Монголчууд бие чилээрхсэн үедээ амнаас ам дамжин дур мэдэн эм, танг хэрэглэчихдэг улс. Нэг ёсондоо тааж эм ууж өөрийгөө эмчлэх гэж буй нь энэ. Харин энэ үйлдэл нь эмчлэх биш өөрийгөө  хордуулж байгаа хэрэг гэдгийг ердөөсөө ойлгодоггүй. Сүүлийн үед энэ хайнга байдлыг нь далимдуулан ашиг, хонжоо хайгчид цахим сүлжээгээр буюу фэйсбүүк хуудсаар эм, эмийн бэлдмэлийг дур мэдэн худалдаалах болсон. 

 

Тэгвэл энэ байдалд иргэдээс хүлээн авсан мэдээллийг үндэслэн цахим сүлжээгээр дамжуулан худалдаалагдаж байгаа эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнд МХГ-аас эм био бэлдмэлийн байцаагч нар хяналт шалгалт хийжээ. 

 
Уг шалгалтаар тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
 
Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг нь хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих шаардлагатай эрдэс бодисыг нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүн юм аа гэдгийг холбогдох албаныхан онцлон хэлсэн юм.
 
 
 
НМХГ-ийн улсын ахлах байцаагч Г.Мөнхбат "Шалгалтаар хууль бусаар ашиг олох зорилгоор эм үйлдвэрлэгчийн нэрээр хуурамч хаяг шошго хэрэглэж дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэд хэд байжээ. 2015 оны байдлаар НМХГ-ын эм био бэлдмэлийн чиглэлээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар нийт 289 байгууллагыг шалгасан байна. Үүнээс төлөвлөгөөт бус шалгалтаар 196 байгууллага хамрагджээ. Нийтдээ эм бэлдмэл 635 зөрчил илэрснээс 447 зөрчлийг тухай бүрд нь шийдвэрлэсэн" гэлээ.
 
Мөн иргэд хуурамч эмийг танихдаа Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн загвар болон эмийн савлагаатай харьцуулж зөрүүтэй эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн ЭМЯ-ны цахим сүлжээнд байрлах эмийн бүртгэлийн жагсаалтаас харж шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж шалгуулах боломжтой. Цахим сүлжээгээр дамжуулан хямд үнээр худалдан авсан эм бэлдмэл таны эрүүл мэндэд муугаар сөргөөр нөлөөлнө. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эм, эмийн бэлдмэлүүд илэрсэн. Ийм учраас баталгаагүй газраас эм эмийн бүтээгдэхүүн авч эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байх. Эм, бэлдмэл худалдан авахдаа зориулалтын зөвшөөрөлтэй газраас худалдан авахыг НМХГ-ийн улсын ахлах байцаагч Х.Солонго анхааруулав.