Жил бүр Дарханы НААҮГ-аас нохой устгалын ажлыг зохих журмын дагуу цаг хугацаанд нь хийдэг гэх. Энэ ажилд тус газар жил бүр таван сая гаруй төгрөгийн төсөв батлуулж золбин нохойнуудаа устгадаг байжээ.

Гэвч дундрашгүй дуусашгүй нохойн сүрэг хэвээрээ л байна. Аймгийн удирдлагууд үүнд яаралтай арга хэмжээ авахаар болж. Эл асуудлын хүрээнд 2000 нохой устгуулахаар аймгийн захиргаанаас 10 сая төгрөгийг хоёр дахь жилдээ гаргаж байгаа гэнэ. Үүний дагуу Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар мэргэжлийн анчдыг Улаанбаатархотоосхөлсөлж ажиллуулдаг уламжлал шахуу юм тогтоох болсон.

Улаанбаатараас ирсэн нохой устгалын бригад өнгөрч долоо хоногт ажиллав. Тэдний ажлын үр дүн нь нэг л үзэгдэж харагдахгүй нохойн сүргүүд хэвээрээ л бэлчиж явна. Гэтэл 10 саяын ажлын хөлс авч буй мэргэжлийн нохой устгагч нар нь нохойгоо биш айлын цонх руу буудаж, золтой л хүний амь насанд хүрсэнгүй. Азаар тэр айлын гэрт хүнгүй байж таарчээ.

Тэнсэн сум нэг давхрын айлын цонхыг хагалан орж, хананд ойж гэрийн эд зүйлийг багагүй сийчээд авсан аж. Энэ бүхний бурууг мэдээж буудуулсан нохой, буудсан анчин хоёрт тохож байгаа гэх. Айлын цонх руу буудсан анчин байрны гадна хогон дээр байсан нохой руу буудсан гэж мэдүүлэг өгчээ. Түүний сум нохойны хөндий цээжээр нэвт гарч айлын цонхыг хагалан орсон гэнэ.

Нэг давхрын айлуудын цонх хамгийн багадаа 120-130 см өндөртэй байдаг. Гэтэл нохой хэдэн см өндөртэй амьтан. Нохойны хөндий цээжээр орсон сумны эрч бага боловч саарах ёстой л баймаар. Туршлагагүй анчин зогсч байгаад буудахдаа нохойг онолгүй айлын цонхыг чиглүүлэн оносон байж таарах гээд байна. Тэрнээс биш цонхны өндрөөс намд байгаа нохойг буудахад сумны чиглэл өөрчлөгдөн гэнэт дээшээ цонх руу орох нь нэг л үнэмшилгүй санагдана.

Харин энэ хэргийг зарим албаны зүгээс улс төрийн зорилготойгоор айлын цонх руу буудсан хэмээн үзэж байгаа аж. Ер нь Дарханд гудамжны нохой олширсноос орой үдэш хүүхэд хөгшдийг сандарган айлгахаас эхлээд, эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн иргэдийн санал гомдол тасрахгүй. Үүний гол шалтгаан нь гэр хорооллын айлуудын эзэнтэй ноход.

Нэг айл 2-3 нохойтой байх нь юу ч биш. Тэр битгий хэл жингэр буюу охин нохой тэжээдэг айл олон Нэг жингэр 4-6 гөлөг гаргана Энэ нь нохойн сүрэг маш хурдан өсөх үндэс болж байгаа юм. Нохойны ороо орсон үед айлууд тэжээж буй нохойгоо уядаггүй. Тэр ноход нь нохдын сүргийг олширч харагдуулах шалтгаанаас болдог. Жил бүр нэг нь устгалаа гээд, нөгөөх устуулж байна гээд 10 сая төгрөгийг агаарт дэмий цацаад байх хэрэг үү.

Аль эсвэл үржиж олширч буй жингэрүүдийг устгахуу. Охин нохой тэжээхийг хориглох ёстой юм уу. Охин нохой тэжээж буй айлуудаас авах татварыг өндөр болгон зохицуулах хэрэгтэй юу Иргэдийн саналыг сонсох хэрэгтэй юм биш үү. Аймгийн НААҮГ-ын шинэхэн дарга аа


Н.Отгонбаатар

Эх сурвалж: “Нийгмийн толь”