УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байхдаа томоохон гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх хэргээр АТГ-т шалгуулахаар хандсан гэсэн мэ­дээлэл гараад байгаа билээ.

Тий­мээс уг асуудлын талаар хэв­лэ­лийн­хэн өчигдөр УИХ-ын дэд дарга Л.Цог болон УИХ-ын гишүүн Ц.Ням­­дорж нараас тодруулсан юм.

Ингэхэд УИХ-ын дэд дарга Л.Цог "Би шалгуулахаар өгдөг хүн нь биш. Өгөх ёстой хүмүүс нь өгөх байх" гэснээс өөр мэдээлэл өгсөн­гүй.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дараахь ха­риул­тыг өглөө.

-Таныг Хууль зүйн сайд байх­даа МИАТ-ийн болон бусад то­моо­­хон хэр­гүү­дийг нуун ­да­раг­дуул­сан гэж АТГ-т шал­гуулахаар өгсөн гэсэн. АТГ-аас танд ямар нэг мэдээлэл өгсөн үү?

-АТГ-т өгсөн гэж хэвлэлээс уншсан. Намайг АТГ-т өгсөн гээд байгаа Л.Цог, З.Баянсэлэнгэ нар бол хууль мэдэх ёстой хүмүүс. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд Хууль зүйн сайд оролцдоггүй. Хэрэг болгоны дугаа­рыг прокурор өгдөг. Өөрөөр хэл­бэл, таслан зогсоодог эрхийг проку­рор эдэлдэг. Хууль зүйн сайд хэрэг шалгаж, мэдээлэл гадагшаа гар­га­даг­гүй. Хэргийн талаархи мэдээл­лийг зөвхөн мөрдөн бай­цаагчийн зөвшөөрлөөр гадагшаа гаргана гэсэн хуулийн үг байдаг. Ерөнхий­лөг­чийн сонгуулийн өмнө синдром нь хөдөлсөн хүмүүсийн үйлдэл гэж би ойлгож байгаа. Би 1990 оноос хойш хууль зүйн салбарт ажиллаж байгаа. Тэгэхэд би хавтаст хэрэг бариад Хууль зүйн яам, Төрийн ордон руу ордог прокурор харж байгаагүй. Намайг маажаад нэмэр­гүй шүү. АТГ-аас намайг дуудаагүй л байна.

-Таныг Х.Баттулга сайдаас уучлалт гуйх ёстой гэсэн мэ­дээлэл гараад байсан. Та ууч­лалт гуйх уу?

-Дээд шүүхэд давж заалдах өргөдлөө бичээрэй гэж би өмгөө­лөгч­дөө хэлсэн байгаа. Дээд шүү­хэд бүх баримтыг нь өгсөн ч дутуу байна, шалгаж байна гэсэн. За­хиал­гатайгаар шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Хан-Уул дүүргийн шүүхэд байхад нь би Чингэлтэй дүүрэгт шилжүүлэх хүсэлт гаргасан, үүнийг ёсоор болгосон. Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Мон­голын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм.

-МИАТ, Эрүүл мэндийн сайд, Ё.Отгонбаяр гишүүний хэрэг гээд томоохон хэргүүд илэрч байна. Энэ нь хууль зүйн шинэчлэлийн үр дүн гэж та бодож байна уу?

-Тийм зүйл байхгүй. Энэ хэр­гүүдийн хувьд эцсийн үр дүн шүү­хээр яаж асуудлыг шийдэхээс л бүх зүйл хамаарна. Шүүхийн шийдвэр га­раа­­гүй байхад хэнийг ч гэмт хэрэг­тэнд үл тооцно гээд Үндсэн хуулинд заачихсан байдаг.  Шүү­хээр асуу­дал эцэслэн шийдэгд­сэний дараа л гэмт хэрэгтэн болно.