-Мэдээлэл өгдөг Ерөнхий сайдтай боллоо гэв-

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр зарим гишүүн эдийн засгаа сэргээх, хямралаас гаргах алхмыг хийж, хэрэгжүүлэхгүй байгаад Ерөнхий сайдыг шүүмжиллээ. Монгол Улсын эдийн засаг ойрын хоёр жилийн хугацаанд улам хямарч, өнөөдөр санхүүгийн хүнд байдалд байгаа. Харин төр засгийн буруу шийдвэрээс болж иргэд хүнд байдалд орж, валютын хөөрөгдлөөс үүдсэн үнийн өсөлтөд дарлуулж суугааг хэн ч хэлнэ. Гэвч төр засаг нь өнөөдрийг болтол дорвитой шийдвэр гаргачихсан зүйл нүдэн харагдахгүй, гарт баригдахгүй л байна.

Ч.Сайханбилэг Шийдлийн Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ “Монгол Улсын нэн тэргүүний асуудал, эдийн засаг” гэдгийг гурвантаа хэлсэн. Харамсалтай нь хагас жилийн нүүрийг үзэж байхад сайхан яриад байснаар эдийн засгаа солонгоруулах байтугай хүндрэлийг гэтлэх арга замаа шийдээгүй л сууна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлснээр Ерөнхий сайд маань зовлон ярихаас цааш шийдвэр гаргаж чадахгүй байгаа бололтой. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ “Мэдээлэл өгдөг Ерөнхий сайд боллоо. Асуудал шийддэг биш, орж ирж зовлон ярьдаг болж байна. Бид чинь асуудал шийдэх Шийдлийн Засгийн газар гарсан гэж бодож байгаа. Өнөөдөр асуудал хүнд байгааг бүгдээрээ мэднэ. Тиймээс зовлон тоочмооргүй, асуудлаа нэг, нэгээр нь бариад шийдээд явмаар байна. Ажил хийх сар эхлэчихээд байхад энэ зун бүтээн байгуулалтын ажил үндсэндээ талаар болох нь. Засгийн газрын өмч, хувьчлалын бодлогыг хэлж өгсөнгүй. Тэгснээр  өмч, хувьчлалын орлого тасарч байгаа юм байна. Эдийн засгийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний томоохон төслүүдийг шийдэж өгсөнгүй, зогсоочихлоо. Та бол нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэж хэлсэн. Гэтэл макро эдийн засгийн үзүүлэлт чинь өдрөөс өдөрт улам хасах, сөрөг байдлаар муудаж байна. Ард түмэн, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалсан. Одоо яагаад Монгол төр бүсээ чангалж болдоггүй юм бэ. Төр цатгалан, цамаан хэвээр байна” гэсэн юм.

С.БАЯСГАЛАН