Хянганы нуруунаас Ил Тарвагатай, Тэнгэр уул, Алтайн уулс хүртэл, Сияаны тайга, Байгаль нуураас урагшаа Хөх нуур хүртэлх өргөн уудам нутагт амьдарч асан монголчууд эх нутаг, уул ус, газар шороогоо бишрэн дээдэлж, бүр амьтай хэмээн төсөөлөөд зогсохгүй зүүний үзүүрт арвай тогтохтой дүйх тийм ховор хувь заяанд учирдаг эрдэнэт хүмүүний төрөл мэтээр домоглон ярьсаар ирсэн түүхтэй. Тэр дундаа үзэсгэлэн төгс бүсгүйн дүрээр домог болж мөнхөрсөн уул ус, хад цохио, горхи булаг, нуур цөөрөм тоймгүй олон. Энэ нь амь нас, заяа төөргөө уул устайгаа салшгүй холбоотой гэж үздэг жинхэнэ монгол сэтгэлгээ бөгөөд Монголоос өөр бусад улс оронд ийнхүү үзэсгэлэн төгс бүсгүйн дүрээр домог болж мөнхөрсөн уул ус, газар шороо хэр олон байдаг юм бол доо. Тун цөөхөн болов уу. Харин Монголын өргөн уудам тал нутаг, Алтайн уулс, Хангай, Хэнтийн нуруу бол уул усны домог болсон үлгэрийн гоо дагинасаар дүүрэн бөлгөө. Ер нь Монгол орон эртнээс янагш сайхан хүүхэн, сайн эрсийн өлгий нутаг байсаар ирсэн гэлтэй. Энэ нь сайн эр, сайхан хүүхний явдал суудлаар хачирлагдсан өч төчнөөн уул усны домог түүхээс шууд ойлгогдоно. Ингээд уул усны домог болсон үлгэрийн гоо дагинасуудын тухай өгүүлсү.

ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЛУСЫН ДАГИНА

 

Эрт цагт Хөвсгөл нутаг элсэн цөл шиг ангамал газар байж. Амьтай бүхэн ангаж байсан тэр цагт нэгэн ядарсан эмгэн, хүү хоёр ус хайж яваад урдаа байсан чулууг санамсаргүй ховхолсонд гэв гэнэт ус оргилон гарчээ. Тиймээс эмгэн, хүү хоёр чандмань эрдэнэ болсон тэр сайхан усыг шүтэж амьдрах болсон байна. Төдөлгүй хүү нь эрийн цээнд хүрч гоо үзэсгэлэнтэй лусын дагинатай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Үзэсгэлэнт дагина, хүү хоёр оргилон гарсан булгийн уснаас ууж, шөнө дөл болтол хайр сэтгэл, халуун яриандаа умбаж байгаад булгийн усыг таглахаа мартжээ. Булгийн ус бургилсаар цэнхэр нуур цэлийн дов толгодын орой дөнгөж цухуйж байв гэнэ. Гэтэл тэртээ алсаас арван таван толгойтой атгаалжин хар мангас ирж нуурын усыг сорж эхлэхэд лусын дагина сайхан хар гэзгээрээ ганцхан шилбүүрдэхэд хархүү хуяг дуулга өмссөн баатар эр болж атгаалжин хар мангастай ана мана үзэлцсээр даран сөнөөжээ. Эмгэн энэ үед нойрноос сэрэхэд цэнхэр нуур цэлэлзэн мэлтийж байсан бөгөөд хүүгээ усанд живж үхлээ гэж сандарч мэгдсэн тэрбээр их усан дундуур сэлэн зүтгэж арай ядан булгийн амыг чулуугаар таглаад амиа алджээ. Буурал эмгэн бургилж оргилсон тэр их усны ундаргыг таглаагүй бол хуурай газар гэж байхгүй болох байж. Хархүү, лусын дагина хоёр аюулт хар мангасыг дараад модтой жижиг толгой дээр гарч ээжийгээ хичнээн дуудавч эргэж ирсэнгүй. Тиймээс хүү, охин хоёр ээжийнхээ ачийг далайтай зүйрлэж цэнхэрлэн цэлийсэн их нуураа “Далай ээж” гэж нэрлэх болжээ.

СЭРХИЙН НУРУУНЫ ГУА БҮСГҮЙ

 

Говь-Алтай аймгийн Бигэр, Дэлгэр сумдын хооронд орших урт сайхан нурууг Сэрхийн нуруу гэдэг. Хантайширын нурууны урд залгаа бөгөөд энэ нь Хангийн нуруу, Тавилантайн нуруу, Сэрх гэсэн гурван хэсэг уулсаас бүрдэнэ. Эрт цагт Сэрх богд ой модоор битүү хучигдсан уул байж. Tус нутагт амьдран суудаг Сэрхбогд хэмээх залуу насныхаа ханийг сонгохоор Хангай нутгийг зорьжээ. Тэрбээр Эгийн даваагаар давж Булуут цармыг гатлаад Гуа хэмээх гоо үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирч амьдралаа холбохоор шийдээд байтал Хангайн эрчүүд мэдчихээд нэг болзол тулгасан байна. Тэр нь юу гэвэл гоо бүсгүйгээ орхих, эсвэл бүсгүйгээ аваад оронд нь нутгийнхаа ой модыг өгөх байлаа. Тиймээс Сэрхбогд нутгийнхаа ой модыг орхиод сэтгэлт бүсгүй Гуагаа сонгож Алтай нутагт ирж амьдрах болжээ. Эндэхийн байгальд сүр нэмсэн нэг зүйл бол домогт бөх ах дүү Хануй, Цогт-Очир нарын өргөж тавьсан чулуу гэгч юм. Сэрх богдын өврөөр нутаглаж байсан ах дүү бөхийн нэртэй Хануйн бууц гэж одоо байдаг бөгөөд тэд нутгаасаа явах болоход дурсгал үлдээхээр шийдэж Улаан хаалганы амны ханан хадны ёроолд үхрийн чинээ том чулууг авчирч тавиад, хонин чинээ чулуугаар ивүүр хийж суурилуулсан гэдэг.

