ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив. Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. Энэ хотын зохиолч Алексей Ивановын дээрх сэдвээр бичсэн цувралыг duuren.mn уншигчдадаа хүргэж байна.
2
Гэмт хэргийн зохион байгуулалттай “Төв” бүлгийн толгойлогч Олег Вагин 1992 оны зун Жуковын гудамжны 11 дүгээр байшинд өөртөө байр худалдаж авлаа. Энэхүү элит байранд Эдуард Россель амьдардаг байв (Свердловск мужийн амбан захирагч –Орч.). Уурссан “цыганчууд” араас нь ангуучилна гэдгийг Вагин мэдэж байсан ч дайснууд нь булангийн цаанаас фин хутгатай дайрна гэж боджээ. Гэвч “Уралмаш” бүлэглэл нийтийн дайнд бүтэн жил бэлтгэлээ.
Бүлэглэлийг алуулсан толгойлогчийн том ах Константин Цыганов толгойллоо. Ах дүү Цыгановынхны холын хамаатан Сергей Терентьев хүчээр довтлох ажлын зохион байгуулалтыг хариуцав. Терентьев эрүүгийн гэмт хэрэгтэн Сергей Курдюмовыг авчирлаа. Курдюмов хулгайн хэргээр 12 жил суугаад гарсан, шоронд байхдаа энэ “цэнхэр” хулгайч нарыг, “Төвийнхөн” шиг бүх хулгайч нарыг үзэн яддаг байж. “Уралмаш” Курдюмовыг өөрийн “үхлийн эскадрон”-ын даргаар сонголоо. Өширхсөн дайснууд нь Курдюмовын ялалтыг дараа нь тайлбарлахдаа шоронд түүнийг “доош нь хийж”, өгзгөн дээр нь гилийн түүз шивсэн болохоор нөлөөтэй хулгаруудыг устгаж, “цэнхэрүүд”-ээс өшөө авдаг гэсэн цуурхал тараажээ.
Курдюмов гуч орчим дайчид цуглуулан бэлтгэл хийлгэж эхэллээ. Дайчдын байх газар нь Ёбургийн захад орших “Сплав Limited” фирм. Дайчид эндхийн ажилтнууд гэж тооцогдоно. Энэхүү тусгай багийн бие бүрэлдэхүүн салаа тасагт хуваагдана. Тэдэнд арми, ДЯЯ-ны мэргэжилтнүүд тулааны тактик, радио мэдээг замаас нь барих, тэсэлж дэлбэлэх, мөрдөж мөшгөх хичээл заана. Төмөр мэт сахилга бат энд ноёлно. Онцгой цалинтай. Ажиглагч сард 1000, мэргэн буудагч 3000 рубль авна. Ямар нэгэн ёс зүйн талаар мартахыг дайчдад тушаана. Ажиглагчид бусдын хүүхдийг “түрээсээр авч” хүүхэдтэйгээ зугаалж байгаа эцгийн дүрд хувирах нь бий. Ажиллагааны үеэр дэргэдүүр өнгөрч явсан энгийн хүмүүс шархдах нь бий. Дайчдынхаа соёлын арга хэмжээнд зориулж Курдюмов “Сплав” дээр тэр цагийн Оросын алдартай поп оддыг авчирч байсан гэх домог явдаг.
Энэ тусгай салаанаас гарах гарц байдаггүй байлаа. Хожим нь мөрдөн байцаагчид “Курдюмовын дээрэмчид”-ийн үйлдсэн 27 аллагыг нотолж чадах бөгөөд тэдгээрийн найм нь өөрийнхөө нөхдийг цаазалсан хэрэг байдаг. Хэн нэг нь даалгавар биелүүлээгүй, хэн нэг нь дүрэм зөрчсөн. “Тусгай”-гийн нэг нөхөр найз бүсгүйдээ үйлдсэн гавьяагаа гайхуулан ярьсны төлөө түүнийг, найз бүсгүйг нь ч бас боомилон хороожээ. Өөр хоёр дайчныг урвасан гэж сэжиглээд бүгдийн өмнө буудан алаад авто зам тавьж байсан асфальтан доорхи худаг руу чулууджээ.
1992 оны намар Курдюмовын тусгайгийнхан Вагиныг мөрдөж эхэллээ. Түүний явдаг зам, өдрийн хуваарийг нь тодорхойллоо. Аравдугаар сарын 23-нд Вагины орцны дэргэд ачааны даруухан “Москвич” ирж зогслоо. Бүхээг нь хоосон түүнд сэжигтэй юм байсангүй. Гэвч төмөр чингэлэгт нь хоёр алуурчин суучихаад ажиглалт хийж байв. Тэд бараг хөдлөлгүй, бараг амьсгалалгүй гурав хоног таг чимээгүй сууцгаав.
