Шинэ Ерөнхийлөгч л шинэчлэлийг хийж чадна
2013/06/14
Шинэчлэлийг шинэ Ерөнхийлөгч л хийж чадна гэх итгэл найдварыг сэтгэлдээ өвөртөлсөөр Багануур дүүргийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг угтлаа. Эл дүүргийнхэн орон нутгийн сонгуулийн маргаанаас үүдэлтэй өнөөдрийг хүртэл хоёр талцан хэрэлдэж, АН-ынхан тамга тэмдгээ хулгайгаар шахуу гартаа оруулсан тухай нутгийн иргэд гомдол мэдүүлсэн юм. Тэд ардчилал гэдэг нэг намын нэр, бас хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш. Мөн ардчилал гэдэг ард нь орж нуугддаг баг биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, аваргын “Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжих” уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Шат шатандаа намчирхах үзэл газар авч, хэрээс хэтэрч, улмаар улс орныг хүчгүйдүүлж, ард түмнийг талцуулж байгааг ч нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ үг хэлэх бүртээ тодотгож, үүнийг таслан зогсоохоо ард түмэндээ амласан юм. Нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан намчирхлыг өнгөрсөн оны сонгуулиас хойш ард түмэн биеэр мэдэрч эхэлснээ баримт нотолгоотой хэлж байв. Мөн энэ дүүрэгт шүүхийн хараат бус байдал ч алдагдсан гэнэ. Хараат бус байх учиртай байгууллагууд нэг хүний халаасанд орсон өнөө үед шинэ Ерөнхийлөгч л шинэчлэлийг хийж чадна хэмээн иргэд онцолж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Багануур дүүрэгт ажиллаж, уурхайн ажилчидтай уулзах сургаар “Хэрлэн худалдааны төвийн автобусны буудал уурхайчдаар дүүрчээ. Уг нь уулзалт хийхээр товлосон газар нь энэ биш. Харин аваргыг автобусаар явах “хобби”-тойг мэдсэн уурхайчид “Ерөнхийлөгчтэй автобус”-нд суух гэж хуран цугласан аж. Нэр дэвшигч ч ирж, уурхайн автобусаар нийслэлчүүдийг илч гэрлээрээ хангаж байдаг Багануурын уурхайд зочлов. 1978 онд суурийг нь тавьсан энэ уурхайн 600 сая тонн нүүрсний нөөцтэй.
10 жил ашиглах эл уурхайг түшиглэн үйлдвэр технологийн парк байгуулах боломжтойг нэр дэвшигч уурхайчидтай уулзах үеэрээ онцолсон. Уурхайчид аваргыг дэмжиж байгаагаа илэрхийлж, түүнд амжилт хүсч, Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа дахин зочлохыг хүсэв. Үүний дараа “Дөл түшиг” ХХК-ийн төмөрийн үйлдвэр болон Багануур цахилгаан механикийн үйлдвэрийг зорилоо. “Дөл түшиг” компанийн тухайд үйлдвэрийн 200 орчим ажиллагсдын төлөөлөл нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг хүлээн авч санал бодлоо солилцсон юм. Жилдээ 50 мянган тонн төмөр боловсруулдаг эл үйлдвэр төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг гэнэ. Харин Багануур цахилгаан механикийн үйлдвэр нь Монголдоо анхдагч бөгөөд цахилгаан хуваарилах төхөөрөмж, төмөр хийц захиалгаар угсардаг. 2010 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 80 гаруй ажилтантай. Компанийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаа хэлж, амжилт хүссэн.
Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт багтсан бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг ажил хэрэг болгоосой хэмээн найдаж байгаа гэнэ. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хоёр сая төгрөгийн зээлийг ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр олгох хуулийн төслийг санаачлан, батлуулснаа дурдав. Харамсалтай нь, тэрхүү зээл эзэндээ хүрч чадахгүй байгаад сэтгэл гонсгор яваагаа хэлж, хуулийн хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллахаа онцоллоо. Мөн тэрбээр багаасаа аав, ээждээ тусалж, жижиг зүйл хийж зардаг байснаа залуустай уулзахдаа дурсан, бизнес эрхлэгчдийг дэмжих нь чухал болохыг тодотгов. Учир нь Б.Бат-Эрдэнэ өрх бүр үйлдвэрлэгч байснаар ажилгүйдэл байхгүй болж, улс орон хөгжинө хэмээн гол зарчмаа болгон ажилладаг билээ. Тэрбээр байгалийн баялгаар бизнес эрхлэгчдээ дэмжиж, иргэдэд тэгш хуваарилах зарчмыг хатуу баримтлах гэнэ.
