Тархин дахь түгжрэл, зам дээрх түгжрэл...
2015/06/19
Өчигдөрхөн авсан машинаа зүүдэлж шахам хоносон би өглөө эртлэн бослоо. Монголд яваагүй “шинэхэн” тэрэг минь зогсоол дээр занхайтал зогсож байна.
Олон жил мөрөөдсөндөө хүрч төмөр хүлэгтэй болсон минь энэ. Болохоо хүрвэл амархан л эд юм гэж бодож зогсов. Хэдэн жилийн өмнө жолооч болох хүсэлдээ хөтлөгдөн жолооны курст очсон бол арай л дэндүү урт хугацаанд сурах байлаа. Хайран цаг хугацаа. Гурван сар билүү дээ, тэгээд их, дээд сургуулийн төлбөрөөс өндөр зардал өгөх байв.
1999 онд манай их, дээд сургуулийн төлбөр дөнгөж 270 мянга, харин жолооны курсынх 380-400 мянган төгрөг байсан даа. Харин одоо бол эсрэгээрээ их, дээд сургуулийн төлбөр 1.8-2.2 сая төгрөг болтлоо өсч, жолооны курсын төлбөр долоон долоо 49 хоног суугаад төгсөхөд ердөө 250-хан мянга болж навс унасан. Нээрэн, Улаанбаатарын нарийхан замаар сүлжилдэх хэдэн мянган машины хэдэн мянгынх нь жолооч 250 төгрөгийн төлбөртэй жолооны курс төгссөн бол оо. Уг нь эмч, жолооч хоёулаа гараа нэг л удаа хяналтгүй хөдөлгөвөл хүний аминд хүрэх эрсдэлтэй. Гэтэл эмчийг олон сая төгрөгийн төлбөр авч 10 жил, харин жолоочийг 250-хан мянган төгрөгөөр ердөө сар гаруйхан суулгаад л бэлдэж байна. Нэг үгээр эхэлбэл, монгол хүний амь өнөөдөр 250 мянган төгрөгийн үнэтэй болсон байна. Ингэж бодохоор би бараг л тэдний нэг тул гэнэтхэн айдас нөмрөөд авлаа...
Гадаадад хэдэн жил хар бор ажил хийж, хэд гурван төгрөг хурааж, бас дээр нь унах машинаа каргод ачуулчихсан маань өчигдөр ирсэн хэрэг. Дээр хэлсэн аймшигтай үнэнийг эс тооцвол бүх зүйл их сайхан, амархан болжээ.
Үнэндээ би ганц сар ч сураагүй, 250 мянгыгаа ч төлөөгүй жолоочийн үнэмлэх худалдаад авчихсан машинтай болсон минь энэ.
Жолооч болсноо, машинтай болсноо ээждээ харуулахаар нисэх мэт л дүүлэн гарлаа. Хаазаа гишгэлээ. Гэрлэн дохионы ногоон гэрэл аальгүй хүүхний нүд шиг баруун солгойгүй ирмэж, “Чиний явах ээлж, чиний явах ээлж...” гэж өднө.
Гэвч өмнө минь нэгэн сайхан хүүхний унасан шунхан улаан тэрэг баруун ч эргэхгүй, чигээрээ ч явалгүй зогссоор л. Хөдөлсөнгүй. Гүрийсээр л ...
Би чинь гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн хүн. Бусад жолооч нар шиг хараал хэлэхгүй л дээ.
...дийд ...ДИИИИД... ДИЙЙЙД ...ДИЙИЙД... Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ.
- Өө муу новшоо яваач ээ...
Баруун гар тийш эргэх дохионы гэрэл ааштай хүүхэн шиг мэнчийтлээ улайх үед, мөнөөх хүүхэн чигээрээ арилж өгөв. Дараагийн гэрлийг хүлээх зуур толгой руу манараад явчихсан уур хилэнгээ барих гэж түг түг хийх зүрхний цохилтоо намжихыг хүлээв.