 

 

МАНЖИЙН ҮЕИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ПУНЦАГ

 

Хангай ханы Баянцагаан уулын эхэнд гурвалжлан тогтсон налуу толгодын үзүүрт хоёр метр гаруй өндөртөй, элгэн хүрэн өнгөтэй босоо хад байдаг бөгөөд үүнийг тус нутгийнхан “Дашпунцагийн хад” гэж нэрлэдэг ажээ. Манжийн засгийн үед Даш хэмээх залуу нутаг усныхаа хамгийн үзэсгэлэнтэй Пунцаг хэмээх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Гэтэл Даш нь Хятадын пүүсэнд өр төлөөсөөр жин тээж харь газар явах болж. Гэвч түүнийг явсаны дараа Пунцаг бүсгүй хүнд өвчин тусч эдгэрэлгүй байсаар нас баржээ. Даш гурван жилийн дараа холын аянаас ирээд хайртай бүсгүйгээ нас барсаныг дуулаад Амарбуянтын хийдэд шавилан суудаг лам ах дээрээ очиж “Та намайг миний хайртай бүсгүйн сүнстэй уулзуулж өгч тус болооч” гэж гуйжээ. Лам ах нь ч зөвшөөрсөн байна. Даш лам ахынхаа хэлсэн ёсоор нар жаргаж холын бараа тасрах үед Баянцагаан уулын эхэнд байх хоёр метр өндөр хадан дээр иржээ. Тэр үед Пунцаг бүсгүй ч гараад ирсэн байна. Ингээд хоёр хос тэрхүү хадан дээр шөнөжин ярьж суугаад үүр цайлгахад бүсгүй нь алга болж, харин Даш гурав хоног хөдөлгөөнгүй дуулж суусаар өөд болсон гэдэг. Тэр цагаас хойш уг хадыг Дашпунцагийн хад гэх болсон байна.

ГЭДЭРГЭЭН ГОЛЫН ГЭРЭЛГУА ОХИН

 

Увс аймгийн Малчин сумын нутагт буй “Гэдэргээн гол”-ын хөвөөн дээр эрт цагт эмгэн өвгөн хоёр ганц охинтойгоо амьдардаг байжээ. Үзэсгэлэнт охиныг Гэрэлгуа гэдэг байж. Тэгтэл Гэрэлгуа охинд тус нутгийн хөгшин баян санаархсанаар хайртай залууг нь голын усанд живүүлээд алчихжээ. Гэрэлгуа энэ бүхнийг мэдээд голын эрэгт очоод “Гэдэргээн урсдаг гол болоосой” гээд уйлаад сууж байтал голын ус шуугин шаагин буцаад урсч гэнэ. Ингээд урссан гол эргэж учралт хархүү нь гараад ирж. Хүүхэн, залуу хоёр амьд уулзсандаа баярлаад төрсөн нутгаа орхиж явахаар шийджээ. Охин тэндээс явахдаа голдоо сөхрөн “Гэдэргээн урсдаг гол билээ чи, гэвч би чамд үлдэж чадашгүй нь” гэж дуулсанаар уг голыг тэр үеэс эхлээд нутгийн ардууд “Гэдэргээн гол” гэж нэрлэх болсон гэдэг.

ШУРГИЙН ГОЛЫН ТАНХИ ЭХНЭР

 

Эрт урьд цагт нэгэн эрх танхи эхнэртэй баян эр байжээ. Эхнэр нь үзэсгэлэн гоо хэдий ч ааш зан гэж араатан лугаа адил. Эрх танхи эхнэр нь нэг өдөр голоос ус авах гээд тонгойж байгаад аминаасаа илүү хайртай алтан шаргал шүрээ усанд унагаж орхижээ. Тэгээд нөхөр дээрээ уйлан хайлан очоод “Миний алтан шаргал шүрийг голын уснаас гаргаж өгөөч” гэж гуйсан байна. Нөхөр нь хариуд нь “Голын ус үертэй байна. Би орох л юм бол үерт урсана. Би чамд түүнээс чинь илүү сайхан шүр авч өгье” гэж учирласан ч эрх танхи эхнэр нь шүрээ авна гэж зүтгээд байж. Тиймээс цөхөрч гүйцсэн нөхөр нь гол руу давхиж ороод эргэж ирсэнгүй. Тэр цагаас хойш уг голыг “Шургийн гол” гэх болсон бөгөөд уг гол нь “Хар ус” нуураас Тарвагатайн бэлчир хүртэл 70 км урт урсдаг байжээ.

