Д.Тэрбишдагва шинэчлэлийн Засгийн газрыг муухай харагдуулж байна
2013/06/18
Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч ахлах ахлагч Г.Эрдэнэбаатар нь аврах салбарынхаа дарга н.Мөнгөншагайн хувийн орон сууцыг барих ажил хийж байгаад 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр юманд даруулж нас барсан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 61 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч Б.Баатарцоож нь 2013 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө бууны осдоор нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүнчлэн Булган аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч Б.Ёндонжамц, Т.Мөнхжаргал нар 2013 оны 5 дугаар сарын 22-ны орой мотоциклтой осолд орж хүнд гэмтсэн.
Эдгээр хэрэг зөрчилтэй холбогдуулан Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Ууганбаярыг цолыг нэг шатаар бууруулах, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Ууганбаярын цалинг бууруулах шийтгэл тус тус ногдуулсан байна.
Шударга ёсыг их ярьдаг Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол Улсын Үндсэн хууль зөрчин ОБЕГ-ын даргад “хурандаа” цол олгосныг иргэн П.Сэрсмаа Үндсэн хуулийн Цэцэд хандсанаар Шадар сайд
Д.Тэрбишдагва 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр тушаалаараа Т.Дуламдоржид “хурандаа” цол олгосон тушаалаа хүчингүй болгож байсан билээ.
Гэтэл Шадар сайд Д.Тэрбишдагва дээрх аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт арга хэмжээ авсан хирнээ ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид дахин хууль зөрчин “хуранда”а цол олгож шагнасан байх юм. Энэ нь Шадар сайдын өөрийнх нь яриад байгаа шударга хэр нийцэх юм бол доо. Нөгөө яриад байгаа шударга ёс гээч нь хаана байна вэ? гэж Шадар сайдаас асуумаар байна.
Шадар сайдын энэ мэт хууль зөрчсөн үйлдлээс болж “гурав хоногийн хурандаа” гэх нэр зүүгээд байгаа Т.Дуламдорж “ТIME” сайтын сэтгүүлчээс түүнд тавьсан “Онцгой байдал үүсэхэд ажиллах нөхцөл хангагдсан уу? Гэнэтийн осол аваарын үед ажиллахад тулгарч буй гол бэрхшээл юу байна? Ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтыг ямар давтамжтайгаар явуулдаг вэ? ОБЕГ-т хэрэгжүүлэхийг зорьж буй таны хамгийн том зорилго юу вэ? гэсэн тавхан асуултад хариулахаас татгалзаж, өөрийгөө энэ албанд ямархан мэдлэгтэй хүн болохоо таниулаад амжсан байх юм.
Шадар сайд Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар аливаа зөрчил дутагдалд хариуцлага хүлээлгүй хоёр биенээ хэдий хүртэл хаацайлах вэ? Аливаа хариуцлагын асуудал даргынхаа цүнхийг гүйж барьсаар “даам” гарсан хүүхдэд хамаардаггүй бололтой. Шадар сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд Онцгой байдлын газарт дэглэм, эмх цэгц тогтоох нь зөв ч туслахаа даргаар томилж хууль зөрчин хурандаа цол олгож, төрсөн ахыгаа Онцгой байдлын даргын зөвлөх хэмээх шинэ албан тушаал бий болгон томилсон нь хэр шударга ёсонд нийцэх юм бол. Д.Тэрбишдагва шинэчлэлийн Засгийн газрыг муухай харагдуулж байна.