Бие даагчдын, бас зарим гишүүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл энэ өдрүүдэд “гарын үсэг” болоод байна. Анх О.Баасанхүү гишүүний эхлүүлсэн, улмаар С.Ганбаатар тэргүүтэй бие даагчдаар бүл нэмсэн, удалгүй Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга зэрэг эрх баригчдаар эгнээгээ тэлсэн Ерөнхий сайдыг огцруулах саналтай энэ нь холбоотой.

Учир нь, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын 39 гишүүний кноп хэрэгтэй байдаг бол огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихад 19 “гарын үсэг” шаардлагатай юм.

Нийт гишүүний дөрөвний нэг нь санаачилсан тохиолдолд л Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцдэг УИХ-ын дэг ийнхүү зарим хүнийг “гарын үсэг”-ийн эрэлд гарахад хүргэжээ.

Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах шалтаг, шалтгаан нь хүн бүрийн хувьд өөр, өөр байгаа бололтой. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх тохиролцоо явахаас өмнө буюу Ерөнхий сайдыг Дубайд очихоос ч эрт энэ санаачилгаанх О.Баасанхүү гишүүнээс гарсан байдаг. Харин Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн хувьд Оюутолгойтой холбогдуулж

Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлаар зарласан. Хамгийн сүүлд тэдэнтэй нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн гишүүн Ч.Улааны хувьд энэ өдрүүдэд УИХ-ын хэлэлцэж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах юм бол Ерөнхий сайдыг огцруулна гэдгээ өчигдөр чуулганы танхимд мэдэгдлээ. Энэ мэт шалтгаантай Ерөнхий сайдыг огцруулах “фракц”-ынхан өчигдөр үдээс хойш наймуулаа болсон байв. Тэд бол Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, Г.Уянга, С.Ганбаатар, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан нар. 19-үүлээ болоход ахиад 11 “гарын үсэг” хэрэгтэй ч нэмэгдэх магадлал бас байгаа юм.

Сүүлийн үед ярилцлага өгөх бүртээ “Засаг огцрох ёстой, УИХ тарах хэрэгтэй” гэж буй Ж.Энхбаяр тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүдийг ч тэдэнтэй нэгдэж магадгүй гэх яриа таржээ. Нөгөөтэйгүүр, хамтарсан Засгийн газраас яаралтай гарах ёстой гэж үзэж буй МАН-ын гишүүд Оюутолгойн энэхүү хэлэлцээг “далимдуулъя” гэж байгаа гэх. Бас түрүүний засагт сайд хийж байгаад огцорсон Д.Тэрбишдагва, сайдад нэр дэвшээд зэрэг нэмдэгийн даваан дээр татагдсан Н.Батцэрэг нарыг энэ “фракц”-д нэгдэнэ гэх яриа гарчээ.

 

Ч.САНСАР