САРТАГТАЙН СУВГИЙН САЙХАН ОХИН

 

Эрт цагт Алтай нутагт ганц цагаан морьтой Сартагтай хэмээх өвгөн амьдардаг байж. Энэ өвгөн нэгэн үзэсгэлэнт охинтой байсан бөгөөд түүнийгээ алс Бээжинд хадамд гаргажээ. Охин явахдаа “Унасан газар угаасан усыг маань миний суух газарт хүргэж өг” гэсэн бөгөөд Сартагтай охиныхоо инжинд “Хар ус” нуурын усыг Бээжин тийш урсгахаар суваг малтаж эхэлжээ. “Унасан газар Угаасан усыг чинь Хазаартай морь шиг халгиулаад Хамартай тэмээ шиг булгиулаад ирлээ” гэж охиндоо хэлтэл ус нь эргээд нутаг руугаа урсав гэнэ. Тиймээс Сартагтай “Буцаад урссан нь Бульжин толгой бол, эргээд урссан нь Эрэг тохой бол” гээд нэг нэг хүрз шороо хаясанаар шуудуу тагларч Бульжин, Эрэг гэсэн нэртэй хоёр толгод бий болжээ. Мөн Сартагтайн сувгийн ул мөр гэж байдаг бөгөөд эдгээр газар Завхан аймаг болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт байдаг аж.

ДААГАН ХАЙРХАНЫ ЭГЧ ДҮҮС

 

Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс урагш хоёр км газарт буюу Хан хөхий нурууны төгсгөл хэсэгт “Дааган хайрхан” нэртэй уул бий. Мөн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт “Баянхайрхан” нэртэй уул бий. Увс, Завханыхан эрт дээр үеэс энэ хоёр уулыг эгч дүү уул гэж домоглон ярьсаар иржээ. Энэхүү хоёр уулыг Булнайн нурууны 1906 оны газар хөдлөлтөөс болж хоёр салсан гэж үздэг. Эрт цагт энэхүү нутагт лусын дагина адил үзэсгэлэнтэй сайхан хоёр охинтой нэгэн айл байжээ. Тэднийхтэй хошуу залган оршдог, одоогийн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт нэгэн хөгшин ноён амьдардаг байж. Энэ ноён эгч дүү хоёрын багыг нь хүчээр авч суужээ. Тиймээс эгч дүү хоёр бие биенээ санаж мөрөөдөн уйлж гашуудсаар байгаад хоёр нутагтаа нэг нэг сайхан уул болж тогтсон гэх домогтой бөгөөд тэр нь “Дааган хайрхан”, “Баянхайрхан” хоёр юмсанж. Энэ хоёр уулын дунд “Цавдан” хэмээх нуур бий. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө “Дааган хайрхан”, “Баянхайрхан” уулыг холбосон ихээхэн манан буюу зурвас нууран дээгүүр үзэгддэг бөгөөд уг манан дотор ногоон дээлтэй, хөх морьтой эмэгтэй хүн явж байгаа юм шиг дүрс харагддаг юмсанж. Үүнийг нутгийн ардууд “Дүү нь ирж эгчдээ золгож байгаа юм” гэж ярилцсаар иржээ. Ер нь Хан хөхий уулын савдаг эмэгтэй хүн байдаг гэсэн домог яриа үүнтэй холбоотой байж болох талтай. Түүнчлэн Мөнххайрхан уулын савдаг эмэгтэй хүн байдаг гэсэн домогтой бөгөөд дээхэн үеийн цуутай үзмэрчид “Мөнххайрхан ууланд гоё хувцастай, зээрд хонгор морьтой эмэгтэй хүн явж байдаг” гэж онцолсон байдаг.

ТЭНГЭРИЙН ХААНЫ ГУРВАН ОХИН

 

Эрт дээр үед тэнгэрийн хаан гурван ихэр охинтой байж гэнэ. Гурван охин нь хоорондоо тун адилхан үзэсгэлэнтэй. Тэнгэрийн хааны гурван охин нь Булган голын усанд ирж ордог байжээ. Нэг өдөр тэднийг усанд орж байтал Булган голын бургасан дотор адуу хайж явсан адуучин залуу олоод харчихжээ. Тэр залуу өдөр болгон тэднийг ирж харсаар тэдний нэгэнд нь дурлачихаж гэнэ. Дурласан бүсгүйгээ алдахгүйн тулд адуучин залуу тэдний нөмрөгийг нуучихжээ. Гурван охин уснаас гарч ирээд хувцас нь алга болсоныг мэдээд ичиж зовсондоо гурван сайхан уул болон тогтжээ. Үүнийг харж зогссон залуу ийм сайхан гурван охиныг уул болгосондоо харамсаад өөрөө өнчин уул болон тогтоод уушиг, зүрхээ сугалан авч Байтаг уул руу чулуудахад тэд нь Уушиг уул, Улаан уул, Зүрх уул болсон гэдэг. Эдгээр уулс Ховд аймгийн Булган сумын нутагт бий.

ГҮНЖ НУУРЫН ЭГЭЛГҮЙ БҮСГҮЙ

 

Одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт “Гүнж нуур” гэж байдаг бөгөөд эрт цагт уг нуурыг “Гүн нуур” гэдэг байж. Тухайн үед уг нуурын хөвөөн дээр нутаг усандаа өнгө нэмсэн нэгэн сайхан бүсгүй аав ээжийн хамт амьдардаг байжээ. Зан ааль сайтай, үйл үртсэнд уран түүнд нутгийн нь нэг сайхан залуу хайртай болж, бүсгүй ч мөн адил сэтгэл нийлэн ихэд жаргалтай амьдарч байтал алс хошууны засаг ноён бүсгүйн сургийг сонсоод нутагт нь ирж сайхь бүсгүйг эхнэрээ болгохоор шийджээ. Тиймээс бүсгүйг хайртай залуу нь үүр цүүрээр оргуулан авч одсон байна. Гэсэн ч засаг ноёны барлагууд хоёр хосыг барин авч хархүүг хугацаагүй цэргийн албанд цөлж, бүсгүйг есөн цагаан тэмээгээр богтлон авч оджээ. Тэмээн дээр суусан бүсгүй хайртай залуугаа санан зай завсаргүй цурхиран байх зуураа нэгэнтээ ухаан сийлж тэмээгээ Гүн нуурын зүг залсан байна. Тэгээд ноёны барлагуудад гүйцэгдэлгүй таваргасаар нуурын эрэг дээр ирэхэд Гүн нуур ганцхан давалгаалаад бүсгүйг өөртөө шингээчихэж. Ноёны барлагуудыг давхин ирэхэд Гүн нуур амгалан тайвнаар мэлтийн толийж уран мандалаа зөөлхөн шилгээж байсан гэдэг. Ингээд балмад ноёны хүсэл бүтэлгүйтэж, улмаар нутгийн зон олон эгэлгүй сайхан бүсгүйг дурсан “Гүн нуур”-ыг тэр цагаас хойш “Гүнж нуур” гэж нэрлэх болжээ.