Тайвшруулах мэт ногоон гэрэл анивчих үест гэнэт хажуу талын эгнээнээс дахин нэг машин шунгинан дайрч, би ч бамбайгаараа сум хаах гэж байгаа үлгэрийн баатар шиг өмнүүр нь чихэж байж түүнийг зогсоов. Төд удалгүй улаан гэрлээр пижигнэтэл гүйлдэх хүмүүсийг адуун сүрэг туух мэт хөөж гарлаа. Нэгээс нь бултаж, нөгөөхийг нь элдсээр нэг юм ухаан орж төмөр хүлгээ захирч чадав.
Ээ бурхан тэнгэр минь...Улаан гэрэл дээр зогсож байсан дунд гарын жипний араас энэ цагийн монголчуудын унаа болоод буй “prius-20” очоод наалдчихлаа. Хамар хэсэг нь тэр чигээрээ чихэгдчихэв. Хэдэн минутын дараа утаа манан дундаас жолооч нь бууж харагдав. Чааваас, өнөөх жолооч нь шал согтуу. Өглөөний 10 цаг шүү дээ. Нээрэн манайд үнэхээр амар юм аа. Иймэрхүү үзэгдэл байнга шахам л болно. Удалгүй цагдаа ирнэ. Мань жолоочийг эрүүлжүүлнэ. Машиныг нь журамлана. Жолоо барих эрхийг нь нэг, хоёр жилээр хасна. Ингээд л болно доо. Цааш яах нь вэ гэж харах ч хэрэггүй. Согтуугаар машин барьж яваад хүн дайраад алчихсан ч ял зэм нь бага. Нисээд л гурван жилийн хорих ялтай. Саяхан даа, 12 настай охиныг дайрч хөнөөсөн Сэлэнгийн цагдаагийн газрын жолоочид дөрвөн жилийн ял оноосон. Урсгал сөр гэж тушаал өгсөн дарга нь огт зэм хүртэлгүй өнгөрсөн гэж байгаа. Хүний амь шүү дээ. Гэтэл урд хөршид маань согтуу жолооч хүн дайраад хөнөөчихвөл цаазаар авах ял шийтгэдэг. Тайландад бас тийм. Харин Украинд 15 жилийн хорих ял онооно.
Машин тэрэгнүүд яг л шархадсан араатнууд мэт сигналдаж, жолооч нар араа шүдээ ярзайлган архиралдаж, ийш тийшээ гүйж тамирдсан хүмүүсийг элдвээр харааж орилох дуу эгээ л дайны үеийн мэт дүр төрхийг зураглана.
Нүдний өмнүүр өглөөхөн уншсан зам тээврийн осолд 156 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар нэмэгджээ гэсэн үг тээр цаанаас наашлав. Удалгүй томоос том тодрон харагдаж байснаа ээжийгээ даган гүйсэн энэ охины гартаа тэвэрсэн хүүхэлдэй цусанд будагдаж болох байсныг, тэр эмээ ачдаа хэзээ ч очихгүй, тэр хүүхэн хэзээ ч хүнтэй сууж чадахгүй, хөөрхий тэр амьсгаадан зогсох эгч саяхан цэрэгт мордсон хүүгээ дахин духан дээр нь үнэрлэж, уулзахгүй байж ч болох байсныг санав. Гэвч гай түйтгэргүй өнгөрсөн нь яамай.
Үнэхээр ч төмөр хүлгийн тэнгэр ивээж, түй гэх шүлсний зураасгүй салав. Гэтэл цааш зорчих зам юутай бэрх, бас эмгэнэлтэй байсан гээч... Сөөм сөөмөөр газар хороохдоо зүрхний өвчнөө гэнэт сэдрэн савлаж буйг анзаарав. За байз, гэнэт нүд анивал би чинь жолоочийн үнэмлэх дээрээ цусны бүлгээ худлаа бичүүлчихсэн байдаг. Энэ ер нь цус харвахад хамаагүй байхаа. Харин осолд орвол буруу цус юүлээд шууд үхэж магадгүй юм.
