв үү, буруу юу.Миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байна.Д.Ганхуяг гишүүний хэлсэнчлэн бусад орны казиногийн хуулийн жишгийг сайтар судалж байж хуулиа чамбайруулах хэрэгтэй гэж үзэж байна.Монгол Улс дэлхийд болоод байгаа зүйлийг яагаад болгож болохгүй вэ.Бие биенээ хардаж сэрдэж, хаанаас хэн мөнгө олох гэж байгаа бол, сонгуулийнхаа мөнгийг олох гэж байна зэрэг юм ярьж байгаа гишүүдийг би гайхаж байна.Нийгэмд буруу ойлголт өгмөөргүй байна.


Б.Болор: Монгол улсын иргэдэд үйлчлэхгүй гэдэг дээр санал нэг байна


-Олон талаас нь харж хэлэлцэх нь зөв ч бид нэг тал руу туйлширч, дэлхий нийтээр зөвшөөрөгдсөн, эдийн засгийн үр өгөөж нь тодорхой болсон зүйл дээр улс эх орны эрх ашигт нийцсэн энэ шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна.Энэ хуулийг анх Засгийн газраас орж ирэхэд нэлээн судалгаа хийсэн.Нөхцөл байдал бол 1996, 97 оноос хойш өөрчлөгдсөн. 

Аялал жуулчлалын үр нөлөө ч их.Бид жилд сая жуулчин оруулж ирнэ гэж яриад байгаа.Гэтэл өнөөдөр хөшүүрэг нь байхгүй байна. Манай хоёр хөршид казино байхгүй байгаа энэ үед бид энэ бүс нутгийнхаа зах зээлийг бүрэн хангаж, зөв зохистой менежментийг хийвэл манай эдийн засагт эерэг үр нөлөө  үзүүлэх бүрэн боломж байна. Монгол Улсын иргэдэд үйлчлэхгүй гэдэг дээр гишүүдтэйгээ санал нэг байна.Монгол Улс шиг гуравхан сая иргэдтэй улс үндэсний аюулгүй байдлаа бодсон ч иргэдээ оруулахгүй байх, хэрэв оруулвал тодорхой шалгуур, хязгаарлалттайгаар оруулдаг байх хэрэгтэй.Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. 
 

Д.БОЛОР