“McDonald”-гэх дэлхий даяар алдаршан түгсэн энэхүү нэрийг ах дүү  хоёр Donald өөр өөрсдийнхээ нэрийг нийлүүлэн бүтээжээ. Ах дүү хоёр жижигхэн зоогийн газраа зүгээр л Хамбургер  ресторан  гэсэн бол тийм ч олон үйлчлүүлэгчидтэй болж чадахгүй л байсан болов уу. Тэд  сэргэлэнтэж зоогийн газраа “Түргэн хоол” хэмээн сонин содноор нэрлэсэн нь ирээдүйнх нь хүчирхэг хөтөч болж ар араасаа амжилтыг дагуулсаар өдгөө дэлхийг хэрэн тархсан McDonald-ийн том сүлжээ болох дардан замд нь оруулжээ.

“McDonald”-ыг дэлхийг хэрсэн сүлжээ болгох төлөвлөгөө нь Крокын өдрийн бодол, шөнийн зүүд болов. Крок 30 жилийн наймааны туршлагаараа “Бизнест Дарвины онол хэрэгжиж, хүчтэй нь хүчгүйгээ дийлж, сул дорой зохицох чадваргүй нь динозаврын хувь тавиланг  амсана”  хэмээн дүгнэжээ. Сүүний машины худалдаачин Рай Крок, ах дүү Доналдуудын амжилтыг гайхан биширдэг байснаа улмаар тун овсгоотой загнан тэдэнтэй танилцаж   бүх зүйлийг нь  франчайзалсан нь 1954 он байлаа.  McDonald-ын жижиг ресторан хэдхэн жилийн дотор бүхэл бүтэн том корпораци болж чадсан нь Рай Крокын  хэнтэй ч хуваалцашгүй гавьяа юм. Крокт бурхан туслах дуртай байсан  байж ч  магадгүй. Гэхдээ бурхан өөртөө туслах дуртай хүнд л туслах дуртайг бас  мартаж болохгүй.
”San Bernardino-д анх очоод McDonald-ын рестораныг харж байхад надад төрсөн мэдрэмж Ньютоны толгой дээр  алим унахад мэдэрсэн мэдрэмжтэй л  яг адилхан байсан” гэж  үнэнээ дараа нь өчиж байсан Крок тэр орой буудалдаа очоод унтаж чадалгүй гүн бодолд дарагдаж байсан юм. McDonald-ыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилго  түүний оюун санааг эзэмдэж байсан юм. Рай Крок хувь тавилангаа аль хэдийн мэдчихсэн байв.1906 онд Крокын эцэг хүүгээ “phrenologist” (гавлын ясны хэлбэр хэмжээг хараад тухайн хүний зан чанар ирээдүйнх нь амьдралын дүр зургийг урьдчилан хэлж өгдөг мэргэжилтэн)-т аваачиж үзүүлжээ. Хүүгийн толгойг олон дахин тэмтэрсэний эцэст толгой дээрх булдрууг нь хараад шууд л “Энэ хүү хүнсний  салбарт л  ажиллах юм байна” гэсэн гэдэг. Хувь заяаны тоглоом шоглоом заримдаа гайхалтай үнэн байдгийн нэг жишээ юм даа.
“Төгс төгөлдөрийг бүтээх тун хэцүү. Гэвч би чухам үүнийг л “McDonald”-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг хүссэн юм. “McDonald”-ын хамгийн жирийн юм бүхэн ч  миний хувьд маш чухал. Мэдээж бидний гол зорилго нь нэг хүний амжилтаар биш бүхэл бүтэн систем, сүлжээгээрээ  амжилт гаргах явдал билээ”  хэмээн Крок  бизнест хандах философ хандлагаа тодорхойлж байв.

ТЭСРЭЛТ ХИЙСЭН САНАА-4: Сүлжээгээрээ  амжилт гаргадаг түргэн хоолны хурдан үйлчилгээний санаа.

 

http://www.business-sanaa.mn/