Аравдугаар сарын 26-ны өглөө 10 цагт Олег Вагин гурван бие хамгаалагчтай цуг орцноос гарч ирлээ. Алуурчид “Москвич”-ээс явган зам дээр үсрэн бууж автоматаар галлав. Хоёр бахим эр тариан түрүү хяргуулах мэт унаж, гурав дахь нь үсэрч очоод боссоо цээжээрээ хамгааллаа. Вагин ойрхон байсан нуман хонгил руу, гудамж руу гардаг гарц руу ухасхийсэн ч тэндээс нь калашник барьсан бас нэг алуурчин гарч ирээд “Төв”-ийнхний толгойлогчийг сийчиж орхив. Үнэтэй костюмтай дөрвөн үхдэл тунамал цусан дунд хэвтэнэ. Алуурчид хяналтын буудлагаараа гавлыг нь зад татаж орхиод өөрсдийг нь хүлээж байсан машин руу гүйлдлээ.
Ийнхүү дайснаа үндсээр нь устгадаг, бүх хүнийг өвдөг сөгдүүлэхийн тулд дэндүү хэрцгий, зэрлэгээр алдаг арга барилаа “Уралмаш” тодорхойллоо. Мэргэн буудагч ганцхан удаа чимээгүй буудах биш, харин хэд хэдэн аврага эрс гудамжнаа ил цагаанаар, энгийн шудрага иргэдийн нүдэн дээр гэдсэндээ тулган барьсан автоматын галаар дайснаа шүршиж орхино.
Вагин болоод түүний хамгаалагчдыг Өргөн Голд оршуулав. Тэдний булш оршуулгын газрын хамгийн тансаг цогцолбор болжээ. Хаш, боржин, гантиг чулуун бунхан, долоон метр өндөр загалмай, хүрэл цээж баримлууд, баримал болгоны өмнө тус тусад нь асаасан мөнхийн гал. Энэ цогцолборт дараа нь “Уралмаш”-ийнханд хайр найргүй нухуулсан “Төв”-ийн толгойлогчдод босгосон хөшөөнүүд нэмэгдэх болно.
3
Дайн яалтгүй эхэллээ. “Төв” бүлэг дэх Вагины орон зайг “Глобус” бизнес клубын шинэ захирал Сергей Долгушин эзэллээ. Тэрээр “Уралмаш”-ийн толгойлогчийг ал гэж тушаав. “Төв”-ийнхөн Цыгановыг хаа нэг тийш онгоцоор нисэхэд онгоцыг нь буудаж унагахаар шийдэн пуужингийн төхөөрөмж худалдан авсан гэж домог ярьцгаадаг. Гэвч Курдюмовын тагнуулууд энэ төлөвлөгөөг нь мэдчихээд отолт зохион байгуулжээ.
1993 оны гуравдугаар сарын 3-нд Долгушины гэрийн гадаа ажиглалт хийж байсан дайчин Коха “Төв”-ийн хамгаалалтынхан цуваа хүлээж авахаар бэлтгэж байгаа тухай мэдээллээ. Курдюмовын дайчид унаандаа ухасхийн сууцгаав. Тэд цувааны араас залган Долгушины хашаанд орж ирээд машинаасаа үсрэн бууж хамгаалалтынхныг сэхээ авахаас нь өмнө лимузинүүд рүү шуурган гал нээлээ. Машинд байсан хүмүүс биесээ дэрлэн унацгаахад уралмашийнхан өөрсдийн унаандаа суун буцаад давхив. Амь гарсан хэн нэгэн буудагчийг таниад “Коха чи муу гөлөг” хэмээн утаа манарсан лимузин дотроос хашгирлаа. Курдюмовынхонд эргэж ирэн хяналтын буудлага хийх боломж байгаагүй болохоор Курдютов өөрөө Кохаг буудан унагалаа.
Долгушин амьд үлдсэнийг Уралмашийнхан гуравдугаар сарын 4-нд олж мэдлээ. Тэрээр 24-р эмнэлгийн сэхээн амьдруулахад үүдэндээ харуултай, өөрөө аппаратанд залгаастай хэвтэж байв. Тэгэнгүүт Курдюмовын дайчид дэд станцад хүрч очин эмнэлгийн цахилгааныг тэр чигт нь тасаллаа. Аппаратууд ажиллахгүй болж, Долгушин нөгөө ертөнцрүү чимээгүйхэн одов.
Бүлгүүдийн тулаан толгойлогчдыг устгаснаар хязгаарлагдсангүй. Толгойлогчдыг буудна, “томчууд”-ыг унагана, наймаачдыг ална. Цагдаа бүлэглүүдийг дийлэхгүй, хоорондоо уралцаж буй тираннозавруудыг салгаж чадахгүй байлаа. Харин зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар гүрвэлийн зүрхрүү нь буудан зодооныг зогсоохыг оролдов.
“Уралмаш” бүлэглэлийн толгойлогч Константин Цыганов “Интерспорт” ББХК-ийн ерөнхий захирал гэгддэг байв. 1993 оны дөрөвдүгээр сарын 29-нд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан хяналтын дуранг буудаж сохлоод Уралмаш заводын Соёлын ордонд байсан “Интерспорт”-ын ажлын байранд нэвтрэн бүгдийг шалан дээр хэвтүүлж, Цыганов болон түүний туслахуудыг гавлав.
Ингэчихээр гэмт хэрэгтнүүд болино гэж засаг захиргаа боджээ. Үнэхээр ч шантарсан мэт байлаа. Гэвч далайн ус эрэгрүү илүү хүчтэй цунами болон удахгүй эргэж ирэхийн тулд ийнхүү чимээгүй болдог билээ.