Угаар хаясан автобусны утааг уушиглан уушиглан хар тамхинд мансуурах мэт явтал дайны дараах нам гүмийг эвдэж, дахиад л дайралт эхлэв.
Улаан тэрэг ухасхийтэл тормозлолоо. Ногоон тэрэгний дохионы гэрэл асдаггүй бололтой. Гэнэт л баруун эргэж, хөөрхий би хэдэн мянган морины хүчтэй төмөр хүлгийнхээ амыг цууртал нь татаж байж оцосхийлгэн зогсоов.
Арын машины урд хоёр дугуй агаарт морины хөл мэт сарвалзах үед, түүний араас сажилж явсан цагаан машины жолооч цонхоороо нусаа нийж байсан тул зогсч амжилгүй мөргөж орхилоо. Гайгүй салсандаа сэм залбирсан намайг дайны талбараас дутаах үед эр эм хоёр баатар, энгэр юугаан заамдалцан, сэлэм мэт гараа эргэлдүүлэн, барсын дуугаар бархиралдан үлдэв. Нээрээ ч энэ ашигладаггүй дохионы гэрэл, улаан гэрэл, тормозны гэрлийг нь бүгдийг нь хил дээр хураачихвал машины үнэ буурч юуны магад билээ.
Ядахад буруу зөрүү жолоотой машинуудынхаа тоог тэнцүүлчихгүй гэж урд толиндоо үйлийн үрээр мөргөлдөж таарсан хоёрыг өрөвдөн өрөвдөн бодлоо...Ийм зохицуулалтыг манайд даанч хийдэггүй, тийм бодлого ч гэж холбогдох газруудад нь байдаггүй юм чинь.
Ээжээ. Хүү нь тандаа очиж явна. Дайны талбар мэт энэ зам дээрээс эсэн мэнд очвол, хүн бүрт хаяглаж байгаад “Жинхэнэ жолоочийг чанартай сургалтаар бэлтгэе. Жолооч нараа бие биеэ хүндэлье. Машиныхаа зарим гэрэл дохиог ашиглаж сурья. Явган зорчигчид минь гарцгүй газраар битгий гараарай гэж уриалах болно” гэж амандаа үглэсээр ирснээ ийнхүү буулгалаа. Басхүү ээждээ очихоор явсан Улаанбаатарын зам дээрх энэхүү хоёр цагийн “аялал” маань яг үнэндээ тавхан буудал газар. Энэ хооронд гурван гэрлэн дохио байх. Уур унтуугүй ном дүрмээрээ явбал 15-50 минутын л газар. Гэвч бид бүтэн хоёр цаг ноололдож ноцолдож, тэр замдаа бараг л шинэ амьдрал бүтээчих шахах. Ингэж түгжрээ үүсгэдэг түмэн шалтгааны цөөхөн хэд нь надад тохиолджээ. Гэвч би андуу бодсон байв. Түмэн шалтгаан биш шалтаг юм байна. Харин ганцхан шалтгаан байх ажээ. Бидний тархинд яаж ч болохгүй түгжрэл бий болчихож. Хэдхэн секунд ногоон гэрэл хүлээчих тэвчээр алга, ганц машин өмнүүрээ оруулчих сэтгэл алга, шил цонхоороо хог нусаа хаяхгүй байх соёл алга... Энэхүү тархин дахь түгжрэл л зам дээрх түгжрэлийн шалтгаан юм байна.
Г.ЖАРГАЛ
Зочин · 2015/10/27
Eox xetsuu shu mini zurx uvddug zurx pal pal geed l aimar shu mongoliin zam deer
өндөр болгох нууц · 2015/06/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