Үнэндээ ч Багануур дүүрэг Дарханы дараа орохуйц үйлдвэрлэлийн бүс болжээ. Хувийн өмчит үйлдвэрийн газрууд олноор байгуулагдсан гэнэ. Дүүргийн хүн амын олонхийг залуучууд бүрдүүлдэг бөгөөд ихэнх нь үйлдвэрт ажилладаг. Мөн оюутнууд ч амралтаараа үйлдвэрт ажиллах болжээ. Гол нь Багануурыг хотын статустай болгож өгөхийг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнээс нутгийн иргэд хүсэв. Аварга ч энэ тухай мөрийн хөтөлбөртөө тусгасан болохоо онцолсон. Ард иргэдийн санал санаачилгыг ч мөрийн хөтөлбөртөө тусган баяжуулж байгаагаа ч хэлж байна лээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Багануурт ажилласан энэ өдөр олон улсын донорын өдөр тохиож, “Дусал цус амьдрал бэлэглэнэ” гэх уриан дор өдөрлөг зохион байгуулж байхтай таарсан юм. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ч бусдад амьдрал бэлэглэх энэхүү үйлсэд хувь нэмрээ оруулан цусаа өгсөн юм.
Үүний дараа “…Энэ бол миний сайхан нутаг Монголын сайхан орон” хэмээн тэрлэсэн их зохиолч Д.Нацагдоржийн төв талбайг зорив. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө соён гэгээрүүлэх талаар түлхүү тусгасан бөгөөд авлигачидтай ар, өвөр, нам харгалзахгүй үзэлцэж, хариуцлагыг нь ногдуулахын төлөө хатуу зогсоно гэдгээ онцлов. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын кабинатад багтаж, замбараагаа алдсан хариуцлагагүй, хяналтгүй ажиллагааг ч таслан зогсоохын төлөө тууштай ажиллахаа хэлсэн. Мөн Багануурт сүндэрлэх мянган оюутны байрыг нэн тэргүүнд ажил хэрэг болгон ажиллахаа ч илэрхийлсэн юм. Энэ үеэр нутгийн иргэд бөх хүнийг бөхийлгөхөд амар гэж өрсөлдөгч нар нь санаархаж байгаа бол эндүүрэл гэв. Харин ч аварга нэрээр ард түмэндээ алдаршиж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн нь аварга том итгэл найдвар, аварга их ухаантайн илэрхийлэл гэж тайлбарлаж байлаа.
Энэ үеэр аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Шагдарсүрэн гурван нэр дэвшигчийн сурталчилгааны талаар харьцуулсан үг хэлэв. Тэрбээр “Н.Удвалын хаан төрд хатан ухаан үгүйлэгдэж байна гэж хэлж байгаа нь зөв. Гэхдээ цаг нь биш. Ц.Элбэгдоржийн сурталчилгаа жавар тачигнасан өвөл хэдэн морийг хөөж, удалгүй хөтөлгөө морьтой гарч ирэх юм. Явах хүнд ачаа бүү татуул аа гэсэн утга илэрхийлж байна. Дээр нь зуны халуунд өвлийн хүйтэн жавар үлээх нь бодит амьдралаас хол явааг нь илтгэх шиг. Харин Б.Бат-Эрдэнийн сурталчилгаа бор дээлээ өмсөн, мориноосоо бууж, хөөргөө гартаа барин их зүйлийг бодсон шинжтэй харагдана. Нүдийг нь ажиглавал атга шороо ч үнэтэй гэдгийг мэдсэн тэрбээр харийнхнаас, тэдний гар хөл болсон олигархиудаас эх орныхоо атга шороог ч авч үлдэх хэрэгтэйг бодож суугаа мэт. Ийм холын зөрүүтэй бодлогууд сурталчилгаанаас нь ажиглагдаж байна” хэмээсэн. Үүний зэрэгцээ жингийн цувааны эхэнд орилдог биш зүтгэдэг ат хэрэгтэйг ч нутгийн иргэд сануулж, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг уухайлан дэмжихээ илэрхийлсэн юм.