МАНЖИЙН ХААНЫ ГОО ОХИН

 

Гүнжийн нуруу нь Манжийн гүнжтэй холбоотой. Дээхэн үед Халхын нэг ноён Манжийн хааны хүргэн болжээ. Манжийнхан охиноо худынхаа нутгаар бүтэн сар аялуулсан бөгөөд гүнжийг нутаг буцахад монгол ноёны өндөр настай эцэг “За бэр минь, чамд ой мод, араатан жигүүртэн бүрэн, ус ургамал тэгш энэ сайхан уулыг бэлэг болгон өгье” гээд нэгэн модтой уулыг зааж өгчээ. Гүнж нутагтаа очоод хадмынхаа бэлэглэсэн уулын тухай ярихад Манжийн хаан “Энэ монголчуудын ухааныг яалтай. Ямар аваад явж чадах биш гэсэндээ уул бэлэглэж маныгаа мэхэлсэн байна” хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг. Тэр цагаас хойш өвгөний зааж өгсөн модтой уулыг Гүнжийн нуруу гэх болжээ. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Манжийн хааны гүнжтэй холбоотой нэгэн газар бий. Уг газрыг “Гүнжийн зам” гэдэг бөгөөд дээхэн үед Манжийн хааны гоо охин өөртөө тохирох халх эрийг олж авахаар явах замдаа өндөр уулын нугачааг зориуд засч зам гаргаснаар ингэж нэрлэх болсон гэдэг. Энэ тухай би бээр “Өврийн хангайн дуулал” хэмээх шүлэгтээ, 
“Гоо үзэсгэлэндээ эрдсэн Манжийн охины “Гүнжийн зам” 
Голт зүрхний дурлал, янагийн шивнээ урсган байна 
Гудайж уруудаад сэргэсэн Есөн Зүйлийн өвгөн сүм 
Гучаад оны хэлмэгдэлийн гунигийн дуу аялан байна” хэмээн шүлгэн цацал өргөж байлаа.

ӨМНИЙН ГОВИЙН ГУРВАН САЙХАН

 

Өмнийн цэнхэр говийн алдарт Говь гурван сайхан уулын тухай хэд хэдэн домог байдаг. Домог нь дотроо бас хэд хэдэн хувилбартай. Ингээд нэгэн хувилбарыг толилуулъя. Эрт цагт хангай нутагт шунахай ховдогоороо гайхагдсан нэгэн баян эр амьдардаг байж. Тэрбээр дэрсхэн гурван сайхан охинтой. Охид нь онцгой сайхнаараа хошуу нутагтаа гайхагддаг байж. Тиймээс баян аав нь охидоо хадамд гаргахаар шуурхай бэлтгэж, хошуу нутагтаа баян чинээлэгээрээ нэрд гарсан гурван хөгшин ноёнд гэргий болгохоор сэм тохиролцжээ. Гэвч үүнийг охид нь мэдчихэж. Хүсэл хайрын жигүүрээ дэлгэж яваа гурван охины онгон зүрхийг хүйтэн хөлдүү чулуугаар хайрах шиг болсоноор тэд алс холын говь нутагт амьдрахаар шийджээ. Баяжихаас өөрийг боддоггүй аавыгаа ховдог шунахай баядад өөрсдийг нь гэргий болгож өгөхөөр болсонд гурван охин хязгааргүй гомдож нэгэн шөнө гэрээсээ сэмхэн гарч хамгийн хурдан морьдоо унаж, өндөр уулсыг давж, өргөн талыг гатлан өмнийн цэнхэр говьд ирж амьдран суужээ. Алсаас ирсэн гурван сайхан бүсгүйн тухай мэдээ говь нутгийнханы дунд тэр даруйдаа тарсанаар тус нутгийн нэгэн баяны адууг хариулдаг Өлзийт, Цагаан, Цогт хэмээх гурван сайн эр мөнөөх гурван сайхан бүсгүйд хайр сэтгэлээ илчилж ханилан суухаар болцгоожээ. Гэвч адуун сүргийг нь эзгүйдүүлж, ардаг хурдан морьдыг нь унаад авгай хүүхэн эргүүлж явааг мэдсэн баяны хорсол туйлдаа хүрч адуучин гурвыг барьж ирээд арав арав банздаж, хоёр хөлд нь гинж уяж, хонины бэлчээрээс цааш холдох чадалгүй аргалчин болгож орхижээ. Шарханы халуун, сэтгэлийн гунигт автсан гурван адуучин залууг мөрөөдсөн гурван сайхан охин аагим халуун зуны цагт аадрын ариун хураар цээжийг нь дэвтээж, хөхөө өвлийн хүйтэнд хөвөн зөөлөн цасаараа хучдаг болжээ. Тэр цагаас хойш залуу танхил насны хайр сэтгэлийн үнэнчийг илтгэн адуучин гурван хөвгүүн Өлзийт-Овоо, Цогт-Овоо, Цагаан-Овоо гэж гурван ижил толгод болон мөнхөрч, харин өмнийн цэнхэр говьд идээшсэн гурван сайхан хүүхэн “Гурван сайхан уул” болон сүндэрлэж жил бүрийн урин дулаан цаг ирүүт ногоон торгон дээлээ өмсөн гунхалзаж, улирлын сэрүүн намар цаг болуут цагаан эсгий тоорцогоо духдуулан гангарч холоос ирэх ёстой хонгор хөвгүүдээ угтан тосдог гэнэм.

