Нарендра Модигийн төрийн айлчлал эхэллээ
2015/05/17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модиг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд боллоо.
Монгол, Энэтхэгийн хооронд 1955 оны 12 дугаар сёарын 24-нд дипломат харилцаа тогтоож, хоёр тал 1956 онд Элчин сайд нараа харилцан томилж, Монгол Улс 1956 онд Делид, Бүгд Найрамдах Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатарт элчин сайдын яамаа тус тус нээжээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Ерөнхий сайд хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж дурсгалын гэрэл зураг авахуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт хийлээ. Айлчлал үргэлжилж байна.