Эх орончид хаачив: Туул уйлж байна
2015/06/19
Туул голд аюул нүүрлэж, харангын дохио улам чангаар дэлдэх боллоо.
Сая гаруй хүн амтай нийслэлчүүдийг ундаалдаг Туул гол 2013 онд дэлхийн хамгийн бохирдол ихтэй голуудын тавдугаар байрт жагсаж байсан бол өнөөдөр бараг нэгдүгээрт орохоор аймшигтай нөхцөл байдал нүүрлээд байна.
Туулын бохирдол хэрээс хэтэрч өнөөдөр гол бус өмхий балчиг болжээ. Энэ л сэтгэл урагдам өнөөгийн дүр төрх, маргаашийн ирээдүйн төлөө дуугүй өнгөрч боломгүй мэт санагдав.
Туул гол чимээгүйхэн гашуудан уйлж байна. Ийнхүү өгүүлэхийн учир Туул гол цэвэр усаар бус цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэсэн бохир усаар олон жил “тэжээгдсэний” эцэст өнөөдөр уйлж, уйлсаар устаж үгүй болох дээрээ тулаад байна.
Гэтэл энэ тал дээр анхаарах ёстой эрх мэдэлтэн, холбогдох албан тушаалтнууд нь анхаарал хандуулж, хатан Туулаа аврахын оронд “амыг нь барих” ажлыг зохион байгуулж, нүд хальтрам Туул голоос нүүрээ буруулсаар байгаа нь үнэхээр харамсалтай.
Туул голын бохирдлын асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа зүйл огтхон ч биш. 2000 оны эхнээс л Туул голын бохирдол гэх зүйл чих дэлсэх болсон. Тухайн үед Туул голыг бохирдуулагч гол хүчин зүйлүүдийн нэг болох Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж, голын ай савыг хамгаалах ажлыг эрчимтэй өрнүүлсэн бол өнөөдөр ийм байдал үүсч, Туул уйлахгүй байсан.
Харин манай эрх баригчдад ийм сэтгэл дутсан. Үүнийг сүүлийн арван жилийн дотор Туулын хөвөөгөөр баригдсан барилга байшин, 50 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн төрх, Туул голын ойролцоо хайрга элс олборлох зөвшөөрөл хүртсэн олон арван компаниуд илчилнэ.
Түүнчлэн гол усаа хамгаалах инээд хүргэм хууль, дүрмүүд. Тодруулбал “Гол, усны хамгаалалтын бүсийн дүрмийг зөрчсөн иргэд, үйлдвэр, албан газар, компани, пүүс хоршоолол, хувь нийлүүлсэн байгууллагыг Монгол Улсын Усны хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” хэмээн хуулиндаа заажээ. Тэр хууль тогтоомж нь торгох, хохирлыг барагдуулах. Харин өнөөх барагдуулах хохирол нь ердөө 40-250 мянган төгрөг байх юм.
Энэ мөнгө Туулын хөвөөнд элит орон сууц барьж, ашиг олж байгаа хүмүүсийн цайны мөнгө биз. Ийм хуультай байсан цагт Туул голын ай сав хэзээ ч хамгаалагдахгүй нь ойлгомжтой. Манай улс ундны эх үүсвэрүүдээ хамгаалж, сүрийг бадруулаад байдаг атлаа эх ундарга болсон Туул голоо хөсөр хаясан нь үнэхээр хачирхалтай.
Уг нь хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах дуртай эрхмүүд энэ байдлыг мэдэхгүй бус мэдэж л байгаа байлтай. Сэтгэл байвал зүтгэл гардаг гэгчээр Туул голоо хамгаалахын тулд хууль дүрмээ чангатгаж, хэлсэн үгээ ажил болгох цаг ирснийг энд дахин өгүүлье.
Туулын бохирдолын гол буруутан нь яах аргагүй Төв цэвэрлэх байгууламж. Гэтэл энэхүү буруутан болж чичлэгдээд байгаа цэвэрлэх байгууламжийн ард нуугдаж байгаа тус газрын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах учиртай эрхмүүдийг л буруутгах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.
Өдгөө эдийн засгийн хямралтай гэгдэж байгаа ч Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл бүтээл байгуулалтын ажлыг хэрхэвч хойш тавиж болохгүй юм.