ЗАСАГ НОЁНЫ УРАНГОО БҮСГҮЙ

 

Баруун аймгийн нэгэн засаг ноёных Урангоо хэмээх сайхан охинтой байж. Тус нутагт хурааж цуглуулсан мал хөрөнгөгүй Эрдэнэхуяг гэгч уран дархан залуу амьдардаг байсан бөгөөд нутгийн ардууд түүгээр сийлбэртэй данх, мөнгөн аяга мэтийн зүйл хийлгэнэ. Тэр өөрийн гараар урлаж хийсэн нэг сайхан уран тогоотой байж. Айл аймгийнханы гарыг нь цайлгасан юмаар гэдсээ тэжээж, хээр хөдөө голдуу уран тогоондоо будаатай цай буцалгаж ууна. Тэрбээр засаг ноёныхоо охин Урангоод сэтгэл алдарч, Урангоо ч гарын уртай, сэтгэл сайхантай түүнд дурлажээ. Гэвч засаг ноён дурлалт хосын сэмхэн учирдагийг мэдсэнээр Эрдэнэхуягийг холын холд цөлж орхижээ. Тиймээс Урангоо нэг өдөр богц дүүрэн хурууд үүрээд Эрдэнэхуягийн араас гарсан байна. Дурлалт хос олон хоногийн дараа уулзалдаад уран тогоондоо дал чанаад сууж байтал Засаг ноёны цэргүүд мөшгин ирж Эрдэнэхуягийг хороогоод, Урангоог хүчээр авч оджээ. Ингэснээр дал чанасан тогоотой шөл л үлдсэн бөгөөд тэр цагаас хойш Хөвсгөл аймгийн нутагт байх нэгэн домогт уулыг “Урантогоо” гэж нэрлэх болжээ.

ЖАРАН БОГДЫН ГОО ХҮҮХЭН

 

Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Их Богдын зүүн жигүүр, Жаран Богдын шилд нэгэн унтарсан галт уул байдаг бөгөөд энэ нь өөрийн гэсэн домогтой. Эрт цагт энэ ууланд нэгэн гоо үзэсгэлэнт бүсгүй эцэг эхийнхээ хамт амьдардаг байж. Гэвч бүсгүй өөрийнхөө гоо үзэсгэлэнд эрдээд нутгийнхаа залуусыг огт тоодоггүй байжээ. Гэтэл алс нутгийн аянчин Пунцаг тайж хэмээх сайхан залуу тус нутгаар дайран өнгөрөхдөө бүсгүйд хайр сэтгэлтэй болсон байна. Пунцаг тайж нөхдөөсөө хоцрон Их Богд ууланд саатаж үлдээд үзэсгэлэнт бүсгүйтэй ханилан суухаар болжээ. Гэвч нутгийн залуус гоо бүсгүйг харь хошууны хүнтэй ханилсанд дургүйцэж атаархаж хорсохдоо нөхрийг нь хороочихож. Тэгэхдээ Пунцагийг тайж хүн байсан болохоор нэгэн галт уулын өрх амсарт хул мориных нь хамтаар бунхлан оршуулсан гэдэг. Түүнээс хойш тэр галт уулыг “Пунцаг овоо” гэж нэрлэх болжээ.

“ГҮРВЭЛИЙН СҮҮЛ” ХАДНЫ ДОМОГ

 

Их говьд аахилан гүйж, эртний үлэг гүрвэлийн үр сад болж үлдсэн хонин гүрвэл гайхалтай ажигч амьтан. Улирлын байдлыг даган өнгө зүсээ ялимгүй өөрчилдөг энэ бяцхан амьтан хураалгаатай аргал, заг, зэгс төдийхөнд шургалан, бүр амь тэмцсэн үедээ өчүүхэн жаахан чулууны сүүдэрт ч болов хоргодон хурц нарнаас өөрийгөө өмгөөлж дөнгөдөг. Гүрвэлийн биеэ хамгаалах хамгийн том хэрэгсэл нь сүүл. Хүнд баригдмагцаа сүүлээ хаяад зугтаадаг гүрвэл эрт үед гоёж гангалах дуртай гүнж байсан тухай домог бий. Гүнж нэгэн залууд хайртай болсон боловч эцэг эх нь эгэл жирийн адуучинтай ураг барилдахаас татгалзжээ. Тэгэхэд нь гүнж хол замд саад болох вий гэхдээ шүр оюу шигтгээтэй гоёмсог дээлийнхээ хормойг хайчилж үлдээгээд, амраг залуутайгаа хөтөлгөө морь сэлгэн хошуу нутгаа орхин гарчээ. Гүрвэл сүүлээ гээх болсоны учир энэ гэнэ. Өмнөговь аймгийн нутагт “Гүрвэлийн сүүл” нэртэй том хад байдаг аж.

ХҮҮХНИЙ ХӨТЛИЙН ДОМОГ

 

Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг Их Богд уулын ар шилд “Хүүхний хөтөл” гэж байдаг аж. Нутгийн нэгэн залуу санамсаргүй явж байтал Орог нуурын хөвөөн дээр ногоон торгон дээлтэй үзэсгэлэнт бүсгүй нуурын усанд зүсээ тольдон байхыг харжээ. Бүсгүй залуу эрийг хармагцаа хурц ногоон гэрэл цацруулан, хар ногоон зүсмийн усан тэлмэн жороо морь унаад Их Богдын уулын ар шилээр давхин оджээ. Залуу ихэд гайхаж гэртээ ирээд ээждээ хэлтэл “Ээ, хайрхан минь. Чи Орог нуурын эзэнтэй таарчээ. Эгэл жирийн хүнд барагтай бол харагддаггүй гэдэг. Эр хүн үзвээс эхнэрийн сайнтай, эм хүн харваас эрийн сайнтай учирдаг гэнэ лээ. Миний хүү дотроо залбирч яваарай” гэж захижээ. Нээрээ ч жилийн дараа залуу хол нутгийн сайн ханьтай учирч аз жаргалтай гэр бүл болсон байна. Тэр цагаас хойш Орог нуурын эзний давсан Их Богдын ар шилийг нутгийн ардууд ихэд бэлэгшээж “Хүүхний хөтөл” гэж нэрлэх болжээ.

БОРТОО НУУРЫН ТӨГӨЛДӨР АВХАЙ

 

Харуул Алтайн Бортоо нуурын ойр орчим нь эрт цагаас монгол язгуурт түмний дээд угсаатан хаад ноёд, тайж язгууртанууд нутагладаг, жилийн дөрвөн улиралд ган гачиг, аюул зовлонгүй оршдог сайхан нутаг байжээ. Таван өнгийн загас наадуулж, тэнгэр хурмастаа тольдсон энэхүү сайхан нуурын эзэн савдаг нь гоо үзэсгэлэнт, мэргэн ухаан төгөлдөр бүсгүй байдаг гэх бөгөөд уг нууранд эртнээс лус савдаг чуулсаар ирсэн янз бүрийн домогтой. Угаасаа байгаль дэлхий нь хүн лугаа хүйн холбоотой учраас газар доогуураа Монголын түүхэн ялалтын гэрч болсон домогт Толбо нууртай усан холбоотой эгч дүүс гэлцдэг. Бортоо нуурыг нутгийн монгол туургатан ард түмэн “Буян заяаны амсар дүүрэн сүүтэй мөнгөн аяга” хэмээн дээдлэн биширсээр иржээ. Хэрвээ нуур дундарвал монгол туургатан, тэнгэр язгууртануудын хувь заяа дундарна гэж үздэг байна.

 

ГАНГА НУУРЫН ГАНГАА ОХИН

 

Дарьганга хэмээх нэрийн түүх домог Ганга нууртай салшгүй холбоотой. Дарь гэдэг нь толин цэнхэр нуурын хойно орших дарь мэт хар өнгийн зүрхэн уул. Ганга гэдэг нь Ганга нуур. Эрт цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод эргэж нутагтаа ирсэн нэгэн эр Ганга мөрний рашааныг бумбанд хийж залаад түүнийгээ элсний хормойд булсанаар төдөлгүй тэндээс нь булаг оргилж ганга нуур үүссэн гэх эртний домог байдаг. Мөн бухын хүзүү мулт алгаддаг Гангахүү хэмээх ядуу эр овооны наадамд Дарьхүү хэмээх залуу бөхтэй хүч үзэж, хэн хэнийгээ хаяж чадалгүй тэнцсэнээр хошуу ноён нь нэгнийх нь нэрийг овоонд, нөгөөгийнх нь нэрийг зүүн урд орших нууранд өгч, үүний улмаас Дарьганга гэдэг нэр үүссэн гэх домог байдаг. Үүнээс гадна Даринаа хэмээх хүү, Гангаа хэмээх охин хоёрын тухай туульсын шинжтэй нэгэн домог байдаг бөгөөд энэ нь дарьгангачуудын дунд маш ихээр тархаж, бараг л сүлд дуулал нь болсоор иржээ. Тэрхүү туульсаас товчлон сийрүүлбээс: “Эеэр засагчийн төрийн сүүлд, Эрт урьдын цагт гэнэ билээ, Энх-Амгалан төрийн эхэнд, Энэ муу цагийн гараанд гэнэ билээ, Алтай Хангайн дэвссэн хормойд, Гурван голын Монгол нутагт, Дарь овооны дүү Орлойд, Дагина Гангын зээ Хурлайд, Нүүрэндээ цогтой шуундаа бяртай, Нүдэндээ галтай хуруундаа уртай, Дайчин шинжтэй, баатрын дүртэй, Даринаа алдарт хөвгүүн явжээ, Хотлын газрыг хоромхон туулдаг, Хоногийн газрыг цагаар товчилдог, Хос цагаан хүлэгтэй юмсанж, Хонгор Гангаа хүүхэнтэй юмсанж, Аймшиггүй хөвгүүн Даринаа өөрөө, Алдар цуут Галдан бошигтын, Ану цуут хатнаас төрсөн, Алтан зул хөвгүүн баатрын, Ач үр нь мөн юмсанж, Баярын мишээлт Гангаа хүүхэн, Баатрын манлай Лигдэн хааны, Бадамсутай хатнаас төрсөн, Балчир хонгор Эжээ хэмээгчийн, Бариг цусны удам юмсанж” хэмээсэн уртын урт туульс хөвөрнө. Эцэст нь Даринаа хөвгүүн Манжийн эсрэг тэмцэхээр босно. Тэгээд Гангаа хүүхэндээ хандаж “Буянтай өгөөмөр манай нутгийн, Будгийг хүмүүс хуулж байна, Будаа шиг сүргийн минь өгөөж дээжээс, Будааныхаа түрүү шиг зулгааж байна, Амбан шарыг арваар нь агдалж, Атан тэмээг зуугаар нь буйллаж, Агтан үрээг мянгаар нь тамгалж, Алцан ирэгийг түмээр нь туухыг, Гэзэг даран ан намнахдаа, Гэнэт би үздэг байна шүү, Гэрийн жаргалыг хээрийнхээр солъё, Гэргий минь хоёулаа одоо мордъё, Хавтай нумаа хаалан агсаж, Хатан сумаа бөөлөн шившье, Хамаг буянаа Манжид өгөхгүй, Хатгалдах дайснаар боохой намная” хэмээгээд тэмцэлийн гал дүрэлзүүлсэн тухай өгүүлдэг билээ.