Олон жил дуншсан Төв цэвэрлэх байгууламжийг орчин үеийн техник технологи бүхий бүрэн цэвэрлэгээний байгууламж болгон шинэчлэхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Энэхүү мөнгөний асуудал шийдэгдэж, шинэ цэвэрлэх байгууламж сүндэрлэх тэр л өдөр Туул гол аврагдах болно.
Гэтэл цаас төдийхөн дээр буусан энэхүү ажлыг шуурхай хийж, Туул голын нулимсыг арчиж, амийг нь аврах ачтан байна уу гэдэг л эргэлзээтэй байгаа юм.
Энэ байдлаараа үргэлжилсээр Туул гол бохирдсоор байвал нийслэлчүүд төдийгүй Туул гол урсан өнгөрдөг дөрвөн аймгийн 27 сумын иргэд ч хүнд байдалд орж Монгол Улс эмгэнэл зарлаад ч нөхөж боломгүй гарз тохиох болно.
Гэвч ийм байдал үүсгэхгүй тулд өнөөдрөөс л Туул голоо аврах ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.
Төрийг засч байгуулах, төрийн түшээдээ сонгох эрх ард түмэнд байдаг. Бид ийм л хүч чадалтай агуу хүмүүс. Монголчууд нэгдэн нийлж, хүчээ нэгэн зүгт чиглүүлж чадаж байсан тэр л үедээ дэлхийн талыг эзлэж явсан агуу гүрэн.
Харин өдгөө нэн түрүүнд Туул голыг хамгийн ихээр бохирдуулж байгаа цэвэрлэх байгууламж, голын ай савыг дэрлэн байрласан барилга байшингуудыг цэгцэлж, элс хайрга олборлолтыг зогсоох ажилд л хүн бүр нэгдэн нийлж, үүнд дуу хоолойгоо хүргэх шаардлага бидний өмнө хэдийн иржээ.
Гэтэл эх орон газар нутаг хэмээн цээжээ дэлдэгсэд хаачив. Туул голын аймшигт дүр төрхийг хэвлэл мэдээллээр дэлгэж, үнэнийг хүүрнээд байхад тэд огт дуугарахгүй, хөдлөхгүй байгаа нь бас ч хачирхалтай.
Уг нь үнэхээр эх орон газар шороондоо хайртай, хайрладаг бол эрх биш нэгийг бодож, хоёрыг хиймээрсэн. Чингисийн талбайн гадаа улс төр ярьж жагсахын оронд, хүний зураг шатааж цээрлүүлэх ёс үйлдэхийн оронд Туул голын эрэг дээрээ жагсах учиртай бус уу.
Мянга сонсохоос нэг үз гэдэгчлэн бохир усаар “тэжээгдэж эмгэнэлт байдалд ороод байгаа Туул голоо эрх баригчид минь нэг очоод харчихаач.
Б.Батчимэг
Зочин · 2015/06/24
gan bolohgu yaadiin dusal boroo unagaahgudee aygu bol
Зочин · 2015/06/20
:(( :(( :(( :((
erka · 2015/06/19
eh oronchid yah be uul ustaigaa buruu haritsbal baigali delhii yaj hariugaa abdgiig udahgui bid harah bolnoo yasan ih tuul golruugaa bohiroo hiij yasan ih barilga baridag nobshnuud be udahgui haraarai ene orond shuuh tsagdaa baigaa hernee shuun tungaaj chadahgui bol baigali eh ooroo shuugeed ognoo
Зочинoo · 2015/06/19
nuguu eh orniihoo hamag baylag orduudiig avscan baychuud ta nar tuuliin ereg deer amidardag bishuu.ta nar tseverleh baiguulamjaa huviasaa shinechilvel tsaaziin y****asaa multarch boloh yum.
Зочин · 2015/06/19
Nuguu eh oron gazar shoroondoo hairtai,uvug deedsiin ***ril bunhan shoroo usaa ami nasaaraa hamgaalj temtsdeg gishuud eh oronchid haachivaa,yagaad duugarahgui bna. Adilhan l uvug deedsiin bunhan shuteen orshson us murun.Tuul golyn ard yamarch hurungu mungu baihgui bolohoor tednii hairyg tatahgui bgaa yum bolov uu...
өндөр болгох нууц · 2015/06/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