ГҮНЖ БАЛГАСЫН ГҮНЖИЙМАА

 

Сэлбийн амралтын чанх хойд талд бүхэл бүтэн хад цохионоос тогтсон, хар мод, хус, нарс, бургас, сөөг, самар жимс хослон ургасан үзэсгэлэнт Овоот уулын налгар сайхан энгэрт нэгэн балгасан туурь бий. Энэхүү туурийг хол ойрын хүмүүс “Гүнжийн балгас” гэж нэрлэсээр өнөөг хүрчээ. Энэ нь бас өөрийн гэсэн домог түүхтэй аж. Эрт цагт Дамбадаржаагийн амны эхэнд нэгэн ядуу өвгөн охинтойгоо хамт амьдардаг байж. Охины нэрийг Гүнжиймаа гэнэ. Хөвчийн ой мод захаасаа шарлаж шуугдан, навчсын сэрчигнэх чимээ, олон хэлийн шувуудын жиргээ, гол горхины хоржигнох дуу үзэсгэлэн төгс Гүнжиймаагийн сэтгэлийг сэргээж, нэгийг санагдуулж нөгөөг бодогдуулсанаар охин нэг өдөр эцэгтээ хандаж “Би таны дэргэд уйтгарлан суумааргүй байна. Харь газар явж юм үзэж нүд тайлъя. Хорвоод бүсгүй хүн болж төрсөнийхөө хэргийг бүтээж эр нөхөрт гаръя” хэмээн эрсхэн хэлжээ. Хариуд нь эцэг нь “Миний охин сонс. Эрд гарах нь бүсгүй хүний жам. Чиний хүслээрээ явах чинь зөв. Гэхдээ бүсгүй хүний жолоо богино гэдэг шүү дээ. Харь газар явахаасаа өмнө төрсөн нутаг, уул устайгаа танилц” хэмээжээ. Ингээд Гүнжиймаа Сэлбэ голын эх, баруун зүүн салаа, нугачаа сархиагаар хэд хоногийн турш аялан зугаалжээ. Энэ хооронд нэг л их намуухан сайхан дуу үе үе сонсогдож, заримдаа тодроод, заримдаа бүдгэрээд бүсгүйн сэтгэлийг өөрийн эрхгүй татах болсон байна. Гүнжиймаа бүсгүй энэхүү дууг чухам хаанаас гарч байгааг эрж хайж явсаар их хөвчийн доторхи ганц удган модны өмнө сөхрөн суугаад бясалгал үйлдэж буй хөөрхөн хархүү дээр гэв гэнэт очжээ. Ингээд л Гүнжиймаа хэн ч очдоггүй хөвчийн гүнд бясалгал үйлдэгч хархүүгийн уншлагын дууг сонсч, судартай номыг нь бишрэн шүтсээр шар нар, бор хоногийг хамтдаа өнгөрөөдөг болжээ. Ханш нээх өдөр Гүнжиймаа мөнөөх хархүүд бие сэтгэлээ өгч, улмаар сарны сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсээр Овоот уулын налгар сайхан энгэрт гэрийнхээ буйрыг зассанаар Гүнжиймаагийн гоёмсог сайхан сүм баригдсан байна. Тэр цагаас эхлээд Гүнжиймаа эр нөхөртэйгөө хамт энэхүү сүмд ном бясалгах болж. Уг сүмийг барихдаа Овоот уулын шороог Сэлбэ голын усаар зуурч тоосго цохиж, уулын ар өврийн модноос оролцуулан барьсанаар нэгэн удган модны домог бас амилсан түүхтэй. Гэвч домогт гардаг удган модны олон салаа мөчир эдүгээ цэвдэг сэтгэлтэний гарт огтлогдон байгалиас заяасан унаган төрхөө алдаж мод биш хад болсон нь даанч хайран.

ХӨЛӨН БУЙРЫН ГОО БҮСГҮЙ

 

Үзэсгэлэнт сайхан Хөлөнбуйрын тухай нэгэн домог байдаг. Эрт цагт Дорнын уудам талд сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэхүү отог аймагт Хөлөн гэдэг гоо үзэсгэлэнгээрээ цэцэг ичээж, гоолиг нуруугаараа хус атаархуулмаар охин, мөн Буйр хэмээх уул шиг сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр аж төрөн суудаг байжээ. Хөлөн, Буйр хоёр нутаг нугынхаа дунд таван хошуу малаа хариулж тавтай тухтай, эрх дураараа аж төрөн амьдарсаар иржээ. Гэвч гай газар дороос гэгчээр нэг өдөр арван таван толгойтой атгаалжин хар мангас улаан тоос татуулан ирж Хөлөн охиныг булаан авч, гол мөрнийг нь ширгэтэл соров гэнэ. Ийнхүү мангасын явсан газар бүхэнд нь өвс ногоо ургахаа больж, хүн малтайгаа эцэж хатаад үхэхийн ирмэгт тулж иржээ. Буйр хүү үүнийг үзээд ажнай хурдан хүлгээ унаж, алд дэлэм илдээ агсаад аюулт мангасыг дарж, амраг Хөлөнгөө аврахаар морджээ. Ингэж явсаар нэг өдөр мориныхоо нурууг амраахаар хэсэг дугхийх зуур түүний зүүдэнд хайртай охин Хөлөн нь үзэгджээ. Мангас Хөлөн охиныг сараана цэцэг болгон хувиргаад гал, наранд шарж үйлийг нь үзэж байна гэнэ. Буйр залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр асгахад цэцэг тэр даруй Хөлөн охин болж хувирав гэнэ. Тэгж байтал мангас мэдээд Хөлөн охиныг дахиад булааж авав гэнэ. Буйр арга ухаан сүвэгчилж, мангасын толгойд шигтгэсэн эрдэнийн сувдыг авч, амийг нь таслаад нутаг усаа аюулаас аварчээ. Гэвч мангаст булаагдаад явсан Хөлөн охиныг хаанаас ч эрээд олсонгүй. Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналан явтал хүмүүс Хөлөн охин мангасын дарлалыг тэвчихэд бэрх болж нуур болон хувирсан тухай хэлж гэнэ. Буйр үүнийг сонсоод хайртай бүсгүйтэйгээ үүрд хамт байна гээд нуур руу үсрэн оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон нь Буйр нуур гэж нэрлэгдэх болсон домогтой. Энэ дэлхийн хамгийн том тал нутаг хэмээн нэрлэгдсэн Хөлөнбуйрын тал нутаг нь Хятадын гурван нэрт тал нутгийн нэг юм. Хөлөн нуур ба Буйр нуур гэх хоёр том сайхан нууртай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, үзэсгэлэнт сайхан байгальтай Хөлөнбуйр нь үзэмчин, баргуудын нутаг бөгөөд нэг хэсэг нь Монголын нутагт, нөгөө тал нь Өвөр Монголын нутагт оршиж буй.

БОЛОР ГОЛЫН ТАМИР ХҮҮХЭН

 

Зохиолч Ч.Лодойдамба агсаны “Тунгалаг тамир” романд Эрдэнийн эхнэр Долгор Тамирын гол руу үсэрч ордог. Тэгвэл эрт цагт энэхүү Тамирын гол руу нэгэн үзэсгэлэнт бүсгүй явж ороод дахин гарч ирээгүй домогтой ажээ. Хүн толь хийж сураагүй байсан эрт цагт хүмүүс бие дүрсээ усанд харж тольддог байжээ. Эрт цагт тунгалаг сайхан усыг болортой зүйрлэдэг байсан бөгөөд болор гэдэг нэртэй голууд олон байж. Чухам л тэр үед “Болор” хэмээх нэгэн голын эрэг дээр ганц охинтой жижигхэн бор гэртэй эмгэн амьдран суудаг байж. Тэр охины нэрийг Тамир гэнэ. Тамир охин өсч торниод уулын цээнэ, усны лянхуа шиг үзэсгэлэнт гоо бүсгүй болжээ. Хосгүй сайхан төрсөн Тамир хүүхнийг харсан эр хүн бүрийн сэтгэлд мөрөөдөхийн хүслэн ургадаг байж. Тамир бүсгүй өдөр бүр Болор голоосоо ус авахаар очихдоо ариун тунгалаг голын усанд үзэсгэлэнт царайгаа тольдож, уртын сайхан дууг уяхан хоолойгоор уянгалуулж, урт сайхан гэзгээ самнан суудаг байж. Тэр үед Болор голын нэгэн буланд үнэхээрийн толь мэт тунгалаг ус байсан гэлцдэг. Тэгээд ч тэр хэсгийг “Болор толь” гэж нэрлэжээ. Тамир хүүхэнд нутгийн нь нэг хөгшин баян ихэд санаархдаг байсан ч бүсгүйд хайртай залуу байсан тул уг баяныг огт тоодоггүй байж. Тиймээс баян эр хорсохдоо Тамир хүүхний үс зүсээ харан тольддог өнөөх тунгалаг усыг нь булингартуулж орхисон байна. Тамир нэг өдөр болор толин усан дээрээ иртэл толинд нь юу ч үл харагдаж, чухамхүү гүнзгий цэлийсэн ус л ногоорч байсан байна. Тиймээс тэр сандрахдаа толин усаа олж авахаар цэлийсэн ус руу ороод дахин гарч ирсэнгүй. Тамир хүүхний дурлалт хархүү Тайхар нь болзоот газраа ирээд өнжин хонон хүлээгээд хайртай хүүхнээ ирэхгүй болохоор нь гуньж гутран хүлээж ядаад, эцэст нь хайрт хүүхэндээ дурсгал болгож өнөөх болзоот газраа том чулуу авчирч тавьжээ. Эдүгээ тэр чулууг Тайхарын чулуу гэдэг ба тэр цагаас “Болор” голыг Тамир хүүхний нэрээр “Тамирын гол” гэж нэрлэх болсон гэдэг.

